| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00018/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шинжээч М.Баттүвшин
Шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Их гэр овогт С-ын Ө-д холбогдох эрүүгийн 1922000080028 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Их гэр овогт С-ын Ө
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Ө 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн ‘’Х’’ гэх газарт хохирогч Б.П-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Б.П намайг “хөдөө гэртээ очиж ирье” гэж гуйхаар нь 1 дүгээр сарын 3-ны өдөр Б.П-руу Гурвансайхан сумаас дөрвүүлээ явсан. Б.П-ийнх Баянжаргалан сумаас цааш 40 километрт байдаг гэсэн. Очиж чадалгүй бензин дуусаад хээр хоночихоод өглөө нь Б.П-ийнд очиж бензин тос аваад буцаад Баянжаргалан сумруу эргэсэн. Баянжаргалан суманд ойрхон ирж байгаад миний машин бас болохоо байсан. Машинаа Баянжаргалан суман дээр ирж янзалж байгаад шөнө 20 цагийн үед Гурвансайхан сумруу гараад уурхай дээр ирсэн. Уурхайгаас гарах замаа мэддэггүй, хамт явсан хүнээ дотогшоо зам асуулгах гээд оруулсан. Тэр хооронд би Б.П “Чи зам мэднэ гээд байсан яасан. Ингээд төөрүүлчихлээ. Бензин тос дууслаа” гэж хэлсэн. Тэгэхэд “Би чамайг хэргээр төөрүүлсэн юм уу” гээд намайг нэг удаа цохисон. Би зөрүүлээд Б.П-ын хамарруу нь цохисон. Тэгтэл зам асуусан хүн ч гараад ирсэн, араас ч нэг машин ирсэн. Тэгээд “Би энэ машинтай явлаа. Та нартай явахгүй” гээд Б.П буух гэхээр нь би араас нь жоохон татсан ч дийлэлгүй алдсан. Хамт явсан хүний утсанд Б.П утасны сим картаа хийгээд хэрэглэж байсан болохоор “Чи ингээд хаячихаад явах гэж байгаа юм бол утсаа авъя” гээд нөгөө машинд суусан хойно нь очиж утсаа авсан. Тэгээд бид гурав наашаа хориод километр яваад бас бензингүй болж хээр хоноод өглөө нь замын машинаас 5 литр бензин аваад өдөр 11 цагийн үед Гурвансайхан суманд ирсэн. Би өөрийн үйлдсэн хэргээ ойлгож байна. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шинжээч эмч М.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Тархи доргилт нь хүний толгойн тус газар цохисонтой холбоотой тухайн цохилтын хүчнээс хамаараад үүсэх боломжтой. Тархи доргилт, хуйханд шарх гэсэн гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамар руу тархи доргих хэмжээгээр цохих юм бол хамрын яс хугарна. Хамрын яс зөөлөн, ялтсан яс байдаг учраас хамрын яс гэмтэх ёстой. Тархи доргилт нь тархины бодисын солилцооны хямрал. Тархийг тойрсон шингэний баланс алдагдсантай холбоотойгоор үүсдэг өөрчлөлт. Тархи доргилт нэг удаагийн цохилтоос үүссэн байх боломжтой гэж үзэж байна. Хохирогчийн “түлхүүрээр хатгасан” гэсэн мэдүүлгээс үзэхэд түлхүүрээр хатгасны улмаас зулгарсан шархнууд үүссэн байх боломжтой гэв.
Хохирогч Б.П-ын .... “2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Гурвансайхан суманд байхдаа С.Ө-г ‘’Баянжаргалан сумруу яваад өгөөч, би хөдөө гэртээ очоод ирье гэж гуйсан’’ юм. Тэгээд Гурвансайхан сумаас Э.Б , Э бид дөрөв Б.Ө-ийн машинтай Баянжаргалан сумруу явсан. Манай хөдөө гэрт хоночихоод маргааш нь Баянжаргалан сумаар ороод 20 цагийн үед Гурвансайхан сумруу бид хэд гарсан. 20 километр орчим яваад бид нар төөрсөн. Тэгтэл Б.Ө ‘’нөгөө мэддэг зам чинь хаана байна’’ гээд надруу дайраад машины түлхүүрээ баруун гартаа барьж байгаад миний толгойруу цохиж эхэлсэн. ...Миний дотор муухайрч зарим зүйлийг мэдэхгүй ухаан санаа орж гараад байсан. ... Тэгтэл араас нэг машин ирсэн. Тэгээд би тэр машинд суугаад Баянжаргалан сумын эмнэлэгт очсон. Өөр хүн зодсон асуудал байхгүй. Миний нүүррүү Б.Ө гараараа цохисон. Хамраас цус гарсан. Одоо миний биед ямар нэгэн зовуурь болон өвдөж байгаа зүйл. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9-10-рт/
Гэрч Ц.Э-ийн ....2019 оны 1 дүгээр сарын 4-ний орой 19 цагийн үед сумаас ‘’Хөөтийн’’ уурхайруу ус аваад очиж байтал нэг машин гэрлээрээ дохьсон зогсоод уулзсан чинь жолооч нь зам асуухад миний машины нөгөө талын хаалгаар тархи толгой нь хагарч цус болсон хүн амь авар гээд орж ирээд суусан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-рт/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 190200040 дугаартай дүгнэлтэд:
“1. Б.П-ын биед тархи доргилт, хуйханд шарх, дух, аюулхайд зулгаралт, гуянд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүртээ нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. /хх-ийн 15-рт/ гэжээ.
- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-рт/
- Эмчийн тодорхойлолт /хх-ийн 16-рт/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-рт/
- Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 26, 37-39-рт/ зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.Ө 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн ‘’Хөөтийн уурхай’’ гэх газарт Б.П-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.П ... гомдол санал,хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй /хх-ийн 7-8-рт/ гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан түүнд шүүхээс торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Ө урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг ял шалгах хуудас болон хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Ө энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их гэр овогт С-ын Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Ө-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Ө-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Ө-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч С.Ө энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ