| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2024/03242/И |
| Дугаар | 210/МА2025/01061 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01061
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02294 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******, ****** нарт холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* миний бие 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* ОСНААК ХХК-д ажилд орж 3 сарын туршилтын хугацаа дуусаад 2012 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр цахилгаанчнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанид орсон. Ажилд орсон өдрөөс хойш 2015 оны 10 сард тус компанийн 5 жилийн ой болон орон сууц нийтийн аж ахуйн ажилчдын баярыг хамтран тэмдэглэх баярын үеэр надад ******* 1 өрөө байрыг бэлэглэн, шагнаж урамшуулсан. Тухайн байраар шагнахдаа татварт төлөх ёстой гэж 10,000,000 төгрөгийг авч, 10 жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаарай, чиний нэр дээр удахгүй шилжүүлж өгнө гэж хариуцагч захирал ****** хэлсэн. Тиймээс би өнөөдрийг хүртэл тус компанид тасралтгүй 12 жил ажиллаж байгаа юм. Ажиллах хугацаанд захирлын хэлсэн бүгдийг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд тухайн хотхоны цахилгааны асуудлыг 3 цахилгаанчин хариуцан ээлжээр ажиллах ёстой байтал 7 хоногийн 24 цагаар дуудлага хүлээн авч, айл өрхийн цахилгааны гэмтэл засварыг дангаар хариуцсан, чамд байр өгсөн биз дээ гэж хэлэн ажиллуулсан, хөдөлмөрийн гэрээгүй өөр бусад хотхоны цахилгаан, сантекникийн асуудал болон захирлын хувийн Тэрэлжид байрлах Глорий Ресорт гэх амралтын газрын бүхий л ажлыг хийж өнөөдрийг хүрсэн юм.
2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр амралтын газрын цахилгааны засварыг хийж дуусгаад гэртээ амарч байх үед залгасан байсныг сонсоогүйд захирал ****** нь уурлаж 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр чамайг ажлаас хална тэр байрыг хурдан суллаж өг гэж хэлэн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр контор дээр дуудан өөрийн хүсэлтээр ажлаас гарах тухай хүсэлтийг миний өмнөөс бичиж гарын үсэг зуруулан ажлаас чөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл энэ олон жил надад байр бэлэглэж, шагнаж урамшуулсан гэж хэлж бүхий л хүнд хэцүү ажлуудаа хийлгүүлсэн байж намайг үндэслэлгүйгээр халж, 9 жилийн өмнө бэлэглэсэн байраа буцааж, өрх толгойлсон эцэг намайг 3 хүүхдийн хамт орон гэргүй болгож байгаад маш их гомдолтой байна.
2. Хариуцагч ******гийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие ******* ОСНААК ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд нэхэмжлэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас ажлаасаа гарсан байдаг. 2015 онд нэхэмжлэгч ******* нь эхнэрээсээ салж, хүүхдүүдээ дагуулан ажилдаа ирж оффис дээр байлгах гэх мэт хүнд нөхцөл байдалтай байсан. Тухайн үед эхнэртэйгээ зөвлөлдөн өөрийн өмчлөлийн орон сууцандаа түр амьдруулахаар шийдэж, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж 6-35 тоот байрандаа оруулсан. ****** миний бие иргэн хүнийхээ хувиар болоод, ******* ОСНААК ХХК-ийн захирлын хувиар хэзээ ч нэхэмжлэгчид орон сууц бэлэглэж байгаагүй. Харин түүнд тус болж орон сууцандаа олон жилийн хугацаанд түрээсийн төлбөр ч авалгүй амьдруулсны дараа хүний өмчлөлийн орон сууцыг бэлэглэсэн гэж шүүхэд хандаж байгааг зөвшөөрөхгүй.
******* ОСНААК ХХК нь ямар нэг байдлаар ажилчдадаа байр өгч байгаагүй. Өөрөөр хэлбэл 10 жил ажиллавал орон сууцтай болгоно гэсэн дүрэм, журам байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 10,000,000 төгрөг өгсөн гэх боловч худал хэлж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч ******гийн тайлбар, татгалзлын агуулга: Миний хувьд нэхэмжлэгч *******т өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө өгсөн, бэлэглэсэн зүйл огтоос байхгүй. Манай нөхөр ****** нь ******* ОСНААК-ийн захирлаар ажилладаг бөгөөд миний бие ******* ОСНААК-ийн менежерээр 2012 оноос хойш ажиллаж байгаа. 2016 онд манай нөхөр манай ******* ОСНААК-д ажилдаг Гэрэлбаатар гэдэг залуу эхнэр нь хаяад явсан жоохон хүүхэдтэй юм байна, түр чиний өмчлөлийн орон сууцанд амьдруулж тус болъё гэж надаас асууж байсан. Тухайн үед ******* нь нялх нойтон хүүхэдтэй, эхнэр нь хаяад явсан, өөрөө ажил хийж хүүхдүүдээ тэжээх шаардлагатай гэх мэт ар гэрийн олон зүйл байсан бөгөөд ээлжинд гарч байх үедээ ажлын цагаар хүүхдүүдээ эргэж тойрох, компанийн оффист хүүхдээ орхиж оффисын ажилчид хүүхдийг нь харах зэргээр хүндрэлтэй нөхцөл байдал байдаг байсан. Тиймээс сайхан сэтгэл гаргаж өөрийн өмчлөлийн орон сууцанд ажиллаж байх хугацаандаа түр оруулсан байдаг. Тухайн үед компанийн зүгээс бага насны хүүхэдтэй учраас шөнийн ээлжинд ажиллуулахгүйгээр зохицуулж мөн түр амьдарч байгаа байрны ойрхон ажиллах боломжоор нь хангах зэргээр *******т бүхий л чадлаараа тусалж дэмжиж байсан. Энэ хугацаанд ******* цалин хөлсөө бүрэн аваад л ажиллаж байсан бөгөөд нэгэнт эхнээсээ тус болоод түрээсийн төлбөр мөнгө авахгүй түр амьдруулъя гэж өөрийн өмчлөлийн орон сууцандаа оруулчихсан болохоор өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр мөнгө нэхэж байгаагүй. Гэтэл өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчихаад одоо энэ орон сууц минийх, миний өмч гэж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаад үнэхээр их гайхаж байна. *******ын хувьд хүний орон сууцанд олон жил түрээс мөнгө төлөхгүйгээр тухтай амьдарч, үр хүүхдээ даарч хөрөх аюулгүй орчинд өсгөж, ажлаа хийж цалин хөлсөө бүтэн авч өдий зэрэгт хүрчхээд чадах чинээгээрээ тусалж дэмжиж байсан хүний хувийн өмчийг авна гэж шүүхэд хандаж байгаа нь үнэхээр шударга бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч ******, ****** нарт холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д зааснаар хариуцагч ******гаас 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 174,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч ******гаас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгуулахаар шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ******* миний бие ******* ОСНААК ХХК-д ажилд орсон өдрөөс хойш 2015 оны 10 сард тус компанийн 5 жилийн ой болон Орон сууц нийтийн аж ахуйн ажилчдын баярыг хамтран тэмдэглэн баярын арга хэмжээ болж байх үед ажлын хамт олон бүгд байхад намайг Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Энгелс гудамж, 6 байр 35 тоот, 1 өрөө байрыг бэлэглэн, шагнаж урамшуулсан. Тухайн байрыг шагнаж урамшуулахдаа надаас татварт төлөх ёстой гэж хэлэн 10.000.000 төгрөгийг авч, хэсэг хугацаанд / 10 жил/ тогтвор суурьшилтай ажиллаж байгаарай чиний нэр дээр удахгүй шилжүүлж өгнө гэж хариуцагч / захирал ******/ хэлсэн.
Дээрх дурдсан үйл явдлыг хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн бүх гэрчүүд бүрэн хэлж нотолдог бөгөөд тэдгээр гэрчүүдэд хүртэл байр амлаж шагнаж урамшуулж байрандаа оруулж олон cap жилээр ажиллуулж байгаад байраа өөрийн өмчлөлд шилжүүлэн өгөөч гэх шаардлага гаргахад хариуцагч нь байр бэлэглээгүй гэж илтэд худал хэлж намайг болон хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсийг ажлаас чөлөөлдөг байсан гэдгийг хангалттай тогтоосон гэж үзнэ. Хариуцагч нарын гэрч нар нь хариуцагчтай гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүс байсан бөгөөд тэр хүмүүс хүртэл надад байр бэлэглэснийг сайн мэдэж байсан атлаа шүүх хуралдаанд мэдээгүй, хараагүй тухайн баярын өдөр хүмүүс *******ыг өргөөд баяр хүргэж байсан, байр өгсөн гэж сонссон гэж худал мэдүүлсэн.
Мөн анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлөхөөр шилжүүлсэн 10,000.000 төгрөгийг бэлэглэлийн гэрээ хариу төлбөргүй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн үндэслэлгүй байх бөгөөд тухайн мөнгийг ****** нь татварт төлөх ёстой гэж авсан болохоос надад байр бэлэглэсний хариу гэж тухайн мөнгийг аваагүй юм.
Өөрөө хэлбэл талуудын хооронд хуульд заасан хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан байтал энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэжжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, 116.3 дахь хэсэгт заасан Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд, шүүхийн шийвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж эсхүл анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Иргэн ******, ****** нарыг хариуцагчаар татсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ компанитай холбогдуулж тайлбарладаг. Ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж тайлбарладаг боловч тухайн тушаалтай маргаагүй тул үүнтэй холбоотой гомдол үндэслэлгүй. Орон сууц бэлэглэхтэй холбоотой хэлцэл, гэрээ, үүнтэй холбоотой ямар ч баримт байхгүй. Иргэний хуулийн 276 дугаар зүйл буюу бэлэглэлийн харилцаа үүссэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулах ёстой. Гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
7. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нэхэмжлэгч ******* нь иргэн ******, ****** нарт холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байтал шүүхээс нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй зүйлээр өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийг хангаж ... гэж, мөн ... ****** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа би нэхэмжлэгчийн байр суллаж өгвөл түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөгийг өгнө гэж хэлж байсан гэсэн, хариуцагчийн тайлбар нь нотлох баримтаар үнэлэгдэх тул нэхэмжлэгчийн хариуцагч ******д 10,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэн шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ... надад ****** байр бэлэглэн, шагнаж урамшуулсан. Тухайн байрыг шагнаж урамшуулахдаа надаас тaтвapт төлөх ёстой гэж хэлэн 10,000,000 төгрөг авсан гэж тайлбарладаг. Уг тайлбартайгаа холбогдуулан гэрч асуулгасан бөгөөд шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нар нь нэхэмжлэгчийн мөнгө аваад явж байсан гэдгийг хэлдэг ч ******д өгсөн гэдгийг мэдэхгүй гэдэг мэдүүлгийг өгсөн байдаг. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч *******т орон сууц бэлэглэж байгаагүй, мөн *******аас ямар ч мөнгө авч байгаагүй, бүр цаашлаад өөрийн орон сууцанд амьдруулж байхдаа ч түрээсийн төлбөр авч байгаагүй.
Шүүх хуралдааны явцад шүүгчээс уг 10,000,000 төгрөг хаанаас гарч ирээд байгаа юм бэ? гэж хариуцагч ****** надаас асуусан байдаг бөгөөд миний бие нэхэмжлэгчийг эхнэрийн орон сууцанд удаан амьдруулсан. Уг эд хөрөнгөө зарах болсон тул нэхэмжлэгчид орон сууцыг чөлөөлж өгөх талаар хэлсэн. Нэхэмжлэгч нь эхнэрээсээ салаад 3 хүүхдийн хамт өнөөдрийг хүртэл энэ орон сууцанд амьдарч байгаа учир юу юугүй шууд гар гэж хөөх нь хүнд байсан учраас орон сууцыг чөлөөлж өгөх хэрэгтэй байна, орон гэр олтлоо байр түрээсэлбэл 5, 10 сая төгрөг ядаж олж өгий гэж хэлсэн гэдгээ шүүгчид тайлбарласан бөгөөд шүүгчээс одоо энэ мөнгийг өгөх үү? гэж асуухад нь нэхэмжлэгч ажлаасаа гарсан, мөн одоо ингэж худлаа хэлж шүүхэд хандаж байгаа тул өгөх боломжгүй гэдгээ хэлсэн байдаг. Гэтэл шүүхээс уг тайлбарыг мушгин гуйвуулж тайлбарлан, нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлийг, мөн ямар ч баримтаар нотлогдоогүй төлбөрийг гаргуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд ингэж ****** миний шүүгчийн асуултанд хариулсан тайлбарыг буруугаар тайлбарлаж шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна.
Шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой. Хавтаст хэрэгт *******ын яриад, хэлээд байгаа энэ 10,000,000 төгрөгтэй холбоотой ямар ч баримт байхгүй бөгөөд гэрчийн мэдүүлэг нь ч энэ нөхцөл байдлыг нотлохгүй байхад ****** надаас 10,000,000 төгрөг гаргуулж *******т олгохоор шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д зааснаар хариуцагч ******гаас 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай гэснийг хүчингүй болгож өгнө үү.
8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчид 10,000,000 төгрөг өгсөн талаар талуудаас оролцуулсан гэрч нар хэн аль нь мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн шүүгч болон миний зүгээс хариуцагч ******гаас ******* танд 10,000,000 төгрөг өгсөн үү, эсвэл та *******аас 10,000,000 төгрөг авсан уу гэж асуухад Би мэдэхгүй байна гэж хэлдэг. Аваагүй гэж хэлээгүй, мэдэхгүй байна гэж хэлдэг. 10,000,000 төгрөг ямар учраас нэхэмжлэгчид байсан бэ гэвэл ******* нь Баянзүрх дүүрэгт 1 өрөө байр авах зорилготой цуглуулж байсан мөнгө. Энэ компанид ажилд орсон. Чи тогтвор суурьшилтай 10 жил ажиллавал байр бэлэглэнэ. Наад 10,000,000 төгрөг чинь татварт төлөх ёстой мөнгө гэж хэлээд авсан гэдэг. Энэ үйл баримт бүрэн тогтоогдсон. Иймд, хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******, ****** нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний бие ******* ОСНААК ХХК-д цахилгаанчнаар ажилладаг бөгөөд цаашид тогтвор суурьшилтай ажиллаарай гээд захирал ****** нь 2015 оны 10 дугаар сард 1 өрөө орон сууц бэлэглэсэн бөгөөд уг орон сууцанд 2015 оны 12 дугаар сараас хойш гэр бүлийн хамт амьдарч байгаа. Иймд, захирал *******гийн бэлэглэсэн Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, Энгельс гудамж, 6 байр, 35 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч *******т орон сууц бэлэглэж байгаагүй. Түүний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан ******гийн өмчлөлийн орон сууцыг түр эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тул орон сууцыг чөлөөлөх шаардлага тавьсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэлээр шаардаагүй 10,000,000 төгрөгийг хариуцагч ******гаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.1. Нэхэмжлэгч ******* нь маргаж буй ******* хаягт байрлах 1 өрөө орон сууцыг түүний ажилладаг ******* ОСНААК ХХК-ийн захирал буюу хариуцагч ****** бэлэглэсэн гэж тайлбарлан, тайлбараа нотлохоор Баянгол дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг хэрэгт хавсаргаж, шүүхийн журмаар тухайн орон сууцны хувийн хэргийг бүртгэлийн байгууллагаас гаргуулж, мөн *******, *******, ******* нарыг гэрчээр оролцуулсан байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- ******** хаягт байрлах 1 өрөө орон сууцыг ******* нь ******* групп ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний дагуу худалдан авч, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн,
-хариуцагч ****** нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу дээрх орон сууцыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд мөн өдөр бүртгүүлсэн,
-нэхэмжлэгч ******** нь дээрх Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж, 6 байр, 35 тоот орон сууцыг 2015 оны 12 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж байгаа талаар зохигч хэн аль нь тайлбарласан ба уг хаягт оршин суудаг болох нь хорооны засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа зэргээр тогтоогдсон,
-нэхэмжлэгч ******* нь *******ОСНААК ХХК-д 2012 оноос хойш цахилгаанчнаар ажиллаж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр чөлөөлөгдсөн байна.
4.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий дээрх орон сууцыг хариуцагч ****** бэлэглэсэн буюу талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарласан.
Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, эд хөрөнгө шилжүүлсэн бол бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийгдсэнээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ, тодорхой эд хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ гэж Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2, 276.3, 276.4 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Зохигч бичгийн гэрээ байгуулаагүй бөгөөд талууд орон сууц бэлэглэсэн эсэх талаар харилцан өөр тайлбар гаргаж маргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Шүүх нэхэмжлэгч *******ын хүсэлтийг үндэслэн ******, *******, *******х нарыг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан ба эдгээр гэрчүүд нь 2015 оны 10 дугаар сард болсон гэх компанийн ойн арга хэмжээний үеэр захирал ****** нь нэхэмжлэгч *******ыг орон сууцаар шагнасан талаар мэдүүлсэн байх боловч энэ нь өөр бусад бичгийн баримтаар давхар нотлогдоогүй байна. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгч нь орон сууцыг 2015 оны 12 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж гэр бүлийн хамт амьдарч байгаа нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй гэдгийг нотлохгүй бөгөөд талуудын хооронд орон сууцыг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй талаар дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Бэлэглэлийн гэрээгээр бэлэг хүлээн авагч нь хариу үүрэг хүлээдэггүй хэдий ч үүргийн эрх зүйн гэрээ болохын хувьд гэрээний санал гаргах болон түүнийг хүлээн авснаар байгуулагдсанд тооцно. Хариуцагч ****** нь нэхэмжлэгч *******т орон сууц бэлэглэх санал гаргасан буюу ямар нэг хариу үүрэггүйгээр бэлэглэх санаа, зорилго байсан эсэх нь нотлогдоогүй. Нөгөө талаар, тухайн үйл явдал болсон 2015 оны 10 дугаар сард бэлэглэсэн гэх Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж, 6 байр, 35 тоот орон сууц нь хариуцагч нарын өмчлөлийн хөрөнгө биш байсан, хариуцагч ******гийн өмчлөлд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжин бүртгэгдсэн байх бөгөөд тэрээр ******д өөрийн өмчлөлийн орон сууцыг захиран зарцуулах эрхийг олгосон гэх баримтгүй байна. Иймд, талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тул нэхэмжлэгч уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
5. Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 10 дугаар сард талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн, үл хөдлөх хөрөнгийн татвар гэх 10,000,000 төгрөгийг хариуцагч ******д өгсөн гэж тайлбарласан.
Анхан шатны шүүх хариуцагч ******гаас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, зүйлээс өөр үндэслэл, зүйлийг шийдвэрлэх, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэр гаргах эрхийг шүүхэд хуулиар олгоогүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл, шаардлагын хэмжээнд зохигчийг мэтгэлцүүлэн хэргийг шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ. Иймд хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт, хариуцагч ******гаас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хассан өөрчлөлийг оруулна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02294 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ... болгож, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д зааснаар хариуцагч ******гаас 10 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай. гэснийг болгосугай. гэж,
2 дахь заалтад ... үлдээж, 174 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч ******гаас 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай. гэснийг үлдээсүгэй. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******гийн урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ