Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч шүүгч С.С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.А

Улсын яллагч: Т.Т

Хохирогч Н.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

Шүүгдэгч: Ч.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Эд холбогдох 1922000490038 тоот хэргийг 2019 оны 3 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1988.05.31-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р багийн нутаг дэвсгэр  “Алтатын цохио”, “Аман Ус” гэх газраар нутагладаг гэх, урьд ял шийтгэлгүй гэх, /РД:ЗФ88053119/ Ч.Энь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудаас шинжлэн судалж, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 2 сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 2 цагаас 6 цагийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэр аймгийн төвөөс баруун тийш байрлах эзгүй хоосон гэх газарт иргэн Н.Нийг халив гарган айлган сүрдүүлж, хүч хэрэглэн зодож, Н.Нийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2019 оны 2 сарын 12-ны өдөр Н.Нтэй уулзах гээд хөдөөнөөс орж ирээд залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Би найзуудтайгаа уулзаад юм уучихсан байсан. Шөнө тосож явж байгаад уулзахаар болж уулзаад бид хоёр баруун лагерь ороод маргалдсан. Би тухайн үед яг яасан талаараа мэдэхгүй байгаа. Гэхдээ хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэв.

- Шүүгдэгч Ч.Э мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 2 сарын 12-ны орой найз охин Нандинцэцэгтэй утсаар холбогдоод орой уулзалдахаар болсон. Орой 23:30 цагийн үед утас руу нь залгатал үл таних эмэгтэй хүн утас аваад “манай найз чамаас салсан, өөр хүнтэй болсон” гэх мэтээр хэлээд утсаа тасалсан. Дахиж залгасан боловч авахгүй байсан. Шөнө 1 цаг өнгөрч байх үед Нандинцэцэг над руу яриад би айлаас гараад ирлээ гэж хэлсэн. ...манай найз машинтайгаа ирэхээр нь Нандинцэцэг бид нар хамт суугаад баруун гэр хороололд байх хаягийг нь мэдэхгүй айлд очсон. Машинд сууж байсан хүмүүс айл руу орохоор нь Н.Нийг дагуулаад гэр хороололоос цааш баруун тийш дагуулж яваад “чи яагаад утсаа авахгүй байгаа юм, чиний утсыг өөр хүмүүс аваад байна” гэж уурлаад 2-3 удаа цээж хэсэгт нь гараараа түлхэхэд Н.Н газар биеийнхээ хажуу болон ар хэсгээрээ ойчоод байсан. Мөн гадуураа өмссөн байсан хувцасных нь заамнаас барьж байгаад цааш түлхэхэд дахиад газар ойчсон. Н.Н “би даараад байна, машин дуудмаар байна” гэж уйлаад байсан. Бид хоёр хамт буцаад алхаж явсаар манай эгчийнд өглөө 5 цаг өнгөрч байхад очоод хамт байж байгаад Н.Н ажил руугаа явсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим үйлдлээ сайн санахгүй байна. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй гэж бодож байна. Н.Нийг удаа дараа түлхэж унагаж байх үед бидний хажууд хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх-50/

- Хохирогч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 2 сарын 12-ны өдөр албан байгууллагаараа айлд очсон. Айлд байж байгаад гарах хугацаандаа утсаар яриад “оройтчихлоо, уулзахаа больё” гэсэн. Айлаас гараад явж байхад “Чи энд явж байна уу” гэхээр нь “Би энд явж байна” гэж утсаар ярьсан. Үл таних машинтай хүмүүстэй хамт ирсэн. Айлд байхад миний утсыг манай ажлын хүн авсан. Машинаас бууж ирэхдээ маш их ууртай бууж ирсэн. Яагаад уурласан гэдгийг нь мэдээгүй. Миний утсыг өөр хүн авсан болохоор уурласан байсан. Тэгээд машинд нь суугаад баруун лагерьт нэг айлын хашааны гадаа очсон. Тэрнээс цаашаа эзгүй газар руу уурлаад загнаад чирээд яваад байсан. Хоёулаа шарил руу явъя гээд эзгүй газарт очсон. Тэнд отверка гаргаж ирээд би тэрийг нь эсэргүүцэж арагшаа авч шидсэн. Нүүр, хоёр шанаа руу гараараа цохисон. Арагшаа хэд хэдэн удаа түлхэж унагаасан. Би “Маш их даарч байна. харимаар байна. Гэрийнхэнтэйгээ утсаар яримаар байна” гэж их удаан гуйсан. Чирээд байхад нь би явмаар байна гээд орилоод байсан болохоор миний хоёр өвдөг шалбарсан байсан. Хоёр шанаа, өвдөг хөхрөлттэй байсан. Энэ талаар гэрэл зургаар харуулсан байгаа. Ажлаасаа 3 хоногийн чөлөө аваад эмнэлгээр явсан. Гэмтлийн эмч, нүдний эмчид үзүүлсэн. Тархины битүү доргилттой гэж гарсан. Ч.Э 154000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн гэж мэдүүлэв.

- Хохирогчоос мөрдөн байцаалтанд өгсөн: Би Ч.Э гэх хүнтэй найзалж нөхөрлөөд 5 жил орчим болж байна. Ч.Э сүүлийн үед эхнэрээсээ салчихсан гээд намайг сууя гэж гуйх болсон. 2019 оны 2 сарын 11-ний өдөр би ажлынхаа хамт олонтойгоо айлд очсон. Тэр айлд байж байхад Ч.Эг миний утас руу залгахад нь хамт ажилладаг Нэргүй аваад Ч.Этэй ярьсан юм шиг байгаа юм. Би Зоог хорооллооос шөнийн 02 цагийн орчимд гараад гэр рүүгээ явж байтал Ч.Э над руу залгаад” чи энэ явж байгаа мөн үү” гэхээр нь би “тийм байна” гэтэл нэг танихгүй машинтай хүрээд ирсэн. Тэгснээ машинаас бууж ирээд Ч.Э “чи өөр хүн амьтантай болчихсон юм уу, ажлынхан болон гэрийнхэндээ намайг миний найз залуу, хайртай хүн гэж хэлдэггүй, намайг дандаа үл тоож байдаг, би чиний хойноос үхтэлээ л гүйж байна” гээд орилоод агсам тавиад эхэлсэн. Тэгснээ машинд хүчээр суулгаж хөдлөөд баруун лагерьт очиж буусан. Тэгээд аймгийн баруун захад машинаас бууж үлдээд надад агсамнаж, “намайг үл тоолоо, энэ асуудлаа хэзээ болих юм, чиний араас хэдэн жил гүйх юм” гэж агсарч хүчээр чирээд явсан. Намайг хүчээр чирч явсаар байгаад тал руу очсон. Ойр хавьд ямар нэгэн хашаа байгаагүй. Би Ч.Эгээс гэртээ харъя дүү нартай яриулаадах гэсэн боловч яриулахгүй байсан. Тэгснээ Ч.Э хоёулаа шарил руу явъя, хэн нь үхэхээ үзье гээд чирээд байсан. Тэгээд чирээд явж байхдаа намайг алгадаж арагшаа унагаж, заамдаж боож босгож ирж байсан. Би харьмаар байна гээд уйлахаар чи үхсэндээ уйлаад байгаа юм гээд алгадаад байсан. Тэгснээ нэг газар очоод отвертка гаргаж намайг дүр гээд өгсөн, тэгэхээр нь би отверткийг нь арагшаа шидсэн. Хар овооны энгэрээр явж байхдаа түлхэж унагаж алгадаж байсан. Тэгээд Сайнцагаан сумын энгэрт 5-р сургуулийн зүүн талд эгч Энхжаргалындаа очоод хүчээр түлхэж оруулсан. Бид хоёрыг айлд ороход өглөөний 06 цаг болж байсан байх. Тэгээд тэндээ намайг хүчээр гутал тайлуулаад зүүн орон дээр бүхлээрээ хөнжлөөр хучаад хамт хэвтсэн. Би тухайн үед нь эгчид нь юу ч хэлээгүй нялх нойтон хүүхэдтэй болохоор нь чимээгүй Ч.Эг аргалж байгаад харъя гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-12/

- Шинжээчийн 2019.02.20-ны өдрийн 190200068 тоот дүгнэлтэд: Н.Нийн биед тархи доргилт, хацар, эрүү, хүзүү, гуянд цус хурсан, зөөлөн эдийн няцарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой” гэжээ /хх-23/, гэрэл зургууд /хх-22-23/ зэрэг баримтууд хамаарч байна.

 

Шүүх талуудын хүсэлтээр дээрх баримтуудаас гадна шүүгдэгчийн хувийн байдлыг болон хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг /хх 11-12, 22-23, 43, 49-50, 20, 30-32, 33, 35, 38, 41, 42, 143, 13/ шинжлэн судалж үзэхэд эдгээр баримт нь хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, талуудаас нотлох баримтаас хасуулах хүсэлт хэн аль нь гаргаагүй тул шүүх шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцсон болно.

 

Шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найз нөхөрлөлийн холбоотой гэх Н.Нийг “утсаа авсангүй, өөр хүнээр утсаа авахууллаа, намайг тоодоггүй” гэх шалтаг хэлэн, хэрүүл маргаан үүсгэн, улмаар Н.Нийг үүр шөнийн цагаар хүнгүй, эзгүй газарт хүчээр чирж аваачсан, боох, заамдаж унагах, түлхэж унагах, алгадаж унагах зэргээр эрх, эрх чөлөөнд нь халдаж, зодсон нь санаатай үйлдэл мөн байна.

Шүүгдэгч Ч.Эгийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж  тус тус заасан байна.

 Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Ч.Э хариуцан арилгах үүрэгтэй, өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Н.Н нь шүүгдэгч Ч.Эгээс шаардах эрхтэй байна.

Хохирогч Н.Н нь шүүх хуралдаанд биечлэн оролцож, “нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Эмнэлэгт үзүүлэх боломж, цаг зав гараагүй, толгой байнга өвдөж байгаа” гэж мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй тул шүүх эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэх шийдвэр гаргах боломжгүй байна. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос нийт 153833 төгрөгийн баримт гаргаж өгсөн /хх-30, 31, 32/ байсан ба хэрэг шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнөх шатанд шүүгдэгч Ч.Эгээс хохирогч Н.Нт 154000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн гэж хохирогч хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүгдэгч Ч.Э нь хохирогчоос гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр хохирогч Н.Нийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Хохирогч нь цаашид гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Ч.Эгээс нэхэмжлэх эрхтэйг энэхүү тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Ч.Э нь бусдад төлбөргүй байна.

Шүүгдэгч Ч.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг баримтын хэмжээнд сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Харин шүүгдэгч Ч.Э нь хохирогч Н.Нээс хүчээр илт давуу байдлаа ашиглан өвлийн улиралд үүр шөнийн цагаар 3 цагийн туршид эмэгтэй хүнийг гадаа байлган, эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсон, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн амь насанд нь аюултай үйлдэл буюу боолтонд оруулж зүүн эрүүний дор 7х5 см, баруун эрүүний дор 1.8х1.5 см, 1.7х1.5 см, хүзүүний урд дунд хэсэгт 1.4х1.2 см талбайд цус хуралт бүхий зулгарсан гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1.1, 1.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Эдгээр нөхцөл байдлыг болон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулахаар  шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ий үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” зарчимтай тул улсын яллагчаас торгох ялын хэмжээг “600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг шүүх тохиромжгүй гэж үзээд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ч.Э нь Хүрэл цам ХХК-д гагнуурчнаар сарын 1 сая 800 мянган төгрөгийн цалинтай ажилладаг болох нь компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 сарын 10-ны өдрийн 1285 тоот албан бичгээр /хх-42/ тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Эгийн “торгох ялыг хэсэгчлэн эдлэх тухай” хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Дархан овогт Чулууны Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Э 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацааны дотор төлөөгүй тохиолдолд биелүүлээгүй үлдсэн торгох ялыг хорих ялаар солих журамтайг Ч.Эд анхааруулсугай. 

4. Шүүгдэгч Ч.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид эмчилгээний зардалд 154000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан хохирогч Н.Нийн эмчилгээ шинжилгээний зардал нэхэмжилсэнийг шүүгдэгч Ч.Э хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Н.Н нь цаашид гарах гэм хорын төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийг шүүгдэгч Ч.Эгийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг заасугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Эд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

   

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    С.С