Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01176

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03122 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие *******тай хорин хэдэн жил хамт ажилласан, эгч дүүс болох хэмжээний харилцаатай. 2022 оны 7 дугаар сард ******* манайх үхрийн ферм авсан, танд 7,500,000 төгрөг зээлэх боломж байна уу, 5 тугалтай үнээ өгье, үхрийн өвс тэжээлийг хадах зорилгоор трактор авах гэсэн юм аа гэж хэлээд надаас 7,500,000 төгрөг авсан. Би мал маллаж үзээгүй, 5 тугалтай үнээ тэжээж чадахгүй, яах вэ гэхэд ******* манайд байлгаж байгаад олон болохоор нь авч болно гэхээр нь тухайн үед 5 тугалтай үнээгээ аваагүй. 2023 онд гэр бүлээрээ ******* аймагт наадам үзэж яваад *******ын гэрт очиж амралтын байдалтай 1 хоноод буцаж ирсэн. 2023 онд үхрүүдээ авах уу гэхэд нь одоо авч чадахгүй, дүү маань ******* аймгийн ******* суманд ирсэн, хашаа бууцыг нь янзалж өгчхөөд авъя гэж хэлсэн. 2024 оны өвөл үхрүүдээ авах гэсэн боловч ******* ямар ч үхэр байхгүй, бүгд зуданд үхсэн гэж хэлсэн. Энэ талаар өмнө нь яагаад надад хэлээгүй юм бэ гэхэд юу яриад байгаа юм бэ, бүгд зуданд үхчихсэн гэсэн. 2023 оны намар ******* манайх малдаа том саравч барьсан, өвч тэжээл татаж байгаа гэхээр нь би үхрүүдээ асуухад одоо зүгээр байгаа өвс тэжээл авах гэж байна. Өвс тэжээлийн мөнгө өгөхгүй юм уу гэхээр нь 11 дүгээр сарын 22-ны өдөр мөнгө шилжүүлсэн. Мөн 11 дүгээр сарын 28-ны өдөр нөхрийнхөө данснаас 500,000 төгрөг шилжүүлж байсан. Би өөрөө 7,500,000 төгрөгөөр мах аваад зарсан бол 12,000,000 төгрөгийн ашиг олох боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа махны дундаж ханшаар бодож мөнгөө гаргуулахаар нэхэмжилсэн. Нэг үхрийг дундаар 150кг гэж бодоход нэг килограмм махыг 12,000  төгрөгөөр тооцоход нэг үхэр 1,800,000 төгрөгийн үнэтэй болж байна. 1 үхрийг 1,800,000 төгрөгөөр тооцоход 10 үхэр 18,000,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч 5 тугалтай үнээ, 5 бярууны үнэ 18,000,000 төгрөг нэхэмжилж байна. 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид 3 тугалтай үнээ, 5 бяруу, 2 суваа үнээ гээд нийт 13 тооны малыг зүсэлж өгсөн. 2023 оноос 2024 оны хооронд байгалийн гамшигт үзэгдэл болж зүсэлж өгсөн 13 тооны малаас 1 үнээ амьд үлдэж, бусад нь хорогдсон байдаг. Нэхэмжлэгчийн ярьсан 5 тугалтай үнээнээс 1 үнээний махыг хариуцагч ******* 2023 оны 12 дугаар сард нэхэмжлэгч *******т хүргэж өгсөн. Үлдсэн 4 тугалтай үнээ, 5 бяруу, 3 тугалаас тухайн онд ганцхан халтар үнээ амьд үлдсэн. Халтар үнээ нь одоо тугалтайгаа *******ын хотонд байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Одоо нэг тугалтай үнээг нь өгөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******аас хохирол 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. ...Талуудын хооронд 2022 оны 07 сарын 28-ны өдөр 5 үнээг 5 тугалын хамт 7,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар маргаагүй бөгөөд гагцхүү гэрээний зүйлийг хүлээлцсэн талаар маргаж байгаа болно. Өөрөөр хэлбэл хариуцагч нь *******ыг малчнаар ажиллуулдаг бөгөөд сард 600,000 төгрөгөөр цалинжуулдаг. Улмаар малыг нь зүсэлж өгөөгүй байсан болохоор ганц малын хорогдолгүйгээр 2023 оны 07 сарын 30-ны өглөө худгийн дэргэд *******ийн нөхөр, хүүхдэд 5 үнээг, 5 бяруу, 3 тугалын хамтаар зүсэлж өгсөн. Хариуцагчийн зүгээс энэхүү тайлбарыг хэлж, гэрч хүртэл асуулгаж байхад шүүх үүнийг анхаарч үзсэнгүй.

2. ...хариуцагч нь ...2024 оны 11 сард хариуцагчид хэлсэн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа... талаар хариуцагч нь огт тайлбарлаж хэлээгүй бөгөөд зүслээд өгсөн малыг зуд болсон учраас 2023 оны 11 сард цаг хүндэрлээ, мал чинь хорогдож магадгүй учраас эртхэн янзлаарай" гэх агуулгаар мэдэгдсэн гэх тайлбарыг шүүх буруу дүгнэжээ. Мөн мал хүлээлцсэн бодит үйлдлийг шүүхээс үл харгалзсан байна. Учир нь миний малыг хариулж маллаж байсан ******* гэрчээр мэдүүлэхдээ 2023 оны 07 дугаар сарын 30-нд нийт 5 тугалтай үнээ, 5 бяруу, 3 тугал зэрэг 13 бод малыг зүсэлж өгсөн, худгийн дэргэд нэхэмжлэгч болон түүний нөхөр, хүүхдүүд байлцсан. Мөн тэрээр хариуцагчийн малыг өөрийн А дансанд байлгадаг, цалин авч маллаж байсан гэж мэдүүлсэн.

3. ...Нэхэмжлэгч талаас малын өвс, тэжээл авахад мөнгө шилжүүлсэн нь хавтаст хэргийн материалд байгаа. Өөрөөр хэлбэл 2023 оны 11 сард нэхэмжлэгчийн нөхөр хариуцагчийн нөхрийн данс руу өвс, тэжээлийн зардалд зориулан 1,000,000 төгрөг шилжүүлсэн нь малыг хүлээн авсныг бодит үйлдлээрээ илтгэж буй баримт юм. Хэрэв нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг малыг хүлээлгэж өгөөгүй байсан бол тухайн малыг тэжээх өвс, тэжээлд зориулж мөнгө шилжүүлэхгүй байсан. Ийнхүү мөнгө шилжүүлснээрээ маргаан бүхий малд санаа тавьж, хүлээж авснаа илтгэн мөнгө шилжүүлснийг шүүх анхаарч үзсэнгүй.

4. Мөн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ... гэх хуулийн заалтыг шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. 2023-2024 оны өвөл Монгол орны ихэнх нутагт зуд болсон бөгөөд ******* аймагт малын хорогдол их байсан. Үүний улмаас 57 бод мал хорогдсон тухай албан бичиг, сэг зэм устгасан тухай албан бичиг хэрэгт авагдсан.

5. ...Малын А данснаас шалтгаалсан үндэслэлгүй дүгнэлтийг шүүх дүгнэжээ. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэрт малын А данснаас хасагдаагүй гэх үндэслэлээр малыг хүлээлгэж өгөөгүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд энэ талаар гэрчийн мэдүүлэгт ...малчин Батбуян хариуцагчийн малыг өөрийн А дансанд байлгадаг гэж мэдүүлсэн нь Монголын хөдөө орон нутгийн амьдралын хэв маягт нийцсэн тайлбар юм. Малын А данснаас хасагдаагүй гэдэг нь малыг хүлээлгэж өгөөгүй гэсэн үг биш бөгөөд иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай зохицуулалтыг шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03122 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Өөрийн мал хөрөнгийг байршуулах газрыг бэлдсэний дараа авах хэрэгцээ шаардлагын дагуу 2023 оны 11 дүгээр сард тэжээлийн 1,000,000 төгрөгийг төлснөөр талууд харилцан тохиролцсон гэж үзэж байна. Малчин ******* нь сар бүр 600,000 төгрөгийн цалин авч, ажиллаж байгааг нотлох баримт байхгүй. 2022 онд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд тусгагдсан 5 тугалтай үнээ нь 2023-2024 онд 5 үнээ, 5 гунж болсон байх ёстой. Мөн нэхэмжлэгч ******* 13 тооны малыг зүсэлж авсан эсэх нь тодорхойгүй. *******ын зүгээс маргаан бүхий 13 тооны малаас гадна худгийн дэргэд *******ийн хүүхдэд бяруу зүсэлж өгсөн. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон малаа авч чадаагүй гэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, өвс, тэжээлийн мөнгө авсан. 2024 онд хариуцагч *******аас худалдаж авсан малаа авахыг шаардсан боловч байгаль авч явсан гэж тайлбарладаг. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс 5 тугалтай үнээ байгаа гэж итгэж, малын тэжээлийн мөнгийг шилжүүлсэн. Хариуцагчийн зүгээс худалдах, худалдан авах гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлээгүй, түр хадгалах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Мөн *******ын өмчлөлийн 57 бод мал хорогдсон эсэх нь эргэлзээтэй. *******ын А данснаас *******ийн А данс руу шилжсэн эсхүл малыг хүлээн авч, хүлээлгэж өгснөөр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэвч малчны мал маллаж буй үйл явц, *******ийн малаа хүлээж авах нөхцөл байдлыг харилцан тохиролцсоноор үйлдэл хийгдсэн гэж үзнэ. Мөн хариуцагчийн зүгээс *******ы малын А дансанд бүртгэлтэй байгаа малын талаар дурдаж байгаа учраас малчин биш мал худалдаж авдаг айл байх боломжтой гэж үзэж байна. Уг нөхцөл байдлыг дансны хуулга зэргийг нь шалгаж, тодорхойлох боломжтой.

2023 оны 11 дүгээр сард малын тэжээлийн мөнгө шилжүүлснээс хойш 2024 оны 01 дүгээр сард мал хорогдсон гэх тайлбарыг гаргадаг. Дэнжийн 1000 худалдааны төвд *******, ******* нар нь мах худалдан борлуулдаг. Гэвч 2024 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд ******* нь *******ийн мал хорогдсон талаар мэдэгдээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сард малын хашаа, хороог бэлдсэний дараа өөрийн малыг авахыг шаардахад танай бүх мал үхээд байгаль авсан гэж тайлбарладаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2024 оны 11 дүгээр сард ******* нь бүх үнэнийг хэлэхэд гэж байгаад *******ийн мал хорогдсон талаар хэлж байсан бөгөөд зөвхөн халтар үнээ үлдсэн гэх тайлбарыг гаргасан. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар эрсдэл худалдан авагчид шилжсэн гэж үзэж байгаа боловч малыг хүлээж авах хугацааг тохиролцоогүй байсан. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу малаа хүлээж аваагүй байсан учраас худалдан авагчид эрсдэл шилжээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хохиролд 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Зохигч нарын тайлбараар ******* нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *******д хадлан хадах трактор худалдан авахад мөнгө хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг үндэслэн 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 5 тугалтай үнээ буцааж авахаар харилцан тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар худалдан авагч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *******ын дансанд 7,500,000 төгрөгийг шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол, харин худалдагч *******ыг гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн буюу өмчлөх эрх шилжсэн эсэх талаар зохигчдын хооронд маргаан үүсжээ. /х.х-ийн 6/

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно гэж, 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тус тус заасан.

 

Хариуцагч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч *******ийн нөхөр болон хүүхдүүдэд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 5 үнээ, 5 бяруу, 3 тугалын хамт зүсэлж өгсөн гэснийг нэхэмжлэгчийн зүгээс няцаагаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон малчин *******ы мэдүүлгээр дээрх үйл баримт тогтоогдсон. /х.х-ийн 34-36/

 

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг овьёос, мөн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөгийг жоо тэжээл гэсэн утгаар тус тус шилжүүлсэн, 5 тугалтай үнээг өөрийн эзэмшилд авах гэхэд маллах, хариулах газар байхгүй байсан тул түр үлдээсэн гэсэн тайлбар зэргээс үзвэл тэрээр худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хүлээн авч, улмаар өмчлөх эрхээ хэрэгжүүлж байжээ. /х.х-ийн 4-5/

 

Анхан шатны шүүх худалдагч *******ыг 5 тугалтай үнээг худалдан авагч *******т бодитоор хүлээлгэн өгөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд гэрээний зүйлийг заавал худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн тохиолдолд эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй.

Тийм учир худалдагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг худалдан авагч *******т хүлээлгэн өгсөн тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон.

 

5. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч *******т үр шим болон эрсдэл шилжсэн нь хожим хариуцагч нь нэхэмжлэгчийн нөхөр болон хүүхдүүдэд 5 үнээ, 5 бяруу, 3 тугал, нийт 13 толгой мал зүсэлж өгсөн үйл баримтаар нотлогдоно.

 

Иймд, анхан шатны шүүхийн худалдах, худалдан авах гэрээний үр шим болон эрсдэл шилжээгүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй гэж хохирол шаардах эрхгүй.

 

6. Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д дээрх 5 тугалтай үнээг түр маллах, хариулуулах зорилгоор эзэмшилд нь үлдээсэн, мөн өнгөрсөн хугацаанд маллаж хариулж байсан гэж мөнгө төлж байгаагүйгээс дүгнэхэд талуудын хооронд үнэ төлбөргүй хадгалалтын гэрээний харилцаа үүсжээ.

 

Энэ талаар Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ гэж, 422.2-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ гэж тус тус заасан.

 

7. Гэтэл хариуцагч *******ын малыг малладаг байсан малчин *******ы эзэмшилд нэхэмжлэгч *******ийн 5 үнээ, 5 бяруу, 3 тугалын хамт байх хугацаанд 2023-2024 оны зуднаар хорогдсон болох нь гэрчийн мэдүүлэг, ******* аймгийн сумын тосгоны захирагчийн ажлын албаны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8 тоот болон 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 25 тоот тодорхойлолтоор, зураг зэргээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 16-17, 34-36, 40-41/

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зааснаар гэрчийн мэдүүлэг, зураг болон эрх бүхий этгээдийн тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлнэ.

 

8. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцна гэж заасан.

 

Зохигч нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 5 тугалтай үнээг нэхэмжлэгч ******* хүлээн авсан, төллөж 5 тугалтай үнээ нь 5 бяруу, 3 тугал, нийт 13 толгой болж өсөхөд нь хариуцагч *******ын зүгээс үр шимийн хамт зүсэлж байсан, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ийнхүү хорогдсоны эрсдэлийг өмчлөгч тэрээр өөрөө хариуцна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс худалдах, худалдан авах гэрээний зүйлийн эрсдэл шилжсэн болон өмчлөгчийн өмч хөрөнгө гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас устаж хорогдсоны эрсдэлийг өмчлөгч хариуцах ёстой байтал энэ талаар эрх зүйн зөв дүгнэлт өгч чадаагүй байна.

 

9. Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн гаргасан хариуцагч *******д холбогдох 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Б.МАНДАЛБАЯР