| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01307/И |
| Дугаар | 01261 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 01261
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2016/01307/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, Парк таун хотхонд байрлах Минж-Проперти ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, Парк таун хотхоны ******дугаар байрны ****** тоотод оршин суух Сүж овогт Дамдингийн Тодхүрэл,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ***** дүгээр баг, ***** дугаар хороолол, Парк таун хотхоны ***** дугаар байрны ***** тоотод оршин суух Сүж овогт Тодхүрэлийн Урангоо нарт холбогдох
9.347.215 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, хариуцагч Д.Тодхүрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Минж-Проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн өөрийнх нь хүсэлтээр 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр харилцан тохиролцож “Орон сууц захиалгаар бариулж худалдах, худалдан авах” №05 тоот гэрээ байгуулсан болно. Иргэн Сүж овогт Дамдингийн Тодхүрэл, Сүж овогт Тодхүрэлийн Урангоо нар нь гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлэх, төлбөрөө төлж дуусгах талаар удаа дараа утсаар болон өөрийн биеэр сануулсан боловч одоог хүртэл төлбөрөө хийгээгүй болно. Иймд гэрээний үүргийн хугацаандаа гүйцэтгээгүй үндсэн төлбөрийн үлдэгдэл 5.664.810 төгрөг, алданги 2.832.405 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 850.000 төгрөг нийт 9.347.215 төгрөгийг хуулийн дагуу иргэн Сүж овогт Дамдингийн Тодхүрэл, иргэн Сүж овогт Тодхүрэлийн Урангоо нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагчаас 9.347.215 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Нэхэмжилсэн нийт дүнгээс 6.110.950 төгрөгийг энэхүү гэрээгээр төлөхөөр тохиролцож байгаа болно. Талууд энэхүү гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрч байгаа болно. Хариуцагч Минж-Проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиштэй байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу худалдан байрны үнэ болох 6.110.950 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний хугацаанд бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэгч алданги болон хүү торгуулийн төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Минж-Проперти ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Тодхүрэл, Т.Урангоо нарт холбогдох 9.347.215 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6.110.950 төгрөг болгосныг хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Т.Урангоод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Минж-Проперти ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Тодхүрэл, Т.Урангоо нарт холбогдох 9.347.215 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрч 6.110.950 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр багтааж төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164.506 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Тодхүрэл, Т.Урангоо нараас улсын тэмдэгтийн хураамжид 56.362 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Минж-Проперти ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА