Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

            Шүүгдэгч Д.З , түүний өмгөөлөгч Х.О  нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З-д холбогдох эрүүгийн 1822002940152 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Дарга овогт Д-ийн З

 

   Яллах дүгнэлтэд дурдсанаар:

   Шүүгдэгч Д.З  2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 0 дүгээр гудамжны 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Ц-тэй маргалдаж, түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Д.З  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сард манай ах Г.Ц  Улаанбаатар хотоос хөдөө явна гэж манайд ирсэн. Манай нэг ах нас барсан байсан учир хөдөөнөөс хүмүүс ажил явдалд ирсэн байсан. Тэд нар манай гэрт архи ууцгаасан. Би тэр хооронд эзгүй байсан. Үдээс хойш намайг ирэхэд Г.Ц  хөршийн хүүтэй хоёр айлд оччихоод ирье гээд явсан. Тэгээд тэр айлын хүүхнүүдийг янз бүр болгоод байсан учраас ахыгаа хурдан аваад яваач гэцгээж байсан. Орой гэрт нэлээн согтуу ирсэн. Би үдээс хойш гэртээ ирсэн найз нартайгаа нэг юм уусан байсан. Ингээд айлын хүүтэй ахыг дамжилж гэрт хөтөлж оруулаад орон дээр ор засаад хэвтүүлсэн. Би зурагтын наагуур газраар гудас дэвсээд хэвтсэн. Тэгэхэд таягаараа хатгаад тэр хүүхний утасны дугаарыг олж өгнө гэсэн яасан, Баатарын эхнэрийг хавьтуулсангүй, чи яагаад намайг авч ирж байгаа юм гээд таягаараа хатгаад, зуух байсныг бас тачигнуулаад байсан. Тэгэхэд би та юу яриад байгаа юм бэ, би таны ярьж байгааг ойлгохгүй байна гэж хэлсэн. Би сүүлдээ гэнэт уур хүрээд дэргэдээ байсан сандлаар савж цохьсон. Нэг харахад ахын нүүрнээс цус гоожиж байсан ба цусыг гар нүүрний алчуураар дараад, гадаа гарч түргэн дуудсан. Тэгтэл айлын хүү хашаандаа явж байгаад яасан бэ гэхээр нь ахыгаа зодчихлоо, баларлаа гэж хэлэхэд айлын хүү ирээд хоёулаа миний машинтай аваад явах уу гэж хэлсэн. Тэгтэл түргэн ирсэн. Түргэний машинтай цуг эмнэлэг дээр ирээд байж байхад намайг цагдаа эрүүлжүүлэх байранд саатуулна гээд аваад явсан. Тэр шөнө ах Г.Ц  хүүхэдтэйгээ яриад, өглөө эхнэр, хүүхэд нь ирээд авч явсан гэж айлын хүү хэлсэн. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, гэмшиж байна гэв.

 

Хохирогч Г.Ц-ийн ...Д.З  сууж байсан төмөр сандлаа гартаа бариад надруу далайгаад ирсэн. Би Д.З-д хандаж чи толгойруу цохихгүй шүү гэж хэлээд өөрийн таягаараа Д.З-ыг саатуулах санаатай хүзүүрүү нь түлхсэн. Тэгтэл Д.З  миний таягийг гараас булааж аваад голоор нь хугалаад шидсэн. Тэгээд гартаа дахиж төмөр сандлаа бариад миний толгойн баруун нүдний дээд хэсэгт цохиход толгойноос цус гарсан. Дараа нь намайг орон дээр хэвтэж байхад Д.З  миний дээр мордож суугаад толгойруу өмнө нь цохьсон хэсэгрүү дахиж сандлаар цохьсон. Дараа нь хоёр гараараа миний нүдрүү цохьсон. Тэгээд би ухаан алдсан....гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-рт/

 

Гэрч Ц.О-ны ...2018 оны 8 дугаар сарын 20-ны өглөө 7 цаг 30 минутын үед Г.Ц залгаад төрсөн дүү Д.З  зодчихлоо, намайг ирж ав гэж хэлэхээр  нь би хотоос Дундговьруу явсан. Очоод юу болсон талаар асуухад дүү Д.З  гэрт унтаж байхад орж ирээд нүүррүү цохиод босч чадахгүй байсан чинь төмөр сандлаар толгойруу цохьсон, тухайн үед ухаан балартаад юу болсныг мэдээгүй, хажуу айлын залуу орж ирээд эмнэлэгт хүргэж өгч оёдол тавиулсан гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-рт/

 

Гэрч Ч.Г-ийн ...Би 22 цагийн үед ажил дээрээ өвчтөнүүдэд эмчилгээ хийж байхад манай нөхөр Г.Ц  ахын утсаар залгаад би ахыг зодчихлоо, түргэн дуудаад байж байна, одоо наана чинь очлоо гэж хэлсэн. Би эмчилгээ хийж байгаад эмнэлэгийн яаралтай тусламжруу ороход сувилагч нар Г.Ц  гэдэг хүнийг толгойныхоо баруун хөмсөгний дээд талд оёдол тавиулаад явсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-рт/

 

Гэрч Д.А-ийн ...Би хашааны завсраар харж байгаад хашаа даваад гэрт нь ороход гэрт Г.Ц  гэдэг хүний толгойноос цус гарч байсан. Би юу болсон юм гэж асуухад Г.Ц  надад наад тэнэг чинь намайг зодчихлоо гэж хэлж байсан. Тэгээд түргэн ирээд Г.Ц-ийг аваад явсан. Тэр үед Г.Ц  гэрийн баруун талын орон дээр сууж байсан ба хажууд нь нэг төмөр сандал байсан. Г.Ц  энэ төмөр сандлаар Д.Заяат намайг цохьсон гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-рт/

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 10506 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“1. Г.Ц-ийн биед баруун зулай, дух, нүдний ухархайн дээд, дотор, доод хана, хоншоор ясны хугарал, дух хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, дух, зүүн шуу, баруун сарвуунд шарх, баруун дээд, доод зовхи, бугалга, шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна..гэжээ. /хх-ийн 29-рт/

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1342 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний гаргасан 10506 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

 2. Г.Ц-ийн биед дух яс, баруун нүдний ухархайн дээд, доод ханын нийлмэл шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, дух, баруун тохой, баруун сарвуу, зүүн шуунд шарх, баруун нүдний зовхи, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо. Г.Ц-ийн биед учирсан дух ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...гэжээ. /хх-ийн 38-39-рт/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-39-рт/

- Шүүгдэгч Д.З-ын хувийн байдлын талаархи баримт /хх-ийн 43-49-рт/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.З  нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 0 дүгээр гудамжны 0 тоотод төрсөн ах Г.Ц-ийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Ц  мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: ‘’ ...Би Д.З-аас ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй...’’ /хх-ийн 18-рт/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-д зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан боловч шүүгдэгч Д.З-ын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн  гомдол саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.З-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээ авах зүйтэй байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан 25.2 см өндөртэй, 22 см голч тойрог бүхий дугуй тавцантай цэнхэр өнгийн будаг нь арилсан 1 ширхэг төмөр сандлыг устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт хураагдсан зургийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

  Шүүгдэгч Д.З энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болно. 

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Дарга овогт Д-ийн З-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.З-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.З-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

 4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 25.2 см өндөртэй, 22 см голч тойрог бүхий дугуй тавцантай цэнхэр өнгийн будаг нь арилсан 1 ширхэг төмөр сандлыг устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт хураагдсан зургийг эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

              5. Шүүгдэгч Д.З энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

              6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

    7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ