Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02282 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон 2023 оны 11 дүгээр сард ажилласан хугацааны сүүлийн цалин хөлс, 2023 оны ээлжийн амралтын цалин гаргуулах, цалингаас суутгасан 1,190,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...Миний бие ******* ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орсон бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөгдөх хүртэл үйлчилгээ хариуцсан менежерийн албан тушаалд дэвшин ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагт ажилдаа ирэхэд ерөнхий менежер ******* нь надтай хувийн сэдлээр хандаж, ганцаарчлан уулзаад ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр цаашид чамтай ажиллах боломжгүй боллоо, яг одоо эд зүйлсээ хүлээлгэж өгөөд явахыг шаардсан. Шалтгааныг тодруулахад байгууллагын мөнгө, хөрөнгө завшсан, зөөгч, бармен, касстайгаа нийлж залилан, хулгай хийсэн гэх зэргээр ямар ч үндэслэлгүйгээр гүтгэж, гэм буруугаа хүлээгээд үнэнээ хэлбэл яах вэ уучилж болно. Мөн цагдаагийн байгууллагад хандаж байгаа гэх зэргээр сүрдүүлсэн.

...2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүний нөөцөөс дуудан, очиж уулзахад хөдөлмөрийн гэрээ цуцалсан гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн огноо бүхий Б/250 дугаар тушаал болон Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай Б/251 дүгээр тушаалуудыг надад гардуулан өгсөн. Эдгээр тушаалыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ажиллаж байх хугацаанд ямар нэгэн хөрөнгийн тооллого хийгээгүй, өөрийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг л хүлээлгэн өгсөн. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш ажилдаа очоогүй, гэтэл намайг байлцуулахгүйгээр тооллого хийж, бараа материалын дутагдал гаргасан гэх боловч миний бие ямар нэгэн бараа материал татан авалт болон хариуцан ажилладаггүй. Касс болон зөөгчийн хариуцдаг бараа материалыг надад хамаатуулан дутаасан гэж байгааг зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргаагүй, уг зөрчил гэх асуудлыг намайг байхад шалгаж тогтоогоогүй, сүүлд нөхөж 10-аад хоногийн дараа тушаал гаргаж, миний чиг үүрэгт хамааралгүй асуудлаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Миний бие 2023 оны 11 дүгээр сарын ажилласан хугацааны урьдчилгаа цалинд 1,000,000 төгрөгийг олгосон боловч үлдэх сүүл цалин хөлсийг олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар ээлжийн амралт авах эрх үүссэн боловч 2023 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй бөгөөд одоог хүртэл ээлжийн амралтын тооцоог хийгээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлд зааснаар 2023 оны ээлжийн амралтын мөнгийг 1.5 дахин нэмэгдүүлэн гаргуулахаар шаардаж байна.

Иймд, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/250 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон 2023 оны 11 дүгээр сард ажилласан хугацааны сүүлийн цалин, 2023 оны ээлжийн амралтын цалин хөлсийг гаргуулах, мөн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 1,190,500 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа ажил олгогчийн зүгээс үүрэг болгосон ажлыг хугацаанд хийж гүйцэтгэхгүй, ээлжийн менежертэй ажлаа хүлээлцдэггүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаад байсан тул манай компанийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчил бүртгэх хуудас-т бүртгэж өөрт нь хаалттай сануулсан. Ингээд дахин ******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй мөн ажлын байрны тодорхойлолт заасан үндсэн чиг үүргийн хүрээнд ажлыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүйн улмаас байгууллагын үйл ажиллагааг доголдуулсан. Ажил олгогч компанийн зүгээс дахин 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нээлттэй сануулах арга хэмжээ авч, дахин алдаа дутагдал гаргахгүй байх, өөрийн нөөц боломжийг дайчлан ажиллахыг анхааруулж тэмдэглэл үйлдсэн. Гэтэл *******ийн дээрх үйлдэл нь дахин давтагдаж, улмаар өөрийн шууд удирдлага дор ажилладаг ажилтнуудтай зүй бусаар харилцдаг, дарамталдаг, тооллогоор дутсан бараа материалын үнийг ажилчдаар төлүүлдэг, ажилчдыг ажлаас гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байсан зэрэг үйлдлүүдийг гаргасныг компанид шууд удирдлага дор нь ажиллаж байсан хүмүүс мэдэгдсэн. Дээрх байдлаар *******ийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон бусад зөрчлүүд нь хэтэрч олон дахин давтагдсаар ирсэн тул дахин 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчил бүртгэх хуудас-т бүртгэж өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулсан. Нэхэмжлэгч нь компанийн орлогыг хувийн дансаар хүлээн авдаг, улмаар түүнийгээ компани руу шилжүүлдэг байсныг Ривер Бэйкери ХХК дараа нь мэдсэн. Мөн ******* нь ажил үүргийнхээ хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дэлгүүрээс алтан шар өнгийн 100 ширхэг тавгийг худалдан авахдаа нэг бүрийн үнэ нь 7,000 төгрөгийн үнэтэй тавгийг 10,400 төгрөг гэж компанид худал хэлж, компаниас 1,040,000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа 340,000 төгрөгийг авч ашигласан. Ингээд Ривер Бэйкери ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/250 дугаартай тушаалыг гаргасан.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.5.13, 7.5.15-д заасан ноцтой зөрчлийг тус тус гаргасан нь *******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй.

Манай компани нь сар бүрийн сүүлийн өдөр, дараа сарын эхний өдөр бараа материалын тооллогыг хийдэг бөгөөд нэхэмжлэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бараа материалын тооллого хийхэд биечлэн байлцсан. Тус тооллогоор бараа бүтээгдэхүүн, мөнгөний дутагдал гаргасан бөгөөд түүнийг нь баталгаажуулж 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ажил хүлээлцэх акт үйлдсэн. ******* нь бүрэн ойлгож, хүлэн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Ингээд компанийн зүгээс хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа *******д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж гүйцэтгэх захирлын Б/251 дүгээр тушаалыг гаргасан нь үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 158 дугаар зүйлийн 158.2.2, -т заасныг баримтлан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/250 дугаар тушаалыг хүчингүй болгох, ******* ХХК-ийн Үйлчилгээ хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгох,цалингаас суутгасан 1,190,500 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  хариуцагч ******* ХХК-иас  цалинд 839,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас 24,708 төгрөг гаргуулж  улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

... 1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 56 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн хүсэлтэд хавсаргасан, гаргуулахаар хүссэн баримт ирээгүй, захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

2. Зөрчлүүдийн талаар:

2.1 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тооллогоор бараа, материалын дутагдал гаргасан гэх зөрчлийн талаар:

Тухайн өдөр *******ийг байхад байгууллага ямар нэгэн тооллого хийгээгүй. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт байдаггүй.

Гагцхүү 850,500 төгрөгийн текний бараа болон бэлэн мөнгөний дутагдал гэх баримтыг хариуцагчаас гаргаж өгдөг бөгөөд энэхүү баримт нь хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй. *******, ******* гэх 2 нягтлан бодогчдын хоорондын тооцоо нийлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг буруутгасан байхад анхан шатны шүүх энэхүү зөрчилтэй холбоотой тодорхой дүгнэлт хийгээгүй бөгөөд шийдвэрийн 8.1-д зааснаар 549,900 төгрөгийн Glen grant виски дутаасан, уг вискиг нэхэмжлэгч авсан болох нь гэрчийн мэдүүлэг, ажил хүлээлцсэн актаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй...

2.2 Үйлчлүүлэгчээс хувийн дансаар төлбөр шилжүүлэн авч, компанид тушаасан гэх зөрчлийн талаар:

Би, ажлын байрны үндсэн чиг үүргийн хүрээнд хүлээн авалтын арга хэмжээ заал зохион байгуулахтай холбоотой ээлжгүй үед үйлчлүүлэгчийн зүгээс утсаар холбогдож урьдчилгааг хийх үед өөрийн дансыг хэлж хийлгэсэн 2-3 гүйлгээний талаар дансны хуулгыг иш татаж буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь ажлын бус, амарч байх үед миний олж ирсэн үйлчлүүлэгчийн зүгээс төлбөр хийхээр холбогдох үед өөрийн дансыг өгч, төлбөрийг авсан бөгөөд тухайн үйлчлүүлэгчийн төлсөн төлбөрийг тухай бүрт нь компанид бүрэн бүтнээр нь шилжүүлж байсан бөгөөд түүнээс завшсан, дутаасан хувийн зорилгоор ашигласан зүйл байхгүй.

Шийдвэрийн 8.2-д дурдсан 3 удаагийн гүйлгээтэй холбоотой асуудлыг ажил олгогч тушаал шийдвэр гаргахаас өмнө шалгаж тогтоогоогүй бөгөөд шүүхийн журмаар тогтоолгосон. Зүй нь ажил олгогч ажилтны зөрчилтэй холбоотой тушаал гарахаас өмнө нөхцөл байдлыг шалгаж, баримтаар тогтоосон байхыг шаардах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хариу тайлбар болон шүүхэд хэдэн удаагийн гүйлгээгээр, хэчнээн төгрөгийг хувьдаа авсан талаар ямар ч баримт, тайлбарыг гаргаж өгөөгүй болно.

Шүүх талуудын маргаагүй, хариуцагчийн үндэслэлээ болгон тайлбарлаж маргаагүй байхад өмнөөс нь дансны хуулгыг гүйлгээний утгаас түүж, тодруулан дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар ажлын байрны тодорхойлолтыг баталж өгөх үүрэгтэй бөгөөд *******ийн хувьд ээлжийн менежер-ын албан тушаалаас дэвшиж, 2023 оны 07 дугаар сард Үйлчилгээний менежер-н албан тушаалд томилогдсон байхад ажлын байрны тодорхойлолтыг баталж өгөх үндсэн үүргээ биелүүлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар баримтыг ирүүлээгүй атлаа ээлжийн менежер гэх өөр, миний өмнөх албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчийг төлбөр тооцоог хянах үүрэг хүлээсэн мэтээр нэхэмжлэгчийг буруутгасан. Тухайн төлбөр тооцоог Касс өөрөө хариуцаж, хариуцлага хүлээдэг байхад үйл ажиллагаа хариуцсан менежер хянах чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй.

2.3 Бага үнээр худалдсан барааг компанид өндөр үнээр нийлүүлж, хувьдаа ашиг олсон гэх зөрчлийн талаар:

Дээр дурдсанчлан миний бие үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах чиг үүрэгтэй байхад компанийн бараа материал татах, худалдан авах чиг үүрэгтэй холбоотой буруутгасан.

Хөдөлмөрийн харилцааг цуцалсан Б/250 дугаар тушаалд ямар ч тавагны асуудлыг зөрчлөөр дурдаагүй бөгөөд хариуцагч нь нөхөн тайлбарласан, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ээс хойш ажилдаа очоогүй байхад 12 дугаар сараас хойш болсон үйл баримтаар нэхэмжлэгчийг буруутгасан бөгөөд хувьдаа ашиг олсон, Хамаарал бүхий этгээд гэх зэргээр дэлгэрүүлэн тайлбарласан. Мөн тухайн тавагны гүйлгээг би хийгээгүй, би таваг худалдаагүй. Компанийн санхүү тухайн худалдагч этгээд рүү гүйлгээг хийсэн байхад надыг буруутгасан бөгөөд өндөр үнэтэй байсан бол худалдан авахгүй байх, төлбөр шилжүүлэхгүй байх эрх нь компани болон санхүүд байсан.

2.4 Сахилгын шийтгэлтэй байхдаа давтан зөрчил гаргасан талаар:

Ажил олгогч ******* ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчил бүртгэх хуудас гэх /2023.04.10, 2023.04.26, 2023.07.31, 2023.11.06, 2023.12.14/-ний өдрийн хуудсыг гаргаж өгч сахилгын шийтгэлтэй байсан гэх үндэслэлээ тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс компанийн баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 11.3.2, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 3.5-д зааснаар гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахаар заасан боловч энэ талаарх тушаалыг шүүхэд ирүүлээгүй. Гэвч хэрэг шийдвэрлэгдэх шүүх хуралдааны өмнө хариуцагч нар нь алдаагаа нөхөн залруулж, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн нь эргэлзээ бүхий баримт бөгөөд нөхөн бүрдүүлсэн. Энэхүү тушаал шийдвэрийг нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэж байгаагийн хувьд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, дээрх журамд зааснаар заавал танилцуулж, тайлбар авах ёстой байтал шүүх хуралдаан дээр уг тушаалуудтай танилцсан. Тэдгээр тушаал нь гүйцэтгэх захирал ******* нь компанийг төлөөлөх буюу гүйцэтгэх захирлаар томилолдогдохоос өмнө гаргасан. Өөрөөр хэлбэл ******* 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилогдсон байхад 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөр тушаал гаргасан.

******* захирлын гарын үсэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн компанийн бланк бүхий тайлбарууд дээрхээс өөр, мөн хөдөлмөрийн харилцааг цуцалсан 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б тушаал 250 гэж дугаарлагдсан байхад 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б тушаал 187 гэж дугаарлагдсан зэрэг зөрүүтэй баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт байгаа бүх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс ямар нотлох баримт дутуу, тухайн баримт нь хэргийн үйл баримтад ямар ач холбогдолтой талаар дурдаагүй. Үйлчилгээ хариуцсан менежерийн ажил, албан тушаал нь тухайн заалны бармен, касс, зөөгч зэрэг ажилтнуудын шууд удирдах албан тушаалтан байдаг. Мөн хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан ажилтан, албан хаагч нь менежерийн ажил, албан тушаалд хамаардаг. Уг нөхцөл байдлыг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан.

Мөн нэхэмжлэгч нь тооллогын өдөр өөрийн биеэр байлцаж, гарын үсэг зурсан тооллогын баримт хэрэгт авагдсан. Мөн гэрчийн мэдүүлэг, тухайн байгууллагын бармен *******ын мэдүүлэгт өөрт өгөхийг шаардаж, хувьдаа ашигласан вискиний төлбөрийг би төлөхгүй, миний шууд удирдлагын ажилтан бармен хариуцаж төлнө гэж маргасан нь удирдах ажилтны ёс зүйн дүрмийг зөрчиж байна. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр өөртөө эд зүйл авч, компанид хохирол учруулсан тул ноцтой зөрчил гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг зөрчсөн.

Сахилгын шийтгэл оногдуулах журмын 2.1.5-д байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчлүүлэгчийн тооцоог хувийн дансанд авч, орлогыг компанийн дансанд нөхөн шилжүүлсэн үйлдлүүд нь 2023 оны 10, 11 дүгээр саруудад давтагдсан. Уг нөхцөл байдлын улмаас үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааны явцад зөрчил байхгүй гэж үзсэн учраас компанид хохирол учруулсан эсэхээс үл хамааран сахилгын шийтгэл оногдуулсан.

Шинэ жилийн захиалгын үед бүх менежерүүд худалдан авалт хийдэг. Уг нөхцөл байдлын улмаас тухайн заалыг хариуцаж буй менежер нь тавгийг худалдан авч, нийлүүлэгчтэй холбож өгсөн. Манай байгууллагын зүгээс тухайн хүмүүсийг нэхэмжлэгчийн найз гэж үзэж байгаа бөгөөд , нарын дансаар дамжуулан төлбөрийг хүлээн авсан болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 47, 171, 177 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Нэг бүрийн үнийн талаар компанид худал мэдээлэл өгсний улмаас 340,000 төгрөгийг ажилтан хувьдаа завшсан болох нь нотлогддог. Манай байгууллагын зүгээс шинэ жилийн үеэр ижил таваг стандартын дагуу байршуулах ёстой учраас нэмж таваг худалдан авахдаа үнийн зөрүүг мэдсэн. Уг нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчтэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлж, эд хөрөнгийн бүрэн хариуцлага тооцсон тушаалыг гаргасан. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа 2023 оны 04 дүгээр сарын 26, 07 дугаар сарын 01, 11 дүгээр сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан нээлттэй, хаалттай сануулгыг тухай бүрд нь ажилтанд сануулж, тухайн сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зуруулсан нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан.

******* ХХК нь хуулийн мэргэжилтэнгүй учраас холбогдох нотлох баримтуудыг тухай бүрдээ гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс таны гарын үсэг мөн үү, тухайн үед танд сахилгын шийтгэл оногдуулах гэж байна. Та ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, текний зохион байгуулалт, бараа материалд хяналт тавьж ажиллаагүй. Ээлжийн менежертэй ажлаа хүлээлцээгүй бөгөөд удирдлагаас өгсөн даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй. Мөн ажилтнуудтайгаа бүдүүлэг харьцаж, байгууллагын үйл ажиллагааг доголдуулж, албан үүргээ дутуу гүйцэтгэж байгаагаа мэдсээр байж, түүнээс үүдэлтэй үр дагаврыг бүрэн ойлгож, ажилтан тухайн тушаалтай танилцсан. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилэн тавгийг худалдан авч, ийн данс руу 1,040,000 төгрөгийг шилжүүлэн авсан нь тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2.13, хөдөлмөрийн гэрээний 7.5.13-д заасан ажил олгогчийн мөнгө, эд хөрөнгийн бүрэн байдлыг хариуцдаг эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан нь ажил олгогчийн итгэл алдсан буруутай эс үйлдэхүй гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2.15, хөдөлмөрийн гэрээний 7.5.15-д компанийн эд хөрөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан аливаа үйлдэл нь тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон 2023 оны 11 дүгээр сард ажилласан хугацааны сүүлийн цалин хөлс, 2023 оны ээлжийн амралтын цалин, цалингаас суутгасан 1,190,500 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын цалин гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ээлжийн менежерийн ажил үүргийг гүйцэтгэж байгаад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үйлчилгээ хариуцсан менежерээр томилогдон ажиллаж байхад нь түүнийг тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/250 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.2.13, 11.2.2.15, 11.2.2.23, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.5.13, 7.5.15 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /2.х.х-ийн 10-15, 1.х.х-ийн 5, 7-10/

 

Тодруулбал, зохигч нар тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн эсэх талаар маргаагүй боловч ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой болон давтан зөрчил гаргасан, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх бараа материалын дутагдал гаргасан эсэх, үйлчлүүлэгчээс хувийн дансандаа төлбөр шилжүүлэн авч компанид тушаасан эсэх, мөн харилцагчаас бага үнээр худалдан авсан барааг компанид өндөр үнээр нийлүүлж хувьдаа ашиг олсон эсэх талаар маргажээ.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.5-д Дор дурдсан үйлдэл, эс үйлдэхүйг хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинж, үр дагаврын хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гэж тооцох ба ажилтан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцална гээд 7.5.13-д Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцдаг, эсхүл захиран заруулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж, 7.5.15-д Компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан аливаа үйлдэл нь тогтоогдсон гэж, мөн нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил болох үйлчилгээ хариуцсан менежерийн ажлын байрын тодорхойлолтод Үйлчилгээний хэлтсийн бараа материалын татан авалт, зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй гэж тус тус заасан байна. /2.х.х-ийн 19-26, 66-67/

 

4.1. Хариуцагч ******* ХХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ийн данс руу 1,040,000 төгрөгийг алтан суурь таваг гэх утгаар шилжүүлсний дараа *******ийн дансанд 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1,040,000 төгрөг орж ирснээс тэрээр 700,000 төгрөгийг ийн дансанд таваг гэсэн утгаар шилжүүлжээ. /1.х.х-ийн 47, 177/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн баримтаар хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн Дөрвөн чимэг дэлгүүрийн ажилтан тэй харилцсан зурвасаас үзвэл ******* нь ажил олгогчоос ийн дансаар дамжуулан 1,040,000 төгрөгийг хүлээн авч, уг тавагны үнэд 700,000 төгрөгийг шилжүүлж, улмаар 340,000 төгрөгийг өөртөө ашигласан байна. /1.х.х-ийн 88/

 

Нэхэмжлэгч *******ийн данс руу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аас 1,277,200 төгрөг төрсөн өдөр үлдэгдэл гэх утгаар орж ирсний дараа уг өдөр өөрийн данснаас ийн данс руу 1,599,480 төгрөгийг шилжүүлснээс үзвэл нэхэмжлэгч нь түүнтэй хамаарал бүхий этгээд гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

4.2. *******ийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь тоот данс руу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр аас 1,000,000 төгрөгийг -GAA гэх утгаар, аас 1,000,000 төгрөгийг vsnii nair гэх утгаар тус тус орж ирснийг мөн өдөр хариуцагч ******* ХХК-ийн данс руу 28-ны урьдчилгаа, 10.01-ний урьдчилгаа гэх утгаар тус тус шилжүүлжээ. /1.х.х-ийн 171/

 

Хариуцагч ******* ХХК-ийн Сахилгын шийтгэлийн журмын 2 дугаар зүйлийн 2.1-т Ажилтны гаргасан дараах зөрчлүүдэд эрх бүхий албан тушаалтан 1.1.2-т заасан сахилгын шийтгэлээс сонгон ногдуулна... гээд 2.1.5-д Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний тооцоог хувийн картаар авсан нь тогтоогдсон, 2.1.6-д ...байгууллагын орлогыг хувьдаа авч, нөхөн хийсэн... гэж тус тус заасан байна.

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон *******ын мэдүүлгээр нэхэмжлэгч ******* нь үйлчлүүлэгч этгээдээс ажил олгогч ******* ХХК-д төлсөн төлбөрийг гадаад улсад явах зорилгоор өөрийн хувийн дансаар орлого болгож авдаг байжээ. /2.х.х-ийн 84/

 

4.3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-ийн нягтлан *******тай 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэж, гарын үсэг зурсан бөгөөд уг баримтад тооцоотой мөнгөн дүн хэсэгт 3,996,400 төгрөг гэсэн байх тул нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тооллогоор бараа материал дутаагаагүй, намайг байхад тооллого хийгээгүй гэх тайлбар няцаагдаж байна. /2.х.х-ийн 39/

 

Мөн касс ын гаргасан ...кассанд зайлшгүй шаардлагатай байх ёстой мөнгөнөөс авчихдаг, өгөхгүй уддаг, одоо ч өгөх ёстой 30,000 төгрөг байгаа... гэсэн тайлбар хэрэгт авагдсан. /1.х.х-ийн 43/

 

Тодруулбал, гэрч *******ын ...ямартай ч виски, архи, ундаа гэх мэт шингэн хүнс дээр дутагдал үүсгэдэг байсан, ...компанийн надад хүлээлгэж өгсөн зарж борлуулдаг барааг камергүй өрөөнд оруулж тавихыг шаарддаг, тэгээд авсан бараагаа өг гэхээр уурладаг, үүнээс болоод маргалддаг байсан, ...коктейль найруулахад ******* нь тооллого дутна гэдэг үүднээс орцоос нь хасуулдаг байсан..., зун 7 сард Taqueray /gin/-ийг тооллогоос өмнө аваад тооллого дээр зөрүү үүсээгүй учир март гэсэн, 8 сард Teeling виски 2 бүтэн шилийг аваад буцааж өгөөгүй, Greengrand виски 500-600 граммыг 11 сарын эхээр VIP 3-т найзуудтайгаа авч уусан... гэсэн мэдүүлэг, тайлбараас тус тус үзвэл нэхэмжлэгч ******* нь байгууллагын кассаас бэлэн мөнгө аваад буцааж өгөөгүй, ажил олгогч компанийн худалдан борлуулдаг виски, архи ундааг хувьдаа авч хэрэглэсэн боловч буцаан өгөөгүй буюу үнийг нь төлөөгүйгээс гадна коктейлийн найрлагад орох вискиний орцыг хасуулж байсан гэх зэрэг зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдож байх тул 850,500 төгрөг дутаагаагүй гэх тайлбарыг хүлээн авахгүй. /1.х.х-ийн 44, 2.х.х-ийн 84/

 

4.4. Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч *******д 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/081 дугаартай тушаалаар хугацаанд нь ажлаа гүйцэтгээгүй, текний зохион байгуулалт, түүхий эд материалд бүрэн гүйцэт хяналт тавьж ажиллаагүй, ээлжийн менежертэй ажлаа гүйцэт хүлээлцэхгүй гэх үндэслэлээр ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл, /2.х.х-ийн 63/

 

мөн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/169 дугаартай тушаалаар удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд биелүүлээгүйгээс болж байгууллагын дотоод үйл ажиллагаанд доголдол үүсгэсэн гэх үндэслэлээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл, /2.х.х-ийн 64/

 

2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/187 дугаартай тушаалаар байгууллагад ажиллаж буй ажилтнуудтай бүдүүлэг үг хэллэгээр харьцаж, байгууллагын үйл ажиллагааг доголдуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг, даалгавраа дутуу хийж, удаа дараа зөрчил гаргасан гэх үндэслэлээр хаалттай сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна. /2.х.х-ийн 65/

 

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг эдгээр сахилгын шийтгэл ногдуулахдаа надаас тайлбар аваагүй, тушаалыг танилцуулаагүй гэсэн боловч түүний гаргасан дээрх зөрчлийн талаар болон зөрчилд ногдуулах сахилгын шийтгэлийн талаар зөрчил бүртгэх хуудаст бүртгэж, тухай бүр нэхэмжлэгчид танилцуулж, тэрээр гарын үсэг зурсан байхаас гадна шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд *******ээс ******* руу ...бүгдээрээ сануулгатай болохгүй байна. ...хамт уусан хүмүүс, бид хэд уусан гэвэл бүгд хувьдуулна, тэр тусмаа би өндрөөр хувьдуулна... гэх зурвасаас үзэхэд нэхэмжлэгч нь хэд, хэдэн сануулах сахилгын шийтгэлтэй байгаагаа мэдэж байжээ. /1.х.х-ийн 87-88, 211, 213, 214/

 

Түүнчлэн шүүхээс үзлэг хийсэн баримтаар ******* болон ******* нарын харилцан бичсэн зурваст нэхэмжлэгч нь ажил олгогч байгууллагын худалдан борлуулдаг согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байтал хагалсан гэж хэлэхийг гэрчээс шаардаж байснаас дүгнэхэд тэрээр байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглаж байсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан эдгээр зөрчлүүд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцсэн гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд дурдсан зөрчлүүдийг гаргаагүй, бараа материалын дутагдал үүсгээгүй, үйлчлүүлэгчээс хувийн дансаар төлбөр шилжүүлэн авч компанид шилжүүлсэн нь зөрчилд тооцогдохгүй, бага үнээр худалдан авсан барааг өндөр үнээр компанид нийлүүлээгүй, сахилгын шийтгэл ногдуулах тушаалуудыг танилцуулж, тайлбар аваагүй гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох боломжгүй.

 

5. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Ажилтан дараах үндсэн эрхтэй гээд 42.1.3-т гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах гэж зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг шаардах эрхтэй. Учир нь,

 

мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Ажилтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэж заасан.

 

Эрх бүхий этгээд нэхэмжлэгч *******ийг ажил үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаагүй байхад ажил олгогч ******* ХХК нь өөрийн санаачилгаар нэхэмжлэгчийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй.

 

Зохигчийн хооронд байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 01-нийн өдрийн хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийн 1 сарын цалин хөлс 2,500,000 төгрөг бөгөөд ажил олгогч түүнд 11 дүгээр сарын урьдчилгаа цалинд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг олгож, үлдэх 1,500,000 төгрөгийг олгоогүй талаар зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн зүгээс түүнийг үндэслэлгүйгээр ажил үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын цалин хөлсийг бүрэн аваагүй тул нэхэмжлэгчийн цалингаа бүтэн авсан 8, 9, 10 дугаар сарын дунджаар 1 өдрийн цалинг тооцоолоход 148,498 төгрөг /3,101,379+3,754,018+2,500,000=9,355,397 : 3=3,118,466 : 21/ болж байна.

 

Иймд, дээр дурдсан хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж зааснаар 2023 оны 11 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 1,500,000 төгрөг дээр ажил үүргээ биелүүлэхийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн 12 дугаар сарын 9 хоногийн цалин хөлс 1,336,482 /148,498 х 9/ төгрөгийг нэмээд нийт 2,836,482 төгрөг болно.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно гэж, мөн Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр тооцно.Ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа анх үүсгэсэн өдрөөс эхлэн тооцогдоно гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн ээлжийн амралтын цалинг олгохыг зөвшөөрсөн тул энэ талаар талуудыг маргаангүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь анх ажилд орсон 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажлын 250 өдөр байх бөгөөд тэрээр энэ хугацаанд нийт 39,239,963 төгрөгийн цалин хөлс авсан байх тул үүнээс дээрх хууль, журамд зааснаар ээлжийн амралтын цалинг тооцно.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь ээлжийн амралтыг 18 хоногоор тооцсон боловч улсад ажилласан жил тодорхойгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна гэж зааснаар нэхэмжлэгчийн ээлжийн амралтыг 15 хоногоор тооцож 2,354,400 /39,239,963 : 250=156,960 х 15/ төгрөгийг олгоно.

 

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан 2023 оны 11 дүгээр сарын дутуу олгосон цалин болон ээлжийн амралтын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд нийт 5,188,182 төгрөг болж байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажил үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн байхад үүнийг анхаараагүй, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ээлжийн амралтын олговрыг буруу тооцоолсон байх тул давж заалдах шатны шүүх үүнийг дээрх байдлаар залруулав.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй гээд 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасан.

 

Нэхэмжлэгчид олгох ёстой цалин 2,836,482 төгрөг дээр түүний ээлжийн амралтын цалин 2,354,400 төгрөгийг нэмээд нийт 5,190,882 төгрөг болох ба үүнээс эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тухай тушаалд дурдсан 1,190,500 төгрөгийг хасаад 3,998,382 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгана.

 

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,

 

Хариуцагч нь анх 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг ээлжийн менежерийн албан тушаалд томилсон бөгөөд мөн өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан боловч хожим 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үйлчилгээ хариуцсан менежер албан тушаалд томилохдоо эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт болон зохигчийн байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг үндэслэн 1,190,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Тодруулбал, ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх тул анхан шатын шүүхийн шийдвэр хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.

 

9. Анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2025/00056 дугаар захирамжаар нэхэмжлэгчээс гаргасан үйлчилгээний менежер, касс, бармений ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ёс зүйн дүрэм, текний бараа дутагдал гэх баримтуудыг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. /2.х.х-ийн 34/

 

Уг захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн үйлчилгээ хариуцсан менежер, касс, бармений ажлын байрны тодорхойлолт хоёрдугаар хавтаст хэргийн 55-56, 66-67 дугаар талд, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хоёрдугаар хавтаст хэргийн 41-42 дугаар талд, ажилтын ёс зүйн дүрэм нэгдүгээр хавтаст хэргийн 71-73 дугаар талд, текний барааны дутагдал гэх баримт хоёрдугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр талд авагдсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02282 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 129 дүгээр зүйлийн 129.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 3,998,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, уг дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үйлчилгээ хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингаас суутгасан 1,190,500 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас 78,924 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээгүй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР