Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 73

 

 

Л.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Туул,

шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч З.Батшандас,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1190 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 820 дугаар магадлалтай, 201525020372 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Л-ийн Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Б-ыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Л.Б-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Туул, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч З.Батшандас нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Б- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Хохирогч Чимгээгийн удаа дараагийн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгаагүй, хэт нэг талыг барьж шүүх нотлох баримтыг үнэлсэн, прокурор шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаагүй.

... Чимгээд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, байцаан шийтгэх ажиллагааны бүх гэрч нар хохирогчийн чамархайн тус газарт цохиогүй талаар тогтвортой мэдүүлдэг, хавтас хэрэгт авагдах ёстой нотлох баримт байхгүй, шинжээч эмчийн дүгнэлтийн үндэслэл болсон эд мөрийн болон нотлох баримт байхгүй, цохисон үйл явдал тодорхойгүй зэргийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүйд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Батшандас хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... шүүгдэгчийн гэм бурууг тогтоохдоо хохирогчийн гаргаж өгсөн ямар ч тамга, тэмдэггүй эмнэлэгт үзүүлсэн гэх актыг үндэслэсэнд гомдолтой байна. Л.Б- энэ хэрэгт ямар ч холбогдолгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Туул хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн шинжээч эмч Чулуунсүхийн мэдүүлэг зэргээр Л.Б-ын үйлдсэн хэрэг нь тогтоогдсон гэж шүүх дүгнээд, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Л.Б- 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн газрын байран дотор болон гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Ч-г цохиж “тархи доргилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Л.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, хэрэг бүртгэлтийн явцад тогтоол гаргахад чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон байх бөгөөд хохирогч С.Ч нь Л.Б-д цохиулсан гэх өдрөө цагдаад өргөдөл гаргаж, мөрдөн байцаагчаар “Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол” үйлдүүлэн авч, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүх эмнэлэгт үзүүлэн шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч болон хохирогч нар нь Замын цагдаагийн газрын байранд таарч өр, авлагын асуудлаар маргалдсаны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон, Л.Б-ыг хувийн сэдэлтээр бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Л.Б- хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул түүнийг Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн “шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүйд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.2-т заасныг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1190 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 820 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТЦЭРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ГАНЗОРИГ