Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2016/00856

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 53 дугаар гудамж, 724 тоотод оршин суух, Боржигон овогт Мөрийн Мөнхтуяа /РД:ХИ44071105/-гийн хүсэлттэй

 

Цэндийн Болд /РД:УХ33050212/-той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Мөнхтуяа миний бие талийгаач Ц.Болдтой 1973 оноос гэрлэлтээ батлуулаагүй 2014 он хүртэл нийт 41 жил хамтран амьдарсан билээ. Бидний дундаас үр хүүхэд гараагүй бөгөөд хамтран амьдрах 20 гаруй жилийн хугацаанд дундын өмчлөлийн тодорхой эд хөрөнгө буй болсон. Талийгаач Ц.Болд нь 2014 оны 5 дугаар сарын 9-нд өвчний учир зуурдаар нас барсан юм. Иймд бидний дундын өмчлөлийн эд хөрөнгийг өв залгамжлах надаас өөр хүнгүй, үр хүүхэд байхгүй тул биднийг 1973 оноос 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү.” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч М.Мөнхтуяа нь Ц.Болдтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

М.Мөнхтуяа нь Ц.Болдтой 1973 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ц.Хорлоо, Д.Бямбасүрэн нарын тодорхойлолт болон шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэг, гэрэл зургууд, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр,  Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Ц.Болд нь 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-2 тал/, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дахь заалтыг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь заалтыг баримтлан Боржигон овогт Мөрийн Мөнхтуяа нь Цэндийн Болдтой 1973 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Б.УУГАНБАЯР