Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 614

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б-н Ж-д холбогдох эрүүгийн 1909013280481 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Туулайн булгийн амны задгай тоотод оршин суух,

-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 40 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих,

-Орхон аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 225 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123-1-р зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,

-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,

-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 3 сарын хугацаагаар хорих,

-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:АГ68100711 / Боржигон овогт Б-н Ж нь:

 

- М.Нямдоржтой бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, зуслангийн задгайд байрлах хохирогч Д Болор-Эрдэнийн өмчлөлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Еталон үйлдвэрийн халаагуур, Кен маркийн цахилгаан хөрөө, майхан, хивс зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.Нямдоржтой бүлэглэн 2017 оны 10  дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ зуслангийн задгайд хохирогч Я.Баяраагийн өмчлөлийн байшинд хууль бусаар нэвтэрч булган шуба хулгайлан авч,  3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлт / хх 07-09, 13 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 36-48 /

 

Хохирогч Д.Болор-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний зуслангийн байшин Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн задгай тоотод байдаг юм. Өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай вакум цонхны салхивчийг хагалаад хулгай орсон байсан. Манай гэрээс еталон маркийн тен, кен маркийн цахилгаан хөрөө, саарал өнгөтэй майхан Чингис хааны зурагтай 1x1.40 см хэмжээтэй хананы хивс алдагдсан байсан гэжээ. / хх 14-22 /

 

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээчийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн 03/452 дугаартай дүгнэлт / хх 33-37 /

 

Гэрч  М.Нямдорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би хойд аав болох Бат-Оршихын Жуулайтай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очсон юм. Хойд аав Жуулай гэртээ манай ээж Мэндсайхантай хамт амьдардаг. Тэр орой Б.Жгийн гэрийн урд талд байдаг байшинд очоод би байшингийнх нь цонхыг түлхсэн чинь хагарчихсан юм. Бид хоёр хоёулаа дотогш ороод тен, майхан, барилгын багаж хулгайлсан гэжээ. / хх 51-53 /

 

Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлт / хх 64-67, 68-73 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 89-91 /

Хохирогч Я.Баяраа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний зуслангийн байшин Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн задгай тоотод буюу Сэлбэ рестораны баруун дээд хэсэгт байдаг юм. Манай байшинд 2017 оны 10 сарын 22-ны өдрөөс 24-ний хооронд байшингийн 2 давхрын өрөөний вакум цонхыг гадна талаас нь түлхэн хулгай орж, эхнэрийн булган шуба хулгайлагдсан байсан гэжээ.  / хх 75-81 /

 

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээчийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн 03/435 дугаартай дүгнэлт / хх 97-100 /

 

Шинжээч Б.Түвшинбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Гарын мөрийн шинжилгээ хийдэг программ нь Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн программ байдаг бөгөөд уг программыг монгол хэл рүү орчуулж буулгахад овог нэр хоорондоо зөрөх тохиолдол их гардаг. Жишээ нь: гарын санд бүртгэхдээ овог дээр нь Мэндсайхан гэж бичихэд санд хадгалахдаа нэр хэсэгт автоматаар шилжих тохиолдол гардаг. Бид уг санд хадгалагдсан овог нэрээ шууд хэвлэн гаргадаг гэжээ. / хх 38-39 /

 

Шүүгдэгч Б.Ж-г 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 138-141 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 148 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Архи ууж согтоод хулгай хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө. Хоёр хүүхдийг минь бодож, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхээс шүүгдэгч  Б.Ж-г М.Нямдоржтой бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, зуслангийн задгайд байрлах хохирогч Д Болор-Эрдэнийн өмчлөлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, Еталон үйлдвэрийн халаагуур, Кен маркийн цахилгаан хөрөө, майхан, хивс зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 500,000 төгрөгийн,

- 2017 оны 10  дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ зуслангийн задгайд хохирогч Я.Баяраагийн өмчлөлийн байшинд хууль бусаар нэвтэрч, булган шуба хулгайлан авч,  3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 07-13 /,   ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 46-48 /,   ... 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай вакум цонхны салхивчийг хагалан орж, еталон маркийн тен, кен маркийн цахилгаан хөрөө, саарал өнгөтэй майхан, Чингис хааны зурагтай 1x1.40 см хэмжээтэй хананы хивс алдагдсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Болор-Эрдэнийн мэдүүлэг / хх 14-22 /,  ...Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээчийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн 03/452 дугаартай дүгнэлт / хх 33-37 /,   ... Б.Ж-гийн гэрийн урд талд байдаг байшинд очоод би цонхыг түлхсэн чинь хагарчихсан юм. Бид 2 хоёулаа дотогш ороод тен, майхан, барилгын багаж хулгайлсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Нямдоржийн мэдүүлэг / хх 51-53 /, ...Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 64-67, 68-73 /,   ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 89-91 /,  ... Манай байшингийн 2 давхрын өрөөний вакум цонхыг гадна талаас нь түлхэн хулгай орж, эхнэрийн булган шубыг хулгайлсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Я.Баяраагийн мэдүүлэг  / хх 75-81 /, ...Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээчийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн 03/435 дугаартай дүгнэлт / хх 97-100 /,  ... Гарын мөрийн шинжилгээ хийдэг программыг монгол хэл рүү орчуулж буулгахад овог нэр хоорондоо зөрөх тохиолдол их гардаг гэж мөрндөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч Б.Түвшинбаатарын мэдүүлэг / хх 38-39 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ж-г бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан 2 жилийн хорих ялыг оногдуулж, Б.Ж нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын 1 хоногоор тооцож, 50 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, түүний хувийн байдал, учруулсан хохирлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ж-гаас 1.750.000 төгрөг гаргуулан хохирогч  Я.Баяраад 1.500.000 төгрөг, хохирогч Д.Болор-Эрдэнэд 250.000 төгрөг тус тус олгож, түүний цагдан хоригдсон 52 хоногийн эдлэх ялд нь оруулан тоолж, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурьдав.

 

Шүүгдэгч Б.Ж нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан тул түүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын хяналтын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 190901328 дугаар тогтоолоор   тусгаарлаж, тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 433 дугаартай шийтгэх тогтоолоор М.Нямдоржид холбогдох хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б-н Ж-г бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-н Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар Б.Ж-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 50 хоногийн ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Ж-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Ж-гаас 1.750.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Болор-Эрдэнэд 250.000  төгрөг, хохирогч Я.Баяраад 1.500.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Ж-гийн цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Б.Ж-г цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ