| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00390/И |
| Дугаар | 390 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 390
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 36-12 тоотод оршин суух Боржигон овогт Батсуурийн Оюун-Эрдэний нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 127 дугаар байр 2-21 тоотод оршин суух Боржигон овогт Дашзэвэгийн Анх-Эрдэнэ, Өвөрхангай аймгийнАрвайхээр сумын 5 дугаар баг 127 дугаар байр 2-18 тоотод оршин суух Дагнайхан овогт Цагаанбандийн Батцэрэн нараас “2948000 төгрөгийг гаргуулах хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Дониддолгор, нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ, хариуцагч Ц.Батцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 03 дугаар сарын 23-нд өдөр иргэн Д.Анх-Эрдэнэ, Ц.Батцэрэн нарт 1900000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл сарын 10%-ийн хүүтэйгээр зээлүүлсэн. Уг зээлийг авахдаа Д.Анх-Эрдэнэ өөрийн хамаатан гэх Ц.Батцэрэн гэдэг хүнийг дагуулж ирээд 73-63ӨВР улсын дугаартай Nissan Х-Тrail маркийн автомашиныг зээлийн барьцаанд тавьж фидуцийн гэрээ байгуулсан. Ингээд зээлийн хугацаа дуусч мөнгөө авах гэтэл Д.Анх-Эрдэнэ утсаа салгаж, хөдөө, хотод явна би зээл авах гээд хөөцөлдөж байна гэсээр зээлийг төлөхгүй байна. Фидуцийн гэрээ болон зээлийн гэрээний дагуу 73-63ӨВР улсын дугаартай Nissan Х-Тrailмаркийн автомашиныг зарах гэтэл хамтран зээлдэгч нь зөвшөөрөхгүйд хүрч байна. Иймд Д.Анх-Эрдэнэ, Ц.Батцэрэн нараас 2948000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйлээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Батцэрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Анх-Эрдэнэ миний машины бичиг баримтыг барьцаалж зээл авсан. Би нэгч төгрөг авч хэрэглээгүй учир төлөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Д.Анх-Эрдэнэ, Ц.Батцэрэн нараас зээлийн гэрээний үүрэгт 2948000 төгрөг гаргуулах хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл 73-63ӨВР улсын дугаартай Nissan Х-Тrailмаркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Д.Анх-Эрдэнэ, Ц.Батцэрэн нар нь Б.Оюун-Эрдэнээс 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээболон фидуцийн гэрээ байгуулж 1900000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар зээлж, уг зээлийг хугацаандаа төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх, 73-63ӨВР улсын дугаартай Nissan Х-Тrail маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохирч талуудын хооронд зээлийн болон фидуцийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байна.
Дээрх гэрээнүүдээс үзвэл талууд зээлийн болон фидуцийн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож, мөнгийг зээлдэгч нь хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 235 дугаар зүйлийн 235.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зохигчдын хооронд хүчин төгөлдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагджээ. Иймд зээлдүүлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5-т гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүү төлөөгүйтохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үндсэн зээлийн үлдэгдэлээс алданги 0,5 хувиар төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Анх-Эрдэнэ, Ц.Батцэрэн нараас 2948000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” зааснаас үзэхэд зээлдэгч зээл, хүү төлөх үүргээ биелүүлээгүй бол өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг зээлдүүлэгч өөрийн эзэмшилдээ оруулснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх” гэрээ буюу фидуци дуусгавар болно.
Иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа талуудын эрх ашиг сонирхлыг тэгш хамгаалах нь Иргэний хуулийн үндсэн зарчим учир талууд фидуци байгуулснаараа зээлдэгч мөнгө эргэн төлөөгүй, төлөх чадваргүй болсон тохиолдолд зээлдүүлэгч нь хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авч эрсдлээс өөрийгөө хамгаалж, харин зээлдэгч мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлөгдөх агуулгатай гэж ойлговол зохино.
Хариуцагч Д.Анх-Эрдэнэ, Ц.Батцэрэн нар нь 2948000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болохавтомашинаа буцаан гаргуулах эрхгүй.
Хариуцагч Д.Анх-Эрдэнэд нэхэмжлэлийн хувийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч нь тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан.
Шүүхээс хариуцагч Д.Анх-Эрдэнэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хариуцагчиД.Анх-Эрдэний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар Боржигон овогт Дашзэвэгийн Анх-Эрдэнэ, Дагнайхан овогт Цагаанбандийн Батцэрэн нараас 2948000 төгрөгийг гаргуулан Боржигон овогт Батсуурийн Оюун-Эрдэнэд олгосугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Анх-Эрдэнэ, Ц.Батцэрэн нар нь 2948000төгрөгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд 73-63ӨВР улсын дугаартай Nissan Х-Тrail маркийн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэний өмчлөлд бодитой шилжсэнээр шийдвэрийн биелэлт хангагдахыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Анх-Эрдэнэ, Ц.Батцэрэн нараас 72420 төгрөг гаргуулж нэхэмжлэгчБ.Оюун-Эрдэнэд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72420 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА