| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00012/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгч Э.М , түүний өмгөөлөгч Г.Л нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 1822002060006 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Чонос овогт Э-ийн М
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.М 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг ‘’Я’’ гэх газар оршин суух Н.Ш-ын гэрээс алтан бөгж 1 ширхэг болон 80000 төгрөг хулгайлж, 1580000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Н.Ш-ынд очиж 2, 3 өдөр гэрийг нь сахиж хоносон. Гэрээс нь явахдаа алтан бөгж, 80000 төгрөгийг авч яваад Улаанбаатар хотод очиж алтан бөгжийг нь ломбардад 500000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн үед бид архи ууж байгаад унтацгаасан, тэр хооронд нь бөгж, мөнгийг цүнхнээс нь авсан гэв.
Хохирогч Т.А-ийн ...2018 оны 5 дугаар сард нөхөр бид хоёр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар баг, ‘’Яшил’’ гэх газарт байх гэртээ ирсэн. Тухайн үед нөхөр бид хоёр гэрээ Э.Мөнхцогт гэх танилаараа харуулсан байсан. Э.М-ын эхнэр Б.М нөхөр бид хоёртой Улаанбаатар хотоос ирж бид нар нэг шил архи авчирсныгаа хувааж уусан. ...Манай нөхөр Н.Ш гартаа байсан хар шигтгээтэй алтан бөгжөө хуруунаасаа аваад надад өгөхөөр нь би авч гар цүнхэндээ хийгээд хоолныхоо шүүгээнд хийсэн. Тэгээд маргааш өглөө нь босоод шүүгээнээс цүнхээ аваад цүнхэнд байсан 980000 төгрөгөө тоолж үзэхэд 80000 төгрөг дутаж, 900000 төгрөг нь байсан. Тэгэхээр нь би урьд шөнө хийсэн бөгжөө цүнхнээсээ хайж үзэхэд бөгж алга болсон байсан. Ингээд нөгөө хэдэд ямар сонин юм бэ бөгж алга болж, мөнгө дутсан байна гэхэд тэр хэд юу ч мэдэхгүй гэж байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-рт/
Гэрч Б.М-ын ...Манай нөхөр Э.М ажил хийхээрээ надруу мөнгө шилжүүлдэг юм. 2018 оны 6 дугаар сард надад 450000 төгрөг өгч байсан. ...Юун мөнгө болох талаар нөхрөөсөө асуухад дүү Э.М-аас авсан гэж хэлж байсан. ...2018 оны 5 дугаар сард манай нөхөр болон дүүгийн нөхөр Ганболд нар Н.Ш гэх айлд очин ямаа самнаж байсан юм. ...Би Орхон аймгаас замын унаанд суугаад Дундговь аймгийн Гурвансайхан сумын малчин Н.Ш гэх айлд очсон. Тэр айлд 2-3 хоноод буцсан. Тэднийд нэг орой нэг шил архи, пиво уусан. Тэгсэн Н.Ш гуайн эхнэр Т.А чи согтоод бөгжөө хаячихна наадахаа тайлаад өг гээд алтан бөгжийг нь цааш хийж байсан. ....Тэгтэл маргааш өглөө нь бостол Т.А нь нөхрийн алтан бөгж алга байна гээд хайгаад байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-рт/
Гэрч Ө.Б-ийн: ...Манай ‘’Б’’ ХХК-ний ‘’З’’ нэртэй ломбарданд Э.М нь О.Б гэдэг хүний хамт ирж О.Б-ны нэр дээр 8.8 граммын алтан бөгжийг 500000 төгрөгийн барьцаанд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тавьсан юм. Түүнээс хойш Э.М нь хүү болон үндсэн зээлийн хамт 575000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Уг алтан бөгжийг нь өгөөгүй, манай ломбарданд хадгалагдаж байсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-рт/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-рт/
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-рт/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-рт/
- Хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27-рт/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 30-рт/
- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Үнэлгээний комиссын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд: ‘’Үнэлгээ гаргуулахаар ирүүлсэн эд зүйлийг 2018 оны 5 дугаар сарын зах зээлийн үнэ хашийг судалж үнэлгээ гарган хавсралтаар хүргүүлэв, хавсралтад хар шигтгээтэй 3 цэн алт орсон алтан бөгж 1 ширхэг 1500000 төгрөг’’ гэжээ. /хх-ийн 37-38-рт/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.М нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг ‘’Я’’ гэх газар оршин суудаг Н.Ш-ын гэрээс алтан бөгж 1 ширхэг болон 80000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.М-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Т.А хэрэгтэй танилцсан баримтанд алтан бөгж, мөн 80000 төгрөгийн хохирлоо бүрэн барагдуулсан. Одоо гомдол санал байхгүй /хх-ийн 69-рт/ гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овогт Э-ийн М-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.М-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.М-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Э.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ