| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2024/0804/З |
| Дугаар | 001/ХТ2025/0054 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2025/0054
Н.Ө-ийн гомдолтой, Эм, эмнэлгийн
хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын
Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн
улсын байцаагчид холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1053 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2025/0099 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч улсын байцаагч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нарыг оролцуулан, гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0103792 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар Н.Ө-ийг Монгол Улсад бүртгэлгүй биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан борлуулсан хэмээн Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-т заасны дагуу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчил үйлдэж олсон орлого гэж 28,324,000 төгрөгийг хураажээ.
3.Гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлээ “... Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын 1.16-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь миний оруулж ирсэн гэх 15 төрлийн витаминуудыг хүнсний ангилалд хамаарах уу, биологийн идэвхт бүтээгдэхүүнд хамаарах уу гэдгийг шалгаж тогтоогоогүй. Мөн журмын 1.17-д зааснаар миний бие тухайн бүртгүүлэгч гэх субъектэд хамаарахгүй ба хууль зөрчөөгүй. ... Зөвшөөрлийн тухай хуульд биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витаминыг улсын хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл шаардахгүйгээр нэвтрүүлж болохоор зохицуулсан” гэж,
4.Хариуцагчаас “... Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан Монгол улсад худалдах биологийн идэвхт бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүтгүүлэлгүй худалдан борлуулсан зөрчлийн дагуу торгох шийтгэл ногдуулсан бөгөөд Зөвшөөрлийн тухай хууль болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.3-д заасан зөрүүтэй асуудал нь дээрх зөрчилтэй огт хамааралгүй. Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлаар Н.Ө-ийн худалдан борлуулсан нэр бүхий 13 бүтээгдэхүүнийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж шийдвэрлэсэн. Гомдол гаргагчийн гаргасан шаардлага үндэслэлгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1053 дугаар шийдвэрээр: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.1, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.2 дахь заалтыг баримтлан Н.Ө-ийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2025/0099 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Гомдол гаргагчаас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
7.2.Магадлалын хянавал хэсэгт “Нэгэнт гомдол гаргагчийн худалдан борлуулсан бүтээгдэхүүний талаарх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэж хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-т “Монгол улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм эмийн түүхий эд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэж заасны дагуу тавин нэгж буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан үндэслэлтэй, энэ талаарх шийдлийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ.
7.3.Гэтэл хариуцагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчил гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагаа бүрэн явагдаагүй байхад хуулийг буруу тайлбарлаж анхан болон давж заалдах шатны шүүхүүд гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
7.4.Намайг улсын бүртгэлд бүртгүүлээгүй биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан борлуулсан байна гэж өмнө нь хариуцагч улсын байцаагч 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудас үйлдэж байсан. Тус шийтгэлийн хуудаст холбогдуулан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 382 дугаар шийдвэрээр шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. 382 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийг тухайн бүтээгдэхүүнийг цахим хаягтаа байршуулсан, бүгдийг нь зарж борлуулсан, улмаар зөвхөн бүртгүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл ногдуулах нь өрөөсгөл бөгөөд бүртгэлгүй гэх 13 бүтээгдэхүүний гарал үүслийг нарийн тогтоох учиртай. Зүй нь маргаан бүхий 15 нэр төрлийн бүтээгдэхүүн аль нь болох тэдгээрээс хэд нь Монгол улсын хилээр нэвтэрсэн эсэхийг хөндлөнгийн мэдээлэл болох Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд тулгуурлаж тогтоосноор гомдол гаргагчийн импортолсон, худалдсан гэх үйлдэл нь зөрчил мөн эсэхэд дүгнэлт өгөх учиртай. ... Харилцах дансанд иргэдээс тодорхой тооны мөнгөн гүйлгээнүүд хийгдсэн хэдий ч энэ нь тухайн бүтээгдэхүүнүүд бүгд улсын хилээр орж ирснийг дангаар нотлохгүй” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч би Монгол улсын хилээр витамин буюу биологийн идэвхт бүтээгдэхүүн оруулж ирээгүй, харин 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бусдаар дамжуулан өөрийн хувийн хэрэглээндээ ашиглах зорилгоор витамин оруулж ирсэн байдаг. Энэ нь Монгол улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримтаар хувийн хэрэглээндээ ашиглах зорилгоор оруулж ирсэн нь нотлогдоно. Хэрэв худалдах зорилготой байсан бол бүртгэлийг шалгах зохицуулалттай.
7.5.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар ямар төрлийн витамин буюу биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр оруулж ирсэн нь тодорхойгүй, тогтоогоогүй, түүнийг нотолсон нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй, оруулж ирсэн витамин нь байхгүй, тухайн витаминаас дээж авч шинжилснээр биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй, тухайн бүтээгдэхүүнийг худалдсан гэх, худалдан авсан гэх нэг ч баримт байхгүй байхад түүнийг зөрчил үйлдсэн гэж шийтгэл ногдуулсан, хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна.
7.6.Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийтгэлийн хуудас үйлдээгүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх тухайн дүгнэлтийг үндэслэж хариуцагч нь шийтгэлийн хуудас бичсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
7.7.Гомдол гаргагч би өөрийн цахим хуудсаараа олон нийтэд дамжуулан 15 нэр төрлийн витаминыг мэдээлсэн байдаг. Энэ нь маргаан бүхий шийтгэлийн хуудаст дурдагдсан 15 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдан борлуулсныг нотлохгүй бөгөөд худалдаагүй юм. Харин 2 төрөл нь Монгол улсад бүртгэгдсэн байна гээд дансны гүйлгээнүүдээс дээрх 2 төрлийн бүтээгдэхүүний гүйлгээнүүдийг хасаж тооцсон нь учир дутагдалтай байна. Хэрэв дээрх 2 төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан гэж дүгнэх юм бол тухайн миний банканд харилцах дансны 148 гүйлгээ бүгд дээрх 2 төрөлд орохоор байхад 2 сая төгрөгийн гүйлгээ хасаж тооцсон үндэслэлгүй байхад хоёр шатны шүүх түүнийг үндэслэсэн нь үндэслэлгүй байна.
7.8.Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хуралдааны тэмдэглэл нь хавтаст хэрэгт бүтнээрээ авагдаагүй, тухайн тэмдэглэлийн 45, 46, 47 хуудас авагдсан байх бөгөөд бусад хуудас нь хэрэгт авагдаагүй тухайн хуудаст хэрхэн, юу тэмдэглэгдсэн эсэх нь тодорхойгүй нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй байхад давж заалдах шатны шүүх тухайн нотлох баримтыг үнэлсэн.
7.9.Шинжээчийн дүгнэлт гэх 24-05/14 дугаар дүгнэлтийг гаргасан шинжээчийг хаанаас, ямар байгууллагын хэн гэх хүнийг томилсон, шинжилгээний ямар объектод дүгнэлт гаргуулахаар болсон, ямар асуулт асуусан нь тодорхойгүй байхад шинжээч нь шинжилгээний объект нь байхгүй байхад ямар нэгэн дээж авч шинжлээгүй атлаа гадаад улсын сайтыг харснаа энэ биологийн идэвхт бүтээгдэхүүн байна гэж дүгнэсэн, шүүх үнэлж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаар тогтоолоор гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
10.Н.Ө-ийг “Монгол Улсад бүртгэлгүй Биологийн идэвхт бүтээгдэхүүн (БИБ) худалдан борлуулсан” зөрчилд холбогдуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-т заасны дагуу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчил үйлдэж олсон орлого гэж 28,324,000 төгрөгийг хураахаар шийдвэрлэжээ.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж, шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэг.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх гомдлын тухайд:
12.Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д “Хуульд заасныг зөрчиж:”, 7.2-т “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасан, хариуцагч уг хуулийн заалтыг баримтлан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.
13.2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд 2010 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25-т заасан “биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэх нэр томьёо байхгүй болсон.
14.Гэвч Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 4 дүгээр зүйлийн 4.1.40-д “эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тодорхой хэлбэр, тунгаар хүнснээс гадна нэмэлтээр хэрэглэх байгалийн болон нийлэг гаралтай, тарилгаас бусад хэлбэрийн бүтээгдэхүүнийг ойлгоно гэж агуулгын хувьд өмнөх хуулийн “биологийн идэвхт бүтээгдэхүүн”-д хамаарч байсан витаминыг хамааруулсан гэж үзэхээр байна.
15.Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийг дараах байдлаар өөрчлөн найруулсан байна.
16.Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11-д “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу бүртгүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зохицуулжээ.
17.Тодруулбал, 2010 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна”, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 41 дүгээр зүйлийн 41.1-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хүсэлт, баримт бичиг, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн уг бүтээгдэхүүнийг бүртгэнэ”, 41.7-д “Дараах эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэхгүй”, 41.7.4-т “иргэний хувийн хэрэглээний зориулалтаар улс хоорондын шуудан илгээмжээр хүлээн авсан болон зорчигчийн хувийн хэрэглээний бүтээгдэхүүн”, 41.8-д “Энэ хуулийн 41.7-д заасан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг бичих үед хүчин төгөлдөр байсан хууль болон одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар аль алинаар нь витаминыг хувийн хэрэглээнд ашиглахаас бусад тохиолдолд Монгол улсад хэрэглэж болох, эрх бүхий байгууллагын бүртгэлд бүртгэгдсэн байх шаардлага тавигддаг байна.
18.Өөрөөр хэлбэл, хуульд заасан тохиолдлоос бусад нөхцөлд аливаа биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдан борлуулахад бүртгэгдсэн байх шаардлага тавигдах бөгөөд энэ агуулга одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд мөн байх бөгөөд гомдол гаргагчийн хувийн хэрэгцээндээ зориулж импортолсон гэх үндэслэл нь хэрэгт авагдсан болон шүүхийн шийдвэрийн 11, магадлалын 2.17 дахь хэсэгт дурдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.
19.Дээр дурдсанчлан шийтгэлийн хуудсыг гаргах үед 2010 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.2 дахь заалт хүчин төгөлдөр байсан тул уг заалтыг үндэслэн шийтгэлийн хуудас ногдуулсан нь хуульд нийцсэн, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасанд нийцсэн.
20.Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуулиар уг зөрчил нь зөрчил биш болсон гэх үндэслэл тогтоогдохгүй, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн нөхцөл байхгүй байна. Тиймээс энэхүү маргааны тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэх үндэслэл үүсээгүй, гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг аливаа байдлаар дээрдүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул “хүчингүй болсон заалтыг баримтлан хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй” гэх хяналтын гомдол үндэслэлгүй байна.
Хоёр.Өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагааг бүрэн явуулаагүй, зөрчил гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэх гомдлын тухайд:
21.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 382 дугаар шийдвэрээр “... маргаан бүхий 15 нэр төрлийн бүтээгдэхүүн эм эсхүл биологийн идэвхт бүтээгдэхүүн аль нь болох, тэдгээрээс хэд нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн эсэхийг хөндлөнгийн мэдээлэл болох Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд тулгуурлаж тогтоосноор гомдол гаргагчийн импортолсон, худалдсан гэх үйлдэл нь зөрчил мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх” гэсэн үндэслэлээр улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0103701 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлжээ.
22.Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тэмдэглэлд “.. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 13/2024 дүгээр шинжээч томилох хурлаар хэлэлцүүлж биологийн идэвхт бүтээгдэхүүний шинжээч Э.Э-ыг томилж шийдвэрлэсэн. Шинжээч Э.Э-т ... дээрх 13 нэрийн бүтээгдэхүүнүүд нь Биологийн идэвхт бүтээгдэхүүний ангилалд хамаарах тул холбогдох журмын дагуу материалуудаа бүрдүүлэн бүртгүүлэх дүгнэлт гаргасан. ... Хуралд оролцож, санал өгсөн гишүүдийн 100 хувийн саналтайгаар шинжээчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж шийдвэрлэсэн” талаар тусгагдсан байна. Тиймээс “хэн, хаанаас томилсон нь тодорхойгүй шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн” гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй.
23.Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын зөрчлийн хэргийн материалд холбогдогч Т.Ө-ийн “... иргэн Н.Ө 2023 оны 09 дүгээр сарын 15-ны үед Лондоноос нэг хүн танд ачаа өгнө та аваад ирээч, тус болооч гээд над руу холбогдсон, гуйгаад байхаар нь тухайн 1 чемоданыг авчирсан. ... хүнээс авахдаа шалгаагүй, гэртээ бол нээж харсан. Том том хайрцагтай хүүхдийн голдуу витамин байсан” гэх, холбогдох И.Б-ийн “... Манай эхнэр Н.Ө-ийн дайвар ачааг авчирсан хэргээр шалгагдаж байгаа. Бид 2 хилээр хамт орж ирсэн. Манай ачаанд биологийн идэвхт бүтээгдэхүүн байсан гэдгээрээ хамт шалгагдаад явж байна” гэх зэрэг мэдүүлэг, гомдол гаргагч Н.Ө-ийн фейсбүүк хуудас болон гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон бусад баримтуудаар Монгол Улсад бүртгэлгүй биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчил гаргасан нь нотлогдсон. Уг үндэслэлээр шийтгэл ногдуулж, зөрчил үйлдэж олсон орлогыг хурааж шийдвэрлэсэн нь зөв байна.
24.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий бүтээгдэхүүнүүд нь шинжээчийн дүгнэлт, Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлын шийдвэрээр биологийн идэвхт бүтээгдэхүүн болох нь тогтоогдсон, Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаас үзэхэд Н.Ө-ийн дайвар ачаа (витамин)-г Т.Ө, И.Б нар хилээр оруулж ирсэн нөхцөл байдал илэрсэн, хэрэгт гомдол гаргагчийн гаргасан зөрчилтэй холбоотой хангалттай нотлох баримт цугларсан байх тул “өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагааг бүрэн явуулаагүй, зөрчил гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй” гэх хяналтын гомдол хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын хилээр хэн оруулж ирсэн нь энэхүү Монгол улсад бүртгэлгүй биологийн идэвх бүтээгдэхүүн худалдсан зөрчлийн хэрэгт төдийлөн хамааралгүй.
25.Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалаар батлагдсан Эм, эмийн түүний эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын 1.17-д “БИБ бүртгүүлэгч нь тухайн үйлдвэрлэгч эсхүл түүнийг Монгол Улсад төлөөлөх албан ёсны эрхтэй хуулийн этгээд байна” гэж заасны дагуу гомдол гаргагч нь бүртгүүлэгч субъект биш байх нь бүртгэлгүй биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчлийг үгүйсэх үндэслэл болохгүй. Энэхүү журмын зохицуулалт нь гомдол гаргагчид бүртгэлгүй биологийн идэвх бүтээгдэхүүн худалдан борлуулах эрх олгосон агуулгатай зохицуулалт биш юм.
Ийнхүү хяналтын гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1053 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2025/0099 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Н.Ө-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ