| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 181/2024/04824/И |
| Дугаар | 210/МА2025/01062 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01062
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/02592 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч *******тэй 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ****** хороо, ******* гудамж, ******* тоот хаягтай 115 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 12,000,000 төгрөгөөр худалдсан. Гэрээ байгуулсан өдөр 6,000,000 төгрөг өгөөд, үлдэх 6,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 8 удаа хувааж төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлөөгүй. Иймд, хариуцагч *******ээс алданги 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч *******тай гэрээ байгуулж, түүний 115 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 12,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээний үнэ болох 12,000,000 төгрөгийн 6,500,000 төгрөгийг өөрийн дансаар, 5,500,000 төгрөгийг өөрийн нөхөр Р.Алтаншагайгийн дансаар тус тус шилжүүлэн төлж барагдуулсан. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан төлбөрийг зарим тохиолдолд хугацаанааас хоцроосон боловч төлж барагдуулсан. Мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч *******ээс 2,750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 6,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 58,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж хохирол болох 9,000,000 төгрөг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас 9,000,000 төгрөгийн хохирол шаардсан байхад шүүгч нь нэхэмжлэгчийн шаардлага гаргаагүй алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэснийг нотолж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэжээ.
Хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар юм. Үүнээс үзэхэд хохирол ба алданги нь 2 тусдаа ойлголт байна. Энэ нь мөн хууль тогтоогч тусдаа тодорхойлсон байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй, 165 дугаар зүйлийн 165.6 дахь Гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна гэжээ. Иймд хохирол ба алданги нь тус тусдаа 2 эрх зүйн ойлголт гэдэг нь тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгч нь алданги бус 9,000,000 төгрөгийн хохирлыг шаардсан байхад шүүх хариуцагчаас 2,750,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн шүүх нь гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээний нэмэлт хугацааг тогтоогоогүй байхад гэрээний үүргийг биелүүлж дуусгасан хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа тоолж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 72 зүйлд хугацаа тоолох журмыг хуульчилсан ба талуудын хооронд байгуулсан гэрээнд тодорхой хугацаа зааж өгсөн, нэмэлт хугацаа тогтоогоогүй талаар зохигч нар маргаагүй буюу зөвшөөрсөн, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тогтоогдсон эсэх дээр талууд маргаагүй юм. Тиймээс талуудын хооронд байгуулсан гэрээн дээр бичигдсэн байгаа дуусах хугацаанаас хойш Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаа тоолох нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гэрээний нэмэлт хугацаанд бус гэрээний хөөн хэлэлцэх хугацаанд гэрээний үүргээ биелүүлж дуусгавар болсон нь тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Иргэний хуулийн хугацаа тоолох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Эхний гомдлын тухайд, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний дагуу нийт 12,000,000 төгрөгийн төлбөрөөс гэрээ байгуулсан өдөр эхний 6,000,000 төгрөгийг, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг 2020 оны ****** сарын 03-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон.
Гэрээний 3.6-д хугацаандаа төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Хариуцагч 2020 оны ****** сарын 01-ний өдөр нэг л удаа 500,000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр буюу төлбөр төлж дуусгах эцсийн хугацаа болоход 5,500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3.6-д зааснаар алданги төлөх үүрэгтэй. Иймд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.2, 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Хоёр дахь гомдлын тухайд, хариуцагч талын гэрээний үүргээ гүйцэтгэсэн сүүлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байсан. Тухайн өдрөөс тоолбол хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусаагүй. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрх үүссэн үеэс хойш хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй учраас нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.
Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* нь талуудын байгуулсан гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй буюу хугацаа хожимдуулж төлбөрөө төлсөн тул нэхэмжлэгч нь гэрээний 3.6-д зааснаар алданги шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 12,000,000 төгрөгөөр газар худалдаж авсан ба гэрээний үнийг бүрэн төлсөн. Гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн ****** хороо, Зүүн-Ард аюуш 5 дугаар гудамж, ******* тоотод байрлах, өөрийн өмчлөлийн 115 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг хариуцагчид худалдах, хариуцагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу 12,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь үндэслэлтэй. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Талуудын байгуулсан гэрээний 3.2-т гэрээ байгуулсан өдөр төлбөрийн 50 хувь буюу 6,000,000 төгрөгийг 5077046008 тоот дансаар шилжүүлж, үлдэх 6,000,000 төгрөгийг 2020 оны ****** сарын 03-наас 2021 оны 06 дугаар сарын 03-ныг хүртэл хугацаанд сар тутам 800,000 төгрөг, сүүлийн сард 400,000 төгрөгөөр дээрх дансанд шилжүүлж дуусгахаар, 3.6-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар /хоног тутам/ алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Хариуцагч ******* нь гэрээний үнэ болох 12,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн талаар зохигч хэн аль нь тайлбарласан. Харин үлдэх 6,000,000 төгрөгөөс 2020 оны ****** сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны ****** сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь талуудын тайлбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогджээ. /хх-19-28/
4.2. Нэхэмжлэгч ******* нь худалдах, худлалдан авах гэрээний зүйл болох газрын үнийг хариуцагч төлж барагдуулсан хэдий ч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй байх тул гэрээнд заасан хугацаагаар гүйцэтгээгүй үүргийг тодорхойлж, хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн үүргээс хасаж, үлдэх дүнгээс тооцоход нийт алданги нь 11,306,000 төгрөг болох ба тухайн сард төлөх төлбөрийн дүнгийн 50 хувиар тооцоход нийт 9,165,000 төгрөг болж байх боловч 9,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан. /хх-68/
Хариуцагч нь гэрээний дагуу төлбөр төлөх сүүлийн хугацаа буюу 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн үүргээс 5,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь талуудын тайлбар, төлбөр төлсөн дансны хуулгаар тогтоогдож байх тул уг үнийн дүнгийн 50 хувиар тооцож, хариуцагчаас 2,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасанд нийцжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь 9,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирол гэх үндэслэлээр шаардсан боловч гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах шаардлага гараагүй тул хохирол шаардсан гэж үзэхгүй. Нөгөө талаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо нэхэмжлэгч нь алданги бус 9,000,000 төгрөгийн хохирлыг шаардсан байхад шүүх хариуцагчаас алданги гаргуулсан нь үндэслэлгүй гэсэн боловч нэхэмжлэгч нь 9,000,000 төгрөгийг алданги гэж шаардсан нь хэргийн 68 дугаар талд авагдсан түүний тайлбараар тогтоогдож байна.
Иймд, хохирол шаардсан байхад алданги гаргуулж шийдсэн нь үндэслэлгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
4.3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тогтоосон. Зохигчийн байгуулсан гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх сүүлийн хугацаа 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болж, энэ үеэс 3 жилийн хугацааг тооцвол нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болохоор байна. Гэвч үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч ******* нь гэрээний үлдэгдэл төлбөрийг хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хугацаа тасалдах үндэслэлд хамаарч байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг мөн хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/02592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан төлсөн 58,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ