Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 079

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч, хяналтын прокурор Б.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж-т холбогдох 1913001790100 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, малчин, Баян- Өлгий аймгийн Д  сумын ** дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, М.х овогт С-ын Ж, регистрийн дугаар БЖ.........

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С овогтой Ж нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр, тус багийн төвд ууланд бэлчиж байсан иргэн М.А-ийн мал дотроос 3 толгой ямааг хулгайлан өөрийн “Соната-2” маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж авч явж Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвд ирээд А.А гэдэг хүнд худалдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С овогтой Ж нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр, тус багийн төвд ууланд бэлчиж байсан иргэн М.А-ийн мал дотроос 3 толгой эм ямааг хулгайлан “Соната-2” маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж авч явж Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвд ирээд мөнгө олох зорилгоор худалдах шунахайн сэдэл төрж А.А гэдэг хүнд өөрийн мал гэж итгүүлэн 3 тооны бог малыг 160.000 төгрөгөөр худалдан борлуулж, М.А-т 150.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч М.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ....Миний бие Дэлүүн сумын 10 дугаар багийн төвд гар дээрээ нийт 28 ямаа, мөн хонь тэжээж байгаа ба өдөр бүр малаа хашаанаас гаргахдаа тоолж гаргаад өвс тэжээлийг нь өгдөг байсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 16-ны өглөө малаа хашаанаас тоолж гаргаад бэлчээрт явуулаад, өөрсдөө Жа гэх ахын хүүхдийн үсэглэлийн баярт нь явсан, орой 17 цагийн үед гэртээ ирээд малаа цуглуулж тоолоход 3 ямаа дутсан, тэгээд би багийн төвийн айлуудын малд нийлсэн байх гэж бодоод маргаашаас нь эхлээд хайсан боловч одоо хүртэл олдоогүй байгаа /хх-ийн 27 дугаар хуудас/, ...С.Ж нь миний алдсан 2 хар ямаа болон нэг хар халзан зүсмийн ямааг авч ирсэн. Уг ямаануудын эвэрт нь цэнхэр өнгийн будаг түрхсэн байсан. С.Ж надад хэлэхдээ 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр танай мал эзэнгүй бэлчээрлэж байхад нь өөрийн машинаар очиж хулгайлаад сумын төвд хүргэж А.А гэх хүнд худалдсан байсан, тэр хүнээс буцаагаад авч ирлээ гэж хэлсэн. С.Ж надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

- Гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Миний бие 2019 оны 03 дугаар сарын 17-18-ны үед 10 дугаар багийн иргэн С овогтой Ж гэх залуугаас 3 ямаа худалдаж авсан. 2019 оны 03 дугаар сарын дунд үед С.Ж нь манайд 3 ямаа авч ирсэн. Уг 3 ямааг С.Ж нь нэг хар өнгийн суудлын тэрэгт багажинд нь хийж авч ирсэн байсан. Би уг машины улсын дугаарыг нь анзаараагүй, машиныг С.Ж өөрөө жолоодож ганцаараа явж байсан юм. ...Уг ямаануудыг би өөрөө малаасаа авч ирлээ гэж л хэлсэн. /хх-ийн 33-рх/, ...Уг асуудал болсны дараа С.Ж нь нэг өдөр манайд ирээд би хүний малыг хулгайлж ирээд танд зарчихсан байсан, миний хулгай хийсэн маань илэрчихсэн тул би танд зарсан ямаануудыг буцааж аваад эзэнд нь өгөх хэрэгтэй байна гэж хэлээд надад 160.000 төгрөг авч ирсэн байсан. Тэгээд би С.Ж-т чи яагаад хүний малыг хулгайлж байгаа юм бэ, өөрийнхөө малыг зарахгүй яасан бэ гэж загнаад, ямаанууд нь миний хүргэн ах Т-н малд байгаа талаар хэлж, тэндээс очиж аваарай гэж хэлээд явуулсан ба С.Ж нь тэндээс очиж ямаануудаа авч, М.А гэх малын эзэнд нь буцааж өгсөн талаар сонссон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

- Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

- Хулгайлагдсан малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

- Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Соната-2” маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

- Малын үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт: “Дэлүүн сумын нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын байдлаар нас гүйцсэн эр ямаа 80.000-90.000, нас гүйцсэн эм ямаа 50.000-70.000 төгрөгийн үнэлгээтэй байна” /хх-ийн 42 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Миний бие 2019 оны 03 дугаар сарын эхэн үед сумын төвд хувийн ажлаар очсон байсан. Тухайн үед надад гэрийн ойр зуурын хүнс авахад мөнгө төгрөг хэрэг болохоор нь сумын төвд байдаг А.А гэх ченж хийдэг хүнтэй уулзаад би танд дараа ирэхдээ 2 ямаа авч ирж өгнө та надад мөнгө зээлэх хэрэгтэй байна гэж хэлээд тэр хүнээс 110.000 төгрөг авч явсан байсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр багийн төвийн хойд талын ууланд өөрийн **** БӨА улсын дугаартай “Соната 2” маркийн тээврийн хэрэгслээр очиж аргал түүгээд явж байхад тэнд манай хөрш М.А гэх хүний мал нь эзэнгүй бэлчиж байхаар нь уг мал дотроос 3 ямааг хулгайлж машиныхgg багажинд ачиж аваад сумын төвд авч ирж А.А-т өгөөд, урьд авсан 110.000 төгрөгт нэмээд 50.000 төгрөг аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан. Үүнд:

-Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай “С овогтой Ж-ын /БЖ90102613/ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 20 дугаар хуудас/,

-  2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олгосон “РД:БЖ****, овог: М.х, эцэг/эх/-ийн нэр: С, нэр:Ж, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Дэлүүн, төрсөн огноо:1990-10-26, хаяг:Баян-Өлгий, Дэлүүн, **-р баг, Д , хүчинтэй хугацаа:2035-10-26, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Тус багийн иргэн С овогтой Ж /БЖ.........../ регистрийн дугаартай, тус багийн байнгын оршин суугч мөн. Ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Даруухан зантай, хүнд тусархаг, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, 2018 оны жилийн эцсийн тооллогоор бүгд 2 мал тоолуулсан ба үүнээс  хонь 1, ямаа 1 тоолуулсан. Өөрийн эзэмшлийн байшинд амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо хамаарал уялдаатай, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал,  шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, малын ченж нар мал худалдах, тээвэрлэхдээ малын гарал үүслийн бичгийг шалгадаггүй, хямд үнээр хулгайн байж болох магадлал өндөр малыг худалдан авдаг байдал, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газраас гарал үүслийн бичиггүй малыг тус аймагт оруулах, худалдан борлуулахад хяналтаа сул тавьсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч С.Ж-ын мал хулгайлах гэмт үйлдэл нь М.А-ийн малын дотроос малыг авч, машиндаа ачсанаар эхэлж, тэндээс 3 тооны бог малыг өөрийн эзэмшилд авч, бусдад захиран зарцуулснаар гэмт хэрэг төгссөн байна.

Шүүгдэгч С.Ж нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Эрүүгийн хуульд зааснаар мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг бөгөөд олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгодог юм. Иймээс мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзнэ.

Шүүгдэгч С.Ж-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч С.Ж-ын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч М.А-т 150.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/-ээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Ж нь хууль бус үйлдлийнхээ улмаас хохирогч М.А-т 3 ямааг биет байдлаар хүлээлгэн өгч, хохирлыг барагдуулсан /хх-ийн 62 дугаар хуудас/, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ зэргийг үндэслэн шүүгдэгч С.Ж-ыг хохирогч М.А-т төлөх төлбөргүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэснээр шүүгдэгч С.Ж-ын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хохирогч М.А-ийн малаас хулгайлсан 150.000 төгрөгийн үнэтэй 3 тооны ямааг иргэн А.А-т худалдсанаас болж иргэний нэхэмжлэгч А.А-т 160.000 төгрөгийн хор уршиг учирсан гэж үзлээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч А.А-ын мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч А.А-т учруулсан хохирлоо төлж барагдуулсан /хх-ийн 35-36 дугаар хуудас/ тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч А.А-т төлөх төлбөргүй байна. 

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Ж-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж түүнд нийгмээс тусгаарлахгүйгээр, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Ж-ын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоолоо. 

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Соната-2” маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.Ж худалдан авсан гэх боловч хуульд заасан журмын дагуу түүний нэр дээр өмчлөлд бүртгэж, бүртгэлийн гэрчилгээ аваагүй учир түүнд уг машиныг бүрэн шилжсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаар маргаантай асуудал байх тул уг тээврийн хэрэгслийг хураан улсын  орлого болгох боломжгүй байна.

Солонгос улсад 1993  онд үйлдвэрлэгдсэн “Соната-2” маркийн хуучин тээврийн хэрэгсэл нь 2019 оны 05 дугаар сарын байдлаар 400.000 төгрөгийн үнэтэй болох нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд хэрэгт битүүмжлэгдэж шүүгдэгч С.Ж-ын хадгалалт, хамгаалалтанд байгаа “Соната-2” маркийн **** БӨА улсын дугаартай, 400.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийн үнэ болох 400.000 төгрөгийг шүүгдэгч С.Жандосоос гаргуулж улсын орлогод орлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Ж-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Соната-2” маркийн **** БӨА улсын дугаартай, 400.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ж-ын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг дурдаж, шүүгдэгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.х овогт С-ын Ж-ыг “Бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-ыг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Ж-т оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын захиргаанд “Зам талбайн хогийг цэвэрлэх” ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Ж-ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, “Соната-2” маркийн **** БӨА улсын дугаартай, 400.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 400.000 төгрөгийг шүүгдэгч С.Ж-оос гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч С.Ж-ын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК