| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00029/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч Г.Л нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Тасран овогт С-ийн А-д холбогдох эрүүгийн 1922000000035 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тасран овогт С-ийн А
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.А 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айргийн 1 дүгээр гудамжны 8 тоот хашааны үүдэнд байсан ...... улсын дугаартай ‘’Х’’ маркийн машинаас Э.Г-ын эзэмшлийн ‘’LGQ-6’’ маркийн гар утсыг хууль бусаар авч 340000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Айргийн 1 дүгээр гудамжны 8 тоот хашааны үүдэнд байсан машинаас хар өнгийн гар утас авсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Э.Г-ын ...Би 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн орчим өөрийн эзэмшлийн ......... улсын дугаартай ‘’Х ’’ маркийн машинаар Айргийн 1 дүгээр гудамжны 8 тоотод дүүгийндээ хүү хүргэж өгөх гээд очиж машинаа хашааных нь гадаа үүдэнд үлдээсэн. ...Хүүгээ ‘’гараад машинаас гар утас ир машинд утсаа орхисон байна’’ гэж хэлээд гаргасан чинь хүү ‘’машинд утас байхгүй байна’’ гэж хэлсэн. Тэгээд би өөрөө гараад машиндаа үзтэл миний голын хайрцаг дээр тавиад үлдээсэн гар утас байхгүй байсан тул шууд цагдаад дуудлага өгсөн. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтэн олж авсан. Нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-рт/
Гэрч Б.Ө-ын ...2019 оны 2 дугаар сарын 17-ны өдөр би гэрээсээ гараад баруун цагаан дэлгүүр орж тамхи авчихаад байж байтал С.А хүрээд ирсэн. ...С.А хоёулаа айлд очоод ирье гээд хамт Мандалын 3 дугаар гудамжны 0 тоот хашаанд очтол хүн байхгүй байсан. Тэгээд буцаад явж байтал С.А Айргийн 1 дүгээр гудамжны 0 тоот хашааны үүдэнд байсан саарал өнгийн ‘’Севик’’ маркийн машиныг сая очсон айлын ахын машин байна гээд очсон. Тэгэхэд би хашааны буланд бие засчихаад хойшоо алхаж байтал С.А араас гүйж ирээд хойшоо гялс гүйгээд явчих гээд цагаан дэлгүүрийн дэргэд ирээд саяны машинд гар утас байхаар нь авчихлаа гэж хэлсэн .... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-рт/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-рт/
- Эд зүйл, баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-рт/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-рт/
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай эд зүйл үнэлсэн тухай дүгнэлт /хх-ийн 14-15-рт/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-рт/
- Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 33-36-рт/ зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.А 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айргийн 1 дүгээр гудамжны 0 тоот хашааны үүдэнд байсан ......... улсын дугаартай ‘’Х’’ маркийн машинаас Э.Г-ын эзэмшлийн ‘’LGQ-6’’ маркийн гар утсыг хууль бусаар авч 340000 төгрөгийн учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Г хэрэгтэй танилцсан баримтад ‘’гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтэн олж авсан’’ гэсэн /хх-ийн 42-рт/ байх тул бусдад төлөх хохирол, төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал /хх-ийн 49-рт/ гаргаж байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тасран овогт С-ийн А-г хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.А-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.А-д оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч С.А-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.А тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч С.А-д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч С.А-д холбогдох хэрэгт хавсарган ирүүлсэн CD бичлэгийг энэ хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ