Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01094

 

 

 

 

 

  

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/02654 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан хохирол 9,184,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хохирол 7,319,700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* нь миний өмчлөлийн ******* УНД улсын дугаартай Toyota Highlander маркийн авто машинаар Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу зорчих үедээ хариуцагч *******ын эзэмшлийн үхрийг мөргөж зам тээврийн осол гаргасан.

 

Уг зөрчлийг хянан шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шинжээчийн дүгнэлтээр ******* зөрчил гаргасан гэх үндэслэлгүй, харин үхрийн эзэн ******* болон малчин ******* нар зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул авто машинд учирсан хохирол болох 7,980,000 төгрөг, журмын хашааны төлбөр 465,000 төгрөг, зөрчлийн хэрэгт томилсон шинжээчийн төлбөр 180,000 төгрөг, ******* ХХК-ийн үнэлгээний төлбөр 464,000 төгрөг, явах эд ангийн үнэлгээний төлбөр 95,000 төгрөг, нийт 9,184,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь уг зөрчлийг хянан шийдвэрлэх явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирол нэхэмжилсэн байна. Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд маргаангүй байдлаар үнэлэх боломжгүй. ******* нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор оролцож байгаагүй, өөрийн санаатай болон болгоомжгүй үйлдлээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэх үндэслэлгүй. Уг авто машиныг жолоодон явсан ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь хэсэгт зааснаар үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зогсох боломжтой хурдыг тохируулж явах, хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед зогсох арга хэмжээ аваагүйн улмаас мал амьтан хохирч, эд хөрөнгийн алдагдал үүссэн байхад зөвхөн өөрийн ашиг сонирхлын үүднээс хандаж байгаад харамсаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний өмчлөлд хамаарах иргэн *******гаар маллуулж байсан тугалтай, нас бие гүйцсэн үнээг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зам хөндлөн гарч байхад нь ******* УНД улсын дугаартай Toyota Highlander маркийн авто машиныг жолоодон явсан ******* нь өндөр хурдтайгаар мөргөснөөс үхэр үхсэн. Үхсэн үхрийн язралт гэмтлээс үзэхэд хурдаа сааруулах арга хэмжээг аваагүй байдаг. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс эвдэрч гэмтсэн бол учирсан гэм хорыг тээврийн хэрэгслийн эзэмшигч нөхөн төлөх үүрэгтэй. Иймээс тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох ******* нь үрэгдсэн үхрийн хохирлыг нөхөн төлбөл зохих этгээд гэж үзэж байна.

Иймд, *******гаас үхрийн үнэ 3,119,700 төгрөг, олох байсан орлого 4,200,000 төгрөг, нийт 7,319,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн магадлагаа, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр ******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харин иргэн ******* нь замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т заасан хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтныг оруулахгүй байх дүрмийг зөрчсөн байх үндэслэлтэй талаар дурдсан байх тул нэхэмжлэгч ******* нь үрэгдсэн үхрийн хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас үхрийн үнэ 3,100,000 төгрөгийг хасаж, үлдэх мөнгийг нэхэмжлэгчид олгох саналтай байна.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас гэм хорын хохиролд 9,184,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д, нэхэмжлэгч *******гаас 3,119,700 төгрөг гаргуулж хариуцагч *******д тус тус олгуулах, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 4,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 162,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 132,066 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 162,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 64,865 төгрөг гаргуулж хариуцагч *******д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/02654 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

7.1. Шүүхийн тогтоох хэсгийн дээрх заалт нь тухайн өдөр хийгдсэн шүүх хуралдаанаас уншиж сонгосон шийдвэр болох *******аас 6,064,300 төгрөг гаргуулж *******д олгосугай, хариуцагч Д.Лхамжаавын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн шийдвэрээс зөрүүтэй гарчээ.

Миний хувьд урьд шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцож үзсэн туршлага нимгэн бөгөөд шүүхийн шийдвэр ийнхүү зөрүүтэй гарах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.

7.2. Уг хэргийн хувьд гэм хорын хохирогч гэх этгээд нь өөрөө замын хөдөлгөөнд оролцох эрхгүй этгээд болох өөрийн охинд автомашины жолоог шилжүүлж өгсөн, тухайн хүн нь замын хөдөлгөөнд оролцох эрхгүй хүн байсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон байхад түүнийг үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан нь нотлох баримтыг байгаагаар нь үнэлээгүйг илэрхийлж байна.

7.3. Тухайн өдөр байгалийн хүчин зүйлийн улмаас бороо орсны дараа осол гарсан байхад үүнийг малын эзэн миний илт болгоомжгүй үйлдэл гэж үзсэнд гомдолтой байна. Хохирогч гэх хүмүүс харин замын хөдөлгөөнд оролцох эрхгүй атлаа жолоо барьж, зөөлөн хурдтай амьтныг харсаар байж мөргөж алсан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгөхийг хүсье.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч талаас удаа дараа хариу тайлбар гаргаж байсан. Хүний эд хөрөнгөд гэм хор учруулсан учраас 3,119,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 9,184,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, мөн гэм хорын хохиролд 7,319,700 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу хатуу хучилттай замд хариулгагүй мал оруулснаас зам тээврийн осол гарч, миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл эвдэрч хохирол учирсан гэж тодорхойлсон.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч миний санаатай болон болгоомжгүй үйлдлээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэх үндэслэлгүй. Уг автомашиныг жолоодон явсан ******* нь хурдаа тохируулж явах, хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед зогсох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн хохирол үүссэн тул өөрт учирсан хохирлоо нэхэмжлэгчээс гаргуулна гэж татгалзсан байна.

 

3.2. Сонгинохайрхан дүүргийн, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 07 сарын 22-ны өдөр ******* нь Toyota Highlander маркийн *******УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ үхэр мөргөсний улмаас зам тээврийн осол гарч, ослын улмаас үхэр үхэж, нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн дээрх тээврийн хэрэгсэлд 7,980,000 төгрөгийн хохирол учирсан болох нь талуудын тайлбар, зам тээврийн ослын үзлэгээр тогтоосон байдал, эрх бүхий албан тушаалтны магадалгаа, хохирлын үнэлгээний тайлан, зэргээр тус тус тогтоогджээ. /хх-ийн 28, 49-р тал/

 

3.3. Хэрэгт авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлтэд ... Toyota Highlander маркийн *******УНД улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна, иргэн ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөний дүрмийн 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 3/хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэжээ. Түүнчлэн, хариуцагч ******* нь иргэн *******гаар малаа хариулуулдаг бөгөөд түүний өмчлөлийн үхрийн улмаас уг зам тээврийн осол гарсан үйл баримтыг үгүйсгээгүй байна.

 

3.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дахь хэсэгт замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүргийг тодорхойлсон ба 27.2.з-т хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь тухайн өдөр осолд өртсөн үхрийн эзэн буюу өмчлөгч нь байх ба тэрээр дээрх үүргийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч *******ын үхэр хатуу хучилттай зам дээр явж байснаас осол гарсан тул *******ыг Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з-т заасан хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал оруулахгүй байх заалтыг зөрчсөн эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна. Түүнчлэн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт Мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан.

 

Иймд, өөрийн үйлдлээр нэхэмжлэгчийн хөрөнгөд гэм хор учруулаагүй тул хохирлыг хариуцахгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

3.5. Хариуцагч *******ын хариулгагүй мал хатуу хучилттай замд орсон эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн хөрөнгөд 7,980,000 төгрөгийн эвдрэл, хохирол бий болсон нь ******* ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Мөн журмын хашааны төлбөрт 465,000 төгрөг, зөрчлийн хэрэгт томилсон шинжээчийн төлбөрт 180,000 төгрөг, ******* ХХК-ийн үнэлгээний төлбөрт 464,000 төгрөг, явах эд ангийн үнэлгээний төлбөрт 95,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордер зэргээр нотлогдсон байна. /1-р хх-ийн 12, 2-р хх-ийн 35-39, /

Иймд хариуцагч *******аас 9,184,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатын шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.

 

3.6. Хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн үхсэн үхрийн үнэ 3,119,700 төгрөг, олох байсан орлого 4,200,000 төгрөг, нийт 7,319,700 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр болсон дээрх зам тээврийн ослын улмаас хариуцагч *******ьын өмчлөлийн үхэр үхэж, түүнд эд хөрөнгийн хохирол учирсан хэдий боловч уг осол нь нэхэмжлэгч ******* болон түүний өмчлөлийн ******* УНД улсын дугаартай Toyota Highlander маркийн автомашиныг жолоодон явсан ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол үйлдэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул түүнд учирсан хохирлыг нэхэмжлэгч ******* хариуцан төлөх хуулийн үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх ... үхрийн үнийг үндсэн нэхэмжлэлээс суутгуулан төлөхөд татгалзахгүй. гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэн үхрийн үнэ 3,119,700 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас гаргуулж, хариуцагч *******т олгуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна. Жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрсөн гэх үндэслэлгүй талаар шинжээч дүгнэсэн тул замын хөдөлгөөнд оролцох эрхгүй этгээд жолоо барьсан үйл баримтыг үнэлээгүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй. /2-р хх-ийн 26-р тал/

 

4. Хариуцагч ******* нь шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноос өөрөөр гарсан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Шүүх хуралдааны тэмдэглэлд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас гэм хорын хохиролд үнэлгээгээр тогтоогдсон 9,184,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс үхрийн үнэ болох 3,119,700 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох, өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчид үхрийн үнийг хасаж тооцоод 6,064,300 төгрөг төлөх тул сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсэг 4,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож ... гэж тусгаснаас үзэхэд шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноос өөрөөр гарсан гэж үзэхээргүй байх тул дээрх гомдлыг хангахгүй.

 

5. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн Нэхэмжлэлийн шаардлагаас үхрийн үнэ 3,100,000 төгрөгийг хасаж, үлдэх мөнгийг нэхэмжлэгчид олгох саналтай байна гэх дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/02654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 224,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ