| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0591/Э |
| Дугаар | 596 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Т |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О-н Б-д холбогдох эрүүгийн 1809008360187 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 25-1082 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УШ01240614 / Боржигон овогт О-н Б нь:
О.Б нь Баяраатай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Бренд аутлет дэлгүүрийн лангуунаас иргэн Б.Дэлгэрмаагийн Самсунг Эс-7 эджэ маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, 544.000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Метромолл дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах Эко гутлын дэлгүүрээс иргэн Б.Жавзмаагийн Ай Фоне-Х маркийн гар утсыг хулгайлж 2.682.000 төгрөгний хохирол учруулсан,
О.Б нь -Н.Мөнхбат, Ө.Тэмүүжин, Э.Тэмүүлэн нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төв байрлах Тиат эмнэлгийн албан өрөөнөөс иргэн С.Түмэнбаярын Самсунг Галакси Эс-6 маркийн гар утсыг хулгайлж 500.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амин-Эрдэнэ эмийн сангийн лангуунаас иргэн З.Баттөмөрийн 440.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Фермер худалдааны төвд байрлах Герман барааны дэлгүүрт 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Э.Ариунжаргалын Самсунг Эс-6 гол загварын гар утас, гар утасны хавтсанд байсан иргэний үнэмлэх, Хаан, Худалдаа хөгжлийн банкны карт зэрэг эд зүйлийг лангуун дээрээс хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, яармаг худалдааны төвд байрлах АТМ-ээс Хаан банкны виза картыг уншуулан 180.000 төгрөгийг авч, нийт 378.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Жавзан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 11 цагт би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Метро молл худалдааны төвийн хоёрдугаар давхарт байрлах Екко гутлын дэлгүүрийн кассны лангуун дээр өөрийн Ай фоне X маркийн гар утсаа үлдээгээд хажууханд байрлах тирконы тасагт очоод тирко худалдаж аваад ирсэн чинь миний гар утас алга болсон байсан гэжээ. / хх 20 /
Хохирогч Б.Дэлгэрмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Брэндс аутлэт” нэртэй дэлгүүрийн бэлэн хувцас зардаг лангууны ард гар утсаа цэнэглээд тавьсан байхад 4 залуу явж өнгөрсөн юм. Би лангуун дээрээ очоод утсаа хайтал байхгүй байсан. Тэгэхээр нь хамт ажилладаг хүнээсээ асуутал мэдэхгүй гэхээр нь араас нь гүйтэл биднийг хараад шууд цаашаагаа 4-лээ зугтаасан. Тэгээд араас нь гараад гүйгээд гадаа явж байсан хүнээс асуухад нэг залуу нь түцний араар ороод нуугдсан байсанг манай ажлын хүмүүс бариад ирсэн. Тэгээд камер шүүгээд үзтэл хувцас царай зүс нь таарсан гэжээ. / хх 71-72 /
Хохирогч С.Түмэнбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед намайг эмчилгээний өрөөнд байж байхад гаднаас 14-16 орчим насны 5 хүүхэд орж ирсэн. Тэгээд үзүүлье гээд байсан бөгөөд би тавуулаа үзүүлэх гэж байгаа юм уу гэхэд 3 нь үзүүлнэ гээд 2 нь гараад явсан. Тэгээд тэр гурван хүүхдийг би үзлэгийнхээ өрөө рүү дагуулаад орсон. Нэг нь араас нь орж ирсэн. Тэгээд тэр гурван хүүхэд надад “ Бэлгийн замын халдварт өвчин авчихлаа. Шээж чадахгүй идээ гоожоод байна “ гэсэн. Тэгээд тэр гурав нэг эмэгтэйтэй унтсан гэж хэлсэн. Тэгээд би “ Та нар хүчингийн хэрэг хийчихсэн юм биш биздээ “ гэсэн чинь “ Үгүй ээ. Тэр охин согтуу байсан” гэсэн. Тэгээд би “ Тийм бол шинжилгээ өгнө “ гэсэн чинь “ Мөнгө олж ирэх ёстой юм байна “ гээд гурвуулаа гараад явсан. Тэгээд би тэр хүүхдүүдийг гараад явсны дараа өөрийнхөө эд зүйлийг эмхэлж цэгцлээд гэр рүүгээ харих гэхэд миний гар утас байхгүй байсан. Тухайн үед би гар утсаа эмчилгээний өрөөнд орны толгой дээр тавьчихсан байсан юм. Тэдгээр хүүхдүүд л анхаарал сарниулж байгаад авчихсан байсан гэжээ. / хх 174 /
Хохирогч З.Баттөмөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн орчим би лангууныхаа ард мөнгөө тоолоод эмийн сангаа хаах гээд байж байтал гаднаас хоёр эрэгтэй хүүхэд орж ирээд нилээн хэдэн зүйл авахаар надаас ийм юм тийм юм гээд заалгаад аваад байсан. Тэгээд “ Мөнгө алга. АТМ орчихоод мөнгө аваад ирье. Та уутанд хийчих “ гэж хэлээд гараад явсны дараа хүн орж ирээд лангуун доор байсан мөнгөө авах гэтэл том дэвсгэртүүд нь байхгүй байсан гэжээ. / 2 дугаар хавтас 95-96 /
Хохирогч Э.Ариунжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Фермерүүд худалдааны төвд байрлах Герман хүнсний дэлгүүрт нярав ажилтай. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байран дээрээ ажиллаж байгаад кассын ширээн дээр өөрийнхөө гар утсыг тавьчихаад үйлчлүүлэгч ихтэй байсан тул бараа тоолж өгч байгаад 18 цаг 10 минутын үед гар утсаа авах гэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд өөрийн гар утас руугаа залгахад миний утас холбогдох боломжгүй байсан. Миний гар утасны арын хавтсанд Хаан банкны карт, иргэний үнэмлэх, худалдаа хөгжлийн банкны картууд байсан тул Хаан банк руу залгаж өөрийнхөө дансаа хаалгасан. Хаан банкны мэдээллийн ажилтан надаас “ Та хамгийн сүүлд хэзээ гүйлгээ хийсэн бэ “ гэж асуухаар нь сүүлд хийсэн 4000 төгрөгний чихэр авсан гүйлгээгээ хэлэхэд “ Үгүй ээ. Та Яармаг худалдааны төвд байрлах АТМ-с 3 удаагийн үйлдлээр 180.000 төгрөг авсан байна “ гэж хэлсэн. Хяналтын камерыг шүүж үзэхэд 17 цаг 43 минутад кассын хажуу талын ширээн дээр тавьсан миний гар утсыг 17-20 насны улаан куртиктэй эрэгтэй хүүхэд авсан байхаар нь цагдаад өгсөн гэжээ. / 2 дугаар хавтас 152-153 /
Гэрч Х.Өөдөс мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө би дэлгүүрээ 10 цагт онгойлгоод байж байхад манай захирал Жавзан 10 цаг 30-40 минутын үед ирсэн. Тэр үед би дэлгүүрийнхээ ханан шилийг арчиж байсан. Захирал орж ирчихээд нөгөө тасаг руу юм авна гээд гарсан байсан. Тухайн үед гаднаас хүмүүс орж ирж гутал сонирхож байсан. Намайг шил арчиж байхад нэг эрэгтэй гуталнууд сонирхоод яваад байсан. Удалгүй захирал гаднаас орж ирээд “Миний гар утсыг харсан уу. Ширээн дээр тавьсан байсан. Алга болсон байна” гээд цагдаа дуудсан гэжээ. / хх 21 /
Гэрч Б.Хишигжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний бие 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 3-4 дүгээр хорооллын нийтийн байранд унтаж байхад манай найз О.Б /Батак/ орж ирээд “ Ай фоне X загварын улаан өнгийн кейстэй цагаан өнгөтэй гар утас хулгайлчихсан яах вэ “ гэж хэлэхээр нь би тэр гар утсыг нь аваад Тэди төв дээр үл таних хүнд 1.000.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь хувцас аваад Батак бид хоёр хувийн хэрэгцээндээ буюу архи согтууруулах ундааны зүйл, хоол унд авч зарцуулаад дуусгасан гэжээ. / хх 22 /
Гэрч З.Хатанбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр найзууд болох Цэнд, Бямба, Бат- Амгалан, Доржоо нарын хамт Цайз 16 ойролцоо архи уугаад дараа нь Б “Дэлгүүрээс цамц авах хэрэгтэй байна “ гээд бид 5 Брэнд аутлэт дэлгүүр рүү ороод цамц үзэж байхад Б лангууны араар шургаж ороод утас авсан. Би тухайн үедээ яг ямар маркийн гар утас байсныг хараагүй. Дэлгүүрээс гараад манай найзууд надаас бусад нь гараад бүгд гүйхээр нь би хүүе гэхийн завдалгүй гүйгээд явцгаасан. Харин намайг дэлгүүрийн худалдагч эгч ирж барьж аваад буцаж дэлгүүрт оруулаад камерын бичлэг үзүүлсэн. Тэгтэл манай найз Б лангууны араар шургаж ороод гарч ирэхдээ нэг зүйл аваад энгэр рүүгээ хийж байгаа дүрс бичигдсэн байсан гэжээ. / хх 73-74 /
Яллагдагч О.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Би тогтоолтой уншиж танилцсан. Би уг тогтоолыг болон хийсэн гэмт хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. / 2 дугаар хавтас 23-24 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 25-26, 81-82, 2 дугаар хавтас 155-156 /
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 63-64, 171 /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 2 дугаар хавтас 78-81 /
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 2 дугаар хавтас 83-88 /
Шүүгдэгч О.Б-гаас 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 2 дугаар хавтас 176-177 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 44 / зэрэг болно.
Шүүгдэгч О.Б-г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлнө. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Шүүгдэгч О.Б нь Баяраатай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Бренд аутлет дэлгүүрийн лангуунаас хохирогч Б.Дэлгэрмаагийн Самсунг Эс-7 эджэ маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, 544.000 төгрөгний хохирол,
2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Метромолл дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах Эко гутлын дэлгүүрээс хохирогч Б.Жавзмаагийн Ай Фоне-Х маркийн гар утсыг хулгайлж, 2.682.000 төгрөгний хохирол,
О.Б нь Н.Мөнхбат, Ө.Тэмүүжин, Э.Тэмүүлэн нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төв байрлах Тиат эмнэлгийн албан өрөөнөөс хохирогч С.Түмэнбаярын Самсунг Галакси Эс-6 маркийн гар утсыг хулгайлж, 500.000 төгрөгний хохирол,
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амин-Эрдэнэ эмийн сангийн лангуун дотроос хохирогч З.Баттөмөрийн бэлэн мөнгийг хулгайлж, 440.000 төгрөгийн хохирол,
2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Фермер худалдааны төвд байрлах Герман барааны дэлгүүрт хохирогч Э.Ариунжаргалын Самсунг Эс-6 гол загварын гар утас, гар утасны хавтсанд байсан иргэний үнэмлэх, Хаан, Худалдаа хөгжлийн банкны карт зэрэг эд зүйлийг лангуун дээрээс хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, улмаар Яармаг худалдааны төвд байрлах АТМ-ээс Хаан банкны виза картыг уншуулан 180.000 төгрөгийг авч, нийт 378.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Гутлын дэлгүүрийн кассны лангуун дээр өөрийн Ай фоне X маркийн гар утсаа үлдээгээд хажууханд байрлах тирконы тасагт очоод тирко худалдаж аваад иртэл гар утас алга болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Жавзангийн мэдүүлэг / хх 20 /, ... “Брэндс оутлэт” нэртэй дэлгүүрийн бэлэн хувцас зардаг лангууны ард цэнэглээд тавьсан гар утсыг 4 залуу явж өнгөрсний дараа хайтал байхгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Дэлгэрмаагийн мэдүүлэг / хх 71-72 /, ... Тухайн үед би гар утсаа эмчилгээний өрөөнд орны толгой дээр тавьчихсан байсныг үзүүлэхээр ирсэн хүүхдүүд анхаарал сарниулж байгаад авчихсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Түмэнбаярын мэдүүлэг / хх 174 /, ... гаднаас хоёр эрэгтэй хүүхэд орж ирээд нилээн хэдэн зүйл авахаар надаар авахуулаад АТМ орчихоод мөнгө аваад ирье гараад явсны дараа лангуун доор байсан мөнгөө авах гэтэл том дэвсгэртүүд нь байхгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч З.Баттөмөрийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 95-96 /, ... кассын ширээн дээр өөрийнхөө гар утсыг тавьчихаад үйлчлүүлэгч ихтэй байсан тул бараа тоолж өгч байгаад хартал гар утас байхгүй байсан. Хавтсанд Хаан банкны карт, иргэний үнэмлэх, худалдаа хөгжлийн банкны картууд байсан. Картаа хаалгах гэтэл АТМ-с 3 удаагийн үйлдлээр 180.000 төгрөг авсан байна гэж хэлсэн. Хяналтын камерыг шүүж үзэхэд 17-20 насны улаан куртиктэй эрэгтэй хүүхэд авсан байхаар нь цагдаад өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Ариунжаргалын мэдүүлэг / 2 дугаар хавтас 152-153 /, ... намайг шил арчиж байхад нэг эрэгтэй гуталнууд сонирхоод яваад байсан. Удалгүй захирал гаднаас орж ирээд “Миний гар утсыг харсан уу? Ширээн дээр тавьсан байсан. Алга болсон байна” гээд цагдаа дуудсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Х.Өөдөсийн мэдүүлэг / хх 21 /, ... О.Б /Батак/ орж ирээд Ай фоне X загварын улаан өнгийн кейстэй цагаан өнгөтэй гар утас хулгайлчихсан яах вэ гэж хэлэхээр нь би тэр гар утсыг нь аваад Тэди төв дээр үл таних хүнд 1.000.000 төгрөгөөр зарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Хишигжаргалын мэдүүлэг / хх 22 /, ...Б лангууны араар шургаж ороод утас авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч З.Хатанбаатарын мэдүүлсэн мэдүүлэг / хх 73-74 /, ... Би хийсэн гэмт хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч О.Бгийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 23-24 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 25-26, 81-82, 2 дугаар хавтас 155-156 /, ...Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 63-64, 171 /, ...Хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 2 дугаар хавтас 78-81 /, ...Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 2 дугаар хавтас 83-88 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч О.Б-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч О.Б нь 152 хоног цагдан хоригдсонг дурьдаж, О.Б нь хохирлоо нөхөн төлөөгүй тул түүнээс 4.544.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дэлгэрмаад 544.000 төгрөг, Б.Жавзмаад 2.682.000 төгрөг, С.Түмэнбаярт 500.000 төгрөг, З.Баттөмөрт 440.000 төгрөг, Э.Ариунжаргалд 378.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт О-н Б-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 сидиг хэрэгт хавсаргасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар О.Б-гаас нийт 4.544.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дэлгэрмаад 544.000 төгрөг, Б.Жавзмаад 2.682.000 төгрөг, С.Түмэнбаярт 500.000 төгрөг, З.Баттөмөрт 440.000 төгрөг, Э.Ариунжаргалд 378.000 төгрөг тус тус олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Б нь 152 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар О.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.
7. О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ