Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар    001/ХТ2025/0057       

 

А.Б-ийн гомдолтой, Монголын

 Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн

 хариуцлагын хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Ц.Цогт

Шүүгчид:                   М.Батсуурь

                                      Х.Батсүрэн        

                                      П.Соёл-Эрдэнэ                   

Илтгэгч шүүгч       Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 221/ШШ2025/0007 дугаар магадлалтай хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, гомдол гаргагч А.Б, түүний өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.М нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч А.Б нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн МТ/2024/19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж “... Хэрэгт авагдсан баримтаас үзвэл өмгөөлөгч нарт холбогдох маргааны үйл баримт нь ижил байхад ялгамжтай шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн, шийтгэлийн үндэслэлийг хэрхэн ямар үйл баримтаар тогтоосон талаар хариуцагчаас тодорхой үндэслэл гаргаж тайлбарлаагүй, мөн гомдол гаргагч  А.Б нь тухайн зөрчил гаргах цаг хугацаанд өөр ажил болох улс төрийн намын ажил давхар эрхэлж байсан болох нь цаг хугацааны хувьд нотлогдоогүй байтал тодруулах ажиллагаа хийгээгүй, Өмгөөллийн тухай хуульд заасан “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх” заалтыг зөрчсөн гэх үйл баримт хэрхэн тогтоогдож байгаа, үүнтэй холбоотой ямар ажиллагаа хийсэн болох нь тогтоогдоогүй. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхэд хориглох заалтыг зөрчсөн нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоож, хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх бусад нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь илтэд дордуулан, өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх эрхийг хүчингүй болгосон нь зөрчилд тохирсон шийтгэл ногдуулах үүргээ хариуцагчаас хэрэгжүүлээгүй ...” гэх зэргээр дүгнэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн МТ/2024/19 дүгээр тогтоолын А.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар тус хороонд буцааж” шийдвэрлэсэн байна.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

3.1.... Өмгөөлөгч А.Б нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т “улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхлэх” гэж заасныг зөрчсөн болох нь маргааны материалын 82 дугаар хуудас болон 110 дугаар хуудаст авагдсан Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05/3802 дугаар албан бичиг,  “2020 оноос А ... намын даргаар ажиллаж байна” гэх өөрийн цахим хуудастаа бичсэн танилцуулга зэргээр нотлогдсон хэмээн Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн дүгнэсэн.

3.2.Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь дээрх нотлох баримтыг буруу үнэлж, өмгөөлөгч А.Б-ийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох үндэслэлийг бүрэн шалгаагүй, ижил төрлийн шийтгэл оногдуулахдаа ялгамжтай хандсан, шийтгэлийг тохирсон гэж үзэхгүй хэмээн дүгнэж маргааныг дахин шалгуулахаар Мэргэжлийн хариуцлагын хороонд буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

5.Хэргийн үйл баримтын тухайд:

5.1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолоор өмгөөлөгч Г.Б, А.Б нарын нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн бие даасан байдал, ажил хэргийн нэр хүнд, тус шүүхийн шүүгчдийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан асуудлыг хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргахаар шийдвэрлэсний дагуу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/1475 дугаар албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд уг тогтоолыг хүргүүлжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл хүсэлтийг хэлэлцээд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 01/1353 дугаар албан бичгээр “... өмгөөлөгч Г.Б, А.Б нар нь хэвлэлийн хурал зарлан, шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа, мөн хэрхэн шийдвэрлэх ёстой талаар урьдчилсан тайлбар, дүгнэлт хийж, шүүгч нарт үндэслэлгүйгээр нэр хоч өгөх, доромжлох, шүүхийн шийдвэрийг өөрсдийн үзэмжээр тайлбарлах, нууцын зэрэглэлтэй хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн нэрийг ил болгож зарлах зэрэг зөрчлүүд үйлдсэн” гэх агуулга бүхий гомдлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан байна.

5.2.Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Ц.Б, Г.Э нараас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “нууцын зэрэглэлтэй эрүүгийн хэргийг олон нийтэд мэдээлсэн, А ... нам (...)-ын даргын албан үүрэг гүйцэтгэдэг атал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, хэл амаар доромжилсон тул арга хэмжээ авч өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд мөн гаргасан байна.  

5.3.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо дээрх гомдлын дагуу маргаан үүсгэж, хоёр маргааныг нэгтгэн хянан шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн МТ/2024/19 дүгээр “Өмгөөлөгч Г.Б, А.Б нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” тогтоолоор өмгөөлөгч А.Б нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа хориглосон үйл ажиллагаа буюу улс төрийн намд манлайлах үүрэг бүхий орон тооны ажил албан тушаал хашсан, өмгөөлөгч Г.Б, А.Б нар нь шүүгчдийг шийдвэр гаргасных нь төлөө буруутгасан, нууцын зэрэгтэй хэргийн үйл баримт, оролцогчийн нэрийг задруулсан зэрэг зөрчлүүд гаргасан гэж дүгнэн Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.3-т зааснаар өмгөөлөгч А.Б-ийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож, мөн зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2-т зааснаар өмгөөлөгч Г.Б-ийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатай түдгэлзүүлсэн байна.

6.Гомдол гаргагч А.Б-оос хариуцагч байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан гомдолдоо “... Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүд “Маш нууц” тамгатай хавтаст хэрэгтэй танилцаагүй, судлаагүй, нууц бичиг баримт байсан эсэх үнэн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, хийх боломж ч байхгүй атлаа төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь огт үндэслэлгүй дүгнэлт юм. Үйлчлүүлэгчтэйгээ өмгөөллийн гэрээ байгуулсны дараа А ... намын даргын ажлыг албан ёсоор хүлээн авч тамга, тэмдгээ авсан. Уг намын даргын хувьд миний бие улс төрийн ямар нэг ажиллагаа явуулаагүй, ямар нэг цалин хөлс, урамшуулал авдаггүй, хөдөлмөрийн гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээсэн орон тооны албан тушаалтан биш бөгөөд тухайн иргэнтэй өмгөөллийн гэрээ байгуулахдаа ч ямар нэгэн байдлаар улс төржилтгүйгээр өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлж, чин шударгаар ажилласан. Хэрэв энэ үндэслэлээр намайг буруутгаж байгаа бол өмгөөлөгч миний өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлж болох байсан ...” гэжээ.

7.Хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хорооноос гомдлыг эс зөвшөөрч “хэрэгт авагдсан баримтуудаар өмгөөлөгч А.Б нь бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгээгүй болох нь харагдаж байна. Төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгаа гаргасан ч өмгөөлөгч А.Б нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн нь тухайн заалтыг зөрчсөн. Мөн А ... намын Бага хурлаар намын даргаар сонгогдож улс төрийн намын даргын албан үүргийг давхар эрхэлсэн тул зохих хариуцлагыг хүлээлгэсэн” гэсэн тайлбар гаргасан.

8.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны МТ/2024/19 дүгээр тогтоолоор А.Б-ийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь “өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэхдээ тэгш, шударга хандах бөгөөд шийтгэл нь гаргасан зөрчилд тохирсон байх” зарчим хангагдсан эсэх нь тодорхойгүй байх тул маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар Мэргэжлийн хариуцлагын хороонд буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гэж үзлээ.

9.Учир нь, “... өмгөөлөгч А.Б, Г.Б нар нь Өмгөөлөгчийн мэргэжлийн  ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно”, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, ... нууцыг задруулахгүй байх”, 14.1.5-д заасан “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх” үүргийг зөрчсөн хэмээн буруутгагдсан. Өмгөөлөгч нарт холбогдох маргааны үйл баримт нь ижил байхад ялгамжтай шийтгэл оногдуулсан байх ба ижил зөрчил гаргасан өмгөөлөгч Г.Б-ийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатай түдгэлзүүлээд, өмгөөлөгч А.Б-ийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ шийтгэлийн үндэслэлийг хэрхэн ямар үйл баримтаар тогтоосон талаар тодорхой үндэслэл гаргаж тайлбарлаагүй ...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхээргүй байна.

10.Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар А.Б нь А ... намын даргаар сонгогдон ажиллаж байгаа болох нь тогтоогдож байгаа хэдий ч цаг хугацааны хувьд хэзээнээс албан ёсоор намын даргаар бүртгэгдэн ажиллаж байгааг тодруулахаас гадна энэхүү үйл баримт нь яагаад Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.3-т заасны дагуу “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хүчингүй болгох” шийтгэл хүлээлгэх үндэслэл болсныг хуулийн бусад зохицуулалттай холбон тайлбарлах шаардлагатай. Тухайлбал, Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Дараах үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлнэ:”, 10.1.2-т “энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан ажил, албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон”, 15 дугаар зүйлийн 15.1.13-т “улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхлэх” гэж тус тус заасныг тухайн тохиолдолд хэрхэн хэрэглэх, хэрэв гомдол гаргагч нь нэр бүхий иргэнд эрх зүйн туслалцаа үзүүлж байх үедээ намын даргаар ажиллаж байсан нь тогтоогдсон бол үүнийг хуулиар хориглосон үйл ажиллагааг эрхэлсэн зөрчил гэж үзэх үү, эсхүл өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ түдгэлзүүлээгүй зөрчил гэж үзэх үү, үүнээс хамаарч хүлээлгэх хариуцлагын төрөл ялгаатай байх эсэхийг тодорхой дүгнэн шийдвэрлэх нь зүйтэй.

11.Иймд хариуцагчаас гомдол гаргагч А.Б-ийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох үндэслэлийг бүрэн тодорхойлох, үүний тулд түүний гаргасан гэх зөрчилд хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс нь бодитой хянасны үндсэн дээр үнэлэлт дүгнэлт өгөх, хамт хариуцлага хүлээсэн өмгөөлөгчийн гаргасан зөрчлөөс ялгагдах буюу хүндрүүлэн үзэх шалтгааныг тодорхой дүгнэх байдлаар нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.

12.Захиргааны хэргийн шүүх нь “зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэсэн шийтгэл хүндэдсэн байж болзошгүй” гэж үзсэн тохиолдолд өөрийн санаачилгаар эрх бүхий этгээдийн оногдуулсан шийтгэлийн төрлийг өөрчлөх эрх хэмжээгүй, нөгөөтээгүүр өмгөөлөгч зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд “шийтгэл тохироогүй” гэх үндэслэлээр Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хүчингүй болгох нь өмгөөлөгчийг мэргэжлийн үйл ажиллагааны хариуцлагаас чөлөөлөхөд хүргэх бөгөөд энэ нь “шударга ёсны зарчим”-д үл нийцнэ.  

13.Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 221/ШШ2025/0007 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ЦОГТ  

ШҮҮГЧИД                                                   М.БАТСУУРЬ

                                                                       Х.БАТСҮРЭН

                                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ     

                                                                                 Г.БАНЗРАГЧ