Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 224/МА2025/00020

 

 Н.А-ийн нэхэмжлэлтэй,

  Увс Х нөхөрлөл ББН-д холбогдох

иргэний хэргийн тухай

       Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 318/ШШ2025/00266 дугаар шийдвэртэй,

      Н.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс Х нөхөрлөл ББН-д холбогдох, “Ажилгүй байсан хугацааны цалин нийт 22,973,196 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлагатай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн  иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхамын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

     1. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхамын гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 318/ШШ2025/00266 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

    2. Нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 22,973,196 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

    Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:  Би 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00469 дугаартай шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 224/МА2024/00034 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ШХТ2025/00113 дугаартай тогтоолын дагуу ажилдаа эргэн орсон. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулсан.  

      Одоо 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 22,973,196 төгрөг гаргуулах, хууль, журамд заасны дагуу ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

     3. Хариуцагч Увс Х нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-ийн татгалзлын үндэслэл: “...Нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 1 жил, 1 хоногийн хугацааны цалинд 22,973,196 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь өөрийн сүүлийн 3 сард авсан цалингийн дунджаар нэхэмжлэх ёстой байсан гэж үзэж байна” гэжээ.

       4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс Х нөхөрлөл ББН-ээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,722,295 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,250,901 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.    

   5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос гаргаж, хэрэгт цугларсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг  зөв тодорхойлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

       6. Хэргийн баримтаар, нэхэмжлэгч Н.А нь Увс Х нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар сувилагчийн ажлаас чөлөөлөгдөж, улмаар шүүхэд гомдол гаргасан байх ба Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00469 дүгээр шийдвэрээр түүнийг сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,494,394 төгрөг олгохоор, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн төгөлдөр болсон  үйл баримт тус тус  тогтоогджээ.

     Хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Н.А-г 2025 оны 02 сарын 25-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроо өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанаас хойшхи буюу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон хугацаа буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

    7. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 22,973,196 төгрөг гаргуулах тухай шаардлагын зарим хэсгийг хангаж, Н.А-ийн ажилгүй байсан нэг жил нэг өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,722,295 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,250,901 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.  

      Түүнчлэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан зохих журмын дагуу нөхөн  төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

  8. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхамын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 13,800,000 төлөхийг зөвшөөрсөн, учир нь нэхэмжлэгчийн 2025 оны 2-р сард ажилдаа эгүүлэн томилогдсон  үеийн 1 сарын үндсэн цалин 1,150,000 төгрөг бөгөөд энэ дүнгээр тооцож, нөхөх олговор /1 сарын цалин 1,150,000*12 сар=13,800,000/ олгохыг зөвшөөрч байсан.

      Гэвч шүүх түүний дундаж цалинг ковидын үеийн урамшуулалтай цалингаас тооцож олгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

    Нэхэмжлэгч Н.А-д ажилгүй байсан хугацааны цалинг олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхгүй. Учир нь энэ зохицуулалт нь ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон ажилтны хувьд яригдах олговор. Харин Н.А-ийн хувьд ажлаа хийж гүйцэтгэж байхдаа ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн тул түүний одоогийн авч буй цалингаас дундаж цалинг тооцох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

    Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 318/ШШ2025/00266 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, 13,800,000 төгрөгөөр нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг  хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

      8.1. Шүүхээс нэхэмжлэгч Н.А-ийн ажилгүй байсан хугацаа /нэг жил нэг өдрийн/-ны олговрыг гаргуулахдаа, өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ буюу 1,388,266 төгрөгөөр тооцсон нь Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй гэж дүгнэв.

    Нэхэмжлэгч Н.А нь Увс Х нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 05 сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар сувилагчийн ажлаас хууль бусаар чөлөөлөгдөн, ажилгүй байж байгаад шүүхийн шийдвэрийн дагуу 2025 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан сувилагчийн ажилдаа томилогдож ажилласан байна.  

    Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т: “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж заасны дагуу тэрээр ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн хугацаанаас эхлэн ажилдаа эгүүлэн томилогдож, ажлаа гүйцэтгэж эхлэх хүртэлх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй байна. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн “...шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсоноос хойшхи үеийн 1 сарын үндсэн цалин 1,150,000 төгрөгөөр тооцож олговрыг тооцох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасан зохицуулалт хамаарахгүй” гэх гомдол үндэслэлгүй болно.

     8.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж,

     - Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ын 2.2.3, 2.2.3.2 дахь хэсгүүдэд: “Дахин нотлох шаардлагагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг өөр хэрэгт дахин нотлох шаардлагагүй. Нэгэнт тогтоогдсон үйл баримт гэдэгт шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан болон уг тогтоох хэсгийн үндэслэл болсон шийдвэрийн үндэслэх буюу хянавал хэсэгт  дүгнэгдсэн, хоорондоо уялдаа холбоо бүхий үйл баримтыг ойлгоно” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах үндэслэлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт дээрх зохицуулалтад нийцсэн байна.

       Тодруулбал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00469 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Н.А-г Увс Х нөхөрлөл ББН-ийн сувилагч /урьд эрхэлж байсан/-ийн  ажилд нь эгүүлэн тогтоож, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,494,394 төгрөг олгож шийдвэрлэхдээ түүний нэг сарын дундаж цалин хөлсийг 1,388,266 төгрөгөөр тогтоосон, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлсийг энэ хэрэгт дахин нотлох шаардлагагүй буюу шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

       8.3. Нэхэмжлэгч өөрийг нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн Увс Х нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 05 сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалын үр дагавар буюу хууль бус шийдвэрийн улмаас ажлаа эрхэлж чадаагүй хугацааны цалин хөлсөө хууль, журамд заасны дагуу нэхэмжилсэн байх тул түүний тухайн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсоноос хойшхи үеийн цалин хөлсөөр тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.    

      9. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. 

      10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 318/ШШ2025/00266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхамын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.    

      11. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,706.72 /жаран нэгэн мянга долоон зуун зургаан төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

   1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 318/ШШ2025/00266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхамын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,706.72 /жаран нэгэн мянга долоон зуун зургаан төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.МӨНХЖАРГАЛ

                                                                    ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АЛТАН