Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,

Шүүгдэгч К.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.б овогт К-ын Н-т холбогдох 1913002110148 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өлгий сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Магнай трейд” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, К.б овогт К-ын Н, регистрийн дугаар: БЮ................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Н нь эхнэр Х.Ө-ийг “гадуур их тэнэлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч К.Н нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эхнэр болох Х.Ө-ийг гадуур их тэнэлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний нуруу, хамар руу гараараа цохиод хөлөөрөө өшиглөснөөс түүний биед дух, нуруу, хүзүүний ар хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, хамар дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болох:

- Хохирогч Х.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дэлүүн сумын 5 салаа гэх газрын бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан юм. Бага ангийн Монгол хэлний хичээлийг би давхар хариуцдаг байсан ба ажлаасаа ядарч ирэхэд Н гэр цэвэрлээгүй ажил хийгээгүй байхаар нь би дургүйцэж яагаад гэрээ цэвэрлэдэггүй юм бэ гэж хэлснээс болоод хэрүүл үүсдэг байсан юм. Анх намайг 2017 оны 05 дугаар сард маргалдсанаас болж нуруу руу гараараа цохиж, толгой руу цохиж зодсон. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй юм. Уг асуудлыг Дэлүүн сумын хэсгийн төлөөлөгч шалгаж байсан юм. 2017 оны 06 дугаар би ээлжийн амралтаа аваад Өлгийд байдаг хадам ээжийн гэрт нөхрийн хамт ирсэн байсан. Ирээд байж байтал Н өөр охидуудтай холбогдоод байхаар нь би хардаж хэрүүл хийтэл боомилж багалзуурдаж нуруу руу цохиж зодсон. Тухайн үед миний нурууны арын хэсэг, гарын булчин хэсэг хөхөрсөн байсан бөгөөд цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандаагүй юм. Н намайг зодож байхыг Т гэх хүн харж байсан юм. Т манай хадам аав, ээжтэй хөрш зэргэлдээ амьдардаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 12-нд би төрж эмэгтэй хүүхэдтэй болсон юм. Би гэртээ ирээд унтаж байтал манай нөхрийн утсанд намайг нөхөр маань зодлоо, чи ирээрэй гэх утгатай мессеж ирсэн. Удалгүй нөхрийн утас руу нөгөө дугаар утсаар яриад надад ажил гарлаа гэж хэлээд гараад явсан. 1 цаг орчмын дараа  нөхрийн уруул нь хавдчихсан ирсэн болохоор нь би хардаж нэлээд хэрүүл болсон. Тухайн өдөр нөхөр маань намайг зодоогүй, бид хоёр хэрэлдсэн юм. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр миний шүд өвдөөд эмнэлэг рүү үзүүлэхээр явсан юм. Явахдаа том хүүхдээ цэцэрлэгт явуулаад бага хүүхдээ хөрш айлд үлдээгээд явсан юм. Эмнэлэгт очтол надад 16 цагийн оочир өгсөн юм. Би 12 цагийн үед гэртээ иртэл нөхөр машин дотроо сууж байсан ба бага хүүхдийг минь өөрөө авчихсан гадуур тэнэлээ, яагаад гэрийн түлхүүр үлдээлгүй явсан бэ гэж хэлснээс болж маргалдаад нуруу руу минь гараараа нэлээд цохиод хамар руу гараараа цохиод, үснээс минь зулгаагаад, хөлөөрөө толгой руу минь өшиглөсөн юм. Тухайн үйл явдлыг харж үзсэн хүн байхгүй байсан тул би гадагш гараад зугтаагаад явж байтал Н хойноос минь хөөж ирээд толгой руу минь гараараа цохихыг хөрш айлын Х гэх хүн харсан ба би уг хүний утсыг гуйж утсаар ярьсан.... Миний шүд нэлээд эртнээс өвдөж байсан тул би хадам ээжид хэлэхэд эмнэлэгт хүрээд ирээрэй, би оочир авчихлаа гэж хэлэхээр нь би хурдан эмнэлэг рүү очоод хүрээд ирье гэж бодоод эмнэлэгт очсон. Очоод үзүүлэхэд шүдээ эмчлүүлэх шаардлагатай, эмчилж байж авна гэсэн. Тэр өдөр би шүдээ үзүүлээд очиход нөхөр уурлаж өмдний тэлээгээр нуруу руу минь цохисон ба миний дургүй хүрч хадам ээждээ хэлсэн. Дахин 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр намайг эмнэлэгт очоод ирэхэд хүүхдүүдийг айлд үлдээлээ, дахин дахин эмнэлэг рүү явлаа, худлаа хэлж яваад байна, гадуур их тэнэлээ гээд нуруу руу минь гараараа нэлээд олон удаа цохиод хамар руу минь гараараа цохиод, үснээс минь зулгаагаад, хөлөөрөө толгой руу минь өшиглөсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

- Гэрч Ш.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр гэртээ эхнэртэйгээ сууж байтал хүмүүсийн хэрэлдэх, уйлах чимээ гарахаар нь би гартал Ө уйлчихсан ирээд ахаа та гар утсаа өгч байгаач, нөхөр маань намайг зодлоо, би хүнтэй яриад өгье гэж хэлэхээр нь гар утсаа өгтөл нэг хүнтэй яриад буцаагаад миний гар утсыг өгөөд явчихсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

- Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Ө надад хэлэхдээ Н намайг байнга зоддог, тэгээд би түүнийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаа гэж хэлж байсан. Тухайн үед Ө-ийн биед нь ил харагдах ямар нэгэн гэмтэл байгаагүй. Харин өөрөө хэлэхдээ Н намайг зодсоны улмаас миний биеийн зарим хэсгүүд нь хөхөрч гэмтсэн гэж ярьж байсан. Би яг түүнээс яг аль хэсэг нь яаж хөхөрсөн талаар асууж, нүдээрээ хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Гэрч М.К-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Ө нь миний том охин бөгөөд 2015 оны 2 дугаар сарын үед аймгийн төвд сургалт семинарт очих үед нь К.Н гэх залуутай гэрлэж гэр бүл болсон. Тэгээд тэд хуримаа хийснийхээ дараа 7 хоногийн дараа Дэлүүнд ирж 5 дугаар багийн төвд ажиллаж амьдарч байгаад 2015 оны 03 дугаар сарын үед сургууль тарах үед тэд хоёулаа аймаг явсан байсан. Тэгтэл нэгэн өдөр гэрлээд 2 сар болоогүй байхад нь Ө над руу залгаад Н намайг цохиж зодож байна гэж ярихаар нь би хүү болох Ө-ы хамт бид хоёр шөнө дунд Дэлүүн сумаас гарч аймгийн төвд очиж Ө-ийг Дэлүүн суманд буюу гэртээ авч ирж байсан Тэгээд тухайн үед удалгүй хэд хоногийн дараа Н өөрөө уучлалт гуйгаад Ө-ийг буцаад дагуулж явсан.... Тэгээд хааяа Ө нь надтай утсаар ярьж нөхөр маань зодож, дарамталлаа гэж ярьдаг байсан. Би тэр болгонд нь Ө-ийн өөрийг нь загнаж юм бол зодлоо гээд байх юм, чи өөрөө нөхөрт гарсан биз дээ, болохгүй байвал хадмынхаа хүмүүст хэлээрэй гэж хэлдэг. Тэгтэл охин маань байнга зодож байна болохгүй байна гээд байхаар нь 2015 оны 09 дүгээр сарын үед нөхөр бид хоёр ярилцаад Ө-ийг дуудаж гэртээ авхуулсан. Өмиргүл тухайн үед жирэмсэн байсан. Улмаар 2015 оны 11 дүгээр сард Ө амаржиж хүүтэй болсон ба дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүргэн болох К.Н нь манайд ирээд биднээс болон Ө-ээс уучлалт гуйж Өийг болон хүүхдээ Өлгий рүү авч явсан юм. Тэгсэн ч Ө хааяа над руу утсаар ярьж Н зодоод байна гэж хэлдэг байсан. Тэгээд би тэр болгонд нь Өийн өөрийг нь загнаж асуудлаа хадмууддаа хэл, болохгүй бол цагдаад хэл гэж ярьдаг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын дунд үед байсан байх Ө бас л над руу болон Хтай ярьж Н намайг зодож байна гэхээр нь Х уг асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэж хэлээд гомдол мэдээлэл гаргуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

- Гэрч Т.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улмаар 2015 оны 07 дугаар сарын үеэс эхлээд Ө нь нөхөр болох К.Н зодож дарамталдаг, бид хоорондоо муудалцаж маргалдлаа гэж ярьдаг байсан. Тэгээд 2015 оны 09 дүгээр сарын үед би охин болох Өмиргүлийг дуудаж гэртээ авхуулсан. Улмаар 2016 оны 01 дүгээр сар хүртэл Өмиргүл нь нөхрөөсөө тусдаа манайд амьдарсан ба 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүргэн болох К.Н нь манайд ирээд би уучлалт гуйж байна, Өийг би авч явна, одоо ямар нэгэн асуудал гаргахгүйгээр хамтран амьдрах болно гээд явсан. Гэвч тэрнээс хойш Н, Ө нар байнга таарамж муутай хоорондоо хэрэлдэж маргалддаг. Өийг Н зоддог талаар хааяа Ө өөрөө утсаар ярихдаа бидэнд хэлдэг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын үед Ө өөрөө утсаар ярьж Н намайг зодож байна, намайг алах юм шиг байна гэж ярихаар нь би Өд чи асуудлаа цагдаагийн байгууллагад гомдол гарга, бид нар эндээс юу ч хийж чадахгүй шүү гэж хэлээд би өөрөө цагдаагийн 102 дугаартай утсанд холбогдож дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

- Гэрч З.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр Ө болон Н нар хэрэлдэж Н намайг зодлоо гэж Ө над руу залгасан юм. Хэрхэн яаж зодсон талаар тодорхой хэлээгүй бөгөөд хүүхэд орхиод тэнэлээ гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

- Гэрч М.Тий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 он билүү 2016 оны хавар үдээс хойш байсан санагдаж байна. Би хашаан дотроо юм хийж байтал хүмүүсийн хэрэлдэх чимээ сонсогдохоор гараад иртэл Н Өийн үснээс зулгааж зулгаагаад цохиж, зодож байсан. Яг хаана нь цохисныг нь би сайн санахгүй байна. Тэгээд би Нт хандаж чи ингэж эхнэрээ зодож болохгүй шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

- Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Ө 2-3 жилийн өмнө зун шөнийн цагаар ганцаараа манай гэрт ирээд манай нөхөр намайг зодлоо гэж уйлахад нь би түүнд хандаж чи яагаад шөнийн цагаар ганцаараа явж байгаа юм бэ, айхгүй юм уу гэхэд таксигаар ирлээ гэж хэлсэн юм. Өийг манайд ирэхэд би юу болсон талаар асуухад Ө юм хэлээгүй, уйлаад байсан бөгөөд цай уугаад унтаад өгсөн. Маргааш өдөр нь Н ирээд явъя гэхэд явахгүй гэж Ө хэлэхэд үснээс нь зулгаагаад чирч зодсон юм. Зодож байхад нь Өийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй ба Ө жирэмсэн байсан санагдаж байна. Би Нт хандаж жирэмсэн эхнэрээ битгий зодоод байгаарай, зодох гэж авсан юм бол Дэлүүнд аав ээжид нь аваачиж өгөөрэй гэж хэлсэн. Би яг тэр үйл явдлыг өөрийг нүдээр харж байсан ба Өийг гэртээ харь гэж хэлсэн. Тухайн үйл явдлыг харж байсан манай нөхөр А харж байгаад салгасан. Манай нөхөр жилийн өмнө нас барсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 24- ний өдрийн №228 дугаартай дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

- Хохирогч Х.Өд хийсэн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 12-13 дугаар хуудас/, - Шүүгдэгч К.Нт 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хэрэгжүүлсэн аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх тухай санал, тэмдэглэл /хх-ийн 7-18 дугаар хуудас/,

- Шүүгдэгч К.Нийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Тус багийн оршин суугч К овогтой Н нь БЮ регистрийн дугаартай, ам бүл 4” гэх тодорхойлолт /хх-ийн  70 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/645 дугаартай “К.Нийн нэр дээр Өлгий сумын 2 дугаар баг Цагаан эрэгт байршилтай 700 мкв  талбайтай, Г-0213005981 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 72 дугаар хуудас/,

 - Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/,

- 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон “РД:БЮ.........., овог:К.б, эцэг/эх/-ийн нэр:К, нэр:Н, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1988-05-16, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 1-р баг, Хуст арал, 2 гудамж, 13 тоот, хүчинтэй хугацаа:2033-05-16, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

 

Хохирогч Х.Өийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №228 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 61 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч К.Нийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Өийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч К.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Х.Ө нь ямар нэгэн нэхэмжлээгүй тул  шүүгдэгч К.Нурбек нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Нийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэвэл зохих нөхцөл байдал хангагдсан байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 /таван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч К.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэргийн хамт шүүхэд шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч К.б овогт Кын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Нийг 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч К.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэргийн шүүгдэгч К.Нийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК