| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/05466/И |
| Дугаар | 210/МА2025/01132 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/01132
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
******* ХХК, *******, ******* нарт холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 37,180,759 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн,
түрээсийн зүйлд ус алдаж, бохир бөглөрснөөс эд хөрөнгөд учирсан хохиролд 10,087,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
...Хариуцагч нар 2018 оны 11 дүгээр сарын 08 өдөр тус байранд нүүж орсон ба түрээсийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажлын байр түрээслэх, худалдан авах, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээний дагуу сар бүр түрээсийн төлбөр болох 1,000,000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгөөр нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан боловч удаа дараа түрээсийн төлбөрийг хоцроож, дутуу төлж эд хөрөнгийн чанар байдлыг муутган өнөөдрийг хүрлээ. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 22,600,000 төгрөг, алданги 11,300,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2,785,260 төгрөг, орон сууцны ус дулааны төлбөрт 51,300 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөрт 102,056 төгрөг, нийт 36,838,616 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
...Иймд, хариуцагч нараас 36,838,616 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүрэг, *******, ******* , байр, зоорийн давхар 144 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж хүлээлгэн өгөх, төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье.
...Түрээсийн объектыг хариуцагч нар хүлээлгэн өгсөн ...хариуцагч нарт Ковид-19 цар тахлын улмаас хөнгөлөлт үзүүлж нэхэмжлэлийн шаардлагаа 7,300,000 төгрөгөөр багасгаж, нийт 28,943,394 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...түрээсийн гэрээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон бөгөөд *******ыг төлөөлж эхнэр *******тай түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг хоёр тал харилцан тооцоо нийлж, түрээсийг хугацааг сунгахаар аман хэлбэрээр ярилцсан. 2023 оны 01 дүгээр сард хоёр тал харилцан тооцоо нийлсэн байдлаар хариуцагч ******* миний бие түрээслүүлэгч талыг төлөөлж буй *******ад түрээсийн төлбөрийн үлдэгдэл 300,000 төгрөгийн өглөгтэйгөөр тооцоог нийлж гар баримтыг үйлдсэн. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд хавсаргасан түрээсийн төлбөр төлөлтөд 2019 болон 2020 онд Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоож, үйл ажиллагаа хязгаарласан үед нэхэмжлэгч талын төлөөлөгч *******тай харилцан тохиролцож түрээсийн төлбөрийг хөнгөлснийг нэхэмжлэл гаргагч ******* нэхэмжлэлдээ тусгаагүй бөгөөд үндсэн гэрээний төлбөр болох 1,000,000 төгрөгөөр тооцсон болно. Иймээс нийт төлөх ёстой буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөр болох 70,000,000 төгрөгөөс 47,400,000 төлсөн бөгөөд үүн дээр цар тахлын үеийн хөнгөлөлтүүд болох 7,100,000 хасан тооцож 15,500,000 түрээсийн үндсэн төлбөр үлдэж байна.
Зоорийн хэсгийг сууц өмчлөгчдийн холбоо хариуцдаг гэх боловч цэвэр усны хоолой задрах, бохирын шугам бөглөрөх, задрах асуудлууд гарахад сууц өмчлөгчдийн холбооны дарга гэх эмэгтэй анх байсан боловч би ажлаа өгсөн, сууц өмчлөгчдийн холбоо байхгүй, татан буугдсан гэх нэрийдлээр ямар ч үйлчилгээ авч үзээгүй тул сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн төлбөрийг хэрэгсгэхгүй болгож өгнө үү.
Түрээсийн төлбөр болох 22,600,000 төгрөг, алданги болох 15,707,000 төгрөг, СӨХ-ны төлбөр болох 2,785,260 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Түрээслэгч тал тухайн зоорийн давхарт нүүж орсон цагаас хойш байнгын цэвэр усны хоолой задрах, бохирын шугам бөглөрөх, задрах, төвийн шугамын чанар муудсанаас болж үйл ажиллагаанд доголдол үүссэн, ажиллах боломж хязгаарлагдсан, тоног төхөөрөмж шатсан, бараа материал ашиглах боломжгүй болсон гэх мэт хохирол болох 10,087,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлтэй байна.
...Миний зүгээс түрээсийн төлбөр болох 15,500,000 төгрөг, орон сууцны ус дулааны төлбөр 51,300 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 102,056 төгрөг нийт 15,653,356 төгрөгийн дүнгээс миний хохирол болох 10,087,000 төгрөгийг суутган тооцуулах хүсэлтэй байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар татгалзлын агуулга:
Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, *******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн байрыг чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 289 дүгээр зүйлийн 289.2.2-т зааснаар 13,433,616 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 15,509,778 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэгч *******аас гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгон, үлдэх 8,687,000 төгрөгийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,144 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,118 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,342 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээн, нэхэмжлэгчээс 37,350 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Элит Хангамж ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл дээрх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах хугацаанд цэвэр усны хоолой задрах, бохирын шугам задрах, бөглөрснөөс үүдэн компьютер, мотор шатсан, принтерийн хор ашиглах боломжгүй болсон гэх мэт 8,687,000 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болсон шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.
Түрээсийн байрны бүрэн бүтэн байдал, бохирын шугамын буруу холболт гэх мэт зүйлийг түрээслүүлэгч гэрээ байгуулахаас өмнө хэлж анхааруулаагүйгээс үүдэн хохирол амссан. Зөвхөн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын гар журнал дээр бичигдсэн 20 гаруй дуудлага бүртгэгдсэн. Дээрх цаг хугацаанд түрээслүүлэгчтэй холбогдож нөхцөл байдлыг хэлэхэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй.
Тус компьютер, мотор, принтерийн хор болон бусад зүйлсийн жагсаалт болон Хятад улсаас худалдан авалт хийсэн гар баримт, мөнгө шилжүүлгийн баримт зэргийг хавсарсан.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн сууц өмчлөгчдийн холбооны төлбөртэй холбоотой хэсгийг хүчингүй болгож, Элит Хангамж ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс 8,687,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болсон шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...******* ХХК нь түрээсийн гэрээний дагуу СӨХ-ны төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч нийт 2,785,260 төгрөг төлөөгүй байна. ******* нь 2024 оны 09 дүгээр сард орон сууцаа хүлээн авснаас хойш ******* ХХК-ийн төлөөгүй төлбөрүүд болох ус, дулаан, цахилгаан, СӨХ-ны урьдчилгааг тухайн байгууллагуудад төлж барагдуулсан.
Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш бохир хальж хохирол гарсан гэх боловч тухайн үед бид нарыг оруулаагүй. 2018 оны 11 дүгээр сард ******* ХХК, *******, ******* нарт бүрэн засвар хийсэн ямар нэгэн доголдолгүй 3 өрөө байрыг хүлээлгэж өгсөн. ...гэхдээ түрээслүүлсэн бидэнд ус алдах, бохир бөглөрснөөс болж тоног төхөөрөмж усанд норж эвдэрч гэмтсэн гэж хэлж байгаагүй.
******* нь шугам сүлжээний нөхөн олговор болон 00-ын суултуур өндөрлөх саналыг хүлээн авч 2,200,000 төгрөгийг 2019 онд түрээсийн төлбөрөөс хасаж тооцсон. Цар тахлын улмаас орлого багассан гэж хэлэхэд нь 2020 онд 2,400,000 төгрөг, 2021 онд 2,700,000 төгрөгийн хөнгөлөлт тус тус үзүүлж байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч талд 7,300,000 төгрөгийн хөнгөлөлтийг хангалттай үзүүлж байсан. Иймд, 8,687,000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. 2024 оны 2 дугаар сараас бидэнтэй уулзах, утсаар ярих, орон сууцдаа орох боломжуудыг хязгаарлаж, улмаар холбогдож зөвшилцөх боломжгүй болсон учир анхан шатны шүүхэд хандсан. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3.2, 7.4-т заасны дагуу түрээслэгч нь ашиглалтын зардал буюу ус, дулаан, цахилгаан, СӨХ-ны зардлыг бүрэн хариуцаж төлнө гэж заасны дагуу тухайн орон сууцыг хүлээлгэж өгсөн. Хариуцагч нарыг 2018 оны 11 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сар хүртэлх СӨХ-ны төлбөр 2,785,260 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, *******, ******* нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 37,180,759 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч түрээсийн зүйлд ус алдаж, бохир бөглөрснөөс эд хөрөнгөд учирсан хохиролд 10,087,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нийт 28,943,394 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бол хариуцагчийн зүгээс түрээсийн гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгчээ.
Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК нар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажлын байр түрээслэх, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг *******, *******, , байр, зоорийн давхарт байрлах 144 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь 1 жилийн хугацаатай сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, /х.х-ийн 12/
3.2. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дээрх гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгажээ. /х.х-ийн 13-16/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч ******* нь ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгч ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх үүрэг хүлээнэ.
Зохигч түрээсийн гэрээ байгуулагдсан боловч түрээсийн зүйл нь биет байдлын доголдолтой байсан, түүнээс шалтгаалан хариуцагчийн эд хөрөнгөд хохирол учирсан болон хариуцагч нь түрээсийн хугацааны турш сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөх үүрэгтэй эсэх талаар маргажээ.
4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн төрлөөс үл хамаарч түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.
Мөн үүнээс гадна үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхтэй холбоотой талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөвхөн бичгийн хэлбэрт тусгаж, тэдгээр хүмүүс гарын үсэг зурснаар гэрээг хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй бөгөөд зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэхийг хуулиар шаардсан байна.
Зохигч түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, ... гэж зааснаар тэдгээрийн тохиролцоог хүчин төгөлдөр гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх зохигч түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байгааг анхаараагүй, улмаар талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж, 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан.
Тодруулбал, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан талууд хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэг хүлээх хэдий ч зохигч үүнтэй холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжиж үлдэх ёсгүй.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч ******* ХХК нь 144 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч эзэмшиж ашиглаж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч *******д буцаан хүлээлгэн өгсөн байх тул энэ хугацаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгаж, үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ.
Дээрх 70 сарын хугацааны түрээсийн төлбөр 70,000,000 /1,000,000 х 70/ төгрөгөөс хариуцагч нь 47,400,000 төгрөг төлсөн болон нэхэмжлэгчээс Ковид-19 цар тахалтай холбоотой 7,300,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн талаар зохигч тайлбарласан тул үлдэгдэл 15,300,000 төгрөг болно.
Тиймээс нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь тодорхой хугацаанд ашигласан бөгөөд өнгөрсөн хугацаанд ашигласан эзэмшлийг нэгэнт буцаах боломжгүй тул хариуцагчаас 15,300,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.
Гэвч анхан шатны шүүхийн хариуцагчаас түрээсийн төлбөрт 9,800,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчмын хүрээнд энэхүү шийдлийг өөрчлөхгүй.
6. Хэрэгт авагдсан сууц өмчлөгчдийн холбооны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 08/24 тоот албан бичгээр түрээсийн зүйлийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 2,739,300 төгрөг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн төлбөрийн нэхэмжлэхээр цахилгааны төлбөр 140,640 төгрөг, мөн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар-ын төлбөрийн нэхэмжлэхээр ус, дулааны төлбөр 51,292.14 төгрөг байх тул үүнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Иймд, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж зааснаар дээрх төлбөрийг хэдийгээр түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус боловч хариуцагч ******* ХХК нь төлөх үүрэгтэй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг авахгүй.
7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, 288 дугаар зүйлийн 288.1.1-т хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх гэж тус тус заасан.
Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,678,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хариуцагч ******* ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өгсөн Хаан банк ХК-ийн дансны хуулгуудаар *******ын данснаас 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2,662,460 төгрөгийн зарлага 91913432 гэх утгаар гарсан, мөн ы тоот данснаас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,231,400 төгрөгийн зарлага гэх утгаар тус тус гарсан нь чухам ямар зардал болох нь тодорхойгүй, үүнийг гэмтсэн эд зүйлийг худалдан авсан баримт гэж үзэх боломжгүйгээс гадна хариуцагч нь ус алдаж, бохирын хоолоо бөглөрсөнтэй холбоотой учирсан хохиролд гарсан зардал гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлоогүй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж зааснаар хариуцагчийн гаргаж өгсөн баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Иймд, түрээсийн зүйлд ус алдаж, бохирын хоолоо бөглөрснөөс үүдэн компьютер, мотор шатсан, принтерийн хор ашиглах боломжгүй болсонтой холбоотой 8,678,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
8. Зохигчийн гэрээгээр тохиролцсон алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасантай нийцсэн байх боловч талуудын байгуулсан гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй.
Гэвч анхан шатны шүүхийн алдангид 695,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсэгт хариуцагчаас гомдол гаргаагүй тул энэхүү шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.
9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна. Учир нь,
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж заасан.
Тодруулбал, хариуцагч нь хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлд халуун усны шугам болон угаалтуур солиход гарсан зардлыг нэхэмжилсэн байхад үүнийг зайлшгүй гарах зардал гэж үзэж Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна.
Мөн хариуцагч ******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд компанийг төлөөлж түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан, хариуцагч ******* нь энэхүү компанийн хувьцаа эзэмшигч гэх үндэслэлээр тэдгээрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т тус тус заасныг баримталсан нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
Түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь ашиглах боломжтой эд хөрөнгийг шилжүүлээгүйгээс учирсан хохирол шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасныг баримтлаагүй нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02273 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 13,433,616 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,509,778 төгрөг, түрээсийн зүйлийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх болон *******, ******* нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******аас 1,400,000 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,678,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.МАНДАЛБАЯР