Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 224/МА2025/00019

 

  Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

  Увс аймгийн Э газарт холбогдох

иргэний хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 318/ШШ2025/00232 дугаар шийдвэртэй,

        Г.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Э газарт холбогдох, “Увс аймгийн Э газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,561,280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Э газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.575.142 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажилгүй байсан 3 сар 16 хоногийн хугацааны цалинд нийт 7,561,280 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

       2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:  Г.Г миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2022/00251 дугаартай шийдвэрийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаартай Э газрын даргын тушаалаар ажилдаа эргэн орсон.

      Хэдий тушаал маань 01 дүгээр сарын 31-ний өдрийн огноотой байгаа ч миний бие 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хүлээж авсан. Гэтэл намайг ажлаа авахаас 7 хоногийн өмнө буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал хийж надтай хамтарч ажиллах боломжгүй гэх агуулга бүхий шийдвэрийг гаргасан гэх шалтгаанаар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалаар дахин хууль бусаар, үндэслэлгүй үүрэгт ажлаас маань чөлөөлсөн.

      Тус тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаад Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2024/00208 дугаартай шийдвэрийн дагуу ажилдаа эргэн орсон боловч дахин Увс аймгийн Э газрын дарга Ц.А-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаал гарч үүрэгт ажлаас маань чөлөөлсөн.

       Байгууллагын хагас жилийн ажил хангалтгүй биелэгдсэн гэж үзэж намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тухайн байгууллагын ажил ганцхан миний хийсэн ажлын үзүүлэлтээс бус хамт олны ажлын үзүүлэлтээс хамаардаг ойлголт гэж үзэж байна. Миний сарын дундаж цалин хөлс 2,028,640 төгрөг бөгөөд өдрийн дундаж цалин 92,210 төгрөг тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна.

        Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.

      Иймд Увс аймгийн Э газрын дарга Ц.А-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс  гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Э газрын татгалзлын үндэслэл: “...Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн өрхийн эрүүл мэндийн төвийг хагас бүтэн жилээр жилдээ 2 удаа дүгнэх бөгөөд энэхүү журмын дагуу Х өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дүгнэх ажлын хэсэг аймгийн Засаг даргын 2024 оны А/376 дугаар захирамжаар томилогдож ажиллахад тус эрүүл мэндийн төвийн үйлчилгээ хангалтгүй үнэлэгдэж, мөн Эрүүл мэндийн даатгалын газрын шалгалтаар санхүүгийн зөрчилтэй гэдэг нь тогтоогдож, дарга Г.Г-д акт тавигдсан байдалтай байсан.

     Мөн Эрүүл мэндийн сайдын А/122 дугаар тушаалын 6.12-т зааснаар хангалтгүй гэдэг ангиллын дүгнэлт гаргасан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын оноо болон Эмнэлгийн тусламж үйлчилгээний нийлбэр оноогоор хагас жилийн ажлын дүгнэлтээр 69,25 оноо авсан. Энэхүү оноо нь хангалтгүй дүгнэлт бөгөөд дээрх журмын 2.8, 2.9 дэх заалтыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн. Мөн Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/46 дугаар зөвлөмжийг үндэслэл болгосон” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 318/ШШ2025/00232 дугаар шийдвэрээр:

     - Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-ийн Увс аймгийн Э газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7,561,280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

     5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журмын холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой зүйл заалтыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хангалттай дүгнээгүй гэж үзэж байна.

       Шүүх шийдвэртээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дэх хэсэг, 80.4 дэх хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдсон эсэх, ажлын гүйцэтгэлийг хангах хугацаа олгосон эсэх, журмын дагуу мэдэгдсэн эсэх нь маргаан бүхий эрх зүйн актын үндэслэлд нөлөөлөхгүй” гэж үзсэн. Гэтэл ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дээрх хуулийн зохицуулалтын дагуу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон байхад шүүх дээрх үндэслэл нь хамааралгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

   Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ төрийн албан хаагчийг түр орлон гүйцэтгэхдээ байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөх шаардлагагүй, энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана гэж дүгнэсэн. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлэн, түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа шийдвэрт орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай тохиолдолд зарим үүргийг хязгаарлах” талаар зохицуулсан. Энэхүү хуулийн зохицуулалтад нийцүүлээд тухайн байгууллага асуудлаа дотоод журмаараа нарийвчлан зохицуулсан. Энэ асуудлыг буруутгах боломжгүй.

      Тухайн Э газарт мөрдөж байгаа дотоод журмыг ямар нэгэн байдлаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн эрх зүйн акт байхгүй. Байгууллагын дотоод журмын зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т нийцэж гарсан. Уг заалтыг зөрчсөн зохицуулалт биш юм.

      Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн, тухайн аж ахуй нэгж байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг мөрдүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, байгууллагын дотоод журам нь хууль тогтоомжид нийцэж гарсан бол тухайн акт нь хүчин төгөлдөр эрх зүйн акт болж, тухайн байгууллагын хүрээнд үйлчлэх эрх зүйн акт болж хувирч байгаа.

      Энэ заалтын хүрээнд тухайн Э газар нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т нийцүүлэн байгууллагын дотоод журмыг баталж мөрдөж, хэрэгжүүлдэг. Дээрх журмын 3.2.1-т орлон гүйцэтгэгч этгээд өөрөө байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн дараах асуудлыг шийдвэрлэнэ гээд орлон гүйцэтгэгчийн хэрэгжүүлэх эрх хэмжээг нарийвчлан заасан.

      Мөн орлон гүйцэтгэгч ажиллаж байх хугацаандаа хориглох зүйлүүдийг бас дотоод журмаар зохицуулсан. Үүнд 2 төрлийн асуудлыг шийдвэрлэнэ гээд байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хэвийн байдлаар хангах зорилгоор хугацаатай тайлан мэдээ гаргаж, холбогдох газарт хүргүүлэх, дотоод журамд заасны дагуу олгох чөлөө тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээг олгосон.

       Харин дотоод журмын 3.2.2-т байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, боловсон хүчний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийг хориглохоор нарийвчлан зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх энэ асуудалд дүгнэлт хийгээгүй, дотоод журмаараа зохицуулагдах асуудал биш гэж дүгнэлт хийж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн болон Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа. Энэ зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасантай нийцсэн. Өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалтыг зөрчиж гарсан зохицуулалт биш гэж үзэж байгаа.

     Мөн анхан шатны шүүх ажлаас чөлөөлсөн үндэслэлд дүгнэлт хийсэн. Энэ тохиолдолд ажлаас чөлөөлсөн шийдвэр нь үндэслэлтэй байна уу гэдгээс үл шалтгаалан, чөлөөлөх шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд гаргасан байна уу гэдэгт нь эхний ээлжид дүгнэлт хийх ёстой.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т болон мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасны дагуу ажлаас чөлөөлөх шийдвэрийг ажил олгогч гаргана гэж заасан. Ажил олгогч гэж хэн болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар тодорхойлсон. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу чөлөөлөх, томилох эрх хэмжээ нь Э газрын даргад байгаа.

    Тухайн шийдвэрийг гаргах үед Э газрын даргын үүргийг Ц.А гэдэг хүн гүйцэтгэж байсан. Ц.А ээлжийн амралттай байх хугацаанд Т гэгч Ц.А-ийн нэр дээр гарын үсэг зурж, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзэж байна.

      Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, “ажил олгогч ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргахдаа ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-2-т заасан үндэслэлээр чөлөөлж байна гэсэн шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан үндэслэл тогтоогдсон эсэх мөн алдаа зөрчлөө арилгах талаар хугацаа тогтоож өгсөн эсэх нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахад нөлөөлөхгүй” гэдэг байдлаар дүгнэлт хийсэн.

      Өөрөөр хэлбэл хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа үндэслэлээс харилцан зөрүүтэй дүгнэлт хийсэн. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан зөрчлийг гаргасан учир ажлаас чөлөөлсөн гэдэг.

      Гэтэл энэ үндэслэлд хамаарахгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан.

      Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь тусгайлан олгосон эрх үүргийн хүрээнд хэрэгжих ёстой. Өөрөөр хэлбэл тухайн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд түр орлон гүйцэтгэж байгаа тохиолдолд орлон гүйцэтгэгчийн хуулиар хэм хэмжээг тогтоосон акт нь тусгайлан олгогдсон эрхэд үндэслэн эрх зүйн актыг гаргах ёстой.

     Тэгэхээр энэхүү эрх хэмжээ нь байгууллагын дотоод журмаар бол олгогдоогүй юм байна. Төрийн албаны хуулийн 43.2-т эрх хэмжээг бүтнээр нь эсхүл шаардлагатай тохиолдолд зарим хэсгийг нь олгохгүй байхаар зохицуулж болно гэдэг байдлаар хуульчилсан.

       Э газрын даргыг ээлжийн амралттай байх хугацаанд Б.Б-г даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр албан ёсоор томилсон тушаал, шийдвэр гараагүй, эрх хэмжээг нь бүтнээр эсхүл хязгаартай олгох эсэхийг тодорхойлсон эрх зүйн акт гараагүй. Тэгэхээр түр орлон гүйцэтгэж байгаа асуудал нь мөн хууль журмын дагуу бус гэж үзэж байгаа учир давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна” гэв.

     6. Нэхэмжлэгч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т, өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна гэж заасан.

       Тэгэхээр Нөхөрлөлийн тухай хуулиар давхар зохицуулагдана гэсэн үг юм. Нөхөрлөлийн тухай хуульд Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А320 өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэмд нөхөрлөлийн гүшүүдийн хурлаас тус төвийн удирдлага чөлөөлөх эрх бүхий гишүүнийг томилж чөлөөлнө гэсэн заалт байдаг.

      Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д: “удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно” гэж заасан. Эрүүл мэндийн төвийн дарга нь өрхийн эрүүл мэндийн даргыг чөлөөлөх эрх бүхий субъект биш юм” гэв.

       7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/52 тоот тушаал хүчинтэй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна.

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 318/ШШ2025/00232 дугаар тушаалын үндэслэл нь Эрүүл мэндийн яамны сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А122 дугаар тушаалын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, мөн Эрүүл мэндийн сайдын А122 дугаар тушаалын 6.22 дахь заалтаар тус өрхийн эрүүл мэндийн төв нь хангалтгүй гэсэн үнэлгээ авсантай холбоотой.

      Увс аймгийн Засаг даргын 2024 оны А376 дугаар захирамжаар томилогдсон ажлыг хэсэг ажиллаж, Х өрхийн эрүүл мэндийн төвийн хагас жилийн ажлыг 69.25 хувь буюу хангалтгүй гэж дүгнэсэн.

     Мөн хүний эрхийн комиссын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/46 дугаар зөвлөмжийг үндэслэн тушаалаа гаргасан. Энэ нь Г.Г-г ажлаас чөлөөлөх үндэслэлийг бүрэн хангана гэж үзэж байгаа.

       Түүнчлэн Э газрын дарга нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн үеэр ээлжийн амралттай байсан бөгөөд өөрийн ажлаа Б.Б-д хүлээлгэж өгсөн байсан. Төрийн албаны тухай хуулийн хүрээнд мэргэжилтэн тогтвортой байх гэсэн зарчмын дагуу төрийн албаны ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх ёстой гэдэг үүднээс Б.Б түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа Г.Г-г ажлаас чөлөөлсөн.

      Манай Э газрын дотоод журамд зааснаар удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга нь санхүүгийн баримтад гарын үсэг зурахгүй гэсэн заалт байх боловч дотоод журам нь Төрийн албаны хууль болон бусад хуулиудтай уялдаж гардаг учраас Монгол улсын хуулиас давсан байгууллагын дотоод журам байх ёсгүй юм. Тиймээс энэхүү тушаал нь хүчин төгөлдөр буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гэж бодож байна. Э газрын хөдөлмөрийн дотоод журам нь Э газарт дотооддоо үйлчлэх хэмжээ хүрээтэй. Эрүүл мэндийн салбарын асуудал учраас Эрүүл мэндийн сайдын тушаал болон Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү, хуулийн үндэслэлийг харгалзан үзнэ үү” гэв.     

ҮНДЭСЛЭХ нь:

     1. Нэхэмжлэгч Г.Г-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 318/ШШ2025/00232 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

    2. Нэхэмжлэгч Г.Г нь Увс аймгийн Э газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.561.280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

    3. Хариуцагч Увс аймгийн Э газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлан маргажээ.

       4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.

     5. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

       5.1. Увс аймгийн Э газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Увс аймгийн  Улаангом сумын “Элбэг-Өгөөж” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Г-г Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.4 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2.9 дэх заалт, Хүний эрхийн үндэсний комиссын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/46 дугаар зөвлөмжийг тус тус баримтлан “Х өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны үйл ажиллагааны хагас жилийн тайлан хангалтгүй буюу 69.25 хувьтай үнэлэгдсэн” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

    5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, хариуцагч талаас гаргаж өгсөн Увс аймгийн Э газрын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 272 дугаартай албан бичиг нь бичмэл нотлох баримтын хуульд заасан шаардлага хангаагүй байх боловч нэхэмжлэгч нь “Х” өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны үйл ажиллагааны хагас жилийн тайлан хангалтгүй буюу 69.25 хувьтай үнэлэгдсэн талаар нэхэмжлэгч маргаагүй, үнэлгээний дүнг үгүйсгэж мэтгэлцээгүй, тус үнэлгээ хүчин төгөлдөр болсон байна” гэх үндэслэл  зааж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотлох баримтыг үнэлэх  үндэслэл, журмыг  зөрчсөн гэж дүгнэв.

        Хэргийн 32, 33, 58 дугаар талд авагдсан /шүүх хэзээ, хэнээс хүлээн авсан талаарх тэмдэглэгээ хийгдээгүй/, хариуцагч талаас гаргаж өгсөн гэх Увс аймгийн Э газрын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 272 дугаартай албан бичигт, Эрүүл мэндийн яамны анхан шатны тусламжийн хэлтэст 2024 оны эхний хагас жилийн үнэлгээг хүргүүлсэн талаар тусгасан, уг 272 дугаар албан бичгийн дөрөвдүгээр хавсралтад ХӨЭМТ-ийн 2024 оны эхний хагас жилийн гэрээний биелэлтийн нэгтгэл гэх тоон мэдээлэл /хх-ийн 33 дугаар тал/ тусгагдсан байх ба эдгээр баримтууд хуулбараар авагдсан төдийгүй хууль, журамд заасны  дагуу хийгдсэн үнэлгээний тайлан гэж үзэхэд учир дутагдалтай, тухайлбал, гэрээний биелэлтийн үнэлгээг хэн, хэзээ, ямар шалгуур, аргачлалыг баримталж хийсэн нь тодорхойгүй, огноо, гарын үсэггүй гэх мэтээр баримт бичигт тавигдах шаардлага хангаагүй байна.

    Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл агуулаагүй дээрх баримтуудыг хэрэгт хүлээн авч үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.  

      Шүүх хэргийн оролцогчийн гаргасан баримтыг хүлээж авах үүрэгтэй боловч, тухайн бичмэл нотлох баримтыг эхээр нь, эсвэл нотариатчаар гэрчлүүлж өгөөгүй байвал нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг сануулах, баримтыг хуульд нийцүүлэхийг шаардах, уг шаардлагыг биелүүлэхгүй бол үнэлэх боломжгүй үр дагавар үүсэхийг тайлбарлах үүрэгтэй.  Улмаар маргааны үйл баримтын талаар зохигчид мэтгэлцэх боломжийг хангах ажиллагааг шүүх хийх ёстой бөгөөд энэ ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр баримтыг үнэлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг зөрчдөгийг анхаараагүй байна.  

        5.3. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийг хагас жилийн үнэлгээний талаар маргаагүй, хүчин төгөлдөр болсон гэх дүгнэлт хийхдээ хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтад үндэслээгүй байна.

        Эрүүл мэндийн сайдын 2024 оны 03 сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалаар баталсан, “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-д: аймаг, нийслэлийн засаг даргын захирамжаар томилогдсон үнэлгээний баг гэрээний хэрэгжилтийг дүгнэж, үнэлгээний багийн болон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар үнэлгээний хуудсан гарын үсэг зурснаар баталгаажна” гэж заасан байх ба хэрэгт ХӨЭМТ-ийн 2024 оны эхний хагас жилийн гэрээний биелэлтийг дүгнэсэн, гарын үсэг зурж баталгаажсан “үнэлгээний хуудас” гэх баримт авагдаагүй.

    Шүүхийн дээрх дүгнэлтийн үндэслэл болсон, нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл баримт /хх-ийн 6-9-р тал/ нь хуулбараар авагдсан, шүүх уг баримтын нотолгооны шаардлага хангасан эсэхэд үнэлэлт өгөөгүй байна.

      5.4. Нөгөөтэйгүүр, хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөнөөс сахилгын хариуцлага хүлээх учиртай бөгөөд ажилтанд сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримт нь ажилтны буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой  байхыг шаарддаг.

          Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн  шийдвэртээ, “Х өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны үйл ажиллагааны хагас жилийн тайлан хангалтгүй буюу 69.25 хувьтай үнэлэгдсэн” гэх үндэслэл зааж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба үнэлгээ хийсэн тайлангийн хугацаанд буюу 2024 оны эхний хагас жилд нэхэмжлэгч Г.Г нь Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар  хэдий хугацаанд ажилласан нь тодорхой бус байна.

      Тухайлбал, хэрэгт авагдсан, Увс аймгийн Э газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаартай тушаал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаар шийдвэр зэрэг баримтаас үзвэл,  нэхэмжлэгч Г.Г нь 2 удаагийн шүүхийн шийдвэрээр “Х” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар эгүүлэн тогтоогдсон байх боловч уг шийдвэрийн дагуу ажилдаа хэзээ томилогдож, хэдий хугацаанд ажилласан  талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

     5.5. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулсан цалин хөлстэй холбоотой баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй.

      6. Ийнхүү хэрэгт ач холбогдол бүхий байж болох зарим баримтууд  цуглараагүй, мөн хэргийн зохигчдоос  гаргасан болон шүүхийн журмаар цуглуулсан зарим баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг нөхцөл байдал нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд, тодруулбал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон үйл баримт буюу тус эрүүл мэндийн төвийн эхний хагас жилийн ажлын үнэлгээ нь нэхэмжлэгч Г.Г-ийн ажлын үр дүн, гүйцэтгэл, ажилласан хугацаатай хамаарал, шалтгаант холбоотой эсэхэд давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт өгөх боломжгүй байна.   

    7. Дээрх байдлаар, анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслээгүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотлох баримтыг үнэлэх  журмыг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байх тул шийдвэрийг  хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 318/ШШ2025/00232 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

      2. Нэхэмжлэгч Г.Г-ийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.           

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

                                                            

                                                                                                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.АЛТАН

                                                                         ШҮҮГЧИД                              Ж.ОТГОНХИШИГ

                                                                                                      Н.МӨНХЖАРГАЛ