| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0583/Э |
| Дугаар | 587 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Л.Л, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангал овогт Л-н Л-д холбогдох эрүүгийн 1809017140406 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Гурван сайхан уул” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун хотхоны 802 дугаар байрны 1407 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ЧП 69120760 / Хангал овогт Л-н Л нь:
- 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ш.Дарханцэцэгтэй 10 сая төгрөгийг “ХААН” банкны дансанд БНСУ-аас бараа авчруулж, заруулахаар Л эгчийн дансанд хийв. ” гэсэн утгатай хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж, Ш.Дарханцэцэгийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргаж өгсөн гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Ш.Дарханцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Л эгчээс зээлийн гэрээний холбоотой асуудлаар 20.000.000 төгрөгийн нэхэмжлэл өгсөн. 2018 оны 03 сард Баянзүрх дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2 билүү 3 дугаар хуралд Л.Л нь урьд өмнө нь огт үзэж хараагүй “ Хамтран ажиллах гэрээ “ гаргаж ирсэн. Би тэр даруйд Л.Л нь хуурамч гэрээ гаргаж ирж байна гэж мэдсэн ба гарын үсэг нь минийх биш буюу миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байсан. Би тэр даруйд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгсөн. 2018 оны 12 сард уг асуудал нь дээд шүүхээр хэлэлцэгдэж Л.Лын сөрөг нэхэмжлэл няцаагдаж бид хоёрын хооронд зээлийн гэрээ хүчинтэй болохыг шийдэж Л нь надад зээлийн гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг, хүү алдангийн хамт төлөхөөр болсон. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өр барагдуулах ажиллагаа явагдаж байна. Энэ 2 жилийн хугацаанд Л.Л нь анхан шатны шүүхээс эхлэн дээд шүүхийн шийдвэр гартал дээрх хуурамч нотлох баримтыг үндэслэн удаа дараа давж заалдаж, өөрийн гэм бурууг одоо хүртэл хүлээхгүй байна гэжээ. / хх 154-155 /
Гэрч П.Итгэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би иргэн Л.Лтай 2017 оны 12 дугаар сард хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш.Дарханцэцэгийн нэхэмжлэлтэй Л.Лт холбогдох иргэний хэрэгт Л.Лын өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанд Л.Л нь сөрөг нэхэмжлэл гаргасан. Миний үйлчлүүлэгч Л.Л нь “Ш.Дарханцэцэг бид 2-ын хамтын ажиллагаа хийж байсан гэрээг би оллоо” гэсэн. Тэгээд би хийсэн гэрээг нь үзэхэд 10 сая төгрөгийн хамтын ажиллагаатай холбоотой баримт байсан. Л нь хэлэхдээ “ Би энэ хүнд их тус болж хамтарч ажиллаж байсан. Тэгээд Ш.Дарханцэцэг нь гэртээ энэ бичгийг хийж өгсөн “ гэсний дагуу үйлчлүүлэгчийн гаргаж өгсөн уг нотлох баримтыг үндэслэн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж өгсөн. Нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй учраас сөрөг нэхэмжлэл гаргаж өгсөн гэжээ. / хх 20 /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 03/181 дугаартай дүгнэлтэнд:
1. Шархүүгийн Дарханцэцэгийн нэхэмжлэлтэй, Л-н Л хариуцагчтай хуудас дугаарлаагүй иргэний хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн иргэн Л.Лын иргэний үнэмлэхний хуулбар, “2016 оны 05 дугаар сарын 23-нд 10 сая төгрөгийг “ХААН” банкны дансанд БНСУ-аас бараа авчруулж заруулахаар Л эгчийн дансанд хийв” гэсэн бичиглэлтэй баримтын доод хэсэгт, цаасны баруун ирмэг талд, “Баталсан” гэсний ард, “/Ш.Дарханцэцэг/” гэсний урд байрлах шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Ш.Дарханцэцэгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэжээ. / хх 25-36 /
Иргэний хэргээс хуулбарлаж авсан “...2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ш.Дарханцэцэгтэй 10 сая төгрөгийг “ХААН” банкны дансанд БНСУ-аас бараа авчруулж, заруулахаар Л эгчийн дансанд хийв...” гэсэн утгатай баримт бичгийн хуулбар / хх 80 /
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оы 05 дугаар сарын 02-ны өдрийн 1505 дугаар шийдвэр / хх 81-87 /
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1539 дүгээр магадлал / хх 88-94 /
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1870 дугаар тогтоол / хх 95-98 /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1203 дугаартай дүгнэлтэнд:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд байх 10/2017/25183/и дугаартай иргэний хавтаст хэргийн “113” гэж дугаарласан талд авагдсан “2016 оны 05 сарын 27” гэсэн огноотой баримтын “Л.Л” гэсний урд байх шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Л.Л-ын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэжээ. / хх 125-130 /
Шүүгдэгч Л.Л-ыг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 143-144 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 146 / зэрэг болно.
Шүүгдэгч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би бүх материалаа өөртөө авдаг байсан. Дансаар мөнгө орж ирэхээр нь Дарханцэцэг дээр очоод гарын үсэг зуруулах гэтэл халамцуу гарч ирэхээр нь өөрөө бичсэн нь үнэн. Тэгээд энэ баримтыг тайлан бланс гаргахдаа хэрэглэх байтал нотлох баримт болгож шүүхэд гаргаж өгсөн нь миний буруу. Дарханцэцэгийн 20.000.000 төгрөгийг зээлж авсан гэдгээ баталгаажуулж, өөртөө л баримт болгон авсан бөгөөд шүүхэд санамсаргүй гаргаж өгсөн. Гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Л.Л нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ш.Дарханцэцэгтэй 10 сая төгрөгийг “ХААН” банкны дансанд БНСУ-аас бараа авчруулж, заруулахаар Л эгчийн дансанд хийв...” гэсэн утгатай хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж Ш.Дарханцэцэгийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Баянзүрх дүүргийн иргэний анхан шатны шүүхийн шүүх хуралд Л.Л нь урьд өмнө нь огт үзэж, хараагүй хамтран ажиллах гэрээ гаргаж ирсэн. Би тэр даруйд Л.Л нь хуурамч гэрээ гаргаж ирж байна гэж мэдсэн ба гарын үсэг нь минийх биш учир Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ш.Дарханцэцэгийн мэдүүлэг / хх 154-155 /, ...Шархүүгийн Дарханцэцэгийн нэхэмжлэлтэй, Л-н Л хариуцагчтай хуудас дугаарлаагүй иргэний хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн иргэн Л.Лын иргэний үнэмлэхний хуулбар, “2016 оны 05 дугаар сарын 23-нд 10 сая төгрөгийг ХААН банкны дансанд БНСУ-аас бараа авчруулж, заруулахаар Л эгчийн дансанд хийв” гэсэн бичиглэлтэй баримтын доод хэсэгт, цаасны баруун ирмэг талд, “Баталсан” гэсний ард, “/Ш.Дарханцэцэг/” гэсний урд байрлах шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Ш.Дарханцэцэгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 03/181 дугаартай дүгнэлт / хх 25-36 /, “...2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ш.Дарханцэцэгтэй 10 сая төгрөгийг ХААН банкны дансанд БНСУ-аас бараа авчруулж заруулахаар Л эгчийн дансанд хийв...” гэсэн утгатай баримт бичгийн хуулбар / хх 80 /, ...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оы 05 дугаар сарын 02-ны өдрийн 1505 дугаар шийдвэр / хх 81-87 /, ...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1539 дүгээр магадлал / хх 88-94 /, ...Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1870 дугаар тогтоол / хх 95-98 /, ...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд байх 10/2017/25183/и дугаартай иргэний хавтаст хэргийн “113” гэж дугаарласан талд авагдсан “2016 оны 05 сарын 27” гэсэн огноотой баримтын “Л.Л” гэсний урд байх шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Л.Лын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1203 дугаартай дүгнэлт / хх 125-130 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Л.Л-ыг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Л нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан торгуулийн ялыг оногдуулж, түүний аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл буюу шингэрүүлсэн шатдаг хийн бөөний худалдаа эрхлэх эрхийг 3 сарын хугацаагаар хасах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шүүгдэгч Л.Л-ын иргэний хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Итгэлийг гэрчээр асуусан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг зөрчсөн тул шүүх үүнийг нотлох баримтаар тооцоогүйг дурьдах нь зүйтэй байна.
Мөн улсын яллагч шүүгдэгч Л.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир Л.Л нь нийтийн албан тушаалд ажилладаггүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д “ ...бусад тодорхой эрхийг нэг жилээс наман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ. Мөн хуулийн 2-д ...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна “ гэж хуульчилсан болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хангал овогт Л-н Л-ыг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л-н Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3000 / гурван мянга / нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шингэрүүлсэн шатдаг хийн бөөний худалдаа эрхлэх эрхийг 3 сарын хугацаагаар хассугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.Л-д оногдуулсан шингэрүүлсэн шатдаг хийн бөөний худалдаа эрхлэх эрхийг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Л нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Л.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ