| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 223/2025/00012 |
| Дугаар | 223/МА2025/00024 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 223/МА2025/00024
2025 6 25 223/МА2025/00024
Д.Жын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 317/ШШ2025/00622 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Т..........аймаг, Д............. сум, .........дүгээр багт оршин суух, М........ овогт Д............Ж............ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т........... аймаг, Д......... сум, ........ 2 дугаар багт оршин суух, Ц......... овогт Н....... О................д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 39,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлээр авсан барааны үнэ болон зээлж авсан мөнгө нийт 31,004,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Ж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б..........,
Хариуцагч Н.О,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Б..............,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарын талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гаргасан тайлбарын агуулга: “...Би 2013 оноос эхлэн Н.Од ноос, ноолуур өгч ах, дүүгийн харилцаатай болсон. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Би болон манай нөхрийн хувьд Н.Огийн дэлгүүрээс өмнө нь зээлээр бараа авдаг байсан боловч 39,000,000 төгрөг зээлснээс хойш зээлээр бараа аваагүй. Бараа авах тохиолдолд мөнгөөр худалдан авалт хийдэг байсан. Н.О нь зээлсэн мөнгөө өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин Н.Огийн дансаар шилжүүлсэн мөнгө нь малынхаа ноос, ноолуур, арьс, шир өгсөн болон заруулсан өвсний мөнгө байсан.
Харин сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Н.Огаас бэлэн мөнгө зээлж байгаагүй. Намайг болон манай нөхрийг зээлээр бараа авч байсан, бэлнээр мөнгө зээлсэн гэж дэвтэр дээр бичсэн нь худлаа. Би мөнгө зээлэх шаардлага байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
2.Хариуцагч Н.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд хариуцагч Н.О, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарын гаргасан тайлбарын агуулга: “...Манайх 2013 оноос хойш Д.Ж, түүний нөхөр А.Хурц нартай найз нөхөд болсон. Би Д.Жаас 39,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Би хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. Д.Ж, түүний нөхөр А.Хурц нар манай дэлгүүрээс бараа, бэлэн мөнгө зээлдэг байсан. Уг мөнгийг зээлсэн мөнгөнөөсөө хасаж тооцож байсан. Мөн өнгөрсөн хугацаанд Д.Ж руу “ноос, ноолуур” гэсэн утгатайгаар мөнгө шилжүүлдэг байсан нь банкны дансны хуулгаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд Д.Ж нь манай дэлгүүрээс зээлээр бараа авч байсан. Дэлгүүрээс зээлсэн барааны үнэ болон бэлэн авсан мөнгө нь нийт 31,004,750 төгрөг болсон. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр намайг эмнэлэгт эмчилгээтэй хэвтэж байхад Д.Ж тооцоогоо хийе гэж хэлж байсан. Тэгэхэд миний бие өвдөж байсан, явж болохгүй гээд 12 сард тооцоо хийе гэтэл 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Д.Ж миний зургийг олон нийтийн сүлжээнд луйварчин гээд пост оруулсан байсан. Би зээлсэн 39,000,000 төгрөгийг төлсөн гэж бодож байна. Харин зээлээр авсан бараа нь их хэмжээтэй байсан тул дэвтэр дээрээ бичдэг байсан. Мөн тэд дансаар мөнгө шилжүүлсэн, дансны хуулга дээр ноосны үнэ, ноолуурын үнэ гээд бичиж байгаарай гэж гуйсан. Учир нь банкнаас зээл авахад хэрэгтэй байдаг гэсэн. Би эд нараас ийм их ноос ноолуур авч байгаагүй. Би мөнгө өгөх ёсгүй, харин ч илүү мөнгө өгсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Н.Огаас 39,000,000 /гучин есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Жад олгож, хариуцагч Н.Огийн 31,004,750 /гучин нэгэн сая дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Огаас улсын тэмдэгтийн хураамж 352,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жад олгож, хариуцагч Н.Огийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 312,974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Н.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэг нарын тайлбарын агуулга: “...Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна", 116.3-т "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэснийг тус тус зөрчсөн. Иймээс Д.Жын нэхэмжлэлтэй Н.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 39,000,000 төгрөг гаргуулах, зээлээр авсан барааны үнэ 31,004,750 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Үүнд:
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Н.О нь Д.Жаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг зээлсэн талаар маргаагүй боловч зээлийг эргэн төлсөн талаар нотлох баримтыг шүүхээс үнэлэлгүй нотолгооны үүргийн хуваарилалтыг үл харгалзан нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь 2013 оноос Д.Ж, Н.О нар танилцаж ах дүү шиг харилцаатай болж орж гарч явахад Н.О 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. Д.Ж болон түүний нөхөр А.Хурц нар дэлгүүрээс бараа зээлээр бичүүлээд аваад гардаг байсан талаар гэрчүүд мэдүүлдэг.
Дэлгүүрийн авлагыг тэмдэглэдэг 5 ширхэг дэвтэрт шүүхээс үзлэг хийхэд зарим бараа авсан тухай тэмдэглэл нь хэзээ бичсэн нь тодорхойгүй, магадгүй бүдэг бичиг дээр давхарлан бичсэн байх магадлалтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж тайлбарлан дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж, 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж тус тус заасныг дурдаж нотлох баримтаар тооцсонгүй гэсэн болно. Гэтэл хариуцагч тухайн цаг хугацаанд 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан болохоо нотлох баримт /дэлгүүрийн тохирлын гэрчилгээ/-аар нотолсон. Мөн энэ үйл баримт нь дэлгүүрт ажилладаг байсан 2 гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад нотлох баримтаар үнэлээгүй болно гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэснийг зөрчсөн.
Хариуцагч Н.Огийн Хаан банк дахь 5738028080 дугаарын данснаас болон хариуцагч Н.Огийн нөхөр Г.Мөнхбаатарын нэр дээрх Хаан банкны 5738001545 дугаарын данснаас Д.Жын нөхөр А.Хурцын нэр дээрх Хаан банкны 5738001840 дугаарын данс руу 2018-2022 онд ноос, ноолуурын үнэ гэх гүйлгээний утгатай 59,595,000 төгрөгийг, *1917# гэх гүйлгээний утгаар 6,500,000 төгрөгийг, 99247731 гэх гүйлгээний утгаар 3,580,000 төгрөг, Мөнхөө, Отгоо гэх гүйлгээний утгаар 36,350,000 төгрөг тус тус шилжүүлсэн мөнгийг Д.Жаас зээлсэн мөнгөө төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй байх ба хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэжээ. Гэтэл хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт бөгөөд нэхэмжлэгч ноос ноолуураа өгөөд авсан гэх 59,595,000 төгрөгийн ноос ноолуур хариуцагчид өгөөд авсан мөнгө гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтын хувьд нотолгооны хуваарилалтын дагуу ноос ноолуураа өгсөн гэдгээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй төдийгүй малын А данс ч хэрэгт байхгүй. Ноос ноолуур өгсөн байсан гэж үзэхэд ч ноос ноолуур гэсэн утгагүй 36,350,000 төгрөг хариуцагчаас нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн байхад шилжүүлсэн баримт буюу мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт хэрэгт авагдсан байхад нотлох баримтыг огт үнэлэлгүй өөрийн дотоод итгэлээр зээл төлсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Анхан шатны шүүх нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дэвтэр дээрх бичилт бүдэг байсныг магадгүй тодруулсан байх магадлалтай учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэснээс хууль зүйн дүгнэлт хийлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл хууль зүйн үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Д.Ж нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд татгалзлын үндэслэлээ нотлох үүрэг хүлээнэ. Зохигчид өөрт ашигтай тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүргийн хуваарилалтын хувьд сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад тус үүргийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд ч зөвхөн Н.Од хариуцуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр юм. Н.Огийн данснаас нийт 106,025,000 төгрөг Д.Жын болон түүний нөхөр А.Хурцын данс руу шилжүүлсэн байх үйл баримтыг хариуцагч тодорхой тайлбарлаж чадаагүй болно гэж шүүх дүгнэсэн нь нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
5.Нэхэмжлэгч Д.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Дэлгүүрээс авсан зүйл гээд яриад байх юм. Урьд нь авсан бүх зүйлийн үнийг төлсөн. Бүх тооцоо, тооллогоо бүгдийг нь хийж дуусгасан. Ер нь ийм их мөнгөн дүнтэй бараа аваагүй.” гэв.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хүний хооронд зээлийн харилцаа үүссэн. Буцаагаад “дэлгүүрээс бараа зээлсэн” нь үүрэг гүйцэтгэсэн хэлбэр биш гэж шүүх үзсэн. Д.Ж нь дэлгүүрээс бараа бичүүлээд бараа авдаг байсан нь үнэн. Гэхдээ төлбөрөө бэлнээр болон дансаар төлж байсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Үүргийг тогтоосон газар, хугацаанд, тохирсон хэлбэрээр шударгаар гүйцэтгэсэн. Харин 39,000,000 төгрөгийг зээлж авчхаад, буцаагаад дэлгүүрээс бараа авах замаар зээлийн үүргийг гүйцэтгэж барагдуулна шүү гэдэг хэлэлцээр, тохиролцоо хоёр хүний хувьд байгаагүй. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан үндэслэлд нийцэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
Гэрч нар мэдүүлэг өгөхдөө “...39,000,000 төгрөг зээлж аваад, буцаагаад дэлгүүрийн бараа өгч харилцан барагдуулсан гэж тохиролцсон бид нар харсан” гэх агуулгатай зүйл ярьдаггүй. Харин “...би Н.Огийн дэлгүүрт ажилладаг байсан, Д.Ж болон түүний нөхөр заримдаа ирж бараа авдаг байсан...” гэж мэдүүлэг өгсөн. Дансны хуулга, гүйлгээний утгаар Н.О, н.Мөнхбаатар нарын данснаас Д.Ж болон бусдын данс руу 2018-2022 оны хооронд “ноос, ноолуурын үнэ” гэх утгатай 59,595,000 төгрөг шилжсэн. Энэ талаар нэхэмжлэгч нь өөрөө малтай, хариуцагчид ноос, ноолуураа тушааж байсан гэдэгтэй маргахгүй. Тухайн үедээ ноос, ноолуураа тушаагаад төлбөр, тооцоо хийсэн асуудал байсан. Мөн дансаар 6,500,000 төгрөг, утасны дугаараар 36,395,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Эдгээр нь тухайн үед өгөлцөж, авалцаж үүрэг гүйцэтгэгдсэн, дууссан гэж шүүх дүгнэсэн нь зөв гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг шаардлага хангаж байгаа эсэхийг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл мөн эсэхийг дотоод итгэл үнэмшлээр дүгнэсэн. Огт нотлох баримтгүй, эсхүл эдгээр баримт хуурамч, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнээгүй. Д.Ж, Н.О хоёрын хоорондын маргаан шүүхийн асуудал болохоос гэр бүл, гэрлэлт цуцлалт, дундын эд хөрөнгийн маргаантай холбоотой асуудал биш. н.Хурц нь Д.Жын нөхөр. Гэхдээ Д.Ж өөрийнхөө эрхийн хүрээнд өөрөө л хариуцна. н.Хурц энэ хэргийн оролцогч биш, хамтран хариуцагч биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хариуцагч Н.Огийн өмгөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянав.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчөөгүй, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон байх ч сөрөг нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь нотлох баримт үнэлэх зарчимд нийцээгүй тул давж заалдах шатны шүүх үйл баримт болон хууль хэрэглээний талаар дараах дүгнэлтийг хийж шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.Ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч маргасан үндэслэлээ “...Бид 2013 оноос эхлэн найз нөхөд болсон. Би Н.Од ноос, ноолуур, арьс, ширээ зарж, өвс тэжээл заруулдаг байсан. 2017 онд Н.О биднээс мөнгө зээлдүүлээч гэж гуйсан. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Би болон манай нөхрийн хувьд Н.Огийн дэлгүүрээс өмнө нь зээлээр бараа авдаг байсан. Гэхдээ тухайн бүрд нь төлөөд дуусгасан ба 39,000,000 төгрөг зээлдүүлэхээс өмнөх асуудал. Мөн бэлнээр мөнгө зээлж авсан зүйлгүй. Иймд Н.Огаас 39,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Би Н.Огаас бараа болон бэлэн мөнгө зээлж авч байгаагүй. Намайг болон манай нөхрийг зээлээр бараа авч байсан гэж дэвтэрт бичсэн нь худлаа...” гэх тайлбар гаргаж маргасан.
Хариуцагч Н.О үндсэн нэхэмжлэлийг үл зөвшөөрч маргасан ба 31,004,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн үндэслэлээ “...2012 оноос хойш Д.Ж, түүний нөхөр А.Хурц нартай найз нөхөд байсан. Би Д.Жаас 39,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Гэхдээ миний ажиллуулдаг байсан хүнсний дэлгүүрээс Д.Ж, түүний нөхөр А.Хурц нар хүнсний бараа болон бэлэн мөнгө зээлдэг байсан. Үүнийг зээлсэн мөнгөнөөс хасаж тооцсон. Мөн тэдний данс руу ноос, ноолуур гэсэн утгаар мөнгийг нь буцаан шилжүүлсэн. Иймд 39,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд, манай дэлгүүрээс нэхэмжлэгч Д.Ж, түүний нөхөр А.Хурц нарын зээлээр авсан авсан барааны үнэ 20,404,750 төгрөг, бэлэн авсан мөнгө 10,600,000 төгрөг, нийт 31,004,750 төгрөг болсон. Би зээлж авсан барааг нь дэвтэр дээрээ бичээд тэмдэглэдэг байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.
Харин зохигчид 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 39,000,000 төгрөг зээлсэн үйл баримтын талаар маргаагүй болно.
3.Үндсэн нэхэмжлэлийн талаар:
3.1.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэвэл, нэхэмжлэгч Д.Ж хариуцагч Н.Огийн Хаан банкны 5738028080 дугаарын данс руу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 39,000,000 төгрөг шилжүүлэхдээ буцаан төлөх хугацаа тогтоогоогүй,
Нэхэмжлэгч Д.Ж 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 39,000,000 төгрөгийг хариуцагч Н.Огаас буцаан шаардсан,
Нэхэмжлэгч Д.Ж хариуцагч Н.Од зээлдүүлсэн 39,000,000 төгрөгийг авах зорилгоор Төв аймгийн Дэлгэрхаан сумын хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасан, Төв аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаар тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан.
Хариуцагч Н.О болон түүний нөхөр Г.Мөнхбаатарын Хаан банк дахь 5738001545 дугаарын данснаас "ноос, ноолуур" гэх утгатай 59,595,000 төгрөг, *1917# гэх утгатай 6,500,000 төгрөг, “99227731” гэх утгатай 3,580,000 төгрөг, “мөнхөө, отгоо” гэх утгатай 36,350,000 төгрөг, нийт 106,025,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Жын нөхөр А.Хурцын Хаан банк дахь 5738001840 дугаарын данс руу шилжүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 1, 3-4, 6, 15-16, 77-83, 162-187/,
3.2.Иймд давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан харилцан үүрэг хүлээсэн хоёр талт зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, зохигчид 39,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан нь маргаагүй үйл баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлжээ.
3.3 Зохигчид зээлийн гэрээг байгуулахдаа буцаан төлөх хугацааг тогтоогоогүй байх тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлдүүлэгч мөнгөө шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдүүлэгч буцаан төлөх үүргээ биелүүлэх ёстой.
Зохигчид 2023 оны 9 дүгээр сарын 27-ны 39,000,000 төгрөгийг буцаан төлөх талаар шаардсан гэх үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгч Д.Ж зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Ж хариуцагч Н.Огаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу үүсэж байна.
3.4.Хариуцагч Н.О нь нэхэмжлэгч Д.Жаас зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж маргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох нотолгооны үүрэг хуваарилагдаж байна.
Хариуцагч Н.О зээлсэн 39,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Жад буцаан төлсөн гэх тайлбараа нотлох зорилгоор шүүхэд өгсөн баримт болох 2018-2023 оны хооронд нийт 106,025,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны 5738001545 дугаартай дансны хуулганаас үзэхэд, нэхэмжлэгч Д.Жын нөхөр А.Хурцын Хаан банк дахь 5738001840 дугаарын дансанд мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгыг "ноос, ноолуур, *1917#, мөнхөө, отгоо” гэж бичсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай бус, өмнө нь зохигчдын хооронд үүссэн ноос, ноолуур, өвс, тэжээл худалдах худалдан авах харилцаатай холбоотой үйл баримт гэж үзэхээр байна.
3.5.Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх дээрх баримтыг зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг нотолсон хэрэгт ач холбогдол бүхий баримт гэж үнэлэх боломжгүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Огаас 39,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Жад олгож шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, хэвээр үлдээн шийдвэрлэлээ.
4.Сөрөг нэхэмжлэлийн талаар:
4.1. Анхан шатны шүүх хариуцагч Н.Огийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үйл баримт болон эрх зүйн маргааны төрлийг зөв тогтоож чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж дараах дүгнэлтийг хийлээ.
4.2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Зохигчид худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар маргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хариуцагч Н.О 2018-2023 оны хооронд 20,404,750 төгрөгийн бараа худалдсан, бэлэн мөнгө 10,600,000 төгрөг зээлдүүлсэн гэх нэхэмжлэлээ баримтаар нотлох, нэхэмжлэгч Д.Ж нийт 31,004,750 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах үүрэг тус тус хүлээнэ.
4.3.Хавтаст хэргийн 131-146 дугаар хуудсанд авагдсан баримт болох 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүгч хариуцагч Н.Огийн гаргаж өгсөн 5 ширхэг дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлд “...1 дүгээр дэвтэрт “...“1” дугаартай дэвтрийг гаргаж ирэв. Тус “1” дугаартай дэвтэр нь харагдах байдлаараа нил ягаан өнгөтэй, зузаан, дөрвөлжин шугамтай тэмдэглэлийн дэвтэр байх бөгөөд хуудас бүр дугаарлагдаагүй байна. Дэвтэрт бичигдсэн “Жагаа, Арьяа гэсэн нэр бичигдсэн хуудсыг гаргаж ирэхэд: 52,000 +22,500 +229 +22,000 +18,500 +113,500 +55600 +26000 +23,000 +5,000 +43,800 +30,000 +18,000 +19,000 +64400 +7500 +19,000 +62,000 +138,300 +37,500 +25,000 +17,000 +13,000 +31,000 +11,500 +5,000 +4000 +100,000 +6,000 +22,500 +617,800 +25,000 +62,000 +7,500 +260,000 +41,000 +460,800 +25,25000 +12,000 +15,000 +15,000 +3,000 +73,000 +148,500 +23,000 +47,500 +15,000 +15,000 +78,000 +39,000 +5,500 +70,300 +25,500 +115,000 +4,000+127,000=3,343,000
60,000 +20,000 +71,000 +55,000 +111,800 +6,500 +73,500 +15,000 +160,000 +14,000 +97,500 +23,500 +134,600 +50,900 +5,000 +115,000 +85,000 +2,000 +2,000 =4,444,80, 10,000 +20,000 +35,000 +34,500 +25,000 +62,500 +106,000 +15,000 +37,000 +15,500 +118,600+72,000 +32,500 +8,500 +162,000 +5,000=5,203,900, 65,500 +36,500 +3,000 +37,500 +36,500 +9,500 +13,000 +108,000 +6,500 +100,000 +114,000 +15,000 +17,500 +21,500 +5,000 =589.000 +49.000 +19.000 +12.000 +153.500 +4.800 +73.000 +6.000 +13.000
Жагаа+87,000 +33,000 +11,000 +43,000 +2,500 +84,000 +25,500 +92,900 +69,500 +13,000 +20,000 +57,000 +68,500 +20,000 +190,000 +40,500 +19,000 +7,000 +146,500 +4,500 +11,000 +4,500 +29,100 +8,000 +10,000 +15,000 +12,000 +189,500 +55,000 +5,000 +108,500 +113,900 +56,000 +9,000 +3,500 +31,000 +42,000 +2,500 +33,000 +5,000 +5,000 +11,500 +46,000 +5,000 +191,000 +70,500 +91,300 +5,500 +14,000 +37,000 +58,000 +28,000 +5,500 +27,500 +20,000 +20,000 +141,200 +109,000 +7,700 +30,500 +4,500 +226,500 +16,400 +5,500 +23,500 +24,300 +109,000 +163,000 гэх,
2 дугаар дэвтэрт “...Шүүгч “2” дугаартай дэвтрийг гаргаж ирэв. Тус “2” дугаартай дэвтэр нь харагдах байдлаараа цэнхэр өнгөтэй доод хэсэг нь урагдаж, хуучирсан, дэвтрийн хуудас дугаарлагдаагүй байх бөгөөд дэвтэрт бичигдсэн Аръяа (Жагаа) нэр бичигдсэн хуудсыг гаргаж ирэхэд 13,800 +43,000 +32,000 +20,000 +16,000 +19,850 +35,300 +32,100 +3,500 +12,300 +2,000 +23,300 +5,000 +15,600 +33,000 +5,500 +23,900 +16,000 +22,300 +28,100 +3,000 +21,000 +39,600 +1,800 +15,000 +9,000 +7,000 +13,500 +7,500 +11,000 +1,400 +4,500 +10,000 +13,000 +18,000 +20,000 +2,000 +41,300 +2,500 +15,000 +42,700 +10,500 +27,000 +5,000 +13,500 +15,000 +13,000 +785,350 +15,000 +3,000 +13,500 =816,850
3 дугаар дэвтэрт “...Шүүгч “3” дугаартай дэвтрийг гаргаж ирэв. Тус “3” дугаартай дэвтэр нь харагдах байдлаараа хавтасгүй, сурагчийн элемент, дөрвөлжин шугамтай, хэд хэдэн дэвтрийг нэгтгэсэн байх бөгөөд хуудас нь дугаарлагдаагүй байна. Дэвтэрт бичигдсэн Аръяа, Жагаа нарын авсан барааны үнэ бичигдсэн хэсэг гэж хариуцагч нь 3 хуудсыг зааж өгөв. Уг хуудаст: “...49,500 +15,000 +13,000 +35,300 +22,000 +12,000 +31,500 +9,000 +15,500 +27,700 +39,500 +60,000 +135,000 +5,000 +153,000 +237,500 +53,700 +50,000 +130,000 +31,000 +49,500 +39,400 +75,500 +25,000 +31,300 +22,600 +112,500 +30,000 +16,800 +35,800 +53,400 +18,500 +17,500 +20,500 +33,000 +152,000 +4,200 +17,500 +7,000 +48,000 +30,000 +41,000 +29,600 +60,000 +15,500 +27,700 +17,000 +20,500 +90,000 +30,500 +77,000 +28,500 +65,000 +21,000 +29,500 +1,500 +3,000 +63,000 +11,000 +104,800 +33,000 +58,000 +28,000 +13,000 +34,000 +14,000 +162,500 +15,000 +13,000 +18,500 +1,800 +19,600 +5,500 +17,500 +11,000 +58,500 +21,500 +130,000 +20,600 +63,500 +25,200 +3,500 +6,500 +4,000 +21,000 +34,000 +118,000 +13,000 +,20,000 +15,000 +15,000 +26,500 +108,900 +12,000 +11,400 +10,000 +74,300 +13,000 +5,500 +78,000 +26,600 +44,000 +36,000 +8,000 +4,000 +20,600 +11,500 +23,000 +31,600 +27,000 +20,000
Аръяа жагаа 25,000 +22,800 +60,500 +21,000 +15,000 +4,000 гэж балаар бичсэн гар бичвэр байв.
4 дүгээр дэвтэрт “...Шүүгч “4” дугаартай дэвтрийг гаргаж ирэв. Тус “4” дугаартай дэвтэр нь харагдах байдлаараа улаан цоохор өнгөтэй, сурагчийн А4 хэмжээний дөрвөлжин шугамтай дэвтэр байх бөгөөд хуудас нь дугаарлагдаагүй байна. Дэвтэрт бичигдсэн Аръяа, Жагаа нарын авсан барааны үнэ бичигдсэн хэсэг гэж хариуцагч 1 хуудсыг зааж өгөв. Уг хуудаст: Аръяа, жагаа 5,000 +5,000 +7,400 +5,000 +21,000 +14,500 +4,300 +10,000 +15,000 +10,000 +5,000 +20,000 +45,000 +30,000 +10,000 +3,500 +20,800 +10,000 +2,000 +14,000 +60,000 +400,000 +12,000 +3,000 +800 +1,000 +11,500 +4,700 =668,000 +16,000 +357,050 +2,000 +14,000 +13,000 +1,500 +1,000 +1,800 +1,500 +22,000 +12,300 +1,800 +2,500 +1,500 +3,500 +2,000 +16,000, Аръяа 13,000 +1,500 +2,000 +5,000 +13,000 +3,000 +100,000 +4,000 +6,000 +2,400 +16,000 +6,000 +18,500 +203,400 +5,000 +13,000 +36,500 +10,000 +2,000 +9,500 +1,800 = 2,717,550 гэж балаар бичсэн, гар бичвэр байв.
5 дугаар дэвтэрт “...шүүгч “5” дугаартай дэвтрийг гаргаж ирэв. Тус “5” дугаартай дэвтэр нь харагдах байдлаараа солонгон 7 өнгөтэй сурагчийн А4 хэмжээний дөрвөлжин шугамтай дэвтэр байх бөгөөд хуудас дугаарлагдаагүй байна. Дэвтэрт бичигдсэн Аръяа, Жагаа нарын авсан барааны үнэ бичигдсэн хэсэг гэж хариуцагч нь 1 хуудсыг зааж өгөв. Уг хуудаст Аръяа Жагаа 500,000+750,000+500,000=1.750.000 өгөв. Аръяа Жагаа 3-сар, Аръя 500,000 өгөв, 750,000, 500,000, 1,250,000 үлдэв өвс хасав. (300,0000) 4 сар 500,000, 750,000, 500,000, 2,050,000, 12-14ү 100,000 өөрөө авсан Жагаа, 7.25ү 3,500,000 өгөв, 10.17-д 100,000 өгөв, 450,000 мө-58-20ү 112,800-цэцээ, Тод-600,000 бэлнээр өгөв. 100,000 өгөв, 100,000 өгөв (200,000)” гэж тусгагдсан байна.
Мөн гэрч Э.Энхзул "...миний хувьд Н.Огийн дэлгүүрт 2019-2023 он хүртэл худалдагчаар ажилласан. Д.Ж болон түүний нөхрийг танина. бэлэн мөнгөөр бараа авч байгаагүй, дандаа бичүүлж аваад өөрсдөө бас давхар бичиж байгаа гэж тайлбарладаг байсан. ...Ямар ч байсан мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө авдаг. Өдөрт 20,000-30,000 төгрөг авдаг байсан. Яг хэдэн төгрөгийн бараа болон мөнгө авсан байсан талаар мэдэхгүй байна..." гэж,
гэрч Ц.Дашбямба "...би 2017-2023 он хүртэл Н.Огийн дэлгүүрт туслах, үйлчлэгчээр ажиллаж байсан. ...бараа болон бэлэн мөнгө авдаг байсан. Д.Ж нь Н.Огийн дэлгүүрт орж ирчихээд биччихээрэй аниа гээд гардаг байсан. Баяраар хайрцаг, хайрцгаар нь бараа авч явдаг байсан. Малчинд мөнгө өгнө тэрийг өгөөч гэж утсаар ярьдаг байсан. Миний хувьд Н.Огаас ийм их хэмжээний бараа Д.Жад өгч болж байна уу гэж асуухад Н.О нь өгчих, өгчих аниан нь мэдэж байгаа гэдэг байсан..." гэж тус тус мэдүүлжээ.
4.4.Шүүх үзлэг хийсэн дэвтэрт тусгагдсан нэрний талаар нэхэмжлэгч Д.Жаас тодруулахад өөрийг нь Жагаа, нөхрийг Аръяа гэж дууддаг талаар шүүх хуралдааны шатанд тайлбарласан тайлбар, бараа зээлээр өгсөн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, дэлгүүрт ажиллаж байсан гэрч нарын мэдүүлгээр хариуцагч Н.Огийн дэлгүүрээс нэхэмжлэгч Д.Ж бараа зээлээр авдаг байсан гэх үйл баримт тогтоогдож байгаа тул зохигчдын хооронд худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
4.5.Нэхэмжлэгч Д.Ж 39,000,000 төгрөг зээлдүүлэхээс өмнө хариуцагч Н.Огийн дэлгүүрээс бараа зээлээр авч байсан. Гэхдээ ийм их мөнгөн дүнтэй бараа авч байгаагүй. Мөн тухайн үедээ тооцоогоо дуусгасан гэж марган татгалзаж байгаа үндэслэлээ 2018-2021 оны Хаан банкны 57380018140 дугаартай дансны гүйлгээний баримтаар нотлогдсон гэж мэтгэлцсэн.
Хавтаст хэргийн 99-127 дугаар хуудсанд авагдсан нийт 19,300,900 төгрөгийн гүйлгээ хийгдсэн Хаан банкны 57380018140 дугаартай дансны гүйлгээний хуулганаас дүгнэхэд, 7,500,000 төгрөгийг арьс, шир гэсэн утгаар шилжүүлсэн байхаас гадна нэхэмжлэгч Д.Ж шүүх хуралдааны шатанд Н.Од 10,000,000 төгрөг зээлдүүлсэн ...гэхдээ нэхэмжлээгүй гэсэн, мөн бусад гүйлгээний талаар "...би эдний дэлгүүрээс юм авахдаа картаар гүйлгээ хийж авсаныг нотолсон..." гэж тайлбарласан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 19,300,900 төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй байна.
4.6. Нэхэмжлэгч Д.Ж зээлээр авсан барааны үнийг төлсөн болохоо баримтаар үгүйсгэж нотолж чадаагүй тул бараа зээлээр өгсөн дэвтэрт үзлэг хийсэн дээрх тэмдэглэлийг үндэслэн тооцоо гаргахад, түүний худалдан авсан барааны үнэ нийт 12,615,650 төгрөг болж байна.
Түүнчлэн хариуцагч Н.Огийн өгсөн 5 дахь дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлд “...100,000 өөрөө авсан Жагаа” гэснээс бусад нь өвсний тооцоотой холбоотой болон өөр бусад хүний нэр, утга бичигдсэн байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийт 12,715,650 төгрөгт холбогдох хэсэг баримтаар тогтоогдсон, харин 18,289,100 төгрөгт холбогдох хэсэг нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5.Иймд давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлтэй холбоотой үйл баримт болон хууль хэрэглээний талаар дээрх дүгнэлтийг хийж, хариуцагч Н.Огийн нэхэмжлэлээс 12,715,650 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18,289,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6.Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийж зохигчдын гэрээний дагуу хүлээсэн үүргүүдийг харилцан тооцолгүй тус тусад нь тогтоосон болно.
Харин зохигчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг бодож, харилцан тооцож хариуцагч Н.Огаас 134,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Жад олгож улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн холбогдох заалтыг өөрчлөв.
7.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,974 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 317/ШШ2025/00622 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Н.Огаас 39,000,000 /гучин есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Жад олгож, хариуцагч Н.Огийн 31,004,750 /гучин нэгэн сая дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,
“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243,1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Огаас 39,000,000 /гучин есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Жад олгож,
нэхэмжлэгч Д.Жаас 12,715,650 /арван хоёр сая долоон зуун арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18,289,100 /арван найман сая хоёр зуун наян есөн мянга нэг зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Огаас улсын тэмдэгтийн хураамж 352,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жад олгож, хариуцагч Н.Огийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 312,974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг,
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Жын төлсөн 352,950 /гурван зуун тавин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг, хариуцагч Н.Огийн төлсөн 312,974 /гурван зуун арван хоёр мянга есөн зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Огаас улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 134,550 /нэг зуун гучин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Жад олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Н.Огийн өмгөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Н.Огийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,974 /гурван зуун арван хоёр мянга есөн зуун далан дөрөв/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТҮВШИНТӨГС