Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 00210

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол Замчид гудамж 48-18 тоотод  оршин суух иргэн Донцоовын Мөнхтөрийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1-р баг 12-50 тоотод оршин суух иргэн Дагвадоржийн Оюунцэцэгт /РД: ТГ80092906/ холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.600.000 төгрөг  гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Мөнхтөр, хариуцагч Д.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, дэг сахиулагч П.Отгонбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мөнхтөр миний бие 2015 оны 06 сарын 22-ний өдөр Д.Оюунцэцэгтэй харилцан тохиролцооны үндсэн дээр 8.000.000 сая төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилогоор “Сайхан бужир” ХХК-ний эзэмшлийн Сэлэнгэ аймаг Сайхан суманд байрлах 000313343 тоот дугаартай 1050 мк2 биеийн тамирын талбайн зориулалттай газар, Сэлэнгэ аймаг Сайхан суманд байрлах 0120327 тоот дугаартай 4 га хүүхдийн зуслан, амралтын газар, мөн копанийн өмчлөлийн Ү-1310001409 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р багийн нутагт орших Эрдмийн ундраа лицей сургуулийн зүүн талд байршилтай үйлчилгээний зориулалт бүхий 56 мк2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан юм. Гэвч Д.Оюунцэцэг нь зээлж авсан 8.000.000 сая төгрөгийг  зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 сарын 21-нд дуусхад эргүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрээд байгаа тул Д.Оюунцэцэгт зээлдүүлсэн 8.000.000 сая төгрөг болон зээлийн хүү 1.600.000 төгрөг бүгд 9.600.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Мөнхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний мөнгийг аваад жил гаран болсны дараа 1.600.000 төгрөгийг авахад надад харамсалтай байна. Гэрээн дээр заасан заалтанд баригдаж байгаа болохоос биш энэ хүний ээж, энэ хүүхэд сүүлдээ олдохоо байгаад ээж нь над руу яриад битгий санаа зовоо чиний мөнгийг тоо ёсоор нь өгнө, хаана хаанаа хэцүү байна, мөнгө төгрөг орж ирэхгүй байна гээд ярьсан бичлэг миний утсанд байгаа. Би хуульд зааснаар 2 сарынхаа хүүг нэхэмжилж байна. Тэрнээс биш энэ хүүхдээс болж машинаа ломбарданд тавиад мөнгийг нь төлж явж байгаа мөнгийг нэхэмжлэх эрх надад байгаа гэж бодож байна. Надад тавиагүй юм гэж бараг байхгүй. Хэрэв энэ бүгдийг дахиад нэхэмжлээд гаргаад ирье гэвэл энэ хүүхдээс дахиад 3.000.000 төгрөг нэхэмжлэх байсан. Харин тэгээгүй энэ нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний 9.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хүүхдийн барьцаа хөрөнгө байгаа. Миний мөнгийг гаргаад өгчихвөл барьцаа хөрөнгийг нь буцаагаад өгнө... Америкаас ирээд жил гаран болж байхад энэ хүнтэй танилцаад намайг хүнд мөнгө зээлүүлдэг ажилд оруулсан хүн нь энэ хүн. Оюунцэцэг надад тусладаг байсан юм. Цалин мөнгөний асуудал дээр тохирсон юм байхгүй. Оюунцэцэг нь мөнгө зээлэх хүн олж надад зуучилдаг байсан юм гэв.

 

Хариуцагч Д.Оюунцэцэг шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: ...2015 оны 06-р сарын 13-ны өдрөөс 2015 оны 10-р сарын 30-ны өдөр хүртэл энэ хүний дор ажиллахдаа авсан мөнгөнийхөө хүүг цалингаараа төлж явж байсан. Тухайн үед би зээлийн хүүгээ яаж хийсэн тухайгаа энэ хүнд тайлбарлаж өгч байсан. Одоо би энэ хүнээс цалингаа нэхэмжлэх юм бол 7.300.000 төгрөг нэхэмжлэх боломжтой юм байна лээ. Тэгэхээр би энэ мөнгийг цалингаараа төлсөн байх үндэслэл байгаа. Би энэ хүнд нэг хүний мөнгө гаргаж өгөөгүй байгаа тэрийг хасаад 5.000.000 төгрөгийн цалин өгсөн. Тийм болохоор би 9.600.000 төгрөгөөс 5.000.000 төгрөг хасуулж байж энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө. Энийг баталахын тулд нотариатчины бичиг баримт шүүхийн бичиг зэрэг байхад нотлох боломжтой...Би энэ хүнд зүгээр туслаагүй бид хоёр олсон ашгийнхаа 3/1 хувийг авна гэж тохирсон. Би энэ хүнд цэвэр 9.600.000 төгрөг өгөх ёсгүй. Яагаад гэхээр миний цалин гэдэг зүйлээр надаас 5.000.000 төгрөгийг зүгээр авсан. Одоо болохоор намайг хуурсан мэхэлсэн гэж байна. Харин миний авах ёстой мөнгө хаашаа ороод байсан бэ? гэдгийг би ойлгохгүй байгаа. Энэ 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг бид хоёр хийсэн нь үнэн. Би 8.000.000 төгрөгийг авсан. Гэхдээ би хүлээн зөвшөөрөхгүй байна. Цалингаасаа хаасуулж байж би хүлээн зөвшөөрнө. Би хүн олж өгч энэ хүн мөнгө хүүлдэг байсан. Би энэ хоёр хүнээс яагаад мөнгө авсан гэхээр энэ хүн надад ямар ч мөнгө өгөөгүй учраас би авсан. Би 5.000.000 төгрөгийн цалинг саяны хоёр гэрээ баталж байна... Мөнхтөртэй олсон ашгийнхаа 3/1 хувийг авна гэж тохиролцсон талаарх ямар ч баримт байхгүй. Хүн мэдээж зүгээр ажиллана гэж байхгүй. Олсон ашгийнхаа 3/1 хувийг чи аваа гэж хэлсэн би за гэж л хэлсэн. Энэ хүн бүх оролцоог хийгээд намайг амьдралгүй болгосон, тэгээд дээрээс нь надаас мөнгө нэхэмжилж байна. Би энэ хүнд нэг ч төгрөг өгөхгүй давж заалдана. Яагаад намайг доромжлох ёстой юм. Манай ээжийг хүртэл элдэвээр хэлсэн байсан. Гэхдээ би энэ хүний талаар ганц ч байгууллагад хандаагүй. Яагаад гэхээр жоохон ч гэсэн уужуу сэтгэл гаргах болов уу? миний өгч байгаа мөнгөнөөс хасах болов уу? ямар нэгэн байдлаар хандах болов уу? гэж бодсон. Энэ хүн намайг байнга дарамталдаг. Дарамттай болохоор нь би эвлэрүүлэн зуучлахаар ороогүй. Цалингийн хувьд бол тухайн үедээ бид хоёр аман гэрээ хийгээд өнгөрсөн. Би энэ хүний төлөө зүтгэсэн нь миний хийсэн алдаа байх. Одоо бол би цаашаа заргалдана нэр төрөө олж авна...гэв.

 

         Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Мөнхтөр нь зээлийн гэрээний үүрэгт 9.600.000 төгрөгийг хариуцагч Д.Оюунцэцэгээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

             Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нэхэмжлэгч хариуцагч нараас гаргасан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Д.Мөнхтөр хариуцагч Д.Оюунцэцэг нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 8.000.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 21-ныг хүртэл 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй байгуулсан зээлийн гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр барьцаа хөрөнгөнд 0120327, 000313334, 000083279 тоот гэрчилгээний дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус харилцан тохиролцож байгуулсан байна.

            Хариуцагч Д.Оюунцэцэг нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа: ...Би Мөнхтөрд мөнгө зээлэх хүн олж өгч зуучилж ашгийнхаа 3/1-г авч байхаар амаар тохиролцсон. 2015 оны 06-р сарын 13-ны өдрөөс 2015 оны 10-р сарын 30-ны өдөр хүртэл энэ хүний дор ажиллахдаа авсан мөнгөнийхөө хүүг цалингаараа төлж явж байсан. Одоо би энэ хүнээс цалингаа нэхэмжлэх юм бол 7.300.000 төгрөг нэхэмжлэх боломжтой юм байна лээ. Тэгэхээр би энэ мөнгийг цалингаараа төлсөн байх үндэслэл байгаа. Би энэ хүнээс авах ёстой байсан цалин болох 5.000.000 төгрөгөө зээлж авсан 9.600.000 төгрөгөөс хасуулж байж энэ нэхэмжлэлийг зөвшөөрнө. Гэхдээ 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг бид хоёр хийсэн нь үнэн. Би 8.000.000 төгрөгийг авсан.... гэж тайлбарлаж байх бөгөөд зээлийн болон барьцааны гэрээний тухайд нэхэмжлэгчтэй маргаагүй болно.

            Харин хариуцагч нь 2015 оны 06 дугаар сарын 13-аас 2015 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл Д.Мөнхтөрд мөнгө зээлэх ажилд нь туслаж ажилчнаар нь ажиллаж байсан бөгөөд олсон ашгийн 3/1 –ийг авч байхаар тохиролцсон тул тухайн үед авах байсан цалин болох 5.000.000 төгрөгийг хасуулаад үлдсэн мөнгийг төлөхийг зөвшөөрнө гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Д.Мөнхтөрийн: ...Д.Оюунцэцэг миний дор ажиллаж байгаагүй, би түүнд олсон ашгийн 3/1-ийг өгч байхаар тохиролцсон асуудал байхгүй гэх, хариуцагч Д.Оюунцэцэгийн: ...Мөнхтөртэй олсон ашгийнхаа 3/1 хувийг авна гэж тохиролцсон талаарх ямар ч баримт байхгүй, аман гэрээгээр тохиролцсон... гэх тайлбараар няцаагдаж байх бөгөөд энэ нь зээлийн гэрээний үүрэг 9.600.000 төгрөгийн нэхэмжлэлтэй хамааралгүй, ач холбогдолгүй байна гэж үзэв.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй, ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийн тус тус хүлээхээр заасан бөгөөд хариуцгач Д.Оюунцэцэг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

            Зээлийн гэрээний 1-т Зээлдүүлэгч Д.Мөнхтөр нь Д.Оюунцэцэгт 8.000.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 21-ны өдөр хүртэл 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Д.Оюунцэцэг нь заасан хугацаанд дурьдсан мөнгийг эргүүлэн төлөх үүргийг хүлээнэ, 3-рт Зээл авагч тал энэ гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ хүүгийн хамт төлөх үүрэгтэй... гэснийг хариуцагч Д.Оюунцэцэг нь тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Д.Мөнхтөр нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

            Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь дээрх хуулийн шаардлагыг хангасан тул хүү нэхэмжлэх эрхтэй байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Д.Мөнхтөр, Д.Оюунцэцэг нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд  шаардах эрх үүссэн, үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар хариуцагч Д.Оюунцэцэг шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох “Сайхан бужир” ХХК-ийн 000083279 тоот Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутагт орших Эрдмийн ундраа лицей сургуулийн зүүн урд талд үйлчилгээний зориулалттай 56м2  талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, “Сайхан Бужир” ХХК-ийн эзэмшлийн 0120327 тоот Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт орших  хүүхдийн зуслан, амралтын газрын зориулалттай, 4 га газар, “Сайхан бужир” ХХК-ийн эзэмшлийн 000313343 тоот Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших Эрдмийн ундраа сургуулийн зүүн залгаа биеийн тамирын талбайн зориулалттай 1050м2 газрыг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн шүүхэд хариу тайлбарын хамт хавсаргаж ирүүлсэн нэхэмжлэх болон Бишрэлт хүлэг ХХК барьцаат зээлийн үйлчилгээ гэсэн хуулбарласан бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу нотлох баримтын шаардлага хангахгүй, ямар нотлох баримт болох нь тодорхойгүй байх тул шүүх үнэлээгүй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  168.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунцэцэгээс 168.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Д.Оюунцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.600.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхтөрд олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  168.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунцэцэгээс 168.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар хариуцагч Д.Оюунцэцэг шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Сайхан бужир ХХК-ийн эзэмшлийн 000083279 тоот Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутагт орших Эрдмийн ундраа лицей сургуулийн зүүн урд талд үйлчилгээний зориулалттай 56м2  талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Сайхан Бужир ХХК-ийн эзэмшлийн 0120327 тоот Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт орших  хүүхдийн зуслан, амралтын газрын зориулалттай, 4 га газар, Сайхан бужир ХХК-ийн эзэмшлийн 000313343 тоот Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших Эрдмийн ундраа сургуулийн зүүн залгаа биеийн тамирын талбайн зориулалттай 1050м2 үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх ухарлдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.ДЭЛГЭРСАЙХАН