Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 593

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                  

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дүнжингарав овогт М-н Бт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б-н Д-д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902001100074 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.  

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Хурд” салонд биеийн цоолбор хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 5 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЧН 87032814 / Дүнжингарав овогт М-н Б,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэн бүст багийн 5/11 дүгээр байрны 32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: НВ 91030301 / Боржигон овогт Б-н Д нар нь:

- М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Голомт хотхоны гадаах автомашины зогсоолд 82-83 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

-Б.Д нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Голомт хотхоны замын урд талын автомашины зогсоолд 82-83 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.Бт өгсөн,

-2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны Е байрны 34 тоотод түр оршин сууж байхдаа өмднийхөө халаасанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт дельта-9 тетрагидроканнабинол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “А1196964972” сери дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: М.Бын 82-83 УНП улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэлд 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн. ...М.Б нь миний машинд хууль бус эд зүйлс байгаа гэснээр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Өгөөж чихэр боов ХХК-ний ертөнцийн зүгээр баруун талын “Голомт хотхон”-ны Е байрны ертөнцийн зүгээр зүүн талын автомашины зогсоол дээр зүүн тийш харуулж байрлуулсан 82-83 УНП улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашины голын хайрцагны урд хэсэгт Парламент тамхины хайрцгийг авч, доторх эд зүйлсийг харуулахад шавар мэт бодис байсныг албаны цахилгаан жингээр жинлэхэд 1 грамм жинтэй байсныг зиплок түгжээ бүхий гялгар уутанд хураан авч, уг тамхины хайрцаг дотор жижиг гаанс мэт зүйлс байсныг хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. Мөн машины голын хайрцагны хойд хэсэгт хуйлсан байдалтай “АТ6727582” сери дугаартай 50-тын дэвсгэрт байсныг эд мөрийн баримтаар хураан авч, шинжилгээнд хүргүүлэхээр тогтов гэжээ. / хх 25-31 /

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл / хх 52-55 /

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: ...М.Б нь  2019 оны 03 сарын 07-ны орой 21-22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт хотхоны замын урд талын машин зогсоолын хэсэгт өөрийн 82-83 УНП улсын дугаартай машинтай очиж зогсоод Дг 99609269 дугаарын утсаар холбогдож ирсэн байгаа талаар хэлэхэд Д замын ард байрлах Голомт хотхоны байрнаас гарч ирээд миний машины жолоочийн хажуу суудал дээр сууж өврөөсөө Каннабис өвснөөс гарган авсан тоосонцор гэх бодисыг надад өгсөн. Ингээд тухайн газраа зааж өгч чадна гэснээр зам заалгаж явахад Голомт хотхоны урд талын хэсэгт 52 дугаар байрны арын машин зогсоолын хэсэгт ирж, энд уулзсан гэж машин тавьсан газраа зааж өгөв. Би ганцаараа машинтайгаа ирээд Д ганцаараа надтай ирж машинд уулзчихаад буцаад явсан. Найз залуутайгаа хамт ирсэн гэж хэлж байсан гэжээ. / хх 60-63 /

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэлд: ...Орон дээр хөх өнгийн 3 тасалгаатай хувцастай цүнх байна. Уг цүнхний дотроос гарч ирсэн хар хөх өнгийн жинсен размер тодорхойгүй эмэгтэй хүний өмд байх ба нэгжлэгийг уг өмдөнд явуулахад өмдний зүүн хойд халаасанд “А196964972” сери дугаартай 50-тын дэвсгэрт 1 ширхэг хуучин хуниралдсан байсныг эд мөрийн баримтаар хураан авч гэрэл зургаар бэхжүүлэв гэжээ. / хх 12-17 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1899 дугаар дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан байдалтай АТ6727582 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт, жижиг төмөр гаанс мэт зүйл, жижиг бөөрөнхий шавар мэт зүйл тус бүр шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан байдалтай АТ6727582 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт, жижиг төмөр гаанс мэт зүйл, жижиг бөөрөнхий шавар мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна.

3. Шинжилгэнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын конвенцид багтдаг болно гэжээ. / хх 76-77 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1898 дугаар дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн АU 9964972 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэжээ. / хх 81-84 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1897 дугаар дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээснүүд нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “М-н Б 2019.03.17” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. / хх 87-89 /

М.Б сэжигтнээр өгсөн мэдүүлэгт: ...Би тэр шавар гэх зүйлийг Б.Д-гаас ямар нэгэн өр, төлбөргүйгээр авсан гэжээ. / хх 111-112 /

М.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ...Тухайн бодисыг Б.Д-гаас аваад тамхины хайрцаг дотор хийж машиндаа л хадгалж байсан. Авсан өдрөө машин дотор байх үедээ гэрийнхээ гадаа төмөр жижиг гаансанд хийж хэрэглэсэн гэжээ. / хх 130-131 /

 

Шүүгдэгч М.Б-ыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 130-131 /

Шүүгдэгч Б.Д-г 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 239-240 /

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 164, 173 / зэрэг болно.

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би Б.Д-г Эрдэнэтэд байдаг болохоор нь 03 сарын эхээр өвснөөс авчирч  өгөөч гэж хэлсэн. 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Д-тай уулзахад элс шиг юм өгсөн. Яаж хэрэглэдэг талаар асуухад мэдэхгүй гэсэн. Би гэртээ орохоосоо өмнө машин дотроо тамхитай холиод гаансанд хийж татсан. Би үүнээс үлдсэн байсныг 03 дугаар сарын 17-ны өдөр хэрэглэсэн.  03 дугаар сарын 17-ны өдөр Б.Д-тай уулзаад машинд нь сууж байхад цагдаа нар ирсэн. Хаана хэрэглэсэн талаар асуухад нь Голомт хотхон дотор байгаа машинаа зааж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.  

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хайенанаас ирээд хоёр найздаа бэлэг өгөх гээд М.Б-тай уулзсан. Гэтэл цагдаа нар ирээд барьсан. М.Б намайг хар тамхи өгсөн гэж хэлснээс болоод би энэ хэрэгт холбогдсон. Би М.Бт юу ч өгөөгүй. Бид найз нөхөд нь үнэн. Миний өмдний халааснаас гарсан 50 төгрөгийг би түргэн үйлчилгээний цэгийн хариулт мөнгө гэж бодож байна. Үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.    

 

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Голомт хотхоны гадаах автомашины зогсоолд 82-83 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Голомт хотхоны замын урд талын автомашины зогсоолд 82-83 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.Бт өгсөн гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 25-31 /, ...Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл / хх 52-55 /, ...Би өөрийн 82-83 УНП улсын дугаартай машинтай очиж, 99609269 дугаарын утсаар холбогдон Д гарч ирээд миний машинд сууж, өврөөсөө Каннабис өвснөөс гарган авсан тоосонцор гэх бодисыг надад өгсөн гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / хх 60-63 /, ...Нэгжлэг хийсэн тэмдэглэл / хх 12-17 /, ...Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан байдалтай АТ6727582 серийн дугаартай 50 төгрөгтийн дэвсгэрт, жижиг төмөр гаанс мэт зүйл, жижиг бөөрөнхий шавар мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгэнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын конвенцид багтдаг болно гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1899 дугаар дүгнэлт / хх 76-77 /, ... Шинжилгээнд ирүүлсэн АU 9964972 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1898 дугаар дүгнэлт / хх 81-84 /, ... “М-н Б 2019.03.17” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1897 дугаар дүгнэлт / хх 87-89 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Б-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  хадгалсан, Б.Дг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Д-г -2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны Е байрны 34 тоотод түр оршин сууж байхдаа өмднийхөө халаасанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт дельта-9 тетрагидроканнабинол мансууруулах бодисын агууламжтай “А1196964972” сери дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Мөрдөн шалгалтын явцад шүүгдэгч Д-гийн түр оршин сууж байсан байранд нэгжлэг хийж, түүний өмдний зүүн хойд халаасанд “А196964972” сери дугаартай 50-тын дэвсгэрт 1 ширхэг байсныг хураан авсан / хх 12-17 / байх бөгөөд уг АТ6727582 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1899 дугаар дүгнэлтээр делта-9 тетрагидроканнабинол илэрсэн / хх 76-77 / байна. Гэтэл үүнийг хадгалсан гэж ялласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдхүүнгүй. Өөрөөр хэлбэл хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шинжээчийн 526 дугаартай дүгнэлтээр М.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй / хх 99-100 /, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.Д нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шинжээчийн 534 дугаартай дүгнэлтээр Б.Д нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй / хх 103-104 /, гурав хүртлэх насны хүүхэдтэй болох нь төрсний 1107790021 дугаартай гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 2 ширхэг буюу АU 9964972, АТ6727582 серийн дугаартай 50 төгрөгний мөнгөн дэвсгэрт болон жижиг төмөр гаанс мэт зүйл, 1 грамм жинтэй / шинжилгээ хийгдсэний дараа 0.65 грамм жинтэй болсон / бор өнгийн шавар мэт бодис зэрэг нь  Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, М.Б, Б.Д нар нь төлөх төлбөргүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Дгийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

            Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлсэн боловч М.Б-тай найз нөхдийн харилцаатай болохоо хүлээн мэдүүлсэн, М.Б нь түүнийг гүтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Б.Д-гийн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны Е байрны 34 тоотод түр оршин сууж байхдаа өмднийхөө халаасанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт дельта-9 тетрагидроканнабинол мансууруулах бодисын агууламжтай “А1196964972” сери дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Прокуророос шүүгдэгч Б-н Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

3. Дүнжингарав овогт М-н Б-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Боржигон овогт Б-н Дг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М-н Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-н Дг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б-н Д-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-гийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг буюу АU 9964972, АТ6727582 серийн дугаартай 50 төгрөгний мөнгөн дэвсгэрт болон жижиг төмөр гаанс мэт зүйл, 1 грамм жинтэй / шинжилгээ хийгдсэний дараа 0.65 грамм жинтэй болсон / бор өнгийн шавар мэт бодис зэргийг /  Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа / тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар тогтоолын хувийг хүргүүлж, М.Б, Б.Д нар нь төлөх төлбөргүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-д 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг  2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар М.Б нь тэнссэн хугацанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

 10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2,3-д зааснаар Б.Д нь шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл  ял оногдуулахыг дурьдсугай.

 

11. М.Б, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  М.Б, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ОЮУНЧИМЭГ