Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01105

 

 

 

*******ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02772 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 48,708,602.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: *******, ****** -тай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №105200631628 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр бичил бизнесийн зориулалтаар 27,000,000 төгрөгийг сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр №105200631628 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, энх тайваны өргөн чөлөө 301 байр 11 тоот хаягт байрлах барааны үлдэгдэл, дэлгүүрийн тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан барааг барьцаалсан.

Зээлдэгч нар зээл авснаас хойш үндсэн зээлд 1,053,598.59 төгрөг, зээлийн хүүд 3,241,362.05 төгрөг нийт 4,295,115.77 төгрөг төлсөн.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг cap бүр 10-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 1471 хоног хугацаа хэтэрсэн тул зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдэлүүдийг өгсөн. Уг зээлийн үндсэн зээлдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нас барсан тул банк Иргэний хуулийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч ******аас зээлийн гэрээний үүргийг шаардаж байна.

Уг зээл нь 2024 оны 11-р сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 25,946,401.41 төгрөг, хүүгийн төлбөр 20,240,752.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,521,448.87 төгрөг, нотариатын төлбөр 23,500 төгрөг нийт 48.708.602.50 төгрөг болсон.

Иймд Иргэний хуулийн 451.1, 452.1, 452.2, 453.1, 242.3, 219.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлдэгч ******аас 48,708,602.50 төгрөгийг гаргуулж *******ХК-д олгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие ****** нь Төрийн банкнаас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 27,000,000 төгрөгийн бичил бизнесийн зээлийн хамтран зээлдэгчээр орсон. Үндсэн зээлдэгч болох ******* нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барсан тул 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүүг нь зогсоолгох талаар банкинд хандаж хэлэхэд нас барсан гэрчилгээг явуулчих гэсний дагуу би (*******) Face хаяг руу явуулсан. Тэгээд хүү зогсоно гэж бодоод Швед улс руу яваад ирсэн юм. Гэтэл хүү нь зогсоогүйг мэдсэн. Би бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон, одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа. Үндсэн төлбөр болох 25,946,401 төгрөгийг төлнө. Харин хүү 20,240,752 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,521,448 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч хариуцагч ******аас 34,069,343 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 14,639,258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401,493.01 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******аас 328,296 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХК-д олгосугай. шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

*******ХК нь *******, ****** нартай 2020 оны 02 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр банк 27,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. Банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2020 оны 02 сарын 17-ны өдөр 27,000,000 төгрөгийг зээлдэгч нарт бэлэн бусаар шилжүүлсэн. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 4,295,115.77 төгрөгийг төлсөн бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш үүргээ биелүүлээгүй тул банк үндсэн зээл 25,946,401.41 төгрөг, зээлийн хүү 20,240,752.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,521, төгрөг нийт 48,708,602.50 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэж байсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх уг баримтыг буюу 2022 оны 02 сарын 08-ны өдрийн уулзалтын тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн тул мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Мөн банк гэрээнд заасан үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлсэн буюу зээлийн гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн байхад шүүх Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж банкийг гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй мэт дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйл 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Иймд банкны зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу зээлийг хүүг тооцоолж, шаардах эрхээ хэрэгжүүлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банкны хариуцсан эдийн засагч М.Энхжаргалд манай хүн нас барсан гээд нас барсны гэрчилгээг өгсөн. Тухайн үед ковидын үе байсан. Гэрээний 6.2.12-т үндсэн зээлдэгч нас барсан гэх үндэслэлээр гэрээ цуцлах талаар заасан. Үүнийг баримтлан зээлийн хүүг зогсоож өгнө үү гэх хүсэлтээ гаргасан байхад зээлийн хүүг зогсоогоогүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч ******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 48,708,602.50 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нотариатын хөлс 23,500 төгрөг гаргуулах талаар дурдсан байх боловч нэхэмжлэлийн шаардлагын нийт дүнд оруулан тооцоогүйгээс гадна уг дүнд анхан шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, давж заалдах гомдолдоо энэ талаар дурдаагүй байх тул нотариатын зардлыг шаардаагүй гэж дүгнэлээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн үйл баримтыг буруу тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, талуудын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн уулзалтын тэмдэглэлийг мөн өдрөөр тасалбар болгон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсон байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. /хх-н 27-р тал/

 

4. Нэхэмжлэгч *******ХК нь *******, ****** нартай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч *******ХК нь 27,000,000 төгрөгийг, жилийн 19,2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******, ****** нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 27,000,000 төгрөгийг зээлдэгч *******ын дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 1-2, 7-9, 13, 44-р тал/

 

5. Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

 

5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч *******ХК нь хууль буюу гэрээнд зааснаар зээлдэгч нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

5.2. Зээлдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь 0000255266 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар болон талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч *******ХК нь зээлийн төлбөрийг хамтран зээлдэгч ******аас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч буюу зээлдэгч ****** нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн боловч эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 05 дугаар сараас зөрчиж эхэлсэн, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нарт 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 25,946,401.41 төгрөг, хүү 20,472,776.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,272,890.66 төгрөг, нийт 48,692,068.79 төгрөгийн үүрэг үүссэн болох нь зээл, хүү тооцооллын хуудсаар тогтоогджээ. /хх-ийн 12-р тал/

 

5.3. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2.4-т Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн, гэрээний дээрх тохиролцоо хүчин төгөлдөр байна.

 

Иймд хариуцагч зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар зээлийг бүрэн төлөх хүртэл хугацаагаар буюу 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр тооцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааснаар шаардах эрхтэй ч энэ нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах ёстой. ... хамтран зээлдэгч нэгэнт төлөх эсэх нь эргэлзээтэй болсон байхад энэ талаар мэдсэнээс хойш 2 жил 9 сарын дараа шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь ... шударга бус нөхцөлийг бий болгожээ. гэж дүгнэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон тооцсон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний талуудын гэрээг цуцлах болон гэрээний дагуу шаардлага гаргах эрхийг үүрэг гэх агуулгаар дүгнэсэн нь буруу бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй байна. Нөгөө талаар, зээлдэгч ******* нас барсан нь зээлийн хүүг зогсоох үндэслэл болохгүй. Иймд, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02772 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******аас 48,708,602.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХК-д олгосугай гэж,

2 дахь заалтад ... 328,296 ... гэснийг 401,493.01 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 231,146 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ