Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

           Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

           Улсын яллагч Т.Төмөртулга

           Шүүгдэгч Э.Д , С.Н ,

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Л  нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д , С.Н  нарт  холбогдох эрүүгийн 1822003710162 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

    Боржигон овогт Э-ийн Д

 

    Дугант овогт С-ын Н

 

    Яллах дүгнэлтэд дурдсанаар:

    Шүүгдэгч Э.Д , С.Н нар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар баг, ‘’Ч’’ гэх газарт байх иргэн Г.Т-ын 1 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлж 270000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 28-нд Г.Т-ын 2 ямаа 1 хонь манай хоньтой нийлсэн байсан болохоор авсан юм гэв.

 

Шүүгдэгч С.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Г.Т-ын 2 ямаа манай малтай нийлсэн байсан. Тэгээд хоёр ямааг нь хүнсэндээ хэрэглээд 10 дугаар сарын 31-ний өдөр Г.Т-ын мал бэлчиж байхад нь очиж нэг хонийг нь аваад нядалж, дүүдээрээ очиж борлуулсан. Хоёр ямаа, нэг хонины хохирлыг барагдуулсан. Гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Г.Т-ын: ...Миний мэдэж байгаагаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө манай малнаас 1 тооны хонь хулгайд алдагдсан. Алдагдсан хонь их содон зүстэй хонь байсан юм. ...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хонио услахад манайхаас хулгайд алдагдсан хонь байсан юм. Харин маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хонио тоолоход хар шилтэй, хар халзан зүсмийн эр хонь байхгүй байсан. Тэгээд бүх хонь, ямаагаа тоолж үзэхэд 4 тооны ямаа, 1 тооны хонь дутаж байсан. Манай саахалт айлын залуу болох Э.Д  2016 онд манай малнаас 7 тооны мал хулгайлж байгаад баригдаж хуулийн байгууллагаар шийдэгдэж байсан юм. Э.Д  өөрөө хэлэхдээ 2018 оны 10 дугаар сард манай малнаас 2 тооны ямаа, 1 тооны хонийг авсан, хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлдэг. Үлдсэн 2 тооны ямааг аваагүй гэж хэлдэг. Тэр 2 ямааг ямар зүсмийн мал байсан, хэзээ яаж алга болсныг мэдэхгүй байна. Ойр хавийн айлд нийлсэн байж магадгүй, одоогоор олоогүй байгаа. ...Тэр 2 ямааг Э.Д-ыг авсан гэж хэлж чадахгүй байна. ...Би одоо Э.Д-оос 1 тооны хонь, 2 тооны ямааг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-рт/

 

Гэрч Э.Б-ны: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Адаацаг сумаас 4 хүн аваад Улаанбаатар хотруу явсан. Тэгэхэд Э.Д-ын эхнэр С.Н  хамт явсан. Урд өдөр С.Н г утсаар яриад би хот явна... нэг малын махтай гэж хэлсэн. Тэгэхээр нь би малаа хийчихсэн байгаарай өглөө эрт гарна шүү гэж хэлсэн. Тэгээд маргааш хөдөө хүрээд очтол нэг шуудай мах байсан, өөр ачаа байгаагүй. Тэгээд хот орсон. ...Би 2018 оны 11 дүгээр сарын 4-ний орой Адаацаг суман дээр ирсэн. Тэгэхэд С.Н  хамт ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-рт/

 

Гэрч М.А-ийн: ...Э.Д  надад 2 ширхэг ямааны арьсыг намайг дэлгүүрт байхад мотоцикльтой ирээд өгсөн. Би хугацааг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан ямааны арьс өгсөн асуудал байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 20-рт/

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “ Үнэлгээ гаргуулахаар ирүүлсэн эд зүйлийг 2018 оны 10 дугаар сарын зах зээлийн үнэ ханшийг судалж үнэлгээ гарган хавсралтаар хүргүүлэв, хавсралтад 1 тооны бүдүүн эр хонь 110000 төгрөг, 2 тооны эр ямаа нэг тус бүр нь 80000 төгрөг ” гэжээ. /хх-ийн 12-23-рт/

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1-рт/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-рт/

- Хохирогч Г.Т-ын өргөдөл /хх-ийн 3-рт/

- Эд зүйл хураан авах тухай мөрдөгчийн санал, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5, 7-8-рт/

- Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21-рт/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаартай эд зүйл үнэлсэн тухай дүгнэлт /хх-ийн 28-рт/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-62, 64-65-рт/

- Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх нотлох баримт /хх-ийн 66-69-рт/

- Хохирогч Г.Т-д хохирол төлсөн баримт /хх-ийн 76-рт/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Д , С.Н  нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар баг, ‘’Ч’’ гэх газарт байх иргэн Г.Т-ын 1 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлж 270000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Д , С.Н  нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хохирогч Г.Т  “хуулийн дагуу шийдэж өгнө үү, өөр санал хүсэлт байхгүй, 320000 төгрөгийн хохирол төлсөн” /хх-ийн 76, 78-рт/ гэх хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.Д , С.Н  нар  учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал ба  шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн тэдний хувийн байдлыг  харгалзан шүүгдэгч Э.Д , С.Н  нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр  тэнсэж,  үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Боржигон овогт Э-ийн Д , Дугант овогт С-ын Н  нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Д , С.Н  нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Д , С.Н  нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

             4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар  шүүгдэгч Э.Д , С.Н  нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус тайлбарласугай.

 

              6. Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт Э.Д-ын өмчлөлийн ‘’Даюун’’ маркийн ....... улсын дугаартай мотоцикль 00914423 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаартай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

 

             8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан  Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Л.ОДОНЧИМЭГ