| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 318/2025/00227/и |
| Дугаар | 224/МА2025/00023 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 224/МА2025/00023
Б.Ж-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 318/ШШ2025/00286 дугаар шийдвэртэй,
Б.Ж-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие 1969 онд төрсөн, 56 настай. Би 1987 онд 10 дугаар анги төгсөөд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажилд орсон. 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр болон аймгийн архиваас цалингийн хүснэгт гарсан. Харин тухайн үед ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа, бас нэрний зөрчил гарсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 318/ШШ2025/00286 дугаар шийдвэрээр:
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан З овогт Б-ын Ж-ийн 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх 1989 оны 8 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч Б.Ж давж заалдсан гомдолдоо: “...Миний дээрх хугацаанд тухайн байгууллагад ажиллаж байсан нь үнэн бөгөөд гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдох боломжтой гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгч Б.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 8 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
Миний бие 1987 онд 10 дугаар анги төгсөөд, 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажилласан. Ингээд 1991 онд нягтлангийн курст суралцаж, өөр ажил хийсэн. Хэрэгт гэрчээр асуугдсан хүмүүс бүгд надтай хамт ажиллаж байсан хүмүүс байгаа.
Мөн хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр нь тухайн байгууллагын захиргаанаас надыг ажлаас гарахад бичиж өгсөн дэвтэр юм. Бид нар хавар, зун нь таримал чацаргана тариалж, жимсний модны зэрлэг тайрах, услах зэрэг ажил хийж, өвөл нь чацарганаа хурааж авдаг байсан бөгөөд шүүхэд гаргаж өгсөн гэрэл зураг нь 1990 оны өвөл чацаргана түүж байгаад авахуулсан манай хамт олны зураг, энэ зураг дээр гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс мөн байгаа. Зургийн ар талд 1990 он гээд бичиг байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ж-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 318/ШШ2025/00286 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Б.Ж нь 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх 1989 оны 8 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.
3.1. Шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шүүхийн ажиллагаа бөгөөд нотлох баримтыг үнэлэх ажиллагаа гэж талуудаас шүүхэд гаргасан баримтуудын тухайн маргаанд хамааралтай, хуулиар зөвшөөрөгдсөн, үнэн зөв, хоорондын уялдаа холбоотой байдлуудыг тус тус тодорхойлж, үүний үндсэн дээр эрх зүйн оновчтой дүгнэлт хийхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харилцан хамааралтай, хэрэгт ач холбогдолтой байдлаар нь бүрэн гүйцэт үнэлж чадаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс аймгийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд 1987-1991 оны хооронд цэцэрлэгчнээр ажиллаж байсан гэх Ч.Д, Н.Ө нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ба гэрч Н.Ө шүүхэд: “...Б.Ж нь 1987-1990 он хүртэл Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан. 1987 онд 10 гаруй охин сургуулиа төгсөж, ажилд орж байсны нэг нь Б.Ж юм. Б.Ж-ийн ээж Д нь 1980-1999 он хүртэл бид нар нэг бригадад цэцэрлэгчнээр ажиллаж байсан тул би сайн санаж байна. Тухайн үед Улаантолгойн чацарганы аж ахуй нь маш том байгууллага байсан. Нийт 500 гаруй ажилтантай байсан. 1999 онд татан буугдсан” гэж,
гэрч Ч.Д шүүхэд: “...Би 1981- 1999 он хүртэл Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан. Б.Ж нь 1987 оны 6 дугаар сард 10 дугаар ангиа төгсөөд 8 дугаар сард Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажилд орж, 1990 он хүртэл ажилласан” гэж тус тус мэдүүлжээ.
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт, дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судалсан талаараа дурдаад, гэрч Ч.Д, Н.Ө нар нь хүсэлт гаргагч Б.Ж-ийн шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1987-1990 оны хооронд Увс аймгийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Иймд гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов гэх хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүх дээрх байдлаар, гэрч Ч.Д, Н.Ө нарын мэдүүлгийг үнэлэх боломжтой гэх дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгч Б.Ж-ийн 1989 оны 7 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом хот дахь Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд ажиллаж байсан гэх гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул гэрч нарын мэдүүлгээр хүсэлт гаргагчийн дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох боломжгүй байна гэж нэг нотлох баримтын нотолгооны ач холбогдлын талаар өөр өөрөөр, зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасантай нийцээгүй байна.
3.2. Анхан шатны шүүх гэрчүүдээс мэдүүлэг авахдаа тэдгээрт үнэн зөв мэдүүлэг өгөх талаар сануулан, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгийг анхааруулж баталгаа гаргуулсан байх ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан бүхэлд нь нотолгооны ач холбогдолтой баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Ж-тай тодорхой хугацаанд хамт ажиллаж байсан талаарх гэрч Ч.Д, Н.Ө нарын мэдүүлгүүд нь тэдгээрээс гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтэр /хуулбараар авагдсан/, түүнд агуулагдах баримтат мэдээллүүдтэй тохирч байх тул гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Б.Ж-ийн хөдөлмөрийн дэвтрийг бусад нотлох баримтуудтай бодит байдлаар нь харьцуулахгүйгээр нөхөн бичилттэй гэх шалтгаанаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй ба тус хөдөлмөрийн дэвтэрт, нэхэмжлэгчийг 1987 оны 8 сарын 14-ний өдөр цэцэрлэгчнээр ажилд томилсон, мөн өөрийнх нь хүсэлтээр 1990 оны 3 сарын 24-ний өдрөөр тасалбар болгон ажлаас бүрмөсөн чөлөөлсөн талаар бичилт хийж, Улаангом хот дахь Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэл гэх тамга дарж баталгаажуулсан байдал, уг дэвтэрт тусгагдсан мэдээллүүд нь хэрэгт авагдсан архивын лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг, Б.Ж-ийн ХААТР 1 маягтад, 1987 онд Шинжлэх ухаан, үйлдвэрлэл нэгдэл 2-р бригадад цэцэрлэгчнээр ажилд орсон гэж бичигдсэн байдал, нэхэмжлэгчийн тайлбар зэрэгт тусгагдсан мэдээлэлтэй агуулгын зөрөөгүй, нийцэж байх тул эдгээр нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.
4. Иймд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалж, нотлох баримтаар тооцон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд болох гэрч Ч.Д, Н.Ө нарын мэдүүлэг, Увс аймгийн архивын тасгийн лавлагаанууд, хөдөлмөрийн дэвтэр, ХААТР 1 маягт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Б.Ж-ийн Увс аймгийн Улаангом хот дахь Шинжлэн ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд цэцэрлэгчнээр ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
5. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Ж-ийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 318/ШШ2025/00286 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан З овогт Б-ын Ж-ийн 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом хот дахь Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ
Н.МӨНХЖАРГАЛ