Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 224/МА2025/00021

 

 

       Б.О-ийн нэхэмжлэлтэй,

  Увс аймгийн У ТӨХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 318/ШШ2025/00203 дугаар шийдвэртэй,

     Б.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн У ТӨХК-д холбогдох, “Ажилгүй байсан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,311,359 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай” шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,311,359 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай.

    2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие Увс аймгийн У ТӨХК-д Борлуулалтын ажилтнаар ажиллаж байгаад 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн тул шүүхэд хандаж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2024/00291 тоот шийдвэрээр  борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоосон.

        2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр УТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Б шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн Борлуулалтын ажилтан албан тушаалд томилсон. Иймд урьд нь миний 2024 оны 3 дугаар сарын 19-ий өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин /9 сар 1,590,151=14,311,359 төгрөг/-г нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

      3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ын татгалзлын үндэслэл: “Б-ын О нь У ТӨХК-д борлуулалтын ажилтнаар ажиллаж байгаад 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн дугаар шийдвэрээр 2024 оны 12 дугаар сарын 16-ний өдөр ажилд эгүүлэн томилогдсон болно. Б.О-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзаж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргагч нь ажлаас халагдахын өмнө жирэмсэн байсан. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т “Эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно” гэж заасан.

       Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/44, А/40 дугаартай Маягтын загвар аргачлал батлах тухай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлалаар цалин, хөлс тооцогдох бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, журмын хүрээнд тооцож үзэхэд нийт дүнгээр 6,142,267.50 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 8,168,731.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

    4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 318/ШШ2025/00203 дугаар шийдвэрээр:

           - Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч Увс аймгийн У ТӨХК-иас 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 12,025,917 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,285,442 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.О-ийн ажилгүй байсан 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Увс аймгийн У ТӨХК-нд даалгаж,

        - Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд улсын тэмдэгтийн хураамж 207,365 төгрөгийг хариуцагч Увс аймгийн У ТӨХК-иас гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

    5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “...нэхэмжлэгч Б.О нь ажлаас чөлөөлөгдөөд  2 сарын дараа төрсөн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 хэсэгт “Эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно” гэж заасан байдаг. Иймд ажилгүй байсан  хугацаа буюу  8 сар 19 хоногоос жирэмсний амралтын 120 хоногийг хасуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан, тухайн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

     Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 318 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв.

     6. Нэхэмжлэгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад гаргах тайлбар байхгүй байна. Би жирэмсний тэтгэмж авах гэсэн боловч олгох боломжгүй гээд өгөөгүй харин төрсний дараах тэтгэмж авсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      1.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 318/ШШ2025/00203 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

      2. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Увс аймгийн “У” ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,311,359 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

      3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-т зааснаар Увс аймгийн “У” ТӨХК-иас 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт, нийт 12,025,917 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,285,442 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.О-ийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Увс аймгийн “У” ТӨХК-д даалгаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

     4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах  үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

    4.1. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй буюу зохигчдын маргаж буй маргааны үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

     Нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...миний бие Увс аймгийн “У” ТӨХК-д борлуулалтын ажилтнаар ажиллаж байгаад 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдөр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн тул шүүхэд гомдол гаргасан ба Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2024/00291 тоот шийдвэрээр намайг Увс аймгийн “У” ТӨХК-д борлуулалтын ажилтнаар эгүүлэн тогтоож шийдвэрлэсний дагуу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажилдаа эргэж орсон.  тул 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 14,311,359 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэж тодорхойлсон байна.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нэхэмжлэгчийн ажилгүй байсан  хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаж, “нэхэмжлэгч Б.О нь ажлаас халагдахын өмнө жирэмсэн байсан бөгөөд тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 120 хоногоор тооцож авсан тул энэ хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй” гэж тайлбарласан байна. 

    Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар ямар үйл баримт тогтоогдсон, зохигчдын мэдүүлсэн үйл баримтын аль нь тогтоогдож, аль нь үгүйсгэгдэж буй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, тодруулбал талуудын маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

       4.2. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн  талаар зохигч маргасан тохиолдолд энэ талаарх зохигчийн мэтгэлцэх боломжийг шүүхээс тэгш хангаснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцнэ.

      Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй буюу төрийн байгууллагаас нотлох баримт гаргуулах талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж,  хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байна.  

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э анхан шатны шүүхэд: “нэхэмжлэгч Б.О нь ажлаас халагдахын өмнө жирэмсэн байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож олгох ёстой тул Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгч Б.О нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан эсэх талаарх лавлагааг гаргуулж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, энэ нь нэхэмжлэгчийн цалин хөлстэй тэнцэх олговрыг үнэн зөв тооцоход шаардлагатай. Мөн энэ баримт нь хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл тул бид авах боломжгүй гэж үзсэн” гэж тайлбарлажээ.

       Анхан шатны шүүх хариуцагчийн дээрх хүсэлтийг “...нэхэмжлэгч Б.О нь 2,494,222 төгрөгийн тэтгэмж авсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул дахин гаргуулах шаардлагагүй” гэх дүгнэлтийг хийж, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т: “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасантай нийцээгүй байна.

     Хариуцагч нь өөрийн маргаж буй үйл баримтыг тогтоолгохоор холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагчийн энэ хүсэлт нь хэрэгт хамааралтай, зохигчдын маргаж буй үйл баримт буюу нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны үед нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас  жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан эсэх, авсан бол хэзээ, хэдий хэмжээний тэтгэмж авсан зэргийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна.          

         Учир нь, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно” гэж заасан ба нэхэмжлэгч нь жирэмсний амралт хэзээ авсан, дээрх хуульд заасан хугацааны тэтгэмжийг авсан эсэх талаар хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй, нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “төрсний дараах тэтгэмж 2.494.222 төгрөг авсан” гэх тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хх-ийн 41-р тал/-аас өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

    Иймд хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, маргааны үйл баримтыг тодруулсны дараа дүгнэлт хийх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ гэж дүгнэв.

       5. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

     6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 207,365 /хоёр зуун долоон мянга гурван зуун жаран тав/ төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгох үндэслэлтэй байна.          

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 318/ШШ2025/00203 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  207,365  /хоёр зуун долоон мянга гурван зуун жаран тав/ төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч  Увс аймгийн “У” ТӨХК-д олгосугай.            

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

                                                              ШҮҮГЧИД                                 Ж.ОТГОНХИШИГ

                                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ