Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1763

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/04752 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ

Хариуцагч ХХХХХ-д холбогдох,

 

Орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХХ давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ХХХХ-аас ХХХХХХХХХХ дугаартай  ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар байрны ХХ тоот 54 м.кв 2 өрөө байрыг худалдан авсан. Тухайн үед тус байранд эгч нь болох ХХХ амьдарч байсан боловч ХХХХ-аас “энэ байрыг авч байгаа” гэдгээ хэлсэн. Тэгэхэд ХХХ нь “би мэдэхгүй, захиран зарцуулах эрх нь зөвхөн ХХХХ-д байдаг” гэж бичгээр зөвшөөрөл өгсөн боловч өнөөдрийг хүртэл гарсангүй.

Миний бие гэрээгээ нотариатаар батлуулсан, ХХХХХ нь тухайн үед эмнэлэг барьж байсан, бид хоёр танилууд учраас тохиролцсон. Надад байрыг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр суллаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл намайг хохироож байна. Иймд ХХХ, түүний гэр бүлийг тус байрнаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХХХ нь орон сууц бэлэглэх гэрээг ХХХ, ХХХ, ХХХХ, ХХХХ нартай нотариатаар орж хийсэн байдаг. Тус бэлэглэлийн гэрээнд “зээл аваад буцааж өгнө” гэсэн зорилгоор 2008 оны 5 дугаар сарын 17-ны өдөр авсан байдаг. ХХХХ-аас ХХХХХ-д байр бэлэглэснээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч хэнд хэдэн төгрөг өгч энэ байрыг худалдаж авсан гэх нотлох баримт байхгүй. ХХХХХ нь ХХХХ-тэй худалдах, худалдан авах гэрээгээ 1 000 000 төгрөгөөр хийсэн байдаг. Энэ гэрээг ХХХХХ нь анхнаасаа хуурч бэлэглэлийн гэрээ байгуулсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар  зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХ-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХ дугаар байрны ХХ тоот 2 өрөө сууцыг ХХХХ, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХХгаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу хэрэглэж, хэт нэг талын буюу нэхэмжлэгч талын байр суурийг илт хамгаалж дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Шүүх хуралдаанд оролцогч болон хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэд, тал бүрээс нь үнэлж дүгнээгүй бөгөөд хариуцагч ХХХ нь шүүх хурлын товыг мэдээгүй, мэдэгдэл дээр хариуцагч гарын үсэг зурж танилцаагүй, ХХХгийн гарын үсэг биш нь тодорхой байсан бөгөөд 2016 оын 07 дугаар сарын 17-ны өдөр “МИАТ” ТӨХК-ийн ОМ-501 дугаартай онгоцоор АНУ руу явсан байсан. Энэ тухай өмгөөлөгч ХХХХХ миний бие шүүгчид таницуулж, хуульд заасан үндэслэлээр хариуцагчийг байлцуулж шүүх хуралдааныг явуулахыг хүсэж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтииг гаргасан боловч хүлээж авалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь буруу байна.

Мөн өмгөөлөгч миний бие “Орон сууц бэлэглэлийн гэрээ” нь ХХХХ-ийн маргаж буй маргааны зүйл ба түүний үндэслэл нь болж байгаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэл байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх тухай хүсэлт гаргасан боловч дээрх хуулийг хэрэглэхгүй, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй.

Нэхэмжлэгч ХХХХ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ хариуцагч ХХХгийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохын тулд шинжээч томилж, шинжлүүлэх тухай, мөн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн боловч хүсэлтийг хүлээж авч хэлэлцүүлээгүй.

Нэхэмжлэгч ХХХХ ньХХХХХ-аас 2008 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 000 000 төгрөгөөр тухайн орон сууцыг хууль бусаар худалдаж авсан бөгөөд энэ хугацаанд орон сууцны талаар хариуцагч ХХХ болон түүний гэр бүлийн гишүүдтэй уулзаж байгаагүй бөгөөд ХХХХ ХХХХХХ нар нь хуйвалдаж бусдын өмчлөх эрхэд санаатайгаар халдаж гэм хор учруулсан юм.

Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2, Улсын Дээд шүүхийн 18 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “өмчлөгч эрхээ урвуулан ашиглах” гэдэгт “өмчлөгч өөрийн бүрэн эрхийг бусдын ашиг сонирхолд санаатайгаар харш хэрэгжүүлэхийг ойлгоно” гэснийг ноцтой зөрчсөн байхад бүрэн гүйцэд дүнгэхгүй, хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн хариуцагчийн гэрийн хаягаар шуудангаар хүргүүлсэн шүүхийн шийдвэр нь үг, үсгийн болон найруулга зүйн маш их алдаатай, өөрийн гараар зассан шүүхийн шийдвэрийг албажуулж бусдыг үл хүндэтгэсэн, шүүх байгууллагын нэр хүнд, шүүгчийн ёс зүйг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлээр шаардаагүй шаардлагыг нэмж шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

            Нэхэмжлэгч ХХХХ нь өөрийн өмчлөлийн орон сууцыг ХХХгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг орон сууцыг өөрийн дүү болох ХХХХХХын өмчлөлд шилжүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

            Нэхэмжлэгч ХХХХ нь ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХ дугаар байрны ХХ тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө сууцны өмчлөх эрхээ улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгүүлсэн нь 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ХХХХХХХХХХ дугаар улсын бүртгэлийн гэрчилгээгээр /хх-4/ нотлогдож байх бөгөөд өмчлөх эрх шилжүүлсэн үндэслэл нь ХХХХХХ, ХХХХ нарын хооронд 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ болсон байна. Энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй, шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ 2008 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ХХХ, ХХХ, ХХХХ болон ХХХХХ нарын хооронд байгуулагдсан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг ХХХХ-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан. Иймд ХХХХХын өмчлөлд шилжсэн орон сууцыг худалдан авахдаа ХХХХ нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэж, ХХХХХтай худалдах, худалдан авах гэрээг байгуулж орон сууцны өмчлөгч болсон байна.

            Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс хэдийд ч шаардах эрхтэй бөгөөд хариуцагч ХХХ нь уг орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан гэдгийг баримтаар нотлоогүй байна.

            Иймд  нэхэмжлэгч буюу өмчлөгч ХХХХ нь өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. 

            Хариуцагч ХХХгийн татгалзал нь нэхэмжлэлийн үндэслэлд хамааралгүй, энэ хэргийн оролцогч биш этгээдтэй байгуулсан өөр гэрээнд хамаарах тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь “зохигчийн  маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” үндэслэл бүрдээгүй байна.

            Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

            Харин нэхэмжлэгч ХХХг хариуцагчаар тодорхойлсон  нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хариуцагч ХХХХХ-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгчээс хариуцагчийн гэр бүлийн гишүүдийг хариуцагчаар татах хүсэлт гаргасан боловч түүнээсээ  шүүх хуралдаанаас өмнө татгалзсан байхад шийдвэрийн тогтоох хэсэгт “ХХХ болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх”-өөр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасанд нийцэхгүй юм.

            Мөн хариуцагч ХХХХХ-ийн эцгийн нэрийг буруу бичсэн, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцоогүй байхад шийдвэрийн тогтоох хэсэгт гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж бичсэн алдаа гаргасныг залруулах боломжтой гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/04752 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “ХХХХХ, түүний гэр бүлийн гишүүдийн” гэснийг  “ ХХХХХ-ийн” гэж,

3 дахь заалтын “гуравдагч этгээд” гэснийг хасч  шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ