Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б

            Гэрч З.Ц  

            Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

      Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1822001780091 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    / Үйзэн хорин овогт Б-ын Б

 

   Яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Б.Б  2018 оны 3 дугаар сарын 3-ны Засаг даргын тамгын газрын гэр буудалд Б.М-ийн толгойд хуванцар усны саваар цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Шүүгдэгч Б.Б  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн үед Адаацаг суманд шүлхий өвчин гарсан байсан ба би уг өдөр оройны 22 цагийн үед сумын захиргааны гэр буудалд ирсэн. ...Хэвтэж байтал Б.М , С.Ө хоёр гаднаас нилээн согтуу орж ирсэн, сумын Төрийн банкинд ажилладаг Б.Э-р хүргүүлж ирлээ гэж хэлж байсан. ...Намайг хэвтэж байхад Б.М  миний орон дээр ирж суугаад бос гээд гэдэс, хөл гарнаас чимхэж, хөнжил татаад байхаар нь чи яв гэж, мөн С.Ө-ыг үүнийгээ аваад яв гэж хэлтэл Б.М  хашгичаад байсан. З.Ц , М.Э  хоёр бас чи боль, бид нар унтаж амармаар байна гэж хэлсэн чинь Б.М  намайг унтуулахгүй орноос татаад байхаар нь босоод С.Ө энийг аваад яв л даа гэхэд Б.М  миний араас миний баруун гарыг дээш өргөөд гартай хамт хоолойгоор боогоод би орон дээр унаж, Б.М  миний дээрээс дараад унасан. Тэгэхэд М.Э  бид хоёрыг салгаад босгоход Б.М намайг толгойгоороо мөргөөд дайраад байхаар нь чи яах гээд байгаа юм гэж хэлээд гараараа цээжрүү нь түлхээд хажууд шалан дээр байсан усны цагаан өнгийн хуванцар хоосон савыг баруун гараараа бариад Б.М-ийн толгойн орой хэсэгт савны хажуу талын бөөр хэсгээр нь тоншоод цохьсон. ...Маргааш нь эмнэлэгийн ажилчид болон эхнэр нь Б.М-г хүн үзэж, ажлаа хийж чадахгүй байна, бие нь өвдөөд байна гэж ярьцгааж байсан... Миний хувьд Б.М-ийн толгойн тус газарт нь усны саваар цохьсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ миний цохьсон үйлдлийн улмаас Б.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна ...гэх мэдүүлэг /хх-ийн 116-117, 169-рт/

 

Хохирогч Б.М-гийн ... 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Адаацаг сумын Төрийн банкны эрхлэгч Б.Э-тэй түүний Приус маркийн автомашинд нь орой 22 цагийн үед сумын төвөөс хойд зүгт овооны хойно 2 литрийн “нийслэл” пивоноос 4 ширхэгийг уугаад дуусч байтал 23 цаг өнгөрч байхад их сургуульд хамт суралцаж байсан С.Ө надруу залгаад Адаацаг сумын захиргааны байрны хажуу талын гэр буудалд байна, хүрээд ирээч гэж хэлэхээр нь Б.Э-р хүргүүлээд гэрт ороход Б.Б , Онцгой байдлын газрын 2 ажилтан, С.Ө нар архи уугаад сууцгааж байсан. ...Би тухайн үед нилээд согтолттой байсан ба одоо санаж байгаагаар Онцгой байдлын нэг хүнийг С.Ө-ны хамт Б.Э-рүү явчихаад ир гэж хэлэхэд тэр 2 гарч явж, гурвуулаа үлдсэн. Тэгээд Б.Б-той зууралдаад байсан, нэг мэдэхэд толгойны зүүн хэсэгт тас гээд явчихсан ба нэг сэрэхэд өглөөний 6 цаг өнгөрч байсан. ...Хойд талын зэрэгцээ хоёр орон дээр хоёр хүн унтаж байх шиг байсан, зүүн талын орон дээр хүн байсан байх анзаараагүй. Сэрээд босоход толгой өвдөж байсан ба ажил дээрээ очоод өрөөндөө унтсан. ... Миний толгой их өвдсөн, зүүн нүд бага зэрэг хавдартай байсан. Тэр өдөр ажил дээрээ хоносон. Маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ажлаа хийх гэтэл юм бичиж болохгүй, буруу зөрүү бичээд байсан. ... 2018 оны 3 дугаар сарын  9-ний өдөр ‘’Мед траума’’ эмнэлэгт томографийн зураг авхуулаад оройны 17 цагийн үед Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хэвтэх шаардлагатай байна гээд шууд Гэмтлийн эмнэлэгийн гавал тархины тасагт хэвтсэн. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хагалгаанд орж тархины цөмөрсөн ясаа авхуулаад оронд нь сетк байрлуулж, 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Хэвтэж эмчлүүлэх хугацаанд тархины хаван хөөх, тархины цусан хангамж сайжруулах, хагалгааны боолтоо солиулах эмчилгээ, үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах эм тариа хийлгэж байсан. ...Миний хувьд согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байсан. Би Б.Б-той маргалдсанаа санаж байгаа боловч яг түүнийг цохьсон гэдгийг нь тухайн үедээ мэдээгүй. Түүнтэй маргалдаад зууралдаад байх үед гэнэт толгойруу хэн нэгэн цохих шиг болсон, толгой дүүрээд, манараад эхэлсэн. Орон дээр очоод сууснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Өглөө сэрсэн. Б.Б намайг хагалгаанд орсны дараа надтай уулзахдаа усны саваар толгойруу чинь цохьсон, усны сав толгой цөмөлдөг юм байхдаа гэсэн зүйлийг хэлж байсан. ...Миний хувьд Б.Б-оос өөрийн эмчилгээний зардал 5 сая төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр авсан. Б.Баярцогтын зүгээс хэрвээ миний эрүүл мэнд толгойд учирсан гэмтлээс үүдэлтэйгээр хүндрэл үүсч эмчилгээ хийлгэх шаардлага гарсан тохиолдолд эмчилгээний зардалд туслалцаа үзүүлнэ гэж хэлсэн байгаа. ...Иймд миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 97-98, 164-166-рт/

 

Гэрч Б.Н-ын ...Нөхөр Б.М-ийн толгойны гэмтлийн талаар анх 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Б.Б-оос мэдсэн ба Б.Б  тухайн үед хааяа постонд ирж ажилладаг байсан юм. Тэгээд уг өдөр манай нөхөр нарны нүдний шилээ авах хэрэгтэй байна, нүд хөхрөөд байна гэж утсаар ярьсан, өөр зүйл яриагүй. Дараа нь Б.Б-той тааралдаад манай нөхөр нүд хөхөрсөн, нүдний шил авна гэж ярьсан гэх утгатай зүйл хэлээд юу болсон талаар асуухад өчигдөр хамт ууж байгаад маргалдаад би усны саваар толгойруу нь цохьчихсон юм, тэгээд шууд унтаад өгсөн гэж хэлсэн байсан. Тэгээд нөхрөөсөө асуухад нүд жаахан хөхөрсөн, зүүн чихний дээр толгойны хуйх хавдсан, толгой өвдөөд байна гэж байсан. Маргааш нь нөхрийн чинь бие муудсан, хүрээд ир гэж байна гэж постонд хамт ажиллаж байсан нэг хүн надад хэлсэн. Би Адаацаг сумруу очиж нөхөртэйгээ уулзахад толгой өвдөөд байна гээд юм ярьж чадахгүй байсан. Бид хоёр 3 дугаар сарын 8-ны өдөр хотод ирээд томографийн зураг авхуулаад хотод Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд гавал тархины тасагт хэвтсэн. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хагалгаанд ороод толгойн зүүн талын чамархайн яс цөмрөөд тархируугаа шигдсэн байсныг түүж аваад титан гэх төмөр оронд нь байрлуулсан гэсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 99-100-рт/

 

Гэрч С.Ө-ны ....Би Улаанбаатар хотоос Адаацаг суманд ажил явдлаар ирсэн байсан юм. ....2018 оны 3 дугаар сарын 3-ны орой Б.М  надруу тухайн үед залгаад гараад ир, би байгаа айлын чинь гадаа байна гэж хэлсэн. ...Гараад очиход Б.М  нилээн согтолттой байсан ба юм ууна гээд байсан. Тэгээд сумын захиргааны гэр буудалруу очоод бид хоёрыг ороход   Б.Б , Онцгой байдлын Б.Э , З.Ц  гэх залуус хэвтэцгээж байсан. ....Б.М  тэр гурван залуустай маргах гээд байсан, ер нь машинд явж байхдаа эхнэрийгээ Б.Б-той хардаад юм яриад байсан ба Б.Б-руу наашаа босоод ир, хоёулаа зодолдъё гээд өдөөд байсан. Тэгээд гэрээс гарч утсаар яриад эргээд ороод иртэл Б.Б , Б.М  хоёр хоорондоо барьцалдчихсан байсныг нөгөө хоёр залуу салгаад ор орон дээрээ очоод сууцгаасан. ...Тэгээд тэр хоёр залуугаас юу болсон талаар асуухад яагаа ч үгүй Б.Б-ыг өөрөө өдөөд байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 101-102-рт/

 

Гэрч М.Э-ийн....Б.Б , Н  хоёр хоорондоо хэрэлдээд байсан, нэг нь зүгээр бай унтмаар байна гээд, нөгөө нь чамайг унтуулахгүй, чамайг барна гээд байсан. Тэгээд өөд өөдөөсөө хараад хэрэлдээд зогсож байхдаа бие биенийхээ хоолойноос заамдсан ба Б.Б гэрийн голд байсан 20 литрийн цагаан өнгийн усны хоосон хуванцар савны бариулнаас баруун гараараа барьж байгаад Н-ийн толгойн орой дээр нь савны хажуу талаар цохьсон. Тэднийг бид нар салгахад Б.Б орондоо ороод унтсан, Н  баруун урд орон дээр унтсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-рт/

 

Гэрч Г.Г-ын ....Б.М эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийг үзчихээд өвчтөний түүхийг бичиж байхдаа ‘’би нэг сонин болоод байна, яаж бичдэг билээ’’ гээд толгойгоо барьж суучихаад гөлрөөд суугаад байсан. Дараа нь мухар олгойтой хүн ирэхэд үзчихээд надад тайлбарлаж хэлж чадахгүй ‘’яасан гэдэг билээ’’ гээд мухар олгойтой хүн байна гэж хэлж чадахгүй байсан бас ‘’тэмтэрэх’’ гэж хэлж чадахгүй ‘’ингээд дарахыг чинь юу гэдэг билээ’’ гээд сонин зүйлс хэлээд байсан. Би мухар олгой юу гэтэл ‘’өө тийм мухар олгой’’ гээд нэг сонин байсан. ....Намайг Б.М  энд өвдөөд байна гээд толгойгоо тэмтрүүлсэн ба би толгойных нь зүүн урд орой хэсгийг нь тэмтэрч үзэхэд маш том памбайсан хавдартай, дарж үзэхэд хөндүүр байна гэж хэлсэн. Тэгээд толгой задрах гээд байна гээд толгойгоо бариад суугаад байсан. Би С.О даргаруу утсаар яриад Б.М  эмчийн талаар хэлсэн. .....Б.М-аас ямар учраас толгой нь ийм болсон гэхэд хариулахгүй, хагас сайн өдөр ийм болсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 107-рт/

 

Гэрч С.О-ын ...Тухайн асуудал болсон үе нь амралтын өдөр буюу Ням гариг байсан. Намайг ажил дээрээ ирэхэд Б.М  ажлын өрөөнд унтаж байна гэж жижүүр сувилагчаар ажиллаж байсан М.Б  хэлсэн. ...Нэг дэх өдөр удирдах ажилтны зөвлөгөөнд явах гээд Б.М-аар албан бичиг бичүүлэх гээд хэлж өгч байхад миний хэлсэн зүйлийг буруу сонсоод, эсвэл мартаад өөр юм яриад байсан. ...Мөн намайг зөвлөгөөнд сууж байхад манай эмнэлэгийн лаборант ажилтай Г.Г  надруу яриад Б.М  эмч нэг сонин байна, эмчилгээгээ хольж солиод нэг эмчилгээ бичихдээ мартаад байгаа юм шиг юу билээ гээд дахин дахин асуугаад байна гэж утсаар хэлэхээр нь Б.М-гаар хүн үзүүлэхээ больсон... гэх мэдүүлэг /хх-ийн 105-106-рт/

 

Гэрч Д.А-ийн...2018 оны 3 дугаар сарын 6-ны өглөө ажил дээрээ байж байтал сувилагч Г.Г  өрөөнд орж ирээд Б.М  эмчийг үзээд өгөөч өвчтөний түүхээ бичиж чадахгүй нэг л сонин байна гэж хэлэхээр нь Б.М  эмчийн зүүж байсан нүдний шилийг өргөөд үзтэл нүдний харц нь долир юм шиг сонин хараад, мөн толгой хэсгээр нь 2, 3 хэсэг газар маажсан мэт улайчихсан байсан. ....Ерөнхийдөө хэлж буй үгээ тод хэлэхгүй, яриа нь сонин болсон, маш их мартдаг болсон гэж өөрөө хэлж байсан. Толгойн аль хэсэгтээ билээ бага зэрэг хавдартай байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 108-рт/

 

Гэрч М.Б-ийн.....Б.Б надад хэлэхдээ унтаж байхад нь Б.М  татаж чангаагаад байхаар нь хажууд нь байсан усны хуванцар саваар толгойруу нь цохьчихсон гэж ярьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 109-рт/

 

Гэрч Б.Э-ийн ....Б.М  архи аваад өгчих гэхээр нь би чи ажил явдалд ирчихээд яах гэсэн юм гээд ажил явдал болсон айлд хүргэж өгсөн. ...Тэгээд бид хоёр дэлгүүрээс 3, 4 ширхэг том савтай пиво аваад ганц нэг аягыг ууж байтал Б.М-руу утсаар хүн ярьсан. ...Сумын захиргааны гэр буудлын гадна Б.М-г буулгачихаад явж байтал машин цасанд суучихсан. ...тэгээд байж байтал Б.М  надруу залгаад нөгөө хоёр пиво чинь байна уу гэхээр нь цэцэрлэгийн зүүн талд цасанд суучихсан байна гэж хэлтэл аан за за гэж хэлсэн. Удалгүй Дорноговийн найз нь Онцгой байдлын газар ажилладаг нэг хүний хамт ирээд цас ухалцаж машин гаргах гээд чадаагүй ба машинд байсан пивыг тэр хоёрт өгөөд хамт нөгөө гэр буудалруу алхаад гэрт дөрвүүлээ ороход Б.М  гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. ....Гэртээ унтаж байтал үүрээр Б.М  яриад толгой өвдөөд байна ирээд авчих гэхээр нь машин цасанд суучихсан гээд очоогүй. ...Өглөө нь машинаас Б.М-ийн цүнхийг аваачиж өгөх гээд очтол зүүн талын нүд нь хөхөрчихсөн, толгойгоо бариад толгой өвдөөд байна  гээд өөр зүйл яриагүй. Тэрнээс хойш хагалгаанд орох болсон гээд утсаар ярьсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 112-113-рт/

 

Гэрч З.Ц-ийн ....2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр би сумын төвд ирээд  захиргааны гэр буудалд нэг хоносон. Уг гэрт Б.Б , М.Э  нарын хамт гурвуулаа айраг уугаад орон дээрээ хэвтэх нь хэвтээд суух нь суугаад байж байтал гаднаас С.Ө нэг залуугийн хамт халамцуу орж ирцгээсэн. ....С.Ө-той хамт орж ирсэн залуу нь Б.М  байсан. Тэгтэл Б.М  Б.Б-ыг хэвтэж байхад нь босоод ир гээд байсан. ....Б.Б  чи намайг шаадаг хэн бэ гээд босч ирээд гэрийн баруун урд байсан хуванцар савыг аваад Б.М-ийн толгойруу савны хажуу хэсгээр нь их хүчтэй биш цохьсон....гэх мэдүүлэг /хх-ийн 114-115-рт/

Шинжээч Б.А-ын .....Зурагт харуулж буй савны өнцөгтэй хэсгээр хүчтэй цохиход гавлын зүүн зулай чамархай хэсгийн цөмөрсөн далд хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнд цусархаг няцрал гэмтэл үүсч болно. Учир нь энэ гэмтэл хатуу хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл тул савны өнцөгтэй хэсгээр цохиход үүсч болох юм. ...Согтолтын улмаас зовиур шаналгаагаа мэдрэхгүй байж болно. Ясны доорхи тархи няцралын голомт нэмэгдэж тархи хавагнах хүртэл ухамсарт ухаантай байж болно. Өөрөөр хэлбэл ухамсарт ухаан хадгалагдаж байгаа үед хүн хэвийн унтаж амарч болно гэсэн үг. Мөн согтолын улмаас эмгэг унталт үүссэн нь зовиураа мэдрэхгүй болгосон байж болно... гэх мэдүүлэг /хх-ийн 127-128-рт/

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6685 дугаартай шинжээчийн

“1. Б.М-ийн биед гавлын зүүн зулай чамархай хэсгийн цөмөрсөн далд хугарал, тархины зүүн чамархай дэлбэнд цусархаг няцрал, гавал тархины мэс заслын дараах байдал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай  хүнд зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна  гэх дүгнэлт /хх-ийн 121-рт/ болон

 

-  2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-77-рт/

- Б.Н-ын гар утаснаас хуулбарлан авсан ярианы бичлэгийг бичгэн хэлбэрт буулгасан тэмдэглэл /хх-ийн 49-56-рт/

- Гэмтэл , согог судлалын Үндэсний төвийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 632 дугаартай албан бичиг, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 147-159-рт/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх болон хохирол, хор уршигийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б  2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр  Засаг даргын тамгын газрын гэр буудалд Б.М-ийн толгойд хуванцар усны саваар цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, цаг хугацаа, хэргийн талаар тогтоогдсон үйл баримт нийцсэн, өөр хоорондоо шалтгаант холбоотой, эх сурвалж нь тодорхой байна.

 

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг мэдсэн, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.М  мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: ‘’ ... Б.Б-оос өөрийн эмчилгээний зардал 5 сая төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр авсан. Б.Б-ын зүгээс хэрвээ миний эрүүл мэндэд толгойд учирсан гэмтлээс үүдэлтэйгээр хүндрэл үүсч эмчилгээ хийлгэх шаардлага гарсан тохиолдолд эмчилгээний зардалд туслалцаа үзүүлнэ гэсэн байгаа. ...Иймд миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...’’ /хх-ийн 164-166-рт/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.М-ийн гомдол саналыг харгалзан гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Б-ын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн  гомдол саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Үйзэн хорин овогт Б-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Б-д  шүүхээс  тогтоосон  хугацаанд  торгох  ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.М  гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо  цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Б  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Л.ОДОНЧИМЭГ