| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0075/Э |
| Дугаар | 078 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 078
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,
Шүүгдэгч Ж.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ж-гийн Е-д холбогдох 1913001590084 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ж-гийн Е, регистрийн дугаар БЮ.............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Е нь иргэн Б.Ж луу ундааны шилэн стакан шидсэнээс болж хамарт нь хүрч, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Е нь Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Залуучуудын ордон” баарын дотор 2019 оны 03 дугаар сарын 28-ны шөнө иргэн Б.Ж-ыг маргааны улмаас ундааны шилэн стакан шидсэнээр хамарт нь хүрч, түүний биед тархины доргилттой, хамрын яс хугаралттай, хамрын нуруунд хавдартай мурийлттай, баруун хажуу талд шархтай, баруун нүдний доод зовхинд цус хуралттай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
- Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
- Өвчний түүх, хохиролтой холбоотой баримт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 21-29, 44-46 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн ШША-ны албаны шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлт, рентген зураг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Ж.Е-д хандаж чи эхнэртэй хүн байж яах гээд байгаа юм бэ, наалдаад байхгүй гараад явчих гэтэл намайг янхан гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би дургүй хүрээд чи миний янхандаад явж байхыг харсан юм уу гээд ууж байсан пивоо Ж.Е руу цацаад стаканаа ширээн дээр тавьтал Ж.Е уг стаканыг над руу шидсэн бөгөөд уг стакан миний хамарт хүрсэн. Би “Нур-Алтай Мед” эмнэлэгт 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний төлбөрт 226.000 төгрөг гарсан, би хувиараа хөшигний дэлгүүрт ажилладаг ба сарын 400.000 төгрөгийн цалин авдаг, би 14 хоног хамартаа эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэж ажилдаа яваагүй байсан тул 200.000 төгрөг нэмж нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
- Гэрч Д.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ж “тейкэн дээр” очоод хүний нэг нэг шил пиво захиалаад ороод сууж байтал түүний араас Ж.Е орж ирсэн. Ж.Е-г Залуучуудын ордонд ажилладаг үеэс нь таньдаг байсан. Ж.Е орж ирээд Б.Ж-тай маргалдаад байхаар нь би Ж.Е-д хандаж чи гараад явчих, гуйж байна гэж хэлтэл Ж.Е гараад явж байгаад янхан гичий гэж Б.Ж-т хэлэхээр нь Б.Ж уурлаад ууж байсан стакантай пивоо Ж.Е руу цацаад хоосон стаканаа ширээн дээр тавингуут нь уг стаканыг нь Ж.Е ширээн дээрээс аваад Б.Ж-ын нүүр лүү нь шидэхэд Б.Ж нүүрээ дараад шууд доошоо тонгойгоод суунгуут Ж.Е зугтаагаад гараад явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ж.Е-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Д.Л надад хандаж чи гарчих гээд бид хоёр маргалдаж байсан. Тэгтэл Б.Ж Д.Л танай найз залуу та хоёрын хооронд Ж.Е ороод байгаа шүү дээ гэхэд би Б.Ж-т хандаж би чамд юм хэлээгүй, би чамайг танихгүй юм байна гэж хэлэхэд Б.Ж чи яах гээд байгаа юм бэ, чи зүгээр гараад зайл гэж хэлээд ууж байгаа стаканы дотор байсан пивог над руу цацаад хоосон стаканаа ширээн дээр тавихаар нь би стаканыг аваад Б.Ж луу шидэхэд тухайн стакан Б.Ж-ын нүүрэнд хүрч нүүрнээс цус гарсан. Би тэр даруйд өрөөнөөс зугтааж гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/93 дугаартай тогтоол,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/437 дугаартай “Ж.Е /БЮ93062535/ нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар баг, Цагаан эрэг, 10-11 тоотод байршилтай 72 м.кв талбайтай хувийн сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 57 дугаар хуудас/,
- 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон “РД:БЮ......., овог: Т, эцэг/эх/-ийн нэр: Ж, нэр:Е, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1993-06-25, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 12-р баг, Жасыл бах, 38 гудамж, 10 тоот, хүчинтэй хугацаа:2038-06-25, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн Засаг даргын “Тус багийн иргэн Ж овогтой Е нь БЮ93062535 регистрийн дугаартай, ам бүл 2, эхнэрийн хамт 38-10 тоотод оршин суудаг” гэх тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/,
- Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 13-18 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Ж-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлт, рентген зураг /хх-ийн 47, 48 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Е-ы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Ж-т учирсан хохирол болох 426.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Е нь төлж өгөөгүй тул Ж.Е-аас 426.000 /дөрвөн зуун хорин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ж-т олгож, хохирогч Б.Ж нь цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Е-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж түүнд торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Е-ны үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Е нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Ж.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн гадаад паспорт, иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Ж-гийн Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е-д 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Е нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е-аас 426.000 /дөрвөн зуун хорин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ж-т олгож, хохирогч Б.Ж нь гэмт хэргийн улмаас хойшид учирсан хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Ж.Е-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч Ж.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Е-ны гадаад паспорт, иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК