Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/02725 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 168,012,743.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай компани Эрдэнэс Тавантолгой Ганц мод чиглэлийн биржийн нүүрсийг тээвэрлэгч, аж ахуйн нэгж бөгөөд ******* ХХК-ийн өмчлөлийн 239 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг 1 тонныг НӨАТ-тай 3,520 төгрөгөөр тооцож ашигладаг ба замын төлбөрийг сар бүр ******* ХХК-д төлж гүйцэтгэсээр ирсэн.

2023 оны 01 сараас эхлэн Уул уурхайн биржийн тухай хууль батлагдаж, үүний дагуу биржийн нүүрс гэх шинэ харилцаа үүссэн. Үүний дагуу нэхэмжлэгч тал ******* ХХК-ийн тендерт шалгарч 2023 оны 05 дугаар сараас эхлэн тээвэрлэлт явж эхэлсэн. Ажлын хэсэг 2023 оны 06 сард хуралдаад 2023 оны 07 сард албан и-мэйл ирсэн. Уг и-мэйлд бид биржийн нүүрсийг яаралтай хүргэж өгөх ёстой учир 220 км зам яваад шороон замд буугаад 19 км зам яваад хил дээр буулга гэж хэлсэн.

Ингээд бид өмнө нь төлж байсан мөнгөө төлнө гэж тооцсон боловч ******* ХХК машин болгоноос бүтэн төлбөрөө авсан. Мөн шороон замын төлбөр 100,000 төгрөг авах болсон. Бид 2023 оны 07 дугаар сард өгсөн чиглэлийн дагуу нүүрсийг ******* ХХК-ийн хүнд даацын авто замын 4 дүгээр постоос цааш тээвэрлэхдээ ХХК-тай авто зам ашиглах гэрээг байгуулж 19 км шороон замыг ачаатай талд машин тус бүр 100,000 төгрөгөөр ашиглаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн 19 км замыг ашиглахаа больсон.

Ингээд 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцоо нийлж төлбөр төлөх үед ******* ХХК нь замын төлбөрийг бүтэн 239 км замаар тээвэр хийсэн байдлаар нэхэмжилж эхэлсэн.

...Бид энэхүү гэрээний дагуу 220 км замыг ачаатай ашиглаж байгаа боловч замын төлбөрийг 239 км ачаатай ашигласнаар төлбөрөө төлсөн байна.

******* ХХК нь ашиглаагүй 19 км авто замын төлбөрт 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл 96,922,496 төгрөгийг ******* ХХК-д үндэслэлгүйгээр илүү төлсөн.

Түүнчлэн ******* ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын төлбөр дээр 10,610,246.89 төгрөгийн алданги тооцож авсан болно.

...2024 оны 11 дүгээр сараас гэрээт тээвэрлэгч нараасаа авах ёсгүй хоосон талдаа төлбөр авсан. Уг хоосон төлбөрийг нүүрснээс бусад тээвэрлэлтээс авах талаар заасан. Үүнд нэг чиргүүлээс 80,000 төгрөг авах зохицуулалттай. Биднээс хоосондоо гэдгээр бодоод 60,600,000 төгрөгийн төлбөр авсан.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу 168,012,743.51 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулсан авто зам ашиглалтын гэрээнд зааснаар авто замын төлбөрийг тооцон авч байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Зам тээвэр ашиглалтын гэрээний хавсралтад тодорхой зааж өгсөн байгаа. Зам ашиглах гэрээний хавсралт-1-н 1.1 дэх хэсэгт зааснаар зам ашиглалтын төлбөрийг харилцан тохиролцож тооцсон. Рейс гэдэг нь ачаатай болон ачаагүй тээвэрлэлтийн үйл ажиллагааг тооцно гэж тодорхой заасан. Мөн гэрээний 3.9 дэх хэсэгт төлбөрийн талаар тодорхой заасан. Замын километр, тонны талаар огт тусгаагүй. Нэхэмжлэгч талын А/18 тоот тушаал зам тээвэртэй ямар ч хамааралгүй. Зам ашиглалтын гэрээнд энэ талаар тодорхой бичигдсэн байгаа. Уг гэрээний эхний хэсгийн Е хэсэгт мөн зам ашиглалтын талаар тодорхой заасан байгаа. Замын чиглэлийн талаар тодорхой зааж, төлбөр тооцох талаар тусгасан байгаа. Зам ашиглах гэрээ болон төлбөрийн нөхцөл дээр тодорхой байгаа. Гэрээний дагуу төлбөрөө тооцож авсан. А18 тоот тушаал нь гэрээт тээвэрлэгч нарт хамааралтай асуудал. Энэ талаар аль аль тал нь харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг гэрээг төсөөтэй хэрэглэж байгаа зүйл хариуцагч талд байхгүй. Гэрээний бус үйл ажиллагаа явуулж байгаа зүйл байхгүй. Хариуцагч тал ямар нэг эрх зүйн үндэслэлгүйгээр бусад компаниас төлбөр авсан зүйл байхгүй. Гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээг талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаад байна. Зам ашиглах гэрээний 1.2 дах хэсэг, мөн гэрээний 1.2.3 дах хэсэгт хавсралт 3 гэж байгаа. Үүнд А/18 тушаал тэр чигтээ хавсралт 3-т орсон байгаа. Хавсралтын 2.1 дэх хэсэгт бол эсхүл гэж заалт байгаа. Үүнийг маш тодорхой заасан. Хавсралт 3-р төлбөр тооцно гээд тодорхой заасан байгаа. Эсхүл гэсэн таслал байгаа болохыг анхаарч үзээрэй. Нэхэмжлэгч тал хоосон тээврийн хэрэгслээс төлбөр авах нь үндэслэлгүй гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Учир нь энэхүү гэрээнд эсхүл гээд маш тодорхой заасан. Эрдэнэс Монгол ХХК нь гэнэт уг шийдвэрийг гаргасан зүйл биш, хариуцагч тал дангаараа бие дааж гаргаагүй. Гашуун сухайт боомт нь дангаараа уг шийдвэрийг мөн гаргаагүй. Гашуун сухайт болон Эрдэнэс Монгол ХХК нь хамтраад уг тушаалыг гаргасан. Төлбөр тогтоосон гэрээнд рейсийн төлбөрийн талаар тодорхой заасан байгаа, 2023 оноос хойш 2024 он хүртэл уг гэрээг байгуулсан. Тендер ч мөн нэг талын хүсэл сонирхол. Гэрээнд энэ талаар мөн тодорхой заасан байгаа. Үүнийг нэхэмжлэгч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад явж байгаа. Уг гэрээ аж ахуй нэгжид ашигтай байдлаар хийсэн байгаа гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Авто зам ашиглалтын гэрээг нэг талаас ХХК, нөгөө талаас тээврийн компани гэх талууд харилцан тохиролцож байгуулдаг. Төрийн өмчийн тусгай зориулалтын авто замаар уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, зорчих, хөдөлгөөнд оролцохтой холбогдуулан авто зам ашиглалтын гэрээг холбогдох хууль болон Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн Замын хөдөлгөөний дүрэм, Таван толгой бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын авто зам ашиглалтын журам, ******* ХХК-иас баталсан зам ашиглах тариф, албан тоотыг тус тус үндэслэн 2 талаас гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсны үндсэн дээр гэрээний дугаар өгч бүртгэснээр авто зам ашиглах эрх үүсдэг бөгөөд мөн гэрээний хугацаа шинээр сунгагддаг.

Авто зам ашиглалтын гэрээний төлбөр тооцоо хэсгийн 4.11-д зааснаар зам ашиглагч зам ашигласан төлбөр тооцоог төлөх үүрэгтэй. Тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэг 4-өөр орсон эсэхээс үл хамаарч төлбөрийг 239 км-ээр тооцож авсан үндэслэл нь Сошиалфинанс ХХК нь биржийн ачаа тээвэрлэдэг тээврийн компани. Биржийн ачаа нь уурхайгаас ачигдахдаа уурхайн ачилтын мэдээгээр чиглэл нь Таван толгой-Гашуун сухайт-Таван толгой чиглэлээр үүсгэгдэж, тухайн мэдээлэл ХХК-ийн цахим систем болох СОР системд ордог. Улмаар манай Шалган нэвтрүүлэх цэг 1-ээс эхлэн төлбөр төлөх нөхцөл үүсдэг. Өөрөөр хэлбэл, уурхайгаас манайд ирүүлсэн ачилтын мэдээг үндэслэн төлбөр бодогддог. Хэрвээ шалган нэтрүүлэх цэг 4-ийн ачаатай талд шороон замаар тээвэр хийж буй тээврийн хэрэгслүүд нь Ганц мод боомт дээр нүүрсээ буулгаад шалган нэтрүүлэх цэг 4-ийн ачаагүй талд орж ирэхэд нь ТТ-ГС-ТТ чиглэлийн шалган нэтрүүлэх цэг 4-ийн ачаатай талыг нөхөж бүртгэн шалган нэвтрүүлэх цэг 4-ийн ачаагүй талын рейсээр нь нэвтрүүлдэг. Ингээд тухайн рейс шалган нэтрүүлэх цэг 1-ийн ачаагүй талд дуусдаг.

Сошиалфинанс ХХК-тай байгуулсан Авто зам ашиглалтын гэрээний хавсралт 1-д заасан Төлбөрийн нөхцөл бүлгийн 2.1-д заасанчлан бүртгэлтэй тээврийн хэрэгсэл зөвхөн ачаагүй /хоосон/ зам ашиглах тохиолдолд Хавсралт 3-т заасан тарифаар төлбөр тооцогдоно. Энэхүү тарифыг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны А/18 тушаалаар баталсан байдаг. Энэ тохиолдолд бүртгэл нь тухайн компанидаа хохиролтой буюу 239 км-ээр тооцож төлдөг төлбөрөөс илүү өндөр дүнгээр тооцоо хийгддэг. Тиймээс ХХК-ийн системийн нэвтрүүлэлт, бүртгэлтэй тээврийн компаниудад аль болох бага төлбөр төлөх нөхцөл болох 239 км-ээр тооцсон. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 168,012,743.51 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 1,162,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...******* ХХК дараах зөрчил гаргасан нь нотлох баримтаар нотлогдож байхад Анхан шатны шүүх илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан. Үүнд:

1. Гэрээний үүргээ зөрчсөн буюу ХХК-ийг 239 км замаар хангах үүрэгтэй боловч биднийг замаар хангаагүй буюу ачаатай талд 220 км дэх замаас албадан 2023 оны 07 сарын 27-оос буулгасан. Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан ХХК нь ачаатай талдаа шороогоор 135 тонн бүхий машинууд 19 км явснаар дугуй хагарах нум хугарах, мотор эвдрэх зэрэг маш их эрсдэлд орсноос гадна шороон замын төлбөр гэж 100,000 төгрөгийг өөр аж ахуйн нэгжид машин тутам төлсөн. Энэхүү гэрээний үүрэг зөрчсөн хэсгийг шүүх огт үнэлээгүй шийдвэр гаргасан.

2. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/18 дугаар тушаалаар авто зам ашиглах гэрээт тээвэрлэгчдээс бусад тээврийн хэрэгсэл зорчих хураамжийг хавсралтад зааснаар шинэчлэн тогтоосугай гэж заасан. Энэхүү А/18 тогтоолын хавсралтад зааснаар биднээс хураамж авч байгаа гэж ******* ХХК-аас тодорхойлж байгаа боловч бид гэрээт тээвэрлэгч бөгөөд гэрээний дагуу тонн тутмыг 3,200 төгрөг гэж зааснаас өөрөөр төлбөр төлөх үндэслэлгүй. Нөгөө талаас А/18 Тушаалын хавсралтад заасан 40 тонноос дээш даац бүхий нүүрсний тээврийн хэрэгсэл ЦХ-ГС чиглэлд 80,000 төгрөг гэж заасан ба тайлбар хэсэгт тусгайлсан зам ашиглах гэрээгүй тээвэрлэгчид төлөх хураамж гэж тодруулсан байсныг шүүх үнэлээгүй гэрээт тээвэрлэгчийг тухайн хураамжаар бодох ёстой гэж тооцсон гэрээг илтэд буруу тайлбарласан нь үндэслэлгүй байна.

3. Нөгөө талаас 19 км замаар хангаагүй мөртлөө замын төлбөрийг 100 хувь төлүүлж, төлөөгүй тохиолдолд замыг хаах арга хэмжээ авч үндэслэлгүй хөрөнгөжсөн. Бид 2023 оны 07 дугаар сараас шүүхээр шийдвэр гарах хүртэл хугацаанд 168,012,743.51 төгрөгийг илүү ******* ХХК-д төлсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ******* ХХК-аас нийт 168,012,743.51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...******* ХХК-тай байгуулсан авто зам ашиглалтын гэрээний хавсралт 1-ийн 1.1-т нүүрс тээврийн авто тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн авто зам ашиглалтын төлбөрийг тээврийн ачаатай чиглэлд зам ашигласан зайнаас хамаарч 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тонн тутамд 3,200 төгрөгөөр тооцсон гээд нэг рейсийн төлбөр гэж тодотгож заасан. Өөрөөр хэлбэл, нэг рейсийн төлбөрийг тонн тутамд 3,200 төгрөгөөр НӨАТ-гүй үнээр тооцно гэж заасан. Нэг рейс гэдэгт тухайн тээврийн хэрэгслийн эхлэл төгсгөлийг тодотгосон буюу нэг бүтэн эргэлтийг ойлгодог. Нэг бүтэн эргэлт ачаатай Таван толгойн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэл, ачаагүй буюу хоосон тэвштэйгээр Гашуун сухайт хилийн боомтоос Таван толгойн уурхайд ирснээр дуусдаг. Үүнийг нэг бүтэн рейс гэж нэрлэдэг бөгөөд нэг талдаа ачаатай нөгөө талдаа ачаагүй ашиглахаар талуудын хооронд байгуулсан гэрээнд туссан. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар Таван толгойгоос Гашуун сухайт хүртэлх 19 км сайжруулсан шороон замаар явж байгаа боловч ачаагүй буюу хоосон тэвштэй тээврийн хэрэгсэл нь Гашуун сухайт боомтоос Таван толгойн уурхай чиглэлд ******* ХХК-ийн эзэмшлийн засмал замыг бүрэн ашигладаг.

Нэхэмжлэгч тал зөвхөн ачаатай автомашинд замын хураамж төлнө гэж өөрийнхөөрөө ойлгож гэрээгээ буруу тайлбарлаж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллага ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны А/18 тоот тушаал болон тушаалын хавсралт нь нүүрс тээвэрлэх гэрээт тээвэрлэгчид хамааралгүй, гэрээт тээвэрлэгчээс бусад тээвэрлэгчид хамааралтай гэж тайлбарласан. Гэтэл энэ талаар авто зам ашиглалтын гэрээний Е хэсэгт зам ашиглагч нь уул уурхайн бус ачаа тээвэр болон нүүрс тээврээс бусад төрлийн тээврийн зам ашиглах төлбөрийг талууд авто замаар тээвэрлэх замын чиглэл болон автомашины ангилал тус бүрээр тогтоосон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны А/18 тоот тушаалын хавсралт Таван толгой Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай авто замын үнэ тарифт үндэслэн тогтоож, зам эзэмшигчийн дансанд сар бүрийн бодит гүйцэтгэлээр тухай бүр нэхэмжилсний дагуу шилжүүлнэ гэж заасан.

...нүүрс тээвэрлэх бүртгэлтэй автомашин нь нүүрснээс бусад ачаа тээвэрлэх эсхүл ачаагүй буюу хоосон тэвштэйгээр зам ашиглах тохиолдолд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/18 тоот тушаалын хавсралт болох Таван толгой Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай авто замын тарифаар зам ашигласан төлбөрийг тооцно гэж авто зам ашиглалтын гэрээний хавсралт 1-ийн 2.1-т тодорхой тусгасан. Уг тушаалын хавсралт нь авто зам ашиглалтын гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж тооцон хавсралт 3-т шууд орсон. Нэхэмжлэгч тал нэг рейс буюу засмал замыг ачаатай талдаа 220 км замаар дуусгавар болгож байгаа гэж тайлбарласан учраас Гашуун сухайт боомтоос Цагаан хад буюу шалган нэвтрүүлэх дөрөвдүгээр цэг хүртэлх засмал замыг авто зам ашиглалтын гэрээний хавсралт 1-ийн 2.1-т заасны дагуу бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нүүрснээс бусад ачаа тээвэрлэсэн гэж үзсэн. ...Нэхэмжлэгч тал 2024 оны 11 дүгээр сараас хойш 220 км-ээс нэг рейс дууссан гэж тайлбарласан. Гашуун сухайт боомтоос Цагаан хад хүртэл, Цагаан хадын шалган нэвтрүүлэх дөрөвдүгээр цэг хүртэлх замыг хоосноор ашиглаж байна гэж тооцон авто зам ашиглалтын гэрээний хавсралт 3-т заасны дагуу тэвш тус бүрээс нь 40,000 төгрөгийн төлбөрийг авсан. ...******* ХХК нь авто зам ашиглалтын гэрээний дагуу зам ашигласны төлбөрийг авч байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талыг дэмжиж оролцож байна. Давж заалдах гомдлын тухайд 2023 онд нэг жилийн өмнө буюу Таван толгой ордоос Гашуун сухайт чиглэлийн нүүрс ачаа тээврийн чиглэлд явж эхэлсэн. ХХК болон ******* ХХК хоёрын хооронд авто зам ашиглалтын гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. ХХК нь төлбөр тооцоогоо Таван толгойн ордоос ирсэн мэдээг ын системд бүртгэж, ын төвд ирсэн мэдээллийн дагуу тооцоо бодож гаргадаг тул анхан шатны шүүхийн шийдвэр бол үндэслэлтэй гарсан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 168,012,743.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...нийт 239 км замыг ашиглахаар тохиролцсон байхад нүүрс тээвэрлэн хүргэх чиглэлд 19 км замыг ашиглуулаагүй, үүнтэй холбоотойгоор бусдын эзэмшлийн ийм хэмжээний шороон зам ашиглаж эцсийн цэгт хүрдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд тухайн ашиглаагүй замын төлбөрт 96,922,496 төгрөгийг төлснөөс гадна буцах чиглэлд 40 тонноос дээш даацтай тээврийн хэрэгслээс 60,600,000 төгрөг үндэслэлгүй авч, алдангид 10,610,246 төгрөгийг төлүүлсэн... гэсэн бол,

 

хариуцагч нь ...нэхэмжлэгч байгууллагын нүүрс тээвэр Таван толгойгоос Гашуун сухайт хүртэлх 19 км сайжруулсан шороон замаар явж байгаа боловч ачаагүй буюу хоосон тэвштэй тээврийн хэрэгсэл нь Гашуун сухайт боомтоос Таван толгойн уурхай чиглэлд ******* ХХК-ийн эзэмшлийн засмал замыг бүрэн ашиглаж байгаа, мөн нэхэмжлэгч тал 2024 оны 11 дүгээр сараас хойш 220 км-ээс нэг рейс дууссан гэж тайлбарласан тул Гашуун сухайт боомтоос Цагаан хад хүртэлх замыг хоосноор ашиглаж байна гэж тооцон авто зам ашиглалтын гэрээний хавсралт 3-т заасны дагуу тэвш тус бүрээс нь 40,000 төгрөгийн төлбөрийг авсан... гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь хариуцагчийг дэмжиж оролцсон байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон ******* ХХК-ийн хооронд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худагийн уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэлх 239 км тусгай зориулалтын автозам эзэмших гэрээгээр маргаан бүхий 239 км замыг эзэмших, ашиглах, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох, хураах эрхийг хариуцагч ******* ХХК-д олгож, /1.х.х-ийн 222-226/

 

3.2. ******* ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус ХХК-тай автозам ашиглах гэрээ байгуулж, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай авто замыг ашиглахаар харилцан тохиролцжээ. /1.х.х-ийн 53-77/

 

Зохигч, гуравдагч этгээд нар эдгээр гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч гэрээгээр тохиролцсоны дагуу ачаатай талдаа ашиглуулаагүй 19 км замын төлбөр болон хоосон буцахад 40 тонноос дээш даацтай тээврийн хэрэгсэл бүр /толгой болон чиргүүл/-ээс авсан 40,000 төгрөгийг тус тус төлөх ёстой эсэх талаар маргасан байна.

 

4. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний зорилго, бүтэц, төлбөр төлөх үндсэн нөхцөл, нүүрс тээврийн онцлог, мөн бүртгэлтэй болон бүртгэлгүй тээврийн хэрэгсэл /уул уурхайн болон уул уурхайн бус ачаа тээвэр/-ээс авах зам ашигласны төлбөрийг өөр, өөрөөр тогтоосон байхад үүнийг анхаараагүй байна.

 

4.1 ******* ХХК болон ХХК нарын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний төлбөрийн нөхцөлийн 1.1-т Нүүрс тээврийн нэгж авто тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн авто зам ашиглалтын төлбөрийг тээврийн ачаатай чиглэл, зам ашигласан зайнаас хамаарч 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тонн тутамд 3,200 /НӨАТ-гүй үнэ/ төгрөгөөр тогтоов. /1 рэйсийн төлбөр/ гэж, 3.2-т Зам ашиглагч нүүрс тээврийн авто зам ашиглалтын төлбөрийг тооцон төлөхдөө зөвхөн нэг чиглэлд болон 1 бүтэн рэйсээр энэхүү Хавсралт 1-н 1.1-т заасан тариф болон томьёололд үндэслэн тооцож зам эзэмшигчийн дансанд сар бүрийн бодит гүйцэтгэлээр нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан баримт болоод зохигч нарын тайлбараар нэхэмжлэгч ******* ХХК нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэдэг бүртгэлтэй буюу зөвшөөрөгдсөн хуулийг этгээд бөгөөд Таван толгой уурхайгаас нүүрс ачиж зорьсон эцсийн цэг болох Гашуун сухайт боомтод хүрээд буцаж ирэхэд ачаатай талдаа 239 км зам, хоосон талдаа мөн тийм хэмжээний зам туулдаг учир үүнийг нэг рэйс /ирж-очих бүтэн тойрог/ гэж тооцох ба ******* ХХК-ийн эзэмшлийн хатуу хучилттай 478 км замыг ашигладаг байна.

 

Талуудын байгуулсан гэрээний төлбөрийн нөхцөлийн 1.1-д ...ачаатай чиглэл, зам ашигласан зайнаас хамаарч... тонн тутамд 3,200 /НӨАТ-гүй үнэ/... гэж тохирсон нь зөвхөн ачаатай чиглэлд төлөх зам ашигласны төлбөрийг бус, харин нэг рэйс /ирж-очих бүтэн тойрог/-ийн зам ашигласны төлбөрийн хэмжээг тогтооход ачааг шалгуур үзүүлэлт болгосон байна.

 

4.2 Энэхүү гэрээний төлбөрийн нөхцөлийн 2.1-д Бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нүүрснээс бусад ачаа тээвэрлэх эсвэл зөвхөн ачаагүй /хоосон/ зам ашиглах тохиолдолд замын хуудсаар бүртгэж Хавсралт 3-т зааснаар төлбөр тооцно гэж заажээ.

 

Дээр дурдсанаар нэхэмжлэгч ******* ХХК нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэдэг тул нүүрснээс бусад ачаа тээвэрлэдэг, аль эсхүл ачаагүй зам ашигласан гэж үзэхгүй бөгөөд Таван толгой уурхайгаас нүүрс ачаад Гашуун сухайт боомтод буулгаад буцаж ирэхийг нэг рэйс /ирж-очих бүтэн тойрог/-ээр тооцох учир буцахдаа тийнхүү ачаагүй хоосон байгааг төлбөрийн нөхцөлийн 2.1-д хамааруулах боломжгүй, хоосон буцаж байгаа нь нүүрс тээвэрлэж буй үйлдлийн үргэлжлэл болно.

 

Тийм учраас нэхэмжлэгч ******* ХХК нь нүүрс тээвэрлэн хүргээд буцаж ирэхэд 478 км замыг ашигладаг болохыг үүгээр тодруулна.

4.3 Түүнчлэн тус гэрээний Е хэсэгт Зам ашиглагч уул уурхайн бус ачаа тээвэр болон нүүрс тээврээс бусад төрлийн тээврийн зам ашиглах төлбөрийг талууд авто замаар тээвэрлэх замын чиглэл болон автомашины ангилал тус бүрээр тогтоосон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/18 тоот тушаалын хавсралт Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай замын үнэ тариф-д үндэслэн тооцож, зам эзэмшигчийн дансанд сар бүрийн бодит гүйцэтгэлээр тухай бүр нэхэмжлэлийн дагуу шилжүүлэхийг зөвшөөрч... гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээгээр ******* ХХК-ийн эзэмшлийн 239 км хатуу хучилттай замыг ашиглах тохиолдолд төлбөрийг уул уурхайн болон уул уурхайн бус ачаа тээвэр /хоосон/-ээс хамаарч ялгамжтай байдлаар тус тус тооцож авахаар зохицуулсан бөгөөд нүүрс тээвэрлэх бол тонн тутамд 3,520 /НӨАТ орсон/ төгрөг, уул уурхайн бүтээгдэхүүн /хоосон/-ээс бусад ачаа тээвэрлэх тохиолдолд батлагдсан үнэ тарифын дагуу төлнө.

 

Энэ талаар мөн гэрээний төлбөрийн нөхцөлийн 3.3-т Зам ашиглагч уул уурхайн бус ачаа тээвэр болон нүүрс тээврээс бусад төрлийн тээврийн зам ашиглах төлбөрийг талууд автозамаар тээвэрлэх замын чиглэл болон автомашины ангилал тус бүрээр тогтоосон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/18 тоот тушаалын хавсралт Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай замын үнэ тариф-д үндэслэн тооцож, зам эзэмшигчийн дансанд сар бүрийн бодит гүйцэтгэлээр тухай бүр нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ гэж тодорхой зохицуулсан байна.

 

4.4 Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/18 тоот тушаалаар баталсан тариф нь гэрээт тээвэрлэгчээс бусад тээврийн хэрэгсэл зорчиход зам ашигласны төлбөр авахад хамаарах тул үүнийг уул уурхайн нүүрс тээвэрлэн хоосон буцаж байгаа бүртгэлтэй буюу зөвшөөрөгдсөн зам ашиглагчид мөн адил хамаарна гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авахгүй.

 

Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 1 дүгээр зүйлийн 1.2.3-т заасан Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай замын үнэ тариф гэдэг нь гагцхүү гэрээт тээвэрлэгчээс бусад тээврийн хэрэгсэл /уул уурхайн бус ачаа тээвэр/ зорчиход хамаарах үнэ тариф болно.

 

Гэтэл хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-аас Таван толгой уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэл 239 км замыг ашиглахад ачаа ачсан чиглэлд тонн тутамд 3,520 /НӨАТ/ төгрөг дээр хоосон буцах чиглэлд 40 тонноос дээш даацтай тээврийн хэрэгсэл бүр /толгой болон чиргүүл/-ээс авсан 40,000 төгрөгийг тооцож авч байгаа нь давхардуулсан шинжтэй төлбөр гэж үзэхээр байна.

 

Зүй нь, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д 239 км замыг ашигласан нэг рэйс /ирж-очих бүтэн тойрог/-ийн төлбөрт нийт 478 км-ээр тооцож тонн тутамд 3,520 /НӨАТ орсон/ төгрөгийг төлөх ёстой.

 

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс авах ёсгүй төлбөрийг авсан, үүнийг хариуцагчид үлдээх хууль зүйн үндэслэлгүй байх тохиолдолд тэрээр нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг үүснэ.

 

Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч ******* ХХК нь 2023 оны 07 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч ******* ХХК-аас Таван толгой уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэл 239 км замаас ачаатай чиглэлд 19 км замыг ашиглуулаагүй, харин буцахад ашиглуулдаг гэх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хоосон буцах чиглэлд 60,600,000 төгрөг, алдангид 10,610,246 төгрөгийг тус тус авсан гэдгийг баримтаар няцаагаагүй байна. /2.х.х-ийн 102/

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс 2023 оны 07 дугаар сараас эхлэн 2024 оны 10 дугаар сар хүртэл хариуцагч ******* ХХК-д авто зам ашигласны төлбөрт нийт 1,219,185,796 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон. /1.х.х-ийн 39-51, 128-221, 2.х.х-ийн 67-78, 102-108/

 

Иймээс хариуцагч нь гэрээнд зааснаар авто замыг бүрэн ашиглуулаагүй учир 1 рэйсийг нийт 478 км замаар тооцож нэхэмжлэгчийн зам ашигласан төлбөрт төлсөн 1,219,182,796 төгрөгөөс түүний ашиглаагүй 19 км замд ногдох төлбөр 48,461,248 төгрөг /1,219,182,796 : 478 = 2,550,592 х 19/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

6. Үүнээс гадна хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-аас хоосон буцах чиглэлд 60,600,000 төгрөгийг авсан байх тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж маргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй учир уг мөнгийг хариуцагчаас мөн адил гаргуулж нэхэмжлэгчид олгох нь дээр дурдсан хуультай нийцнэ.

 

Харин нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн алданги 10,610,246 төгрөг нь төлөх ёстой болон төлөх ёсгүй байсан зам ашигласны төлбөрийн алинд нь ногдох алданги болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг 2024 оны 11 дүгээр сарын төлбөр дээр 10,610,246 төгрөгийн алданги нэмж авсан гэсэн боловч уг алданги түүний төлөх ёсгүй төлбөрөөс тооцсон алданги мөн эсэх нь тодорхойгүй, хэрэв тийм бол төлөх ёсгүй хэдэн төгрөгөөс хэрхэн тооцож авсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас нийт 109,061,248 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/02725 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 109,061,248 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,951,495.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,162,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 703,256 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 998,014 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Б.МАНДАЛБАЯР