| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00004/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Д.Дарьсүрэн нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1822000000156 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Б-ын Э
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Э 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутаг ‘’Б’’ гэх газраас тус сумын иргэн М.О-ын 1 тооны ямааг хулгайлахаар завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас мотоцикльтой аав дээрээ ирсэн. Аавын бие муудсан байсан юм. Буцахдаа найз Э.Д-г авч аймгаас хойш 10 гаруй клометр явж байгаад замын хажууд айлын мал байхаар нь Э.Д-д тийшээ оч гэж хэлсэн. Би Э.Д-г яах гэж байгаа юм бэ, юун айлын мал дээр очих гээд байгаа юм гэхэд зүгээрээ оч, оч гээд очуулаад 1 ямаа бариад дүүрээд мордсон. Яах гээд байгаа юм бэ боль гэхэд нь зүгээр яв, аймаг руу буцаж явна гэж хэлсэн. Тэгээд явж байтал малын эзэн гарч ирэхээр нь ямааг нь 300 метр орчим яваад тавьчихсан. Цаашаа явж байгаад мотоцикль эвдрээд эзэн нь дагаж явсаар байгаад бид хоёр дээр ирээд цагдаа дуудсан гэв.
Хохирогч М.О-ын: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутаг ‘’Б ‘’ гэх газарт хонио хариулаад ганцаараа мотоцикльтой явж байтал хонь бөөгнөрсөн байдалтай байхаар нь мал хулгайд алдагдсан юм шиг санагдаад урагшаа явж өндөрлөг газарт гарахад мотоцикльтой 2 хүн голдоо мал дүйрээд явж байсан. Би араас нь хөөж очиход тэр хоёр хүн зугтаасан. Тэгээд 2-3 км газар яваад нөгөө хоёр хүн авч явсан ямааг буулгаж үлдээгээд зугтаасан. Тэр үлдээсэн ямаа улаан зүсмийн зөв чих нь урдаасаа ганзага, буруу нь араасаа ухам чихлээстэй, манай бүдүүн эр ямаа байсан. Тэр хоёр залууг араас нь үргэлжлүүлэн туулгаад очиход ард нь сууж явсан хар өнгийн дээлтэй өндөр залуу нь отверк гаргаж ирээд ойртох юм бол ална шүү гэж хэлж байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Би ямаагаа эрээд олоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-рт/
Гэрч Э.Д-ийн: ...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал найз Б.Э улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльтойгоо ирээд Эрдэнэдалай сумруу явах гэсэн юм, чи найзынхаа мотоциклийг унаад яваад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд 14 цагийн үед мотоциклийг нь унаад Эрдэнэдалай сумын замаар явсан. Аймгаас гараад 10 орчим км явж байтал замын хажуу талд айлын хонь бэлчиж байсан. Тэгтэл Б.Э тэр хонин дээр хүрээд оч гэхээр нь би тэр хонины байгаа газар очоод хонийг бөөгнүүлсэн, тэгтэл Б.Э мотоциклийн араас буугаад улаан зүсмийн ямаа барьж аваад араар сундлаад хөдөл гэхээр нь би хөдөлсөн. Б.Э аймагруу яв гэж хэлэхээр нь аймгийн замаар буцаад явж байтал араас нэг мотоцикльтай хүн туулгасан. Тэгэхээр нь би явж байгаад наад ямаагаа буулга гээд ямааг буулгасан. Тэгээд цаашаа зугтааж байтал мотоцикль зогссон. Тэгээд ямааны эзэн гэх залуу ирээд цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-рт/
Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “ Үнэлгээ гаргуулахаар ирүүлсэн эд зүйлийг 2018 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэ ханшийг судалж үнэлгээ гарган хавсралтаар хүргүүлэв, хавсралтад 1 тооны бүдүүн эр ямаа 110000 төгрөг” гэжээ. /хх-ийн 13-14-рт/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-рт/
- Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5-рт/
- Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-рт/
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 147 дугаартай эд зүйл үнэлсэн тухай дүгнэлт /хх-ийн 19-рт/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-39, 41-48, 50-51-рт/
- Хохирогч М.О-д хохирол хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 69-рт/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Э 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутаг ‘’Б’’ гэх газраас тус сумын иргэн М.О-ын 1 тооны ямааг хулгайлахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Э-ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.О хэрэгтэй танилцсан баримт болон тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “хохирлоо бүрэн төлүүлсэн, гомдол саналгүй” /хх-ийн 69-70-рт/ гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Э-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э урьд Дорноговь аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13303000 төгрөгөөр торгох ялыг тус тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэлтрүүлсэн, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүлйийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б-ын Э-ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э-д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Шүүгдэгч Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ