| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/03148/И |
| Дугаар | 210/МА2025/01177 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01177
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2022/01623 дугаартай захирамжаар хариуцагч *******, ******* нар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д 63,129,763 төгрөгийн төлбөр төлөхөөр зөвшөөрсөн.
*******аас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж манай орон сууцыг үнэлүүлэх талаар бидэнд мэдэгдэлгүйгээр үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсныг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр манай орон сууцыг 144,303,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ гаргуулсан талаар 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн. Би, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр *******т үнэлгээг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан боловч 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хариу мэдэгдэх хуудсаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар надад мэдэгдэх хуудас өгсөн.
Мөн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувьд нь тооцож анхны албадан дуудлага худалдаа явуулахаар мэдэгдэл өгөхдөө тогтоолыг хамт өгсөн. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/13 дугаартай тогтоол 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гарсан юм байна. Надад мэдэгдэж үнэлгээний санал авалгүй хийлгэсэн орон сууцны үнэлгээ нь бодит байдалд огт нийцээгүй байх ба манай орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж хэт үнэгүйдүүлсэн үнэлгээ гаргасан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Одоогийн зах зээлийн ханшийн судалгааг бодитоор судалж үзвэл манай орон сууцны 1 м.кв талбайн үнэ 4,000,000, 4,500,000 төгрөгийн хооронд байна. Гэтэл хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч нарт үнэлгээ хийлгэх талаар мэдэгдэж үнийн санал авах ёстой байхад бидэнд мэдэгдэлгүйгээр хууль зөрчиж үнэлгээ хийлгэсэн нь биднийг хохироож байна. Иймд, үнэлгээний тайлан болон 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/13 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1623 дугаар захирамжаар *******, ******* нapaac 63,401,662 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч *******, ******* нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Өнөөдрийн байдлаар төлбөрөөс нийт 4,668,582 төгрөгийг хэсэгчлэн төлж төлбөрийн үлдэгдэл 59,053,080 төгрөг байна. Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн *******, ******* хороолол, ******* гудамж, байр, 28 тоот хаягт байрлах 39.36 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч ******* үнийн санал ирүүлээгүй, ******* үнэлгээ өгөх боломжгүй өөрийн байраа өөрийн болгож авч үлдэх саналтай талаар хүсэлтийг бичгээр ирүүлсэн, төлбөр авагч ******* ББСБ ХХК нь 120,000,000 төгрөгөөр үнэлж, тухайн орон сууцны үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 144,303,000 төгрөгөөр үнэлэгдэж талуудад мэдэгдсэн. Шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь буюу 101,012,100 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоож 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлсэн.
...Шинжээч үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргыг сонгож үнэлсэн нь, мөн ижил шинж чанарын 3 нэр төрлийн хөрөнгийг сонгож харьцуулалт хийж гаргасан хуульд нийцсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тухайн орон сууцны өнөөгийн зах зээлийн үнийг 1 м.кв 4,000,000-4,500,000 төгрөг байна хэмээн дурдсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан төлбөр төлөгч нарын өмчлөлийн 39.36 м.кв талбайтай 1 өрөө орон сууцанд хийгдсэн үнэлгээ нь Олон улсын стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн, зах зээлийн өнөөгийн үнэ ханшинд нийцэж гаргасан үнэлгээ тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 72 дугаар зүйлийн 72.1, 122 дугаар зүйлийн 122.4, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******т холбогдох Баянзүрх дүүрэг, *******, ******* хороолол, гудамж байр, 28 тоот хаягт байрлах орон сууцыг 144,303,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээ, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/13 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хангаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг нэхэмжлэгч тал хүлээх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй.
Иймд, Шийдвэр гүйцэтгэлийн хуулийн дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/01623 дугаар захирамжаар ******* ББСБ ХХК-ийн 63,129,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг *******, ******* нар хүлээн зөвшөөрч, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар болгоны 25-ны өдөр 5,260,813.58 төгрөгөөр төлөх, төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, /х.х-ийн 30-32/
3.2. ******* нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2022/23502 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 101/ГХ2022/02419 тоот гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, *******, ******* хороолол, ******* гудамж, байр, 28 тоот хаягт байрлах 39.36 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 158-01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 158/02 дугаар тогтоолоор хураан авч, /х.х-ийн 29, 33, 56, 61/
3.3. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт дуудлага худалдааны үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр төлөгч *******ийн зүгээс орон сууцыг үнэлэхээс татгалзсан бол *******аас үнийн санал ирүүлээгүй, харин төлбөр авагч ******* ББСБ ХХК-аас 120,000,000 төгрөгөөр үнэлжээ. /х.х-ийн 66-67, 70/
Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй учир хариуцагч *******ын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3/84 тоот тогтоолоор ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин ийг шинжээчээр томилжээ. /х.х-ийн 71/
4. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тухайн хөрөнгийн үнэлгээний тайлан хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасантай нийцээгүй байна.
4.1 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болох төлбөр төлөгч ******* нь барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаж буй нь дээр дурдсан хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Шүүх дараахь хэргийг гомдлоор авч хэлэлцэнэ гээд 156.1.1-д шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол гэж зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөлд хамаарна.
Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгож байгаа, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтууд хариуцагчид байгаа учир эдгээр холбогдох баримтуудыг гаргаж өгөх үүргийг хариуцагч тал хүлээнэ.
Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхэд нотлох баримтаар өгөх ёстой гэсэн хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.
4.2 Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэргийн оролцогч нарт тэдгээрийн эрх, үүргийг тайлбарлах, маргааны зүйлийг тодруулах, тогтоох, мөн зохигчийн мэтгэлцэх хүрээ хязгаарыг тодорхойлох чиг үүргийн дагуу талуудыг чиглүүлэх үүрэгтэй байдаг.
Зохигч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ХХК-аас хөрөнгийн үнэлгээний тайланг бодитоор гарсан эсэх талаар маргаагүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг тус хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхэд өгөөгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдаагүй хөрөнгийн үнэлгээний тайланг хуульд заасан журмын дагуу хийгээгүй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.
4.3 Хэргийн баримтаар талуудын маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг 144,303,000 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд нийцсэн эсэхийг тогтооход уг үнэлгээний тайлан хэрэгт авагдаж, нотлох баримтаар шинжлэн судалж, зохигч энэ талаар мэтгэлцсэн байх учиртай.
Гэвч анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс үүнийг нөхөн гүйцээх боломжгүй учир маргааны зүйл болох хөрөнгийн үнэлгээний тайланг хэрэгт нотлох баримтаар авах шаардлагатай байна.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03194 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР