Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 087

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч К.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт К-ий Н-т холбогдох 1913001150091 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, зочид буудлын менежер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг, Ам бүл-7, аав, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт К-ий Н, регистрийн дугаар ТЕ...................

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Н нь 2018 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нокио шоп” дэлгүүрийн худалдагч Н.К-ийг хуурч, залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч К.Н нь 2018 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нокио шоп” дэлгүүрийн худалдагч Н.К-ийг хуурч, банкны лизингээр гар утас худалдаж авна гэж итгүүлэн бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан тус бүр нь 850000 төгрөгийн үнэтэй “Самсунг Жи-7" маркийн гар утас 3 ширхэг, 625.000 төгрөгийн үнэтэй “Самсунг Жи-7 нио” маркийн гар утас 1 ширхгийг өөртөө шилжүүлэн авч,  хохирогчид 2.375.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч Н.К-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...К.Н манай дэлгүүрт өмнө нь хэд хэдэн удаа ирж, утасны цэнэглэгч, наалт, чихэвч зэрэг эд зүйлсийг авсан. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр орж ирээд: “...4 ширхэг гар утас авах гэсэн. Танайх лизингээр өгөх үү” гэхээр нь би: “Хаан, Хас банкны лизингээр өгнө” гэж хэлсэн. К.Н авахаар болоод зээлээ хөөцөлдөнө гэж гарч явсан. Тэгснээ дахиж хүрч ирээд: “өөрийн байшингийн гэрчилгээг барьцаанд тавиад Хаан банкнаас лизингийн зээл гаргаж авахаар болсон, нэхэмжлэл бичиж өгөөрэй” гэж надад уг гэрчилгээг үзүүлсэн. Тухайн үед би уг гэрчилгээг сайн анзаарч хараагүй. Ингээд би нэхэмжлэл бичиж өгөөд явуулсны дараа удалгүй хүрч ирээд: “удахгүй лизинг маань бүтэхээр боллоо, хөөцөлдөж байна, таны данс руу мөнгө орж ирэх болно" гэж хэлсэн. Тэгээд байж байтал буцаж орж ирээд: “би эхлээд гар утсаа авч байх уу, зээл маань удахгүй бүтнэ” гэхээр нь итгэж “Самсунг Жи-7” гар утаснаас 1 ширхгийг өгөөд нэрийн асууж бичиж аваад явуулсан. Учир нь, тухайн үед К.Н-ыг гаднаас зүс таньдаг болохоос биш нэрийг нь мэддэггүй байсан. Ингээд тус өдөр мөнгө нь орж ирээгүй, маргааш нь дэлгүүрт сууж байхад нөгөө залуу маань хүрч ирээд: “түр хүлээгээрэй удахгүй зээл гарна, өчигдрийн авсан гар утас хагарсан, эхнэр болон өөртөө дахиж утас авах гэсэн юм, 2 гар утас өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би: “эхлээд мөнгөө бүтээгээд аваад ир, өгч чадахгүй” гэхэд К.Н: “та итгэхгүй байгаа юм уу, асуудал байхгүй, лизингийн зээл маань бүтэхээр болсон” гэхээр нь итгэж, “Самсунг Жи-7” маркийн гар утас 2 ширхгийг өгсөн. Тэгээд би өөрийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж тэмдэглээд үлдсэн. Ингээд тус өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөнгө нь орж ирээгүй болохоор хэд хэдэн удаа өөрийн 94183333 дугаарын утаснаас нөгөө залуу болох К.Н-ын 85896272 дугаарын утас руу залгаж мөнгө шаардахад: “бага зэрэг банкнаас алдаа гарсан, удахгүй зээл маань гарах болно” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дахиж ирээд: “дахиад 1 гар утас авмаар байна, зээл гарахаар болсон, надад итгээрэй, одоо удахгүй орж ирнэ" гэж итгүүлээд “Самсунг Жи-7 нио” маркийн гар утас 1 ширхгийг авч явсан. Нийт 3.175.000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг гар утас авсан. Үүнээс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 800.000 төгрөг барагдуулж, одоо 2.375.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 08-14 дүгээр хуудас/,

- Гэрч О.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ асуудлыг би огт мэдээгүй, сүүлд нөхрөөс сонсож мэдсэн, гар утас худалдаж авахаар хүн биш, ямар нэгэн наймаа, худалдаа хийдэггүй, өөрөөс нь тодруулж асуухаар дугарч өгөхгүй, гэмтэй юм шиг байна, ажилгүй юм чинь лизингийн зээл гаргахгүй шүү дээ, дээрх гар утаснуудыг яасан эсэхийг нь мэдэхгүй байна. Гэртээ ямар нэгэн гар утас авчраагүй, би өөрөө гар утастай, надад гар утас авч өгнө гэж К.Н хэлж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

- Гэрч А.Е-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...лизингийн зээлийг ажилтай хүмүүст цалингийн орлогын 60%-ийг, бизнес эрхэлдэг хүмүүст орлогын 60%-ийг тус тус үндэслэн зээл олгодог. Харин ажилгүй, орлогогүй хүмүүст ямар нэгэн зээл олгох боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

- Эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээч С.Б-ын 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

- К.Н-ын хохирогч Н.К-ээс авсан гэх 4 ширхэг гар утасны хохирлыг иргэн Х.К-ийн Хаан банкин дахь дансанд шилжүүлээгүй болохыг харуулсан гэх дансны хуулга /хх-ийн 51, 68-124 дүгээр хуудас/,

Шүүгдэгч К.Н-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...лизингийн зээл хөөцөлдөж байгаа, чамаас 4 ширхэг гар утас авна гэж хэлээд байшингийн болон газрын гэрчилгээг үзүүлж, зээл маань удахгүй бүтэхээр болсон гэж эхний өдөр нь “Самсунг Жи-7” маркийн гар утас 1 ширхэг авсан, дараа нь хэд хоногийн дараа дахиж К-ээс зээл бүтэхээр өгнө гэж “Самсунг Жи-7” маркийн гар утас 2 ширхгийг авсан. Дараа нь дахиж очиж “Самсунг Жи-7 нио" маркийн гар утас 1 ширхэг, нийт 4 ширхэг утсыг авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- Шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/,  

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн Засаг даргын “2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тус багийн оршин суугч К овогтой Н нь ТЕ........ регистрийн дугаартай, ам бүл 9, эцэг, эх, эхнэр, дүү, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хашаа байшин, газар, 9128 БӨТ приус маркийн машин, мал бүгд эцэг нь Б.К-ний нэр дээр байдаг. К.Н нь эрхэлсэн ажилгүй, төлөв даруу зантай, тусархаг, хамт олонч, урьд нь хэрэгт холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/,

- Шүүгдэгч К.Н-т холбогдох торгуулийн хуудасны бүртгэл /хх-ийн 36 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “К.Н-ын нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

- 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон “РД:ТЕ..............., овог:Н, эцэг/эх/-ийн нэр:К, нэр:Н, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Дархан-Уул, Дархан, төрсөн огноо:1991-02-06, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 6-р баг, Хөх толгой, 5 гудамж, 2 тоот, хүчинтэй хугацаа:2036-02-06, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр  сарын 26-ны өдрийн 136 дугаартай “ТЕ91020633 регистрийн дугаартай К овогтой Н-ын нэр дээр эзэмшил, өмчлөлд газар бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 04 дүгээр  сарын 26-ны өдрийн 34 дугаартай “К овогтой Н-ын нэр дээр 5629 БӨТ улсын дугаартай Ниссан тино маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна” гэх албан бичиг /хх-ийн 45 дугаар хуудас/,

- Шүүгдэгч К.Н-ын Төрийн банк, ХААН банк, Хас банкны дансны хуулгууд /хх-ийн 48-51, 54-55, 58-61/,

- Шүүгдэгч К.Н нь Капитрон, Голомт банканд ямар нэгэн дансгүй болохыг тодорхойлсон Капитрон, Голомт банкны албан бичгүүд /хх-ийн 52-53/,

- Шүүгдэгч К.Н нь банкны лизингийн зээлд хамрагдаж байгаагүй болохыг тодорхойлсон Капитрон, Хас, ХААН банкны албан бичиг /хх-ийн 57,62-63/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл нөлөөлсөн байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу тус хэргийн хүрээнд дүгнэлт гаргалаа.

 

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

Шүүгдэгч К.Н нь хохирогч Н.К-т ХААН банкнаас лизингийн зээл гаргахаар болсон гэж түүнд аавынхаа байшингийн гэрчилгээг өөрийнх мэтээр үзүүлж, түүнд итгүүлж, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр  “Самсунг жи-7” маркийн гар утас 1 ширхэг, 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр  “Самсунг жи-7” маркийн гар утас 2 ширхэг, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр  “Самсунг жи-7 нио” маркийн гар утас 1 ширхэг, нийт 4 ширхэг гар утсыг шилжүүлэн авч, хохирогчид 3.175.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг илэрхийлж байна.

Шүүгдэгч К.Н нь хохирогч гэх Н.К-аас 3.175.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг гар утсыг банкны лизингийн зээл гаргаж өгнө гэж итгүүлэн, 2018 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд худалдан авч, улмаар худалдан авсан дээрх гар утаснуудын үнийг тухайн үед нь төлөөгүй үйлдэл нь “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэх зэргээр шууд санаатай шунахай зорилго бүхий субьектив санаа зорилго агуулсан идэвхтэй үйлдэл хийж, залилсан гэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч К.Н нь гар утас худалдаж авснаас хойш хугацаанд нэг ч төлбөр төлөөгүй болох нь иргэн Х.К-ийн Хаан банкин дахь дансанд шилжүүлээгүй болохыг харуулсан  дансны хуулга /хх-ийн 51, 68-124 дүгээр хуудас/-аар нотлогдож байна. Шүүгдэгч К.Н нь банкнаас лизингийн зээл гаргахаар хөөцөлдсөн гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Капитрон, Хас, ХААН банкны албан бичгүүдээр үгүйсгэгдэж байна.

Мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эхний гар утас болох “Самсунг жи-7” маркийн гар утсыг авсны маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дахин хохирогч Н.К дээр ирж “Өчигдрийн авсан гар утас хагарчихсан, эхнэр болон өөртөө дахиж утас авах гэсэн юм аа, удахгүй зээл гарна” гэж хэлээд авсан гэх боловч шүүгдэгчийн эхнэр болох О.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “энэ асуудлыг би огт мэдээгүй, сүүлд нөхрөөс сонсож мэдсэн, гар утас худалдаж авахаар хүн биш, ямар нэгэн наймаа, худалдаа хийдэггүй, өөрөөс нь тодруулж асуухаар дугарч өгөхгүй, гэмтэй юм шиг байна, ажилгүй юм чинь лизингийн зээл гаргахгүй шүү дээ, дээрх гар утаснуудыг яасан эсэхийг нь мэдэхгүй байна. Гэртээ ямар нэгэн гар утас авч ирээгүй, би өөрөө гар утастай, надад гар утас авч өгнө гэж К.Н хэлж байгаагүй” гэх мэдүүлгээр санаатайгаар бусдыг хуурч, тухайн утаснуудыг авсан нь нотлогдож байна.

Хавтаст хэргээс үзвэл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, мөн хуурч мэхэлсэн байна.

Шүүгдэгч К.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарах тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч К.Н-ын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч К.Н-ын үйлдсэн залилангийн гэмт хэргийн улмаас хохирогч Н.К-т учирсан 3.175.000 төгрөгийн хохирлоос мөрдөн байцаалтын шатанд 800.000 төгрөгийг төлж барагдуулж, үлдсэн 2.375.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул  шүүгдэгчээс 2.375.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.К-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Н-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлсөн, үлдсэн хохирлоо цаашид төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, прокурорын шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг тус тус харгалзан үзэж түүнд нийгмээс тусгаарлахгүйгээр, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.Н-ын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч К.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоолоо. 

Шүүгдэгч К.Н нь ямар нэгэн орлогогүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийнх нь нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/456 дугаартай албан бичиг /хх-ийн 41 дүгээр хуудас/, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр  сарын 26-ны өдрийн 136 дугаартай албан бичиг /хх-ийн 44 дүгээр хуудас/ болон эхнэр нь болох О.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, мөн өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-ийн шүүх хуралдаанд шүүгдэгч К.Н-т торгуулийн ял оногдуулах тухай санал гаргасныг хүлээж авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт үйлдлээ урьдаас төлөвлөж санаатайгаар үйлдсэнийг шүүх “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзээгүй болно.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч К.Н-т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэх, гадаад паспортыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н овогт К-ий Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н-ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч К.Н-т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Хот тохижуулах албанд  хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н-оос 2.375.000 /хоёр сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.К-т олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч К.Н-ын иргэний үнэмлэх, гадаад паспортыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК