| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2024/05161/И |
| Дугаар | 210/МА2025/01095 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01095
******* ХХК болон ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02914 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК болон ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: *******ХХК болон ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан барьцаа батлан даах гэрээ, ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээ, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх гэрээ, ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ, ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг тус тус нотариатч ******* гэрчилсэн. Гэтэл энэхүү гэрээнд ******* ХХК-ийг төлөөлөх эрхийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэлээр БНХАУ-ын иргэн, *******-д гарын олгосон байна. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулснаас 6 өдрийн дараа олгогдсон итгэмжлэлийг үндэслэж, ******* нотариатч нь дээрх гэрээг гэрчилсэн байна. Мөн ингэж итгэмжлэл олгохдоо тухайн үед компанийн гүйцэтгэх захирал байсан БНХАУ-ын иргэн *******-н гарын үсгийг дуурайлгаж зурсан байдаг. Түүнчлэн барьцааны гэрээнд заасан үнийн дүнгээс харахад Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэл байсаар байхад хувьцаа эзэмшигчийн эсвэл төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг аваагүй. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан үйлдлийг хийлгүйгээр дээрх гэрээнүүдийг гэрчилсэн. ******* нотариатын дээрх гэрээнүүдийг гэрчилсэн үйлдэл нь Нотариатын үйлдэл хийх зааврын 4.6 дахь хэсэгт нотариатч нь үйлчлүүлэгч хуулийн этгээд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэн тогтоохын зэрэгцээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн өөрчлөлтийн талаарх бүртгэлийг нягталж үзнэ. Түүнчлэн хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх болон хувийн байдлыг тогтооно. Ингэхдээ төлөөлж буй этгээдийн бүрэн эрхийг хуулийн этгээдийн гэрээ, дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргийг; итгэмжлэлээр төлөөлж буй тохиолдолд тухайн итгэмжлэл хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгана гэж заасныг болон Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн байна. ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ нь газар ашиглах эрхийг бусдад барьцаалсан байна. Энэ нь Монгол Улсын газрын тухай хуулийг зөрчсөн байх бөгөөд газар ашиглах эрхийг хуульд заасны дагуу бусдад барьцаалах боломжгүй юм. Мөн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзахаар заасан. Хэрэв татгалзаагүй тохиолдолд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж заасан байх тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр *******ХХК болон ******* ХХК, ******* ХХК нь КҮ-ХС-2019-01 тоот барьцаа батлан даах гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх KY-ZY-201901, барьцааны гэрээнүүдийг батлуулахаар нотариатч ******* надад хандсан. Би уг гэрээнүүдийг уншиж танилцаад Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх заавар, Улсын бүртгэлийн хуульд заасны дагуу Компанийн дүрэм болон Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн барьцааны гэрээнүүд нь шаардлага хангаагүй үүсгэн байгуулагчийн, компанийн итгэмжлэл болон барьцаанд тавьж буй хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэл байгаагүй тул буцаасан. Үндсэн гэрээ болох барьцаа батлан даах үндсэн гэрээг батлуулсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Компанийн итгэмжлэл болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэхийг /орчуулгын хамт/ авч ирсэн учраас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх гэрээг, барьцааны гэрээний хамт баталсан. Итгэмжлэл өөр өөр цаг хугацаанд ирсэн учраас 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр батлуулсан 206 тоот үндсэн гэрээг үндэслэл болгон 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр баталсан. Уг гэрээнүүдэд тус компаниуд нь ямар хөрөнгө барьцаанд тавих талаар урьдчилсан тохиролцсон 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр баталсан барьцаа батлан даах гэрээний 2.1, 2.2 дахь заалтуудад тусгасан, мөн төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх гэрээний 5-д урьдчилгаа төлбөрийн эрсдэлийг даах үүднээс өөрийн болон бусдын өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавина гэдгийг тусгахын зэрэгцээ ******* ХХК болон ******* ХХК-ний итгэмжлэлүүдэд ямар ямар гэрээний барьцаанд тавьж байгаа талаар тодорхой тусгасан бөгөөд ******* ХХК-ний захирал *******д итгэмжилсэн бөгөөд захирал ******* нь өөрийн биеэр дээрх итгэмжлэл болон гэрээг А талын хамт ирж батлуулсан. Иймд урьдчилан тохиролцсон тодорхой гэрээг батлуулахын зэрэгцээ мөн жилд 200,000 тонн төмрийн хүдэр, 300,000 тонн төмрийн баяжмал борлуулах зорилгын төлөө хамтран ажиллана гэж гэрээнд зааснаас харахад үйлчлүүлэгчийн боловсруулж ирсэн гэрээнд нотариатч би давуу эрх эдэлж компанийн дотоод хэрэгт оролцох шаардлагагүй гэж үзсэн. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т нотариатч энэ хуулийн 31.1-д зааснаас бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй гэсэн мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д нотариатын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ мөн хуулийн 25.2-т заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ гэж заасан. Мөн эдгээр гэрээнүүд нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр надад хандаад буцсан болох нь уг гэрээнүүд дээр бичигдсэн он cap өдрүүдээр нотлогдож байгаа болно. Мөн ИХ-ийн 75.2.1, 75.2.3-д заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хугацаа 3 жил байх тул 2019 онд баталсан дээрх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үзэж байна. Нэхэмжлэгч тал ******* ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүрмийг хавсаргаж өгсөн байдлаас харахад ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч өөрчлөгдсөн байна. Дээрх гэрээнүүд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан байхад одоогийн ******* ХХК хувьцаа эзэмшигч хууль ёсны нэхэмжлэл гаргах этгээд биш үзэж байна. Мөн Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ гэж заасан тул хууль зөрчөөгүй байна. Иймд нотариатч миний үйлдлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******ХХК болон ******* ГХОХХК, ******* ГХОХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Барьцаа батлан даалтын гэрээ, ******* ХХК, ******* ГХОХХК нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Барьцааны гэрээ, ******* ХХК, ******* ГХОХХК, ******* ГХОХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх гэрээ, ******* ХХК, ******* ГХОХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ, ******* ХХК, ******* ГХОХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ-г тус тус гэрчилсэн нотариатч *******ийн үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нэхэмжлэгч ******* ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ дараах зүйлийг анхаарсангүй.
5.1. ******* ХХК-ийн ******* нь 2019.04.01-ний өдөр Ли Гуо Хуй-д итгэмжлэл олгохдоо Монгол улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээр нотлогдсон, итгэмжлэл нь хуурамч болох нь батлагдаж байх тул нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх үүргээ нэхэмжлэгч тал зөрчсөн байгааг шүүх анхаарсангүй. Энэ нөхцөлд хууль зөрчсөн этгээд нь хариуцагч биш нэхэмжлэгч өөрөө тул нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлд шүүх нэхэмжлэгч хууль зөрчсөн гэдгийг тогтоон өгч энэ нь Арбитрын шүүхийн шийдвэрт нотлох баримт болох ёстой.
5.2. ******* ХХК-ийн албан бичиг нь хариуцагчид огт хамаагүй тэр компанийн бичиг баримтын төлөө хариуцагч ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг шүүх анхаарсангүй. Тэр хуулийн этгээдийн дотоод асуудал нь хариуцагчид хамаагүй бөгөөд ИХ 56.6-д зааснаар шийдвэрлэх ёстойг шүүх анхаарсангүй.
Мөн орчуулаагч оруулаагүй талаар нэхэмжлэлд огт дурдаагүй, талуудын хооронд энэ асуудлаар мэтгэлцээн явагдаагүйг анхаараагүй.
Арбитрын шүүхээр шийдвэрлэхээр талууд тохиролцон арбитрын шүүх хянан шийдвэрлэж байхад иргэний хэргийн анхан шатын шүүх хянан шийдвэрлэхгүй бөгөөд энэ нь ИХ 9.3.Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.2. Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ. гэсэн байгааг шүүх анхаараагүй байна.
Нэхэмжлэгч тал өөрийн хийсэн үйлдлийн төлөө бусад этгээдийг бусдыг буруутгаж нэхэмжлэл гаргасан байгааг шүүх анхааралгүй, сонирхогч этгээдийн нэхэмжлэл мэтээр ойлгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүхийн шийдвэр гаргасан нь илт үндэслэлгүй буруу шүүхийн шийдвэр болжээ.
Мөн өөрийн хийсэн хэлцэл түүний үр дагаврыг арилгах гэж байгаа бол арбитрын эрх зүйн харилцаа бус хувьцаа эзэмшигчдийн эсвэл хөдөлмөрийн эрх зүйн харилцааны маргаан үүсэх болохыг шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56.6-д заасан хэлцэл хийсэн этгээдэд хамаарах харилцаа үүсэх болохыг шүүх анхаарсангүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Нотариатын тухай хуулийн зохицуулалтыг шүүх анхааран үзэлгүй нэхэмжлэгч компанийн дотоод асуудлыг хянах ёстой мэтээр хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна . Хариуцагч ямар ч хуулиар нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн дотоод асуудлыг хянах шаардлага тавих эрхгүй болохыг шүүх анхаарсангүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Лутчулуу ХХК-ийн ******* гэх гүйцэтгэх захирлаас *******-д итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэл нь монгол хэл дээр олгогдсон бөгөөд итгэмжлэлд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн гарын үсэг зурдаг. Тухайн иргэн ямар итгэмжлэл дээр гарын үзэг зурсан бэ гэдгийг мэдэх боломжгүй. Итгэмжлэл өгсөн ч гэлээ нотариат дээр өөрөө хүрэлцэн ирээгүй тохиолдолд Монгол Улсад байгаа эсэхийг нотариатч гадаад паспортын хуулбараар тогтоох ёстой байсан боловч тогтоогоогүйн улмаас энэхүү үйл баримт болсон гэдгийг дурдах нь зүйтэй.
Нотариатын тухай хуулийг харвал, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргах, энэ маргааныг шийдвэрлэх эрх нь зөвхөн шүүхэд байгаа. Манай нэхэмжлэлийн агуулга нь нотариатч Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх заавар, бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна. Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч арбитрт байгаа өөр маргаантай холбож буруугаар тайлбарладаг.
Газрын тухай хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар газар ашиглах эрхийг барьцаалах боломжгүй. Гэтэл нотариатч газар ашиглах эрхийг барьцаалсан гэрээг гэрчилсэн.
Хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргааны асуудал гэсэн зүйл ярьдаг. Бидний зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргааны асуудал биш. Нотариатчийн хууль зөрчсөн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан гэдгийг дахин дурдъя. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК болон ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа *******ХХК болон ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн барьцаа батлан даах гэрээ, ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээнүүд, ******* ХХК болон ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх гэрээ, ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээ, ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн барьцааны гэрээг тус тус гэрчлэхдээ үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, орчуулагч оролцуулаагүй, их хэмжээний хэлцэл байхад компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг аваагүй, Газрын тухай хууль зөрчсөн хэлцэл байхад гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хийсэн үйлдэл байх тул мөн хуулийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүчингүйд тооцуулна гэж тус тус тодорхойлсон.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр барьцаа батлан даах гэрээг баталсан. Харин бусад гэрээнүүдийн хувьд компанийн итгэмжлэл болон барьцаа хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэлийг ирүүлсний үндсэн дээр 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрчилсэн нь хууль зөрчөөгүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.1. Нийслэлийн Баянгол дүүргийн тойргийн нотариатч ******* нь:
-*******ХХК болон ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Барьцаа батлан даах гэрээ-г 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр,
-******* ХХК болон******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх гэрээ-г 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр,
-******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Барьцааны гэрээ-г 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, мөн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Барьцааны гэрээ-г мөн өдөр,
-******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Барьцааны гэрээ-г 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр,
-******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Барьцааны гэрээ-г 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус тус гэрчилсэн болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр тогтоогджээ. /1хх-109, 110, 114, 122, 229/
4.2. *******ХХК болон ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Барьцаа батлан даах гэрээ-ээр төмрийн хүдэр нийлүүлж, хамтран ажиллах тухай KY-ZY-2019-01, KY-XC-2019-01 дугаартай гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд ******* ХХК-ийн уурхайн нөөц болон бүх хөрөнгө /үйлдвэрийн тоног төхөөрөмж болон тээврийн хүнд даацын машин зэрэг/, уурхайн 2 лиценз /1020А, 10207А/, гурван компанийн гэрчилгээ, байрны ордер зэргийг барьцаалсан.
******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх гэрээ-ээр худалдан авагч нь 20,000 тонн төмрийн хүдэр, 20,000 тонн төмрийн баяжмалын үнийг урьдчилан төлж, талууд жилд 200,000 тн, 300,000 тн төмрийн баяжмал борлуулах зорилгыг биелүүлэхийн төлөө хамтран ажиллахаар харилцан тохиролцсон.
Дээрх 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор:
******* ХХК болон ******* ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, ******* ХХК-ийн нэгж талбарын 221000856 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалж, барьцаа хөрөнгийн үнэлгээг 2,145,000,000 төгрөгөөр тохирсон, мөн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Барьцааны гэрээ-ээр 1,000,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан,
******* ХХК болон ******* ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, ******* ХХК-ийн нэгж талбарын 221001373 дугаартай 11га талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалж, барьцаа хөрөнгийн үнэлгээг 2,535,000,000 төгрөгөөр,
******* ХХК, ******* ХХК нар нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, ******* ХХК-ийн нэгж талбарын *******, ******** дугаартай газар эзэмших эрх, үйлдвэрийн барилга байгууламжийг барьцаалж, барьцаа хөрөнгийн үнэлгээг 5,000,000,000 төгрөгөөр тус тус тохиролцжээ.
4.3. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулахаар заасан.
Хариуцагч буюу нотариатч ******* нь дээрх гэрээнүүдийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээний тал болох хуулийн этгээдүүдийн хувийн байдлыг тогтоогоогүй гэж үзэхээр байна. Тодруулбал, хариуцагч гэрээ гэрчлэх үйлдлийг хийхдээ гэрээ байгуулж буй хуулийн этгээдүүдийн дүрмийг үндэслээгүй, итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эсэхийг шалгаагүй байна.
Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцлийг их хэмжээний хэлцэлд тооцохоор, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ гаргахаар заасан.
******* ХХК болон ******* ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнүүд нь хуулийн дээрх үндэслэлд хамаарч байгаа эсэхийг нотариатч үйлдэл хийхдээ мөн шалгаж тогтоогоогүй байна.
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт нотариатч үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал, өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал, өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатын үйлдэл хийлгэхийг хүсвэл, үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг, хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзахаар, энэ хэсэгт заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцохоор мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заажээ.
Хариуцагч ******* нь гэрээ гэрчилсэн нотариатын үйлдэл хийхдээ үйлчлүүлэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.4-т заасан үйлдэл хийхээс татгалзах үндэслэл бий болсон байхад татгалзах үүргээ биелүүлээгүй байна. Иймд, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх үүргээ нэхэмжлэгч тал зөрчсөн нь хариуцагчид хамааралгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
4.4. Мөн хариуцагч ******* нь давж заалдах гомдолдоо орчуулагч оролцуулаагүй гэж талууд маргаагүй байхад шүүх энэ талаар дүгнэсэн нь үндэслэлгүй, талууд маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон байгааг шүүх анхаараагүй, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэжээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч нь Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх агуулгаар тусгасан байх тул анхан шатны шүүх гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн хоорондын хэлцлийг гэрчлэхдээ орчуулагч оролцуулаагүй алдаатай болсон талаар дүгнэсэн нь зөв. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэл гаргаагүй, харин уг гэрээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нотариатчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх тул арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон байгааг шүүх анхаараагүй гэх гомдол үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр утсаар мэдэгдэж, мөн түүний 99087388 дугаартай утсанд зурвас илгээсэн нь 2-р хавтаст хэргийн 70, 71-р талд авагджээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02914 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ