| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00621/И |
| Дугаар | 652 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 652
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр багт оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, РД:ОП60082315, Шангас овогт Жавзангийн Дүгэрийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Дүгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1960 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 56 настай. Би Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1976 оноос буюу 16 настайгаасаа эхлэн малчнаар 1989 оны 12 дугаар сарыг дуустал хонь, ямаа маллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1976 оноос 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байсан. Би өвөл гэртээ нэгдлийн мал малладаг, зун болон хавар нь 3 хүний бүрэлдэхүүнтэй суурь ахлаж тууварт явдаг, тууварт явахад цалингаа бөөнд нь буюу 2000-8000 хүртэл төгрөгийн цалин авдаг байсан тул зарим саруудад цалин гараагүй байдаг юм. 1989 онд зарласан социалист уралдаанд сууриараа шалгарч 1990 оны 2 дугаар сард диплом, 320.000 төгрөгийн шагналаар шагнагдаж байсан. Мөн 1980 оны 7 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарыг дуустал Улаанбаатар хотын 0187 дугаар ангид цэргийн алба хаасан. Иймд миний энэхүү байдлыг харгалзан үзэж 1976 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 102 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Дүгэр нь Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1976 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Жавзангийн Дүгэрийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1976 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдлээс 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдөр шагнасан Диплом “1989 онд зарласан социалист уралдаанд амжилттай оролцсон”,
3. Гэрч Т.Сайндаагийн шүүхэд өгсөн: “Би 1970 оноос 1993 оны хооронд Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд тоо бүртгэгч, аж ахуйн нярав, нягтлан, бригадын дарга зэрэг ажлуудыг хийж байсан. Ж.Дүгэр нь багаасаа ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1976 оноос намайг нэгдлийн Халиунбулаг бригадад малчнаар ажиллаж 1983 он хүртэл ажиллаад 1980 оноос 1983 оны хооронд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн нэгдлийн малыг 1989 оны сүүл хүртэл малласан хүн байгаа юм. Тухайн үед Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдлийн даргаар Б.Даваа, Г.Хөхөө, Б.Жамсран, Г.Батхүү, М.Батжаргал гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
4. Гэрч Ч.Манжаагийн шүүхэд өгсөн: “Би 1983 оноос 1994 оны хооронд Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд боловчсон хүчний эрхлэгчээр ажиллаж байсан. Ж.Дүгэр нь 1976 оноос эхлэн Увс аймгийн Ховд сумын Хөгжил” нэгдэлд тууварчин, малчнаар 1989 оныг дуустал ажилласан юм. Мөн 1980 оны 6 дугаар сараас 1983 оны 9 дүгээр сарын хооронд цэргийн алба хаасан санагдаж байна. Ажиллах хугацаандаа сумын аварга тууварчин зэрэг шагналууд авч байсан байхаа. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
5. Гэрч Т.Сайндаагийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүнийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 52 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Ч.Манжаагийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүнийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ж.Дүгэр нь Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1976 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Ж.Дүгэрийн цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа шагнуулсан “Диплом”, гэрч Т.Сайндаа, Ч.Манжаа нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Дүгэрийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1976 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал 4 жил, 6 сар малчнаар, 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 жил, 6 сар малчнаар, нийт 11 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Дүгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Дүгэрт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие Ж.Дүгэр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо дахин шүүхэд ирэх боломжгүй хөдөө сумын төвөөс хол зайтай, нүүдлийн цаг болсон учраас намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж миний ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шангас овогт Жавзангийн Дүгэрийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1976 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сар малчнаар, 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сар малчнаар, нийт 11 /арван нэг/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Дүгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР