Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 39

 

                         

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4-р багт оршин суугч, иргэн Борлууд овгийн Янжаагийн Тунгалагийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Санхүүгийн хяналт Аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У.Улаанхүүд холбогдох,

       “Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/21 тоот актыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Тунгалаг түүний өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У.Улаанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Я.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Я.Тунгалаг миний бие 1982 онд төрсөн, 36 настай. Би 2011 онд “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д анх байцаагчаар ажилд орсон, түүнээс хойш тус байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие нь 2017 оноос эхлэн гэрээ бичилтийн техникчээр ажиллаж эхэлсэн билээ. Тэгтэл манай компаний захирал Эрдэнэбаатар нь надад мэдэгдэхгүйгээр миний ажлыг бууруулан намайг ямар ч үндэслэлгүйгээр дахин байцаагч болгосон юм. Мөн компани Аймгийн сахүүгийн хяналт аудитын албанд хүсэлт гаргасны дагуу тус Аудитын алба нь манай компани 2016.07.06-наас хойш 2016 оныг дуустал ААН хэрэглэсэн цахилгааны төлбөрийг айл өрхийн тарифаар тооцон бичилт хийж тус компанид 2.531.076 төгрөгийг хохирол учруулсан гэж техникч Тунгалаг надад акт тогтоосныг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл миний бие нь 2014 онд гэрээ бичилтийн техникчээр ажиллаж эхэлсэн бөгөөд ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. Тухайн үед байгууллага болон санхүүгийн хяналт, аудитын алба шалгалт хийж байгаа талаар болон акт гарсан талаар надад ямар нэг байдлаар мэдэгдээгүй бөгөөд гаргасан актаа надад танилцуулж гарын үсэг зуруулаагүй билээ. Тэгтэл 2017.01.30-ны өдөр компанийн захирал Ц.Эрдэнэбаатар намайг дуудан тухайн актыг танилцуулсан бөгөөд тухайн актын сар нь засвартай, хэдэн сар гэж байгаа нь тодорхойгүй тийм акт надад танилцуулсан, тэгээд би мэдсэн. Тэгээд актаа хүлээн зөвшөөрөөгүйгээс 2017 оны 01 сарын 31-ний өдөр Увс аймгийн санхүү хяналт, аудитын дарга М.Энхболд гэгч хүний нэр дээр гомдол гаргахад 2017.02.23-нд дахин шалгах шаардлагагүй гэсэн хариу өгсөнд гомдолтой байна. Миний ажлын чиг үүрэг нь заалт авагч нарыг ажлыг бэлтгэж ажилд нь гаргаад буцаагаад заалтыг борлуулалтын системд оруулдаг. Миний ажлын чиг үүрэгт тухайн бичилтүүд нь ААН юм уу, айл өрх юм уу гэдгийг ялгаж салгах боломжгүй. Анхан шатны мэдээлэл, борлуулалтын албаны ажилтан Л.Чимгээ техникийн нөхцлийг харж бүртгэл хийгээд, тоолуур техник үйлчилгээний ажилтан Солонго нарын шат дамжлагаар давхар яваад хамгийн сүүлд надаар код үүсгэгддэг журамтай. Тухайн үед ААН нь айлаар бичигдэж байгаа бол тухайн байцаагч /заалт авагч/ мэдээллийг өөрсдөө авч ирж өөрчлөлт хийлгэх ёстой. Тэгтэл би байцаагчийн амаар ААН-ийг айл өрх гээд өөрчлөх боломж байхгүй. Тухайн үед ААН-ээр ажиллаж байгаад ажиллахгүй болсон тохиолдолд хувь хүний хүсэлтээр айл өрх болгон өөрчилж дутагдал доголдол гаргасан явдал байхгүй. Би хууль дүрмийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан билээ. Тухайн аудитын шалгалт хийх үед 2016.07.06-наас 2016 оны 11 сар хүртэл би тухайн орон тоон дээр ажилласан бөгөөд 2016 оны 11 сард миний ажлыг өөрчлөн байцаагч болгосон билээ. Иймд надад холбогдуулж тавьсан санхүүгийн хяналт, аудитын улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/21 тоот актыг ямар баримт материалыг үндэслэн акт тавьсан нь тодорхойгүй байгаа тул дээрх актыг хүчингүй болгож өгнө үү. Санхүүгийн хяналт, аудитын улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34/03/21 тоот актын эх хувийг улсын байцаагч У.Улаанхүүгээс албан ёсоор нотлох баримтаар гаргуулж өгөхийг хүсье” гэжээ.

      Хариуцагч санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У.Улаанхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Янжаагийн Тунгалагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У. Улаанхүү миний бие Санхүүгийн хяналт, аудитын албанд Цахилгаан түгээх сүлжээ   ХХК-аас ирүүлсэн 2017 оны 1сарын 10 ны өдрийн 21 тоот хүсэлтийн дагуу албаны  даргын  баталсан удирдамжаар  8 төрлийн хүсэлтийн нэгд аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг айл өрхийн цахилгааны  үнээр бичиж төрд  тодорхой  хэмжээний хохирол учруулж байсан тул шалгаж өгөх гэсэн хяналт шалгалт хийсэн бөгөөд 2016 оны 07 сарын 06 ны өдрөөс хойш ААН-ийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг айл өрхийн тарифаар тооцож бичсэн жагсаалтыг Цахилгаан түгээх сүлжээ   ХХК-ны борлуултын албаны дарга Н. Басанхүүгийн гаргаж ирсэн 16 аж ахуйн нэгжийн 2284616 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр гаргасан  нэмэгдсэн өртгийн албан татварт 228462 төгрөг тооцож нийт 2513078 төгрөгийн актыг тавысан болно. Энэ актыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 07 сарын 06  өдрийн 201 тоот тогтоолд “ айл өрх/ нөат-гүй / 86,8 төгрөг, аж ахуйн нэгж/ нөат-гүй/ 124,2 төгрөг байхаар тогтоосон , Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13,7-д “ Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх санхүүгийн тайланд тусгахыг хориглосон” гэсэн заалтуудын тус тус зөрчсөн. Мөн Я. Тунгалаг нь шалгалт хийгдэх хугацаанд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д аж ахуйн нэгж, айл өрхийн аль нь болохыг хянан баталгаажуудаг гэрээ бичилтийн текникч гэсэн төрийн албан хаагч байжээ. Төрийн албан хаагчийн хариуцлагатай холбогдуулан Засгийн газрын 483-р тогтоолын 7.5-д  “ Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл,  Санхүү, төсөв нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт , албан шаардлага бичнэ” гэж заасны дагуу акт тогтоосон болно” гэжээ.

       Нэхэмжлэгч Я.Тунгалаг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би Увс аймгийн Цахилгаан түгээх станц ХХК-нд 2011 оны 08 дугаар сард байцаагчаар ажилд орсон. 2014 онд гэрээ бичилтийн техникч гэх албан тушаалд томилогдон 2016 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан. 2017 оны 01 дүгээр сарын 29-нд Эрдэнэбаатар дарга намайг өрөөндөө дуудаж Санхүүгийн хяналт, аудитын улсын байцаагчийн актыг танилцуулж 2.500.000 төгрөгийн төлбөр шаардсан. Би уг акттай танилцсаны дараа У.Улаанхүүтэй очиж уулзахад “Цахилгаан түгээх сүлжээ ХХК-аас хүсэлт гаргасны дагуу би шалгасан” гэдэг тайлбар өгсөн. Ингээд би 2 сард Санхүүгийн хяналт, Аудитын албаны дарга Энхболдод уг актыг дахин шалгаж үзэх хэрэгтэй байна гэж хүсэлт гаргасан боловч дахин шалгах боломжгүй гээд хүлээж аваагүй. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/21 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

       Хариуцагч У.Улаанхүү шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шалгалт хийж акт тавигдсаны дараа Я.Тунгалаг надтай ирж уулзсан. Нэгэнт би хяналт шалгалт хийгээд акт тавьсан учраас дахин хянаж шалгах боломжгүй тиймээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр 14.1-д зааснаар улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй бол удирдах дээд байгуулагад гомдол гаргаж болно гэсний дагуу гомдол гаргаж болно гэж хэлсэн. Үүний дагуу Санхүүгийн хяналт, Аудитын албаны дарга Энхболдод хүсэлт гаргасан байсан. Аж ахуйн нэгж байгууллагыг иргэнд шилжүүлэх, иргэнийг аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлэх эрхийг зөвхөн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн бичилтийн техникч тусгай кодоор шилжүүлдэг. Зөвхөн бичилтийн техникчид шилжүүлэх эрх байдаг гэсэн баталсан нотолсон нотолгоо өгсөн учраас уг актыг тавьсан. Уг шалгалтыг Цахилгаан түгээх сүлжээ ХХК-аас Санхүүгийн хяналт, Аудитын албанд албан тоот ирүүлсний дагуу албаны дарга надад цохолт хийж өгсөн. Ингээд би удирдамж боловруулж уг хяналт шалгалтыг хийхэд урьд нь бичилтийн техникч хийж байсан Я.Тунгалаг улсад хохирол учруулсан байна гэсэн. ЦТС ХХК-ийн борлуулалтын албаны дарга Басанхүү нь зөвхөн бичилтийн техникч өөрчлөх эрхтэй өөр албан тушаалтан өөрчлөх эрх байхгүй гэж хэлсний дагуу би нотлох баримт болгож актаа тавьсан. Тухайн үед бичилтийн техникч хийж байсны хувьд миний тавьсан акт үндэслэлтэй төрийг хохиролгүй болгох ёстой гэж үзэж байна. Анхан шатны баримтыг үзэж шалгаагүй нь миний буруу байна гэж төрийн албан хаагчийн хувьд үзэж байна” гэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шаардлага Санхүүгийн хяналт, аудитын улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/21 тоот актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Энэхүү акт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад ингэж үзэх болсон бэ гэвэл аливаа акт нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. У.Улаанхүү байцаагчийн хувьд зөвхөн Басанхүүгээс ирүүлсэн 2012 онд гаргасан кодтой, тамга тэмдэггүй, он сарын засвартай баримтыг үндэслэж акт тавьсан байгаа. Бичилтийн техникч айл өрх, албан байгууллагаар явдаггүй тоолуурын заалт авагч тусдаа байдаг. Аж ахуйн нэгж үйл ажиллагаа нь зогсох гэх мэтээр үйл ажиллагаагаа явуулахгүй болсон тохиолдолд айл өрхөд шилжүүлж өгөх талаар тоолуурын заалт авагчид уламжилж хүсэлт бичилт бичиж өгснөөр албаны даргадаа танилцуулснаар албаны дарга айл өрхөд шилжүүлэх эсэхийг шийддэг. Ингэснээр бичилтийн техникч кодыг өөрчилдөг. Эрчим хүчний тухай хуулиар тухайн аж ахуйн нэгжийн код дүрэм журмынхаа дагуу өөрчлөгдөөд ирсэн үү өөрчлөөгүй байж айл өрхөөр тооцож бичилт хийсэн үү гэдгийг хяналт шалгалтаараа тогтоосон зүйл байхгүй. Зөвхөн хэдхэн кодыг үндэслэж тавьсан акт нь хууль зүйн үндэслэлгүй байна. ЦТС ХХК-ийн албаны даргаас ирүүлсэн аж ахуйн нэгжийг айл өрхөөр тооцож манай компанид ийм хохирол учрууллаа энэ нь Тунгалагтай холбоотой гэсэн албан бичгийг үндэслэж акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэхүү актын улмаас өөрөөр хэлбэл зөрчил гаргасан эсэхийг шийдвэрлээгүй байхад ажлаас нь чөлөөлсөн байгаа. Я.Тунгалагийн хувьд эрчим хүчний байгууллагад 7-8 жил ажиллаж шагнал урамшуулал авч байсан. Яг ямар албан тушаалтан тухайн кодыг өөрчилсөн эсэхийг тогтоосон баримт байхгүй. Иймд Я.Тунгалагт холбогдуулж гаргасан акт нь хууль үндэслэлгүй байна гэж үзэж байгаа учраас улсын байцаагч У.Улаанхүүгийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Я.Тунгалаг нь “Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/21 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаарлага гаргасан байна.

      Увс аймгийн Санхүүгийн хяналт Аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У.Улаанхүү, А.Дугармаа нарын тавьсан актыг эс зөвшөөрч тус албаны дарга М.Энхболдод хандан гомдол гаргасан байх ба гомдлын хариуг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 тоот албан бичгээр “дахин шалгах шаардлагагүй гэж үзэн” өргөдлийг буцаан хүргүүлсэн байна. Шүүх үүнийг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзээд захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

        Нэхэмжлэгч Я.Тунгалаг “тухайн үед байгууллага болон санхүүгийн хяналт, аудитын алба шалгалт хийж байгаа талаар болон акт гарсан талаар надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд гаргасан актаа надад танилцуулж гарын үсэг зуруулаагүй, ямар баримт материалыг үндэслэн акт тавьсан нь тодорхойгүй” гэж маргасан байна.

        Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.   

        2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Увс аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны даргын баталсан “Цахилгаан түгээх сүлжээ”-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У.Улаанхүү нь тус компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цахилгааны үнийн зөрүү 2513078 төгрөгийг гэрээ бичилтийн техникчээр ажиллаж байсан Я.Тунгалагаар төлүүлэхээр  акт тавьжээ.

        Улсын байцаагч Я.Тунгалагийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 201 тоот тогтоол, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж аж ахуйн нэгжээр төлөгдөх ёстой цахилгааныг айл өрхийн үнийн тарифаар бичиж компанид 2513078 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгажээ.

        Энэхүү актанд улсын байцаагч У.Улаанхүү, А.Дугармаа нар гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч улсын байцаагч У.Улаанхүүд холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба тухайн асуудалтай холбоотой хяналт шалгалтыг  улсын байцаагч У.Улаанхүү дангаараа хариуцан хийснээ хүлээн зөвшөөрсөн тул шүүх хамтран хариуцагчаар улсын байцаагч А.Дугармааг татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

       Хариуцагч улсын байцаагч У.Улаанхүү нь тус актыг тавихдаа анхан шатны баримтыг шалгаж үзэхгүйгээр, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэрээ бичилтийн техникчээр ажиллаж байсан Я.Тунгалагаас тухайн асуудлыг асууж тодруулаагүй, зөвхөн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн борлуулалтын албаны дарга Н.Басанхүүгийн цахилгааны төлбөрийг нь айл өрхийн тарифаар тооцож авсан гэх 16 хэрэглэгчийн жагсаалтыг үндэслэн  акт тавьсан, уг актыг нэхэмжлэгчид танилцуулаагүй гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс үзэхэд тэрээр Захиргааны ерөнхий хуулийн 24, 26 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар  тайлбар, санал гаргах боломж олгоогүй, ороцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй  байх ба мөн түүнчлэн 2015 оны Засгийн газрын 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6.3.1,6.3.3-д заасан санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах, хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах эрх  үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй буруутай байна.

        Я.Тунгалаг нь 2014 оны 05 дугаар сарын 30-иас 2016 оны 11 дүгээр сарын 28 хүртэл “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д  компанид гэрээ, бичилтийн техникчээр ажиллаж байсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, тус компанийн захирлын тушаалаар тогтоогдож байх ба  2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус компанийн захирлын баталсан бичилтийн техникч болон гэрээний ажилтны ажлын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд тэрээр “Байгууллага-хэрэглэгч хооронд байгуулах “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй холбоотой үйл ажиллагааг дэг журмын дагуу явуулах, мэдээллийн нэгдсэн санд хэрэглэгчийн мэдээллийг үнэн зөв оруулах, баяжуулах, шинэчлэх, тоолуурын заалт авагч нарын өдөр тутмын ажлыг бэлтгэх, тоолуурын заалтыг зохих журмын дагуу борлуулалтын системд оруулах, бичилтийг хянаж, мэдээ тайланг цаг хугацааанд нь гаргах, бичилтийн үнэн зөвийг хариуцах чиг үүрэг бүхий ажил үүргийг гүйцэтгэж байжээ.

       Я.Тунгалаг нь аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлдөг, тайлан гаргадаг албан тушаалтан биш байхад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл гэрээ, бичилтийн техникч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хариуцлага хүлээдэг албан тушаалтан биш юм. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.  

       Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батлахаар заасан ба 2015 оны Засгийн газрын 483 дугаар тогтоолд Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичих эрхтэй.

       Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, түүнчлэн дээрх журамд зааснаар холбогдох зөрчилд акт тавих эрхтэй боловч хуулинд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хууль болон дотоод аудитын дүрмээ баримталж ажиллаагүй мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс маргаан бүхий захиргааны акт хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.

        Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Цахилгааны зөрүү үнэ төлүүлэх” тухай 34/03/21 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 70200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн  26.1, 24 дүгээр зүйлийн 24.1,24.2, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Тунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Цахилгааны зөрүү үнэ төлүүлэх” тухай 34/03/21 тоот актыг хүчингүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ОЮУНГЭРЭЛ