Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01160

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/02437 дугаар шийдвэртэй,

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“*******” ХХК, ******* нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 491,998,557 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ий өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай компани “*******” ХХК-тай 2018 оны 05 дугаар 18-ны өдөр тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, хамтран ажилласан ба хариуцагч компани гэрээнд заасан хэлбэр буюу электрон шуудан, мессенжер болон факсаар илгээсэн захиалагчийн хүсэлтийг биелүүлэн тийз захиалах, захиалагч нь тийзийн үнийг гэрээнд заасан хугацаанд худалдагчид төлөхөөр тохиролцсон. Энэ дагуу “*******” ХХК-ийн ажилтан *******, “*******” ХХК-ийн эрх бүхий ажилтан *******тэй цахим шуудан, утсаар харилцах зэргээр холбогдон тийз захиалгын үйлчилгээг байнга үзүүлж ирсэн. Энэ л тогтсон жишгийн дагуу 2018 оны 07 дугаар 25-ны өдөр захиалагчийн төлөөлөгч ******* нь өөрийн удирдлага *******оос өгсөн үүргийг биелүүлж “”-ийн менежер гэх хүний хүсэлтийн талаар манай ажилтанд мэдэгдэж, улмаар цахим шуудан болон холбогдох бусад арга замын талаарх мэдээллийг өгч, тийз захиалгын үйлчилгээ үзүүлэхийг хүссэн ба ингэхдээ төлбөр тооцооны талаарх тодорхой зааварчилгааг өгсөн. Тодруулбал, тийз захиалгын гэрээнд заасан 2 хувийн үнийн хөнгөлөлтийг эдлүүлэхгүй байх тухай зааварчилгааг өгсөн Ийнхүү захиалагчийн төлөөлөгч *******ий хүсэлтийн дагуу, түүний өгсөн дээр дурдсан зааварчилгааг баримтлан манай ажилтан нь “Порше Хойд Америк Инк”-ийн менежер тай харилцан 1,005,194,500  төгрөгийн үнийн дүн бүхий 202 ширхэг тийзийг захиалж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн. Ингэхдээ түүнтэй цахим шуудангаар харилцаж байсан ба захиалагчийн төлөөлөгч *******ийг хамтран уншигчаар авах замаар бүхий л мэдээллийг захиалагч, түүний төлөөлөгчид хүргэж ажилласан нь тийз захиалгын гэрээгээр тогтоосон журмыг баримталсан хэрэг юм. “*******” ХХК ба түүний ажилтан нь цахим шуудангаар холбогдож тийзийн захиалга өгч буй ыг захиалагч, түүний төлөөлөгч хэмээн үзэж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсэн. Үйлчилгээ үзүүлж, улмаар төлбөрийг “*******” ХХК-иас нэхэмжлэхэд захиалга өөрсдийнх нь биш, хамааралгүй хэмээн төлөхөөс татгалзсан. Үүнээс үүдэн нэхэмжлэгчийн зүгээс эрсдэлийг бууруулах зорилгоор төлбөр тооцоотой холбоотой буцаалт хийх ажиллагааг нэн даруй авч хэрэгжүүлсний үр дүнд зарим тийзийн захиалгыг цуцлуулж амжсан ба бодитойгоор 737,997,836 төгрөгийн үнэ бүхий тийзийг цуцлуулж чадаагүй тул мөн хэмжээний мөнгөн хохирол хүлээсэн. “*******” ХХК, түүний ажилтан нь “...ы хэн болох, түүний хувийн шинж байдлын тухайд төөрөгдсөн”, ийнхүү төөрөгдөхөд нөлөөлсөн дараах хэд хэдэн шалтгаан байгааг дурдвал:

1. Тийз захиалгын гэрээний дагуу байнга харилцаж ирсэн захиалагчийн төлөөлөгч ******* зохих үйлчилгээг бусдад үзүүлэхийг хүсэж, ингэхдээ үнийн хөнгөлөлтийг үзүүлэхгүй тухай зааварчилгаа өгсөн, улмаар тийз захиалсан этгээдийн цахим шуудангийн мэдээллийг өгч, холбоог тогтоож өгсөн үйл ажиллагаа үндсэн шалтгаан юм.

2. Захиалагчийн *******ий ажил олгогч “*******” ХХК, түүний удирдлага ******* нь үүрэг даалгавар өгөхдөө “”-ийн менежер гэж өөрийгөө танилцуулсан этгээдийн хэн болохыг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар хэн болох нь тодорхойгүй этгээдийн хүсэлтийг биелүүлэх талаарх зааварчилгааг *******өөр дамжуулан “*******” ХХК-д өгсөн гэм буруутай байх бөгөөд чухам түүний энэхүү гэм буруутай үйл ажиллагааны улмаас манай байгууллагад дээр дурдсан хэмжээний хохирол учирсан болно.

Зүй нь өөрийн байгууллагын харилцагчид холбоотой этгээдийн талаар уламжлах, хүсэлтийг нь биелүүлэх талаарх зааварчилгаа өгөхийн өмнө хэн болохыг нягтлан шалгах үүрэг зүй ёсоор захиалагч, түүний удирдлагад байх нь мэдээж хэрэг юм. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алины хариуцсан алдаа дутагдалтай энэхүү маргааны гэм хорын асуудлыг шийдвэрлэх хүрээнд хамтран оролцогчдын оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн учирсан хохиролд нөлөөлсөн хэр хэмжээг харгалзан уг харилцаанд оролцсон бүхий л этгээд хохирол барагдуулах асуудалд хариуцлага хүлээх үндэстэй. “*******” ХХК, тус компанийн ажилтан ******* нарын ажил үүрэгтэй хайхрамжгүй хандсан гэм буруутай үйлдлийн улмаас “*******” ХХК-д учирсан гэм хорын хохиролд 491,998,557.3 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2.1. Хариуцагч “*******” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

1. ... нь манай компанийн ажилтан биш компанитай ямар ч хамааралгүй этгээд бөгөөд талуудын 2015 оны 05 сарын 18-ны өдөр байгуулсан 0016/18 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-д “Тийз худалдан авах тохиолдолд Захиалагч талын холбогдох эрх бүхий албан тушаалтны электрон шуудан, мессенжер болон факсаар илгээсэн албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн (зөвшөөрлийг загварыг талууд урьдчилан тохиролцоно)” гэж заасны дагуу хэрэв манай компаниас захиалсан, эсхүл манай компанийн захиалгыг гүйцэтгэж байгаа гэж үзсэн бол ийнхүү манай компанийн зөвшөөрлийг үндэслэн шаардлагатай тийзийг бичиж өгөх ёстой юм. Гэтэл нэхэмжлэгч нь хаанаас хэн тийз захиалж байгаа болохыг нягтлан үзэлгүй захиалгыг гүйцэтгэсэн бөгөөд хэчнээн хэмжээний, ямар үнийн дүнтэй, ямар хүмүүсийн тийзийн захиалга гүйцэтгэж байгаа талаар манай компанид мэдээлэл өгөөгүй юм. Ийнхүү манай компанийн оролцоогүйгээр тийз захиалгыг гүйцэтгэсэн тул хохирлыг манай компаниас нэхэмжлэх үндэслэлгүй юм.

2. ...“Старчейз автоматив лимитд” ХХК, түүний удирдлага *******, төлөөлөгч ******* нарын зүгээс тус д тийз захиалгын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын мэдээллийг өгсөн бөгөөд харин ийнхүү мэдээлэл өгсний дараа болон “*******” ХХК-ийн хоорондоо хэлцэл хийж тийз захиалгыг гүйцэтгэсэн билээ. Энэхүү үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар   оролцоогүй болно.

3. Нэхэмжлэлд “*******” ХХК нь гэрээний 2.2.3-т зааснаар тийзний хувилбар, үнийн саналыг илгээгээгүй, захиалагч тал тийз худалдах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тайлбар илгээгүй, тийз бичих зөвшөөрлийг бичгээр явуулаагүй байхад байгууллага өөрийн хариуцлагагүй байдлаас үүссэн хохирлоо манай байгууллагаас нэхэмжилж байна. Бидний хувьд уг этгээдийг нягтлан шалгах, улмаар хэн болохыг тодорхойлох үүрэг хэн нэгний өмнө хүлээгээгүй бөгөөд тухайн этгээдтэй шууд харилцан тийз захиалгын ажлыг гүйцэтгэсэн этгээд харин энэхүү үүргийг хэрэгжүүлэх ёстой билээ. Дээр дурдсанчлан “Старчейз автоматив лимитд” ХХК нь гэх хүний тийз захиалгын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын талаар мэдээлэл өгөхийг хүссэн цахим шууданг дамжуулсан бөгөөд “*******” ХХК болон бусад хэд хэдэн байгууллагын мэдээллийг илгээсэн юм. Тухайн хүнийг “”-ийн менежер мөн эсэхийг худалдагч байгууллага буюу “” ХХК-ийн нягтлан шалгах ёстой. Өөрөөр хэлбэл бид зөвхөн тус байгууллага болон бусад хэд хэдэн тийз захиалгын үйлчилгээ үзүүлэгч байгууллагын мэдээллийг дамжуулсан бөгөөд тухайн этгээдэд үйлчилгээ үзүүлэх эсэх, захиалга гүйцэтгэх боломжтой этгээд мөн эсэхийг шалгах, нягтлах үүргийг үйлчилгээ үзүүлэх байгууллага өөрөө хариуцах ёстой юм. Мөн тус маргаан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны 268 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 726 тоот магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг бөгөөд нэхэмжлэгч “*******” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2. Хариуцагч *******ий татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие нь 2018 онд “*******” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан байсан. Тухайн үед манай компанийн захирал ******* над руу залгаад миний мэйл руу Америкийн нэгдсэн улс дахь Porsche nortn America компанийн Тіm Hefferman rэх хаягаас 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэйл ирлээ. Чи харилцаатай гэрээ байгуулсан тийзний үйлчилгээ явуулдаг компаниуд руу холбогдоод энэ и-мэйлыг илгээчих гэж хэлээд над руу Forword хийж и-мэйлыг нь шилжүүлсэн байсан. Би тэр и-мэйлыг нь харилцаатай байсан “*******” ХХК, “” ХХК, “” ХХК-иуд руу тус тус явуулсан. Гэтэл тэр 3 компанийн 2-оос нь холбогдож нэмэлт баталгаа шаардах тухайгаа хэлсэн. Манай захирал бид баталгаа гаргаж өгөхгүй та бүгд өөрсдөө үйлчлүүлэгчтэй яаж харилцдаг вэ тэр ёсоороо өөрсөдтэй нь и-мэйлаар харилцаад үйлчилгээ өгөх эсэхээ өөрсдөө шийд, бидэнд хамаагүй шүү гэж хэлж байсан. “” ХХК болон “” ХХК-иуд үйлчилгээ үзүүлэхгүй гэж байсан. Харин “*******” ХХК нь тийз бичилт хийж шилжүүлсэн байсан. Энэ талаар сүүлд цагдаагийн байгууллагад дуудагдаж гэрчийн мэдүүлэг өгөхдөө л би мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ”*******” ХХК, ******* нараас гэм хорын хохиролд 491,998,557.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,617,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

... Нэг. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

...Шүүх хуулийн хүчин төгөлдөр болсон хэмээн дүгнэж буй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 268 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 726 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 01 сарын 06-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн маргааныг буюу “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 0016/18 дугаартай Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 737,997,836 төгрөг гаргуулах маргааныг хянан шийдвэрлэсэн билээ. Анхан шатны шүүх тус гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд дурдсан үйл баримтыг энэхүү гэм хороос үүдэлтэй шаардах эрхийн маргаанд хамаатуулан, нэгэнт тогтоогдсон үйл баримт хэмээн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон гэм хорын асуудал буюу хариуцагч компани болон тус компанийн ажилтны гэм буруугийн асуудлыг тогтоох талаас нотлох баримтыг үнэлгээгүй буюу зөвхөн өмнөх шүүхийн шийдвэрт дурдсан нэхэмжлэгч компанийн ажилтны тайлбар мэдүүлгийг үнэн зөв, хөдөлбөргүй тогтоогдсон хэмээн дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн ажилтан *******ий 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн удирдлага *******оос өгсөн үүрэг даалгаврын дагуу “”-ийн менежер ий цахим шууданг нэхэмжлэгч талд дамжуулж, энэ талаар утсаар холбогдон хэлж баталгаажуулан, холбогдох үйлчилгээг үзүүлэхийг нэхэмжлэгчээс хүссэн, ингэхдээ дээр дурдсан гэрээгээр тохиролцсон 2 хувийн үнийн хөнгөлөлтийг эдлүүлэхгүй байх талаар зааварчилгааг өгсөн талаарх холбогдох цахим шуудан болон “” менежер тай харилцахдаа *******ийг хамтран уншигчаар авсан зэрэг цахим шуудангийн орчуулга, баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл, энэхүү нотлох баримт, нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Хоёр. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

...Нэхэмжлэгч зөвхөн хариуцагч талыг гэм буруутай хэмээн гэм хорын хохирол шаардаагүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алины алдаа дутагдалтай энэхүү маргааны гэм хорын асуудлыг шийдвэрлэх хүрээнд хамтран оролцогчдын оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн учирсан хохиролд нөлөөлсөн хэр хэмжээ хариуцлагыг тодорхойлох нь зүйтэй хэмээн үзэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагч байгууллагын эрх бүхий ажилтан *******ий зүгээс өөрийн хайхрамжгүй байдал, буруугаас болж “”-ийн менежер ий цахим шууданг нэхэмжлэгч талд дамжуулж, холбогдох үйлчилгээг гэрээний дагуу үзүүлэхийг нэхэмжлэгчээс хүссэн байдаг.

Тухайлбал, ******* нь өөрийн удирдлага *******оос өгсөн үүрэг даалгаврын дагуу ...хэн гэдэг нь тодорхойгүй этгээдийн хүсэлтийг дамжуулж, нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй тул гэм буруутай юм. Түүний энэхүү гэм буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч компанид гэм хор учирсан билээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.1. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс ... өмнө нь талуудын хооронд үүссэн харилцаа буюу гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан атлаа одоо гэм хорын хохирол нэхэмжилсэн гэж тайлбарласан. Тодруулбал, нэг маргааны үйл баримтаар 2 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь өөр байсан хэдий ч болсон үйл баримт нь нэг байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр цахимаар дамжуулагдсан гэж үзэж байна. Гэтэл д “Старчейз автоматив лимитд” ХХК нь 2 хувийн хөнгөлөлт хариуцахгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, бие дааж “”-ийн захирал тай хэлцэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон учраас анхан шатны шүүх дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн. Тухайн хэлцлийг өөрөө бие дааж хийсэн тохиолдолд хариуцагч тал хамгаалах, анхааруулах үйл ажиллагаа явуулах боломжтой байсныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудаар 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хэчнээн хэмжээний билет захиалга хийгдсэн гэх мэдээллийг “*******” ХХК хүлээж аваагүй буюу хэлцэл хийгдсэн эсэх талаар мэдээгүй. Бүх хэлцлүүд хийгдээд дууссаны дараа “*******” ХХК-аас төлбөрөө нэхсэн албан бичиг ирсэн. Өөрөөр хэлбэл, хэлцэл хийж байх үеийн мэдээлэл ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс үүрэгтэй холбоотой хууль зүйн үндэслэлийг дурдсан. Өмнө нь анхан шатны шүүхээр гэрээний үүргийг шийдвэрлүүлсэн учраас гэм хороор үүрэг үүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэвээрээ байгаа гэж үзэж байна.

Гэм хорын үүрэг үүсэж байгаа тохиолдолд хууль бус үйлдэхүй байх ёстой. Гэтэл талууд уг үйлдлийг хууль бус үйлдэл гэж маргахгүй байгаа бөгөөд хэрэгт хууль бус гэх нотлох баримт авагдаагүй. Уг маргаанд гэм хорын асуудал, гэм буруугийн асуудал, хор уршгийн асуудал яригдах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

5.2. Хариуцагч *******ий өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч *******ий тайлбар хариуцагч компанийн тайлбартай агуулгаараа ижил байдаг. Хүчин төгөлдөр болсон 3 шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч нарыг гэм буруутай гэх үйл баримт тогтоогдоогүй. Тухайн үед хариуцагч ******* нь заавар зааварчилгаа бөгөөд “*******” ХХК болон “*******” ХХК нарт санал тавьсан. Харин “*******” ХХК-ийн ажилтан гийн ""-ийн захирал д үзүүлсэн үйлчилгээг хариуцагч нарт хамааралгүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК, ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 491,998,557 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...талууд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан..., бид гэрээнд зааснаар электрон шуудан, цахим зурвас болон факсаар хариуцагчийн илгээсэн хүсэлтийг хүлээн авч тийз захиалах, хариуцагч тал тийзийн үнийг төлдөг... гэтэл хариуцагч нь мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгахгүйгээр бусад этгээдэд тийз захиалах үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан, бид тэрхүү хүсэлтийг биелүүлсэн боловч энэ нь залилангийн шинжтэй үйлдэл байсан, хариуцагч нь хянан шалгах үүргээ биелүүлээгүйгээс манай компанид 491,998,557 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн бол,

 

хариуцагч нар хариу тайлбартаа “ ...тийзний захиалга өгсөн “” ХХК-ийн менежер нь манай компанийн ажилтан болон харилцагч огт биш, бид зөвхөн түүнээс ирсэн тийз олж өгөх хүсэлтийг нэхэмжлэгчид илгээсэн төдий үйлдэл хийсэн, нэхэмжлэгч компанийн ажилтан өөрөө тухайн этгээдтэй холбогдож тийз захиалсан, манай компани гэх этгээдийг нягтлан шалгах, хэн болохыг тодорхойлох үүрэг хүлээгээгүй, мөн тус маргааныг урьд өмнө шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй…” гэж маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 

3.1 Хэрэгт авагдсан баримтаар “*******” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “*******” ХХК-тай тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, хариуцагч компанийн ирүүлсэн хүсэлтийг үндэслэн онгоцны тийз захиалах харилцаанд зуучлах үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон, /1.х.х-ийн 8-9/

 

3.2 “*******” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “” ХХК-ийн менежер гэх аас илгээсэн цахим зурвасыг мөн өдөр “*******” ХХК-нд дамжуулсан, /1.х.х-ийн 119/

 

3.3 “*******” ХХК нь уг дамжуулсан цахим зурвастай танилцаж, тус компанийн ажилтан болон нар цахимаар харилцаж, нэхэмжлэгч компани нийт 202 ширхэг тийз захиалсан боловч түүний энэ үйлдэл нь залилангийн шинжтэй байсны улмаас тийз худалдан авахад төлсөн 1,005,194,500 төгрөгийн захиалгыг цуцалж чадаагүйгээс 491,998,557 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримтын талаар зохигч маргаангүй. /1.х.х-ийн 17-21/  

 

Тодруулбал, “*******” ХХК нь агаарын тээврийн тийз захиалах харилцаанд “*******” ХХК-д зуучлалын үйлчилгээ үзүүлдэг, зохигчийн ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын хүрээнд электрон шуудан, цахим зурвас болон факсаар илгээсэн хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч тал тийз захиалах, хариуцагч нь тийзийн үнийг төлдөг байсан, уг заншил ёсоор нэхэмжлэгч нь хариуцагч компаниас ирүүлсэн “” ХХК-ийн менежер гэх ы тийз захиалах хүсэлтийг хүлээн авч 202 ширхэг тийз захиалан баталгаажуулсан хэдий ч залилан мэхлэгдсэн нь хариуцагчийг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүйтэй шууд холбоотой гэж буруутгаж байна.    

 

4. Хэрэгт авагдсан баримтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 268 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “*******” ХХК-аас хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 737,997,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, тухайн гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд худалдсан 202 ширхэг тийзийг хариуцагч нар дээрх гэрээний дагуу захиалж худалдан авсан гэж үзэх, улмаар үнийг төлөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1.х.х-ийн 137-150/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-аас 1,005,194,500 төгрөгийн үнэ бүхий тийз захиалах гэрээ, хэлэлцээрийн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул зохигч энэ талаар маргах эрхгүй, харин хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.  

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэм хор учруулсан гэж буруутгаж буй тохиолдолд чухам ямар хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн болохыг баримтаар нотолж, энэ талаар тодорхой тайлбарлах учиртай.    

 

Дээр дурдсанаар “” ХХК-ийн менежер аас 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч “*******” ХХК-д тийз захиалах үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай холбож өгөхийг хүсэлт гаргасныг тус компани нэхэмжлэгч *******” ХХК-д илгээжээ.

 

Үүний дараагаар нэхэмжлэгч *******” ХХК-ийн ажилтан нь “” ХХК-ийн менежер тай шууд хэд хэдэн удаа цахим зурвасаар харилцаж, хариуцагч “*******” ХХК-ийн шууд оролцоогүйгээр /тухайн захиалгыг заавал биелүүлэхийг хүссэн, даалгасан, үүрэг болгосон, захиалга өгсөн – урьдчилгаа төлбөр төлсөн, гэрээний дагуу 2 хувийн хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн гэх мэт үйлдэл гаргаагүй/ 202 ширхэг тийз захиалах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн авч зохих ёсоор биелүүлсэн байна.

 

Тиймээс хариуцагч “*******” ХХК нь “” ХХК-ийн менежер аас ирүүлсэн цахим зурвасыг нэхэмжлэгч *******” ХХК-д зөвхөн дамжуулсан үйлдэл хийсэн байх тул энэхүү үйлдлийг нэхэмжлэгч компанийг бусдад залилан мэхлэгдэх нөхцөл байдлыг үүсгэсэн гэм буруутай бөгөөд шууд шалтгаант холбоотой үйлдэл, эс үйлдэхүй хийсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай болно.

 

6. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2-т “Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно” гэж заажээ.

 

Тодруулбал, зохигчийн байгуулсан тийз захиалгын гэрээнд тодорхой нэрлэн заагаагүй боловч гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээсэн эрх, үүргийн агуулгаар цаад утгаараа нөгөө талынхаа эрх, эд хөрөнгийг хамгаалах үүргийг хүлээсэн бөгөөд үүнийг зөрчсөн байхыг ойлгоно.

 

 Хариуцагч “*******” ХХК нь өөрт нь хандаж ирүүлсэн “” ХХК-ийн менежер ы тийз зуучлагч компанитай холбож өгөх тухай  хүсэлтийг нэхэмжлэгч *******” ХХК-д дамжуулахдаа тийнхүү анхаарвал зохих нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж болох ямар онцгой үүргийг зөрчсөн талаар нэхэмжлэгч нь үндэслэл бүхий тайлбар гаргаагүй.

 

Нэхэмжлэгч *******” ХХК нь тийз борлуулалтын зуучлалын үйл ажиллагааг 20 гаруй жил эрхлэн явуулж буй мэргэжлийн хуулийн этгээд болохын хувьд тийз захиалах харилцаанд олон улсад гардаг залилан мэхлэх гэмт хэргийн талаар мэдээлэлд ойрхон этгээдэд хамаарахын сацуу энэ талаар хариуцагч “*******” ХХК-аас илүү хариуцлагатай байх ёстой.

 

7. Түүнчлэн Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1-д “Үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчаас тийз захиалгатай холбоотой зорчигч /ажилтан эсхүл бусад этгээд/-ийн талаарх мэдээллийг шаардах эрхтэй бол, хариуцагч нь энэ талаарх холбогдох мэдээллийг өгөх үүрэгтэй.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын захиалгаар бус /шууд оролцоогүй/ өөр этгээдийн захиалга - хүсэлтээр тус этгээдэд тийз борлуулахад зуучлах тохиолдолд тухайн захиалагч /харилцагч зорчигчийн/-ийн үнэн зөв /бодитоор оршин байдаг эсэх/-ийг нягтлан шалгах үүргийг өөрөө хүлээх бөгөөд хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн тийзний борлуулалт хийдэг үйл ажиллагаатай холбоотойгоор дээрх цахим зурвасыг дамжуулан мэдээлсэн гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь энэ тохиолдолд түүнд хандаж гуравдагч этгээдийн тийз борлуулахад зуучилдаг байгууллагатай холбож өгөхийг хүссэн тэрхүү хүсэлтийг нэхэмжлэгчид илгээсэн нь нэхэмжлэгч байгууллагын борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх сэдлээр хандсан байхыг ч үгүйсгэхгүй.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/02437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,617,943 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЭНЭБИШ

 

                                                  ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

                                                                                                       Б.МАНДАЛБАЯР