Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 223/МА2025/00022

 

 

 

 

 

2025              6                  19                                                    223/МА2025/00022

 

 

Л.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

             Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 317/ШШ2025/00523 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У.......... хотын Х........дүүрэг, ....... дүгээр хороо,......... дугаар хэсэг, ....... хотхон .......... тоотод оршин суух, О......... овогт Л....... Ц........ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т....... аймгийн Б......... сум, ......... дүгээр баг, А....... хаягт оршин суух, Ц........ овогт Т.....Г.....т холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эр төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 толгой малыг биет байдлаар гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, мал малласан хөлс 22,320,000 төгрөг, өвс, тэжээл авсан үнэ 8,000,000 төгрөг, нийт 30,320,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Л.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г.....

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б.......

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарын талаар буюу шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагч Т.Гийн эцэг миний морийг уядаг байсан. Түүний эцэг малаа Т.Гт өгөөд харуулж болно гэсэн. Тэгээд 2023 оны 7 дугаар сард малаа Н.Алтангэрэл гэх хүнээр туулган аваачиж өгсөн. Тухайн үед Т.Г цалин хөлсний талаар яриагүй. Харин 7 дугаар сард 500,000 төгрөг өгч байгаарай гэсэн тул 2013 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг 2017 онд 500,000 төгрөг өгсөн. 2015 онд малаа авах гээд очиход өгөөгүй. Иймд 280 хонь, 24 ямаа, бүгд 304 толгой мал буцаан гаргуулж авахаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ үед статистикийн мэдээллийн санд хадгалагдаж байгаа хонь, ямааны дундаж үнэлгээгээр малаа үнэлэхэд 24 толгой ямаанаас нас бие гүйцсэн эм ямаа 8, ишиг 8, шүдлэн ямаа 8, 280 толгой хониноос нас бие гүйцсэн эм хонь 98, нас бие гүйцсэн эр хонь 34, эр хязаалан хонь 18, эм хязаалан хонь 23, шүдлэн эр хонь 23, эр төлөг 18, эм төлөг 19, эр хурга 23, эм хурга 24 толгой мал нь нийт 57,920,000 төгрөгийн үнэлгээтэй байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Г мал малласан хугацааны хөлс, өвс тэжээлийн мөнгө тооцож, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд 30,230,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд цалин хөлс тооцсон хугацаагаар хонь, ямааны үр, төлийг тооцож, 1099 толгой хонь, 151 толгой ямаа нийт 163,030,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч хариуцагч Т.Г шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориуд удаашруулаад байсан тул  2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн баримтыг үндэслэн эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эр төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 толгой мал гаргуулахаар нэхэмжлэлийг шаардлагаа багасгаж, өсөж үржсэн төлийг нэхэмжлэхээс татгалзаж байна.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн баримтад тэмдэглэсэн 232 толгой бог малаа буцаан авахаар удаа дараа шаардаж, очиход малыг тоо ёсоор эргүүлж өгөөгүй. Гэтэл ямар нэг тохиролцсон баримтгүй, хийсвэр тооцоогоор цалин, өвс тэжээл нэхэмжилж байгаа тул үндэслэлгүй гэж үзэж байна. Би түүний хууль бус эзэмшлээс малаа буцаан авах, малын төлийг завшсан, үрэгдүүлсэн үндэслэл байгаа эсэхийг шалгуулахаар 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн прокурорын 307 дугаартай тогтоолд “Т.Гийн үйлдэлд хонь, ямааг залилан авсан, завшсан гэх гэмт хэргийн шинжгүй, Иргэний хуулиар зохицуулагдах иргэний эрх зүйн маргаан байна” гэж дүгнээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Тэгээд өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар Т.Гөөс малаа гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Хөлс урамшуулал сар бүр өгөх, тэжээл өвсөөр хангах талаар огт тохиролцоогүй, гэрээ, хэлцэл хийгээгүй. Т.Гт итгэж хариуцуулсан малаа 2015 онд Зуунмод сумын иргэн Ч.Энхболд, Т.Эрдэнэбулган нарын хамт авахаар очиход мал хариулгын хөлс 5,000,000 төгрөг өгөөд ав гээд миний малыг өгөөгүй. Би уг мөнгийг өгнө гэхдээ малынхаа үр төлийг тооцож авна гэж хэлсэн. Дараа нь 2017 оны 10 дугаар сард Ч.Энхболдын хамт малаа авахаар очиход нүүдэл хийсэн, мал ялгах боломжгүй гээд өгөөгүй. Энэ үеэс түүний хууль бус эзэмшил эхэлсэн гэж үзнэ.

Жил бүр хэдэн төгрөгийн үнэ бүхий хэдий хэмжээний өвс тэжээл зарцуулсан гэх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй. Өнгөрсөн 8 жилийн турш миний малыг хууль бусаар эзэмшиж, малыг хорогдуулсан болохоос, өсгөж үржүүлээгүй, малыг шаардсан хугацаанд буцааж өгөөгүй атлаа цалин хөлс авахаар сөрөг нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Мөн цалин хөлс шаардах эрхийн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн талаар буюу шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын тайлбарын агуулга: “...2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр намайг гэртээ байхгүй хойгуур Э.Алтангэрэл гэдэг хүнээр малаа туулгуулж, манайд авчраад явсан байсан. Тэр үед би эзэнгүй байсан ба малыг нь тоолж авсан хүн байхгүй. Манай талийгаач ээжид мал тууж ирсэн Э.Алтангэрэл гэдэг хүн нь 120 хонь, 30 ямаа авч ирсэн гэсэн гараар бичсэн бичиг үлдээсэн байсан. Ер нь би Л.Ц гуайтай малыг нь маллах талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй, түр хугацаагаар маллаад өгөөч гэж гуйсан учраас л малыг нь тавиулсан. Тууж ирүүлсэн хонь, ямаа нь тарга, тэвээргэ муутай байсан тул үхэж үрэгдэж эхэлсэн. Тэр үед ээж маань "их муу мал ирсэн байна, үхээд байна, эртхэн эзэнд нь хэлж учрыг нь ол" гэж удаа дараа хэлж байсан. Л.Ц 2013 оны 9 дүгээр сард манайд ирэхэд нь "мал чинь үхээд байна, их тарга тэвээргэ муу байна" гэж хэлж, зарим үхсэн малыг өөрт нь үзүүлээд малаа аваарай гэж хэлсэн боловч аваагүй. 2014 оны хавар мал төллөх үеэр эм хонь, хурганы хорогдолтой байсан. 2014 оны зун 7 сард 1 удаа мал маллуулсны хөлс гэж 500,000 төгрөг өгсөн. Тэр үед би дахин Л.Цт "хөгшин эр хониноос үхээд байна" гэж хэлэхэд "эр хонь үхдэггүй юм" гээд өөрөө тоогоогүй. Энэ хугацаанд нэг ч удаа өвс тэжээл авчирч өгөөгүй.

2015 онд н.Болдоо гэх хүн Л.Цтэй наймаа хийсэн тул танайд тавьсан хонийг нь авъя гэж ирсэн. Л.Ц өөрөө ирээгүй болохоор би "Л.Цтэй уулзаж, хөлс мөнгөө авч тохирсны дараа өгнө гэж хэлээд буцаасан. Дараа жилийн намар нь манайхыг нүүж байхад анх Л.Ц нь Т.Эрдэнэбулган, Болдоо хоёртой хамт ирээд "Болдоод өгөх ёстой хонийг чи өгөөгүй байна" гэж ирсэн. Тэгэхээр нь би "та хонио авах гэж байгаа бол танаас цалин хөлсөө авч байж өгнөө" гэж хэлээд малыг нь өгөөгүй явуулсан, түүнээс хойш ахиж над дээр ирээгүй. 2017 оны өвөл Л.Цтэй утсаар яриад "мал муудаад, үхэж үрэгдээд байна, өвс тэжээл хэрэгтэй байна" гэж хэлэхэд "чи өөрийнхөө малыг тэжээх гэж байгаа биз" гэж хэлсэн.

Ер нь 2014-2019 онуудад төл малын хорогдол ихтэй байсан. Л.Ц анхнаасаа хөлс мөнгөгүйгээр малаа маллуулах, мал маллагааны хөлс өгөхгүйгээр малаа авах гэсэн санаатай байсан. Би Л.Цт мал малласан хөлсөнд 5,000,000 төгрөг өгөөд малын хорогдлыг тооцоод авч болно гэсэн. Л.Цийн нэхэмжилж байгаа 280 толгой хонь, 24 толгой ямааг өгөх боломжгүй. Хэрэгт энэ талаар баримт байхгүй тул зөвшөөрөхгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд бид хоёр сарын хөлс дээрээ маргасан, муу мал ирсэн тул сард 500,000 төгрөгийн хөлс нэхэхэд Л.Ц нь 350,000 төгрөгөөр тохиролцсон. Ингээд малаа авахдаа 5,000,000 төгрөг өгөөд аваарай гэж хэлсэн боловч 8 жил болоход 2013 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг өгсөн. Үүнээс өөр цалин, хөлс өгөөгүй. Мөн би малын өвс тэжээлд жилдээ 3,000,000-5,000,000 төгрөг зарцуулдаг. Л.Ц нэг удаа л 1,000,000 төгрөгийн өвс, тэжээлийн мөнгө гэж өгсөн. Иймд 8 жилийн хугацаанд өвс, тэжээлийн мөнгө 8,000,000 төгрөг, мал малласан хөлс 22,320,000 төгрөг, нийт 30,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү." гэжээ.

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Т.Гөөс эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эм төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 толгой малыг гаргуулж нэхэмжлэгч Л.Цт олгож,

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Л.Цээс гэрээний үүрэгт 14,083,333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Гт олгож, үлдэх 16,236,667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Цийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,420,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид 360,780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Цт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 228,367 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Гт олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Л.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүх нарын хамтран гаргасан давж заалдсан  гомдлын агуулга: “...Шүүхийн шийдвэрийн зарим үндэслэл, заалтыг эс зөвшөөрч, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг жигд хангаагүй, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг гүйцэд хангаагүй гэх дор дурдсан үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Т.Г болон Л.Ц нарын тайлбар, мөн Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 307 дугаар "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" тогтоол зэрэг нотлох баримтуудаас үзэхэд 2013 оны 7 дугаар сараас 2018 оны 8 дугаар сар хүртэл 6 жилийн хугацаанд нийт хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон болох нь тогтоогдож байна. Дээрх тохиролцсон 6,500,000 төгрөгийг 6 жилийн хугацаанд хувааж үзэхэд жилийн 1,083,333 төгрөгийн хөлс тогтоогдож байна. Иймд талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болоогүй тул өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих 14,083,333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Гт олгож, шийдвэрлэх нь зүйтэй байна" гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрхэн тооцоолсон нь ойлгомжгүй төдийгүй, тооцооны алдаа гаргасан байна. Бодит байдал дээр 2013-2015 онд 2 жилийн хугацаанд жил бүр 500,000 төгрөг наадмын үеэр өгч байхаар тохирсон, энэ хугацаанд 1,500,000 төгрөг хөлсөнд өгснийг хоёр тал хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх 2013 оны 7 дугаар сараас 2018 оны 8 дугаар сар хүртэл 6 жилийн хугацаанд нийт хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон" гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна. Харин 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авах малын тоог тохиролцож харилцан гарын үсэг зурсан үеэс хойш хугацааны хөлсийг хэдэн төгрөгөөр тооцож тохирсон бэ гэдэг дээр талууд маргаантай, энэ талаарх зохигчдын тайлбар зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, цалин хөлсний хэмжээг хэрхэн тохиролцсон талаар 5,000,000 төгрөгийн хөлс бэлнээр өгөөд малаа ав гэж 2017 оны 10 дугаар сард Цандэлэгт хэлсэн гэх, Цандэлэг зөвшөөрсөн" гэх хариуцагч Т.Гийн мэдүүлэг хэрэгт авагдсанаас өөр баримтгүй, нэхэмжлэгч түүнийг хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэдэг.

Гэтэл шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд "жил бүр наадмын үеэр 500,000 төгрөгийн хөлс өгч байхаар анх тохиролцсон, энэ хугацаанд нийт 1,500,000 төгрөгийн хөлс өгсөн" гэх агуулгатай нэхэмжлэгч Л.Цийн тайлбарыг илтэд үгүйсгэн зөвхөн хариуцагч Т.Гийн Цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн “5,000,000 төгрөгийн хөлс төлөөд малаа авахаар тохирсон" гэх нэг талын мэдүүлгийг үндэслэл болгож, тухайн үнийн дүнг үндэслэлгүйгээр "6,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон" мэтээр нотлох баримтыг гуйвуулан буруу үнэлж, хийсвэрлэсэн буруу тооцоолол хийж мал хариулсны хөлсөнд 14,083,333 төгрөгийг нэхэмжлэгч Л.Цээс гаргуулахаар үндэслэлгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөлс гаргуулахаар шийдвэрлэхдээ өмнө төлсөн 1,500,000 төгрөгийн хөлсийг хасаж тооцохоор байхад эсрэгээр нь нэмэгдүүлж тооцоод байгаа нь бүр ч ойлгомжгүй байна. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь хариуцагчид 5,000,000 төгрөгийн хөлс өгөхөөр 2013 оны 8 дугаар сард анх мал хүлээлгэн өгөхдөө, эсхүл 2015 оны 9 дүгээр сард малаа хүлээн авахаар очихдоо, эсхүл 2017 оны 10 дугаар сард Энхболдын хамт очихдоо, чухам аль үед нь тохиролцсон, эсэх, жил бүр 5,000,000 төгрөг өгөхөөр, эсхүл 2017 оны 10 дугаар сард малаа авахаар очиход нь нэг удаа 5,000,000 төгрөг өгөөд малаа ав гэж шаардсан уу гэдгийн алин болохыг нэг мөр тогтоогоогүй, энэ талаар зохигчдоос огт тодруулаагүй атлаа шүүх дээрх дүгнэлтийг хийсвэрлэн хийсэн нь үндэслэлгүй юм.

2. Нэхэмжлэгч Л.Ц нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн, шүүх 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тухайн нэхэмжлэлд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байхад тэрээр нэхэмжлэгч эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан үеэс тухайн хөлсөөр ажиллах гэрээний үүрэг, үйлчлэл зогссон гэж үзэхээр байна. Гэтэл шүүх нэхэмжлэл хүлээн авснаас хойш 4 жил, 5 сар, 5 хоногийн дараа буюу 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 317/ШШ2025/00523 дугаартай шийдвэр гаргасанд нэхэмжлэгч талын буруу огт байхгүй, харин хариуцагч тал удаа дараа шүүх хуралдаанд ирэхгүй байснаас хуралдаан хойшилж байсан, энэ үндэслэлээр хариуцагчийг албадан ирүүлэхээр гурван удаа шүүгчийн захирамж гаргаж байсан, өмгөөлөгчөө сольж байсан зэрэг нь тухайн иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунжрахад илтэд нөлөөлсөн нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн огт харгалзан үзэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл ирүүлснээс хойших 5 жилийн хугацааны мал хариулсны хөлсийг "гэрээ дуусгавар болоогүй" гэх үндэслэлээр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль, шударга ёсонд үл нийцнэ.

Зохигчид хөлс мөнгөний дүнг харилцан тохиролцоогүй, энэ талаар гэрээ хэлцэл огт хийгээгүй атал хариуцагч малыг буцаан өгөхийн оронд түүнийг барьцаалж хөлс мөнгө, өвс тэжээл нэхэмжилснийг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна. Маргаан бүхий 232 толгой малаас эм хонь 98, эм төлөг 19, эм хурга 24, эм ямаа 8 бүгд 149 толгой эх малын үр шим болох 2015 оны 9 дүгээр сарын 14-өөс хойших 10 жилийн хугацааны төлийг нь хариуцагч ашиглаж, хөрөнгөжиж ирсэн нөхцөл байдал үүссэн байж болзошгүйг шүүх огт анхаарч үзсэнгүй. Хариуцагч тал малыг нь өгөхгүй барьцаалсан нь хууль бус бөгөөд тухайн үед малыг нь нэхэмжлэгчид буцааж өгөөд маргаанаа хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлсэн бол түүнд ийм хэмжээний хөлс төлөх үүрэг ногдохгүй байх нөхцөл байдлыг ч шүүх харгалзан үзээгүй байна.

3. Шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад "нэхэмжлэгч Т.Гийн" гэснийг "хариуцагч Т.Гийн", "нэхэмжлэгч Т.Гт" гэснийг "хариуцагч Т.Гт "гэж, 2 дахь заалтад: "...үлдэх 16,236,667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг "...үлдэх 16,236,667 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэж залруулах нь зүйтэй. Иймд бидний гомдолд дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хянан үзэж шийдвэрийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан бидний гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл гэрч н.Эрдэнэболд, н.Алтангэрэл нарын мэдүүлгээр хариуцагч нэхэмжлэгчийн малыг 2013 оноос эхлэн маллах болсон. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн прокурорын газрын 307 дугаар тогтоол дээр ажлын төлбөр тохиролцсон учир хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан талаар бичсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 1,500,000 төгрөгийн тохиролцоо байсан эсэх талаар эргэлзэж байгаа ч прокурорын дүгнэлт дээр Т.Г мал хариулгын хөлс 13,200,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж тодорхой дурдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Л.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу иргэний хэргийг хянахдаа хариуцагч Т.Г үндсэн нэхэмжлэлийн талаар гомдол гаргаагүй тул нэхэмжлэгч талын эрх ашгийг дордуулахгүй байх зарчмыг баримталсан болно.  

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчөөгүй, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон байх ч сөрөг нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь нотлох баримт үнэлэх зарчимд нийцээгүй байгаа тул давж заалдах шатны шүүх үйл баримт болон хууль хэрэглээний талаар дараах дүгнэлтийг хийж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Л.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэмэгдүүлсэн нэхэмжлэлээ багасгаж нийт 232 тооны бог мал гаргуулах шаардлагаа дэмжиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан үндэслэлээ “...2013 онд хариуцагч Т.Гөөр малаа маллуулахаар болсон. Ингээд 25,520,000 төгрөгийн үнэлгээтэй 116 тооны эр хонь, 29,520,000 төгрөгийн үнэлгээтэй 164 тооны эм хонь, 2,880,000 төгрөгийн үнэлгээтэй 24 тооны эм ямаа, нийт 57,920,000 төгрөгийн үнэ бүхий 304 толгой малыг Н.Алтангэрэлээр туулган хүргүүлсэн.

Тухайн үед Т.Гт наадмын үеэр 500,000 төгрөг өгч байхаар болсон. Би 2015 онд малаа авахаар очиход Т.Г ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг нэмж өгөөд ав гэсэн. Би зөвшөөрсөн. Гэхдээ малын төлийг тооцож авна гэж хэлсэн. Би 2016 онд малаа н.Энхболдод зарсан тул 2017 оны 10 дугаар сард малаа авах гэтэл өгөөгүй. 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр цагдаад гомдол гаргасан боловч прокуророос иргэд хоорондын асуудал гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Иймд ямаа 24, хонь 280, нийт 304 тооны мал гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл хариуцагч Т.Г мал малласан хөлс 22,320,000 төгрөг, өвс тэжээлийн үнэ 8,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан тул хэрэгт авагдсан мал тооллогын баримтыг үндэслэн 163,030,000 төгрөгийн үнэ бүхий хониний төл нийт 1099, ямааны төл 151 тооны мал гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Гэхдээ эвлэрэх үүднээс 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн баримтыг үндэслэн эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, охин төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 тооны бог мал гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна.

Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Бид мал малласан хөлсийг жилд болох наадамын үед 500,000 төгрөгөөр тохирсон тул 2013 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг өгсөн. 2016 онд малаа авах гэсэн боловч өгөөгүй, малд өвс авсан гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч Т.Г үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан ба 30,320,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн үндэслэлээ “...2013 онд нэхэмжлэгч Л.Ц 120 хонь, 30 ямаагаа Н.Алтангэрэлээр туулган хүргүүлсэн байсан. Би тухайн үед байгаагүй тул малыг тоолж аваагүй. Л.Цийн авчирсан мал нь тарга тэвээргэ муутай байсан тул халуун зунаар үхэж эхэлсэн. Энэ талаар Л.Цт хэлж байсан. Ер нь Л.Ц хэдэн толгой мал авчирч өгсөн болохоо баримтаар нотлоогүй. Мал өгсөн гэх баримт нь зөрүүтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд, нэхэмжлэгч Л.Ц мал малласан хөлс гэж нийт 1,500,000 өгсөн. 2015 онд н.Энхболд гэх хүн Л.Цтэй наймаа хийсэн тул хонь, ямааг авна гээд ирэхээр нь цалин хөлсөө авч байж өгнө гээд өгөөгүй. Ингээд Л.Цтэй ярилцаад ажлын хөлсийг сарын 350,000 төгрөгөөр тохирсон. Мөн малын өвс, тэжээлд жилдээ 3,000,000-5,000,000 төгрөг зарцуулдаг байсан. Иймд өвс, тэжээлийн үнийг 8 жилийн хугацаагаар тооцож 8,000,000 төгрөг, мал малласан ажлын хөлсөнд 22,320,000 төгрөг, нийт 30,320,000 төгрөг гаргуулж өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд үндсэн нэхэмжлэлийн нэгэн адил тоолох ёстой...” гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.

Харин хариуцагч Т.Г нь нэхэмжлэгч Л.Цийн бог малыг 2013 оноос эхлэн хөлсөөр маллах болсон, ажиллагч үүрэг зөрчиж байсан эсэх болон  ажлын хөлсөнд 2013 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг төлсөн талаар маргаагүй болно.

3.Үндсэн нэхэмжлэлийн талаар:

3.1.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэвэл, нэхэмжлэгч Л.Ц нь 2013 онд бог малаа Т.Гөөр маллуулахаар харилцан тохиролцож Н.Алтангэрэл гэх хүнээр туулган хүргүүлсэн.

Нэхэмжлэгч Л.Ц ажлын хөлсөнд хариуцагч Т.Гт 2013 оны 7 дугаар сард 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг төлсөн.

Хариуцагч Т.Г нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эм төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8 нийт 232 тооны толгой малыг хүйс насаар нь ангилан Л.Цт хүлээлгэж өгөхөөр тооцоо нийлсэн баримт үйлдэн гарын үсэг зурцгаасан,

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Т.Гөөр маллуулж байсан 232 тооны бог малаа авахаар 2017 оны 10 дугаар сард очсон боловч авч чадаагүй тул 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШЗ2020/01341 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Л.Цийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь хэрэгт авагдсан болон маргаагүй үйл баримтаар тогтоогдсон байна. /1 хх-ийн 1, 6, 7-8, 9-10, 11-13, 22-24, 69-70, 71-72, 73-75, 77/

3.2.Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан харилцан үүрэг хүлээсэн хоёр талт гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Ц нь өөрийн малаа маллуулсан ажлын хөлсийг төлөх, хариуцагч Т.Г хүлээн авсан малын бүрэн бүтэн байдлыг хангаж, өсөж үржсэн төл болон үр шимийн хамт буцаан өгөх буюу хадгалалтын нэмэлт үүрэг хүлээсэн байгаа тул анхан шатны шүүх зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлжээ.

3.4.Анхан шатны шүүх хавтаст хэргийн 65-66, 77, 94-96, 115, 218-219 дугаар хуудсанд авагдсан гэрч Т.Эрдэнэбулганыг асуусан мэдүүлэг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр малын талаар тооцоо нийлсэн баримт, нэхэмжлэгч Л.Цийн утсанд хадгалагдаж буй 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн малын тооцоо нийлсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ч.Энхболдыг асуусан тэмдэглэл, гэрч Э.Алтангэрэлийг асуусан тэмдэглэл зэрэг баримтуудыг үнэлж, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Т.Гөөс эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эм төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 тооны мал гаргуулж нэхэмжлэгч Л.Цт олгож шийдвэрлэхдээ “...25.Хэдийгээр гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ гэрээний бүх төрөлд хамаарах юм. Мөн талууд тухайн төрлийн гэрээ байгуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрсдөө тогтоож болох бөгөөд дээрх маргаан бүхий эрх зүйн үйл явдалд хөөн хэлэлцэх хугацааг талууд өөрсдөө тодорхойлсон болно. ...26.Учир нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Төв аймгийн Прокурорын тогтоолоор нэхэмжлэгч тал эрх бүхий байгууллагад хандаж гаргасан бөгөөд хууль гэрээний дагуу талууд хэзээ шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлнэ тэр цаг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтай бөгөөд нэхэмжлэгч тал 2018 оны 8 дугаар сард Прокурорын байгууллагад хандаж өөрийн шаардах эрхээ тодорхойлсон тул энэхүү цаг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байна. Гэвч нэхэмжлэгч нь тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

27.Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. Энэхүү хугацаагаар тоолбол 2013 оны 7 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч Л.Цийн шаардах эрхийн хугацааг тоолбол 2023 оны 7 дугаар сард хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дуусаж байгаа тул энэхүү хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно. 28.Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Гөөс эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эм төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 толгой малыг гаргуулж нэхэмжлэгч Л.Цт олгож шийдвэрлээ...” гэсэн дүгнэлт хийсэн байх ба хариуцагч Т.Г энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

3.5.Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Л.Цийн эрх ашгийг хөндөхгүй байх үүднээс үндсэн нэхэмжлэлтэй холбоотой хэрэгт авагдсан дээрх үйл баримтыг талуудын буюу диспозитив зарчимд нийцүүлэн үнэлж хэвээр үлдээв.

3.6.Харин нэхэмжлэгч Л.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 1,250 тооны бог мал гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлагаа 232 тооны бог мал болгон багасгаж татгалзсан байхад нэхэмжлэлийн шаардлагаас 1,018 тооны бог малд холбогдох хэсгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, зохигч гэрээний үүрэг зөрчсөн болон хохиролтой холбоотой шаардлага гаргаагүй байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримталсан байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

4.Сөрөг нэхэмжлэлийн талаар:

4.1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Т.Гт гэрээгээр тохирсон хөлс, зайлшгүй гарах зардал зэргийг төлөх үүргийг нотлогдсон баримтын хэмжээнд хүлээнэ.

Иймд хариуцагч Т.Г сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу мал маллах хөлсийг сарын 350,000 төгрөгөөр тохирсон, малын өвс, тэжээлийг 8,000,000 төгрөгөөр авсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох нотолгооны үүрэг хүлээнэ.

4.2.Хариуцагч Т.Г нэхэмжлэгч Л.Цийн малд 8,000,000 төгрөгөөр өвс, тэжээл авч өгсөн болохоо баримтаар нотлоогүй байгаа тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4.3.Харин зохигчид ажлын хөлсөө жилд нэг удаа олгож байхаар тохирсон, нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Т.Гт ажлын хөлсөнд тооцож 2013 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг төлсөн нь маргаагүй үйл баримтаар тогтоогдсон. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэх үедээ хариуцагч  Т.Г  5,000,000 төгрөг нэмж авах санал тавьсныг нэхэмжлэгч Л.Ц зөвшөөрсөн талаар анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа тайлбарласан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Цээс гэрээний үүрэгт 14,083,333 төгрөг гаргуулж хариуцагч Т.Гт олгож, үлдэх 16,236,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан зарчимд нийцээгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.

4.4. Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлоос “...хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд "жил бүр наадмын үеэр 500,000 төгрөгийн хөлс өгч байхаар анх тохиролцсон, энэ хугацаанд нийт 1,500,000 төгрөгийн хөлс өгсөн байхад шүүх хасч тооцоогүй... 6,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон мэтээр нотлох баримтыг гуйвуулан буруу үнэлсэн... шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий хэсгийг хүлээн авч хангах нь зүйтэй.

4.5.Тодруулбал, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т зааснаар зохигчид хөлсөөр ажиллах гэрээг байгуулахдаа хугацаа заагаагүй тул хэдийд ч тохиролцон дуусгавар болгох боломжтой.

 Харин хариуцагч Т.Г нь нэхэмжлэгч Л.Цээс 2015 онд тохиролцсон 5,000,000 төгрөгийн ажлын хөлсөө нэмж авах зорилгоор 232 тооны бог малыг буцаан шилжүүлэхээс татгалзаж, саатуулан барьсан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн хэвээр байсан тул гэрээг талууд тохиролцон дуусгавар болгосон гэж үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгч Л.Ц гэрээг цуцлах тохиолдолд ажлын хөлсийг Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.5-т заасан хугацаа буюу 14 хоногийн өмнө хариуцагч Т.Гт төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээг 2017 оны 10 дугаар сард нэг талын санаачилгаар цуцлагдсан, ажлын хөлс шаардах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй.

4.6. Иймээс давж заалдах шатны шүүх хариуцагч Т.Гт олгох ажлын хөлсийг 2013 онд талуудын тохиролцсон 500,000 төгрөг, 2015 онд нэмж төлөхөөр зөвшөөрсөн 5,000,000 төгрөгөөс тооцон үзэхэд, жилийн хөлс 2,750,000 төгрөг болж байгаа ч нэхэмжлэгч Л.Цийн гаргасан гомдлын хүрээнд дүгнэлт хийж 14,250,000 төгрөгөөс түүний төлсөн 1,500,000 төгрөгийг хасаж 12,750,000 төгрөгийг төлөх нь зүйтэй гэж үзэн, шүүхийн шийдвэрт "Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Цээс 12,750,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Гт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17,570,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож" гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

5.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн Л.Цийн 1,420,650 төгрөг, хариуцагч Т.Гийг төлсөн 309,550 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, зохигчийн бие биедээ төлөх мөнгөн дүнг харилцан тооцож хариуцагчаас 132,413 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор холбогдох заалтыг өөрчлөв.

6.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 317/ШШ2025/00523 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Т.Гөөс эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эм төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 толгой малыг гаргуулж нэхэмжлэгч Л.Цт олгосугай.”

2 дахь заалтад “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Л.Цээс гэрээний үүрэгт 14.083.333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Гт олгож, үлдэх 16.236.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг,

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Гөөс эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эм төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 толгой мал гаргуулж нэхэмжлэгч Л.Цт олгож, 1,018 толгой мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Л.Цээс ажлын хөлс 12,750,000 /арван хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Гт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17,570,000 /арван долоон сая таван зуун далан мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Цийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,420,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид 360,780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Цт олгосугай.”  

4 дэхь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 228,367 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Гт олгосугай” гэснийг,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  нэхэмжлэгч Л.Цийн 1,420,650 /нэг сая дөрвөн зуун хорин мянга зургаан зуун тавь/ төгрөг, хариуцагч Т.Гийн 309,550 /гурван зуун есөн мянга таван зуун тавин/ төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Т.Гөөс улсын тэмдэгтийн хураамж 132,413 /нэг зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Цт олгосугай.” гэж, шийдвэрийн дугаарлалт 1-6 гэснийг 1-4 гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Цийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,400 /хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    М.МӨНХДАВАА

 

                                    ШҮҮГЧИД                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                               З.ТҮВШИНТӨГС