Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 093

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,

Иргэний хариуцагч М.О,

Хохирогч О.О, Т.Л, Г.Н,

Хохирогч нарын өмгөөлөгчид С.А, А.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б,

Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж-д холбогдох 1913000830102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, физик, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, У овогт Б-ын Ж, регистрийн дугаар ББ..............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар сай” гэх газар буюу Баян-Өлгий аймгийн Толбо сум руу явах чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд “Тоёота приус-20” маркийн 29-18 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас урд явж байсан “Тоёота виш" маркийн 0319 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирогч О.О-ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Г.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар сай” гэх газар буюу Толбо сум руу явах чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд “Тоёота приус-20” маркийн 2918 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн “б”, 11.14, 12.1, 12.3, 12.4, 23.9-ийн “а” гэсэн заалтуудыг зөрчиж, урд явж байсан “Тоёота виш" маркийн 0319 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирогч О.О-ийн биед тархины доргилттой, дагз ясны зүүн талд заадал дагасан, доод дагзны нүх рүү үргэлжилсэн шугаман хугаралттай, дух, чамархай, зулай хэсгээр зөөлөн эд хавагнаж хавдсан, зулай хэсэгт хуйхан дор цус хурсан, зүүн дал ясны их бие хугарч зөрсөн, баруун 2, зүүн 3-8-р хавирганууд хугарсан, Th12 нугалам шахагдсан хугаралттай, L1. L2 зүүн хөндлөн сэртэн хугарсан, Th12. L4 нугалмуудын их бие шахагдаж хугарсан, L1-L4 нугалмуудын зүүн хөндлөн сэртэн хугарсан, хоёр уушгины битүү гэмтэлтэй, хоёр уушгины арын зоноор нэвчдэст өөрчлөлттэй, зүүн уушгины плеврийн хөндийд хий орсон /пневмоторакс/, толгойндоо том хэмжээний шархтай зэрэг гэмтэл буюу хүнд, хохирогч Г.Н-ийн биед тархи болон цээжний битүү гэмтэл, тархины бор ба цагаан бодисын ялгарал бага зэрэг буурсан буюу хавантай, зүүн хацар, дух, чамархай орчмоор зөөлөн эд бага зэрэг хавагнаж хавдсан, хамрын таславч мурийлттай, зүүн гайморовын хөндийд доод хэсгээр салст зузаарсан /синусит/ L18 L2, L3, L4 нугалмуудын баруун хөндлөн сэртэн хугарсан, L2-L3, L3-L48 L4-L5 нугалмуудын завсрын жийргэвчийн өмнөд хэсгээр хий, L3-L5 нугалмуудын завсрын жийргэвч цүлхийж нугасны өмнөд болон ёзоорын зайнууд нарийссан гэмтэл  буюу хүндэвтэр хохирол тус тус учруулсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч О.О-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед Т.Л-ийн машинтай Толбо нуурт болох мөсний баярыг очиж үзэхээр Г.Н, бэр нь болох Б.У, 5 сартай хүүхдийн хамт бид тавуулаа Толбо нуурыг чиглээд явж байсан. Ойролцоогоор аймгийн төвөөс 30 гаруй километр явсан байсан юм. Т.Л-ийн машины арын суудалд Г.Н бид хоёр суугаад явж байхад машины арын хэсгээс юм ирж мөргөх шиг болсон. Тэгэхэд Т.Л хүн аллаа гэж орилох шиг болоод түүнээс хойш юу болсныг би санахгүй байна. Машины араас маш хүчтэй зүйл ирж мөргөх үед тас няс гэх чимээ гарсныг санаж байна. Нэг мэдэхэд би газарт унаж, ухаан алдсан байсан. Хэсэг хугацааны дараа би ухаан орж сэрэхэд миний толгойноос цус гарсан байсан. Тухайн үед өмсөж явсан ягаан өнгийн ноосон малгайгаар цусыг арчиж, ороолтоороо цусыг дарж боосон. Тэгээд би ухаан алдаж юу болсныг сайн санахгүй байна. Б.Ж нь осол болсны дараа яаралтай Улаанбаатар хот руу явахад онгоцны билетийн зардал болох 1.250.000 төгрөгийг төлсөн. Улаанбаатарт эмчилгээнд байхад эмчилгээнд хэрэглээрэй гээд хэд хэд хувааж, нийт 1.000.000 төгрөгийг явуулсан. Тэгээд би эмчилгээнд одоогийн байдлаар 4.049.650 төгрөг зарцуулсан. Энэ нь унааны зардал болон эмчилгээ хийлгүүлэхэд гарсан зардал байгаа. Б.Ж нь нийтдээ 6.358.550 төгрөг төлж өгсөн. Цаашид эмчилгээ хийлгэсэн зардал болон ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн 3.500.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-46 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч Т.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед гэрээс бэр болох Б.У, 5 сартай ач хүү С-Э, найз болох О.О, Г.Н нарын хамт өөрийн 0319 БӨА улсын дугаартай “Тоёота Виш” маркийн тээврийн хэрэгслээ жолоодож Толбо нуурт болох мөсний баярыг очиж сонирхохоор явцгааж байсан юм. Тэгээд би ойролцоогоор аймгийн төвөөс 30 км зайд “Хар сайр”-ын гүүр лүү дөхөж доош огцом уруудах хэсэгт хурдаа хасаж тохируулаад тэгш зам дээр явж байхад миний хажуугаар маш хурдтай машин гүйцэт түрүүлээд өнгөрсөн. Удалгүй гэнэт араас тас гэх чимээ гараад хүрздэж шидэж байгаа мэтээр машиныг замаас гаргаад нэг мэдэхэд машин агаарт өнхөрч хэдэн удаа өнхөрсөн. Нэг мэдэхэд машин дөрвөн дугуй дээр зогсоод хойш ухраад явах шиг болохоор нь машинаа зогсоосон юм. Тухайн үйл явдал маш хурдан болж өнгөрсөн, тухайн үед маш их айж сандарсан байсан. Тэгээд машинаа зогсоож буухад миний машин замаас гараад машины толгой аймаг тал руу харсан байдалтай болсон байсан. Машинаас ойролцоогоор 7 метрийн зайд миний машины арын суудалд сууж явсан О.О, Г.Н нар газар дээр хэвтэж байсан. Машины урд суудал дээр бэр Б.У хүүхдээ тэврээд сууж байсан, арай гэж машины хаалгаа онгойлгоод машинаас буухад 2918 БӨА улсын дугаартай хөх өнгийн тоёота приус-20 маркийн машинаас 5 залуу нэг цагаан куртиктэй эмэгтэй машинаас буусан. Миний биед хөнгөн хохирол учирсан. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Мөн миний унаж явсан миний эзэмшлийн “Тоёота виш” маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Ж-ын буруугаас болж осолдож, дахин ашиглах боломжгүй болсон. Миний машины үнэлгээг 12.500.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт гарсантай танилцаж, үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Одоо надад машины үлдсэн мөнгө болох 5.720.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-51 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч Г.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед Толбо нуур луу Т.Л-ийн 0319 БӨА улсын дугаартай, цагаан өнгийн машинд О.О, Т.Л-ийн бэр Б.У, 5 сартай хүүхдийн хамт явж байсан. Тэгээд бид Толбо нуурт болох мөсний баяр үзэхээр явж байтал “Хар сайр”-ын гүүрний наана явж байтал гэнэт араас машин ирээд мөргөх шиг болсон. Тэгэхэд Т.Л-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл замаас гараад бүтэн эргэхэд цонхоор О.О эгч шидэгдэж гарсан. Хоёр дахь эргэлтийн үед машины туслах талын цонхоор миний бие шидэгдсэн юм. Тэр үед би газар унаад  дээш харахад миний дээрээс машин унаж ирж байхыг хараад би унасан газраасаа 2-3 удаа өнхөрч зугтсан. Тэр үед машин хажуу тал руу унах гэж байгаад дөрвөн дугуй дээр зогсоод доошоо явах шиг болоход би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Тэгээд нэг сэрээд харахад миний хажууд хүүхдүүд ирчихсэн, миний арыг барьж дулаацуулаад толгой доор алчуур тавиад миний дээрээс куртикээр хучиж дулаацуулсан юм. Тэгээд би О.О эгч руу харахад хөдлөхгүй хажуу тал руу хараад хэвтэж байсан. Тэгээд би мөлхөж О.О эгч дээр очиход толгой хэсгээс цус гарч байсан. Надад нийт 4.205.000 төгрөг төлж өгсөн. Цаашид эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлж 3.252.000 төгрөгийг нэхэмжлэх болно ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-58 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10- 2, 14-15, 24-30 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 105, 106, 107, 108 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 81-107 дугаар хуудас/,

- Шүүх химийн шинжээчийн 26, 25 дугаартай “...Б.Ж, Т.Л нарын цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 115, 118 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03, 04 дугаартай ослын дүгнэлт /1-р хх-ийн 123-124, 127-128 дугаар хуудас/,

- “Тоёота виш” маркийн 0319 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон эвдэрч гэмтсэн эд ангиудад үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 132-139, 143-146 дугаар хуудас/,

- Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.М-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 151-152 дугаар хуудас/,

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 13 дугаар хуудас/,

- Эрх бүхий албан тушаалтны магадалгаа /хх-ийн 16 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-38 дугаар хуудас/,

- Хохирогч О.О, Г.Н нарын эмнэлэгт хэвтсэн гэх өвчний гүүх болон эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /1-р хх-ийн 196-219, 2-р хх-ийн 12-16 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч М.О-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний хүү Б.Ж нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний эзэмшлийн 2918 БӨА улсын дугаартай “тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг маань гуйж аваад Толбо нуурт болох мөсний баярыг үзэх гээд явж байгаад осол гаргасан юм. Миний хүү Б.Ж надад хэлэхдээ тухайн үед би нэлээд хурдтай явж байгаад урд явж байсан машиныг мөргөж осол гаргасан гэж хэлсэн юм. Энэ осол миний хүүгийн буруутай үйлдлээс болсон гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Би хүү Б.Ж-ыг цаашид дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй байх тал дээр анхаарч, хохирогч нарын эмчилгээний зардал болон мөргүүлсэн машины хохирлыг хариуцах болно. Хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулж өгнө, татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би найзынхаа хамт Толбо нуурт болсон мөсний баярыг очиж үзчихээд 14 цаг 15 минутын үед нааш аймгийн төв рүү явж байхад “Хас сайр”-ын гүүрнээс доошлоод ирж байхад залуучууд машиныг зогсоож, осол гаргачихлаа, та аймгийн төв орох замд сүлжээ орвол цагдаад мэдэгдэж хэлээд өгөөч гэж хэлсэн юм. Тэгээд би “Шар нуур”-ын пост руу дөхөж байхад сүлжээ орж ирэхээр нь цагдаагийн жижүүр лүү залгаж “хар сайр”-ын гүүр өгсөх замын наад талд осол болсон байна гэж мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

- Гэрч Х.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд бид нэлээд хурдтай явж байгаад “Хар сайр”-ын өгсөх замд урд явж байсан 0319 БӨА улсын дугаартай машиныг түрүүлээд явахад Б.Ж сандарч машинаа баруун тал руу мушгихдаа урд явж байсан 0319 БӨА улсын дугаартай цагаан өнгийн машины баруун арын хэсэг рүү мөргөж ороод жаахан явж байгаад Б.Ж жолооны хүрдээ зүүн тал руугаа мушгихад замын хашлаганы шонг мөргөх үед машины чиг өөрчлөгдөж замын хажуугаар явсан юм. Гэтэл урд явж байсан 0319 БӨА улсын дугаартай цагаан өнгийн машин замаас гарч уг тээврийн хэрэгсэл нэг бүтэн эргэж дөрвөн дугуйн дээр зогссон юм. Тэгээд онхолдож унасан цагаан өнгийн 0319 БӨА улсын дугаартай машинаас арын суудалд сууж байсан хоёр эмэгтэй хүн машинаас унасан байдалтай хэвтэж байсан. Бид замаас гарч зогссон байсан учир машинаас бууж нөгөө машины хажууд хэвтэж байсан хоёр эмэгтэй дээр очсон. Тухайн үед уг хоёр эмэгтэйн нэгний толгойноос нь цус гарч байсан, нэг эмэгтэй нь юу ч дуугарахгүй хэвтэж байсан. 0319 БӨА улсын дугаартай машины дотор нь байсан хоёр эмэгтэй нь замаар явж байсан тээврийн хэрэгслийг зогсоож аймгийн төв рүү суугаад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

- Гэрч Р.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид цааш явж байхад бидний урд цагаан өнгийн “Киа спортиж” маркийн 3387 бөа улсын дугаартай машин постоос цааш ойролцоогоор 5 км явсны дараа араас гүйцэж ирээд бидний хажуугаар өнгөрөөд явсан. Тэгээд бид нөгөө 3387 бөа улсын дугаартай машины араас дагаад явж байхад нөгөө машин гүйцэт түрүүлэх үйлдэл гаргаад яваад өгсөн. Тэр үед 0319 бөа улсын дугаартай машин бидний урд явж байсан. Тэр үед Б.Ж сандарч тоормос гишгэж, жолооны хүрдээ баруун тийш огцом дарах үед машин засмал замын шороон хэсгээр явж байгаад 0319 бөа улсын дугаартай цагаан өнгийн машины баруун ар талаас нь “приус-20” маркийн зүүн урд талын хэсгээр мөргөх үед би сандраад доош тонгойгоод дээш өндийх үед цагаан машины зүүн талын хэсэг миний сууж явсан “приус-20” маркийн машины баруун талын хэсэгтэй нийлсэн байдалтай хөндлөнгөөр түлхэгдэж явж байгаад хэсэг хугацааны дараа бидний унаж явсан “приус-20” маркийн машин замаас гараад замын хажууд зогсох үед бид машинаас буугаад харахад нөгөө цагаан өнгийн машин бидний машинаас холхон эсрэг тал руу хоншоор нь хараад зогсож байсан. Бидний машины ойролцоо хоёр эмэгтэй хэвтэж байсан. Нэг эмэгтэй хүний толгойноос нь их цус гарч байсан. Гэтэл 0319 бөа улсын дугаартай машин дотроос хүүхэд тэвэрсэн эмэгтэй бууж ирээд түргэн, цагдаа дуудаач гэж хэлсэн. Тэгээд бид бүгдээрээ сандарч зам руу орж машин зогсоож осол болсон талаар эмнэлэг, цагдаад хэлээрэй гэж хэлэх хооронд хүүхдээ тэвэрсэн эмэгтэй нэг эгчтэй хамт замаар явж байсан машин зогсоогоод аймаг руу яваад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

- Гэрч К.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр үед би жаахан зүүрмэглэж байхад нэг мэдэхэд машин юм мөргөх шиг болсон. Тэр үед сэрэхэд бид сууж явсан хөх өнгийн “приус-20” маркийн машин замаас гарч зогссон. Тэгээд бид машинаас бүгд буугаад харахад бидний машины урдхан хажуу талд хоёр эмэгтэй хүн газарт хэвтэж байсан. Тэр хүний гараас нь барьж массаж хийгээд толгойноос нь цус гарч байсан хүний толгойд тэр хүний ороолтыг ороож байхад 0319 бөа улсын дугаартай машин дотроос хүүхэд тэвэрсэн эмэгтэй бууж ирээд түргэн, цагдаа дуудаач гэж хэлсэн. Тэгээд бид бүгдээрээ сандарч зам руу Р.Х машин зогсоохоор явсан. Тэр үед хүүхэд тэвэрсэн эмэгтэй нэг эгчтэй хамт замын машин зогсоогоод аймгийн төв рүү чиглээд явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/,

- Гэрч А.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид цааш явж байхад бидний урд цагаан өнгийн “Киа спортиж" маркийн 3387 бөа улсын дугаартай машин постоос цааш ойролцоогоор 5 км явсны дараа араас гүйцэж ирээд бидний хажуугаар өнгөрөөд явсан. Тэгээд бид нөгөө 3387 бөа улсын дугаартай машины араас дагаад явж байхад нөгөө машин гүйцэт түрүүлэх үйлдэл гаргаад яваад өгсөн. Тэр үед 0319 бөа улсын дугаартай машин бидний урд явж байсан. Тэр үед Б.Ж сандарч тоормос гишгэж, жолооны хүрдээ баруун тийш огцом дарах үед машин засмал замын шороо хэсгээр явж байгаад 0319 бөа улсын дугаартай цагаан өнгийн машины баруун ар талаас нь “приус-20” маркийн зүүн урд талын хэсгээр мөргөх үед бидний сууж явсан “приус-20” маркийн машин арын дугуй хэсгээр шороо цацруулж хажуу талаараа хөндлөн жаахан явсан. Машинд сууж байхад Б.Ж жолоодлогыг баруун зүүн тийш мушгиад байх шиг байсан. Тэгээд бид бүгдээрээ машинаас буугаад харахад машины баруун талын урдхан талд толгойноос нь цус гарсан нэг эмэгтэй газарт хэвтэж байсан, уг эгчийн зүүн талд нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэр үед сандарч айгаад зогсож байхад 0319 бөа улсын дугаартай машин дотроос хүүхэд тэвэрсэн эгч бууж ирсэн. Жолооч талаас нэг эгч бууж ирээд та нар яагаад зүгээр явж чадахгүй юм бэ, араас мөргөөд шидчихлээ шүү дээ гэж хэлээд цагдаа, түргэн дуудаач гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75 дугаар хуудас/,

- Гэрч Б.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед Ж нэлээд хурдтай л явж байх шиг байсан. Би жолоочийн ар хэсэгт Х-ын баруун гар талд суугаад явж байсан. Тухайн үед Б.Ж-ын машины урдхан талд цагаан өнгөтэй киа маркийн машин явж байсан. Түүний урд ямар машин явж байсныг би хараагүй. Гэтэл нэг мэдэхэд машин баруун тал руу огцом эргэж машин шороон замаар явж байх шиг болоод машины арын шил руу шороо, цас шидэгдэх шиг болоод урд яваа машиныг мөргөөд тас гэх дуу гараад түүнээс хойш юу болсныг санахгүй. Тэгээд машин зогсоод машинаас буухад машин засмал замаас гараад зогсож байсан. Машины урдхан талд хоёр эмэгтэй газар дээр хэвтэж байсан. Би айгаад цочирдоод ойртож очоогүй, цагаан өнгийн машин бидний явж байсан машинаас урд талд нэлээн зайтай аймаг тал руу хараад зогсож байсан. Тэр үед би засмал замын хажууд гараад сууж байхад цагаан өнгийн машинаас хүүхдээ тэвэрсэн эмэгтэй нэг эгчийн хамт буугаад зам руу гарч машин зогсоож байх шиг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

- Шинжээч Е.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...”Тоёота виш” маркийн 0319 бөа улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн биеэр очиж үзлэг шалгалт хийхэд уг тээврийн хэрэгсэл онхолдож өнхөрсний улмаас арал болон тээврийн хэрэгслийн дээд хэсгээр хэв гажиж, уг тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй болсон байна. Арал гэдэг бол ямар ч тээврийн хэрэгслийн гол эд анги, тухайн гажсан арлыг манай улсад бүрэн засварлах боломжгүй, засварлаж янзалсан ч гэсэн замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байдаг юм. Тээврийн хэрэгслийн арал гажиж, хэв алдсан нь дахин ашиглах боломжгүй болж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад ээжийн нэр дээр байдаг 2918 бөа улсын дугаартай хөх өнгийн “приус-20" маркийн машинтайгаа С, Х, М, Ж, Х-ын найз охин болох Е нарын хамт Толбо нуурт болох мөсний баярыг үзэж сонирхохоор болоод бид нар миний машинтай явахаар болсон. Тэгээд Толбо нуурын чиглээд явж байхад миний урд “Киа спортиж” маркийн 3387 бөа улсын дугаартай машин ойролцоогоор 150 км цагийн хурдтай явж байсан би уг машины араас яг дагаад л яваад байсан. Уг машин дохио өгч урд явж байсан 0319 бөа улсын дугаартай машиныг гүйцэт түрүүлэх гэж байхаар нь би бас гүйцэт түрүүлэхээр дохиогоо өгсөн юм. Урд явсан “Киа спортиж” маркийн 3387 бөа улсын дугаартай машин тоормос дарах шиг болохоор нь сандраад бас тоормосоо гишгэж жолооны хүрдийг баруун гар тал руугаа дарсан. Тэр үед замаас гарч засмал замын хажуу талын шороон хэсгээр жаахан явж дахин жолооны хүрдээ зүүн гар тийш дарах үед урд явж байсан машины араас мөргөх шиг болсон. Тэгээд замын хажуугийн шонг машины баруун талын арын хэсгээр мөргөх үед засмал замаас буугаад зогссон юм. Тэгээд бүгдээрээ буухад миний машины урдхан талд хоёр эмэгтэй газарт хэвтэж байсан. Тэгээд бид бүгдээрээ айсан сандарсан байсан. Тэр машин руу чиглээд явж байхад жолооч болох нэг эгч хүүхэд тэвэрсэн эмэгтэй хоёр буугаад ирсэн. Би тухайн үед 100-110 км цагийн хурдтай явж байсан. Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа миний буруу, хурдтай явж байгаад ийм хэрэг гарчихлаа” гэх мэдүүлэг /хх-ийн 160-161 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

-Шүүгдэгч Б.Ж-ын дансны хуулгууд /1-р хх-ийн 166-109 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/204 дугаартай “Б овогтой Ж /ББ............./ нь Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай 132 мк.в талбайтай хувийн сууц, 8 дугаар багт байршилтай 90 м.кв талбайтай хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /1-р хх-ийн 170 дугаар хуудас/,

- 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр олгосон “РД:ББ......, овог:У, эцэг/эх/-ийн нэр:Б, нэр:Ж, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1995-06-06, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 8-р баг, Ах хус тау, 12 гудамж, 06 тоот, хүчинтэй хугацаа:2020-06-06, хэд дэх:2, Гадаад паспортын ГП дугаар:2381560, огноо:2018-10-26, дуусах хугацаа:2023-10-26” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Ж нь дансгүй болохыг тодорхойлсон Хас банкны Баян-Өлгий салбарын тодорхойлолт /1-р хх-ийн 172 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  8 дугаар багийн Засаг даргын “тус багийн оршин суугч Б овогтой Ж /ББ.................../ тоот регистрийн дугаартай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг. Б.Ж нь төлөв даруу зантай, урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /1-р хх-ийн 173 дугаар хуудас/,

- Шүүгдэгч урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /1-р хх-ийн 174 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, тохиромжит хурдыг сонгож яваагүйд санаатай, харин тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй, машиныг дайрч осол гаргахдаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

Гэмт хэрэг гарахад Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах,  уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу тус хэргийн хүрээнд дүгнэлт гаргалаа.

Хохирогч О.О-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 41-46/, шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 81-82/, эмч О.Ою-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 84/,  өвчтөний түүх /1-р хх-ийн 196-219/, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /2-р хх-ийн 12, 14-16/, томографийн шинжилгээ /2-р хх-ийн 13/ зэргийг үндэслэн О.О-ийн биед тархины доргилттой, дагз ясны зүүн талд заадал дагасан, доод дагзны нүх рүү үргэлжилсэн шугаман хугаралттай, дух, чамархай, зулай хэсгээр зөөлөн эд хавагнаж хавдсан, зулай хэсэгт хуйхан дор цус хурсан, зүүн дал ясны их бие хугарч зөрсөн, баруун 2, зүүн 3-8-р хавирганууд хугарсан, Th12 нугалам шахагдсан хугаралттай, L1. L2 зүүн хөндлөн сэртэн хугарсан, Th12. L4 нугалмуудын их бие шахагдаж хугарсан, L1-L4 нугалмуудын зүүн хөндлөн сэртэн хугарсан, хоёр уушгины битүү гэмтэлтэй, хоёр уушгины арын зоноор нэвчдэст өөрчлөлттэй, зүүн уушгины плеврийн хөндийд хий орсон /пневмоторакс/, толгойндоо том хэмжээний шархтай зэрэг гэмтэлтэй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-т зааснаар “амь насанд аюултай, амь тэмцсэн, гэмтлийн улмаас үлдэц, уршигтай, хөдөлмөрийн чадвар алдалтад удаан нөлөөлөх” зэргээр хүнд зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүнд гэмтэл учирсан гэж үзлээ.

Хохирогч Г.Н-ийн мэдүүлэг  /1-р хх-ийн 53-58/, эмч О.Ою-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 88/, шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 89-90/, өвчтөний түүх /1-р хх-ийн 196-219/ зэргийг үндэслэн Г.Н-ийн биед тархи болон цээжний битүү гэмтэл, тархины бор ба цагаан бодисын ялгарал бага зэрэг буурсан буюу хавантай, зүүн хацар, дух, чамархай орчмоор зөөлөн эд бага зэрэг хавагнаж хавдсан, хамрын таславч мурийлттай, зүүн гайморовын хөндийд доод хэсгээр салст зузаарсан /синусит/ L18 L2, L3, L4 нугалмуудын баруун хөндлөн сэртэн хугарсан, L2-L3, L3-L48 L4-L5 нугалмуудын завсрын жийргэвчийн өмнөд хэсгээр хий, L3-L5 нугалмуудын завсрын жийргэвч цүлхийж нугасны өмнөд болон ёзоорын зайнууд нарийссан гэмтэлтэй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар “зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй” зэргээр хүндэвтэр зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, энэхүү гэмтлийн улмаас хойшид хохирогч Г.Н-ийн эд эрхтний бүтэц, үйл ажиллагаанд хямрал үүсэх боломжтой гэж дүгнэн түүний биед хүндэвтэр хохирол учирсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Ж-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогч О.О-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн улмаас 4.049.650 /дөрвөн сая дөчин есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийн бодит хор уршиг учирсан, хойшид мөн үлдэц хор уршигтай байна.

Шүүгдэгч Б.Ж нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.О-т 6.358.550 /зургаан сая гурван зуун тавин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг төлж барагдуулж /2-р хх-ийн 41, 43-45/, үүнээс 2.308.900 /хоёр сая гурван зуун найман мянган есөн зуу/ төгрөгийг илүү төлсөн байна.

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн улмаас 3.673.600 төгрөгийн бодит хор уршиг учирсан, хойшид мөн үлдэц хор уршигтай байна. 

Хохирогч Г.Н нь нийт 4.104.600 /дөрвөн сая нэг зуун дөрвөн мянган/ төгрөг нэхэмжилснээс мөрдөн байцаалтын шатанд төлсөн шүүгдэгч 4.205.600 /дөрвөн сая хоёр зуун таван мянган/ төгрөгийг барагдуулж /2-р хх-ийн 41, 46-50/, илүү 101.000 /нэг зуун нэг мянган/ төгрөг төлсөн байна.

Харин хохирогч Г.Н, О.О нар нь ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ж-аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Шүүгдэгч Б.Ж нь хохирогч Т.Л-д мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 190.000 /нэг зуун ерөн мянган/ төгрөг, тээврийн хэрэгслийн гэмтсэн гэх эд ангиудын хохирол болох 6.780.000 /зургаан сая долоон зуун наян мянган/ төгрөг, нийт 6.970.000 /зургаан сая есөн зуун далан мянган/ төгрөг төлсөн.

Мөн “Тоёота виш" маркийн 0319 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг Баян-Өлгий аймгийн Авто тээврийн үндэсний төвийн шинжээч, тээврийн хэрэгслийн үзлэгийн инженер, техникийн ухааны магистр Е.Ж-ы “Уг тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй болсон байсан” гэх мэдүүлэг, түүний 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай ослын дүгнэлт зэргийг үндэслэн “Мөнх-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчийн Х.К-ын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан дүгнэлтэд заасан үнэлгээгээр буюу 12.500.000 /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр тооцож, хохирогч Т.Л-ийн нэхэмжилсэн 5.720.000 /таван сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг шүүгдэгч Б.Ж-аас гаргуулж түүнд олгох нь зүйтэй байна. Ингэхдээ шүүх хуралдааны дараа 3.000.000 /гурван сая/ төгрөг, үлдсэн 2.720.000 /хоёр сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг “Тоёота виш" маркийн 0319 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Ж, иргэний хариуцагч М.О нарын нэр дээр буулгаж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсний дараа төлж өгөхөөр хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзвэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ж-аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Энэ хэрэгт 29-18 БӨА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины эзэмшигч М.О-г иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан хэдий ч хохирогч О.О-т учирсан хүнд гэмтлийг, Г.Н-д учирсан хүнд хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч Б.Ж нь гэм буруутай үйлдлээрээ учруулсан тул гэм хорын зардлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй  боловч иргэний хариуцагч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг миний бие хариуцаж төлж өгнө” гэж мэдүүлсэн байх тул гэм хорын зардлыг шүүгдэгч Б.Ж болон иргэний хариуцагч М.О нараас гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Харин Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаанд буй хохирогч Т.Л-ийн эзэмшлийн эвдэрсэн “Тоёота виш" маркийн 0319 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнээс 6.780.000 /зургаан сая долоон зуун наян мянган/ төгрөгийг төлсөн, үлдсэн 5.720.000 /таван сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг цаашид төлж өгөхөө илэрхийлсэн тул уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Ж, иргэний хариуцагч М.О-т нарт олгохоор шийдвэрлэв.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Б.Н, О.О, Т.Л нарт учруулсан хохирлыг төлсөн, хохирогч Т.Л-д үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгах тал дээр санаачилга гаргаж байгаа байдал зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” тухай үүргийг биелүүлээгүй хохирогч Т.Л-ийн буруутай үйл ажиллагааг шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан, хойшид хор уршгийг барагдуулах үүрэгтэй зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

Мөн нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тухайн зүйл, ангид заасан хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хувьд энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаанд хүчингүй болгож, холбогдох байгууллага, албан тушаалтан нь ялын биелэлтэд хяналт тавих ёстой.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ж-ын иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эрүүгийн хариуцлагын биелэлтийг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч У овогт Б-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т зааснаар шүүгдэгч Б.Ж-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн ялтан Б.Ж-д хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ж-д тэнссэн 1 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг  албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Ж-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаанд буй хохирогч Т.Л-ийн эзэмшлийн эвдэрсэн “Тоёота виш" маркийн 0319 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Ж, иргэний хариуцагч М.О нарт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 4, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ж нь хохирогч Т.Л-д 6.970.000 /зургаан сая есөн зуун далан мянган/ төгрөг, хохирогч О.О-т 6.358.550 /зургаан сая гурван зуун тавин найман мянга таван зуун  тавин /төгрөг, Г.Н-д  4.205.000 /дөрвөн сая хоёр зуун таван мянган/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаанд буй хохирогч Т.Л-ийн эзэмшлийн “Тоёота виш" маркийн 0319 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үлдсэн үнэ болох 5.720.000 /таван сая долоон зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Л-д олгосугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  36.5 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хохирогч О.О, Г.Н, Б.У нар нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ж-аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

10. Шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ж-тын иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК