| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2017/0036/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-05-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 19
Р.Цогтгэрэлд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Еркебулан, ялтан Р.Цогтгэрэл түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой Р.Цогтгэрэлд холбогдох эрүүгийн 201721000048 дугаартай хэргийг, ялтан Р.Цотгэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.
Монгол улсын иргэн 1968 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй Хонгор овогт Рэнцэнгийн Цогтгэрэл нь шууд санаатай шунахайн сэдэлттэйгээр машин механизм мотоцикл ашиглаж Ховд аймгийн Дуут сум Цагаан бургас багийн нутаг дэвсгэр “Баян хайрхан” гэх газраас 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 16-нд шилжих шөнө олон тооны мал буюу 34 тооны ямаа хулгайлж хохирогч А.Баянмөнхөд 1190000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Шүүгдэгч Хонгор овогт Рэнцэнгийн Цогтгэрэлийг машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Хонгор овогт Рэнцэнгийн Цогтгэрэлийг эд хөрөнгө хураахгүйгээр 2/ хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Хонгор овогт Рэнцэнгийн Цогтгэрэлд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 11 ширхэг ямааны толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Р.Цогтгэрэлээс гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн мотоциклын үнэ 400.000 төгрөгийг хурааж, улсын орлого болгож “ шийдвэрлэжээ.
Ялтан Р.Цогтгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оноос хойш гурван хүүхдийнхээ эцэг эх нь болж үлдэж, Ц.Цог-Ядам нь төрөлхийн сонсголын бэрхшээлтэй, 100% миний асаргаанд байдаг. Дунд охин Ц.Цацралтуяа нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд хүний их эмчийн мэргэжлээр 4-р курст суралцаж байна. Бага хүү Ц.Баасанжав нь ерөнхий боловсролын 12 жилийн 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг. Миний бие хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн. Хувь хүнийхээ зүгээс болон өрх толгойлсон эцгийнхээ хувьд маш их гэмшиж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэв.
Ялтны өмгөөлөгч Л.Ган-Очир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ял нь хүндэдсэн гэж үзэж байна.
Шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжтой байсан. Р.Цогтгэрэл нь хохирлыг 4 дахин нугалж төлсөн. 2013 онд Р.Цогтгэрэлийн эхнэр нь салаад түнийг гурван хүүхэдтэй нь орхиод явсан байдаг. Түүний том хүү нь 60 хувийн группэд байдаг гэсэн нотлох баримтуудыг гаргаж өсгөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйд заасны дагуу тэнсэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ялтан Р.Цогтгэрэлийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаао нотлогдоно тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтанд үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Р.Цогтгэрэл нь /машин механизм / мотоцикл хэрэглэж Ховд аймгийн Дуут сум Цагаан бургас багийн нутаг дэвсгэр “ Баян хайрхан “ гэх газраас 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 16-нд шилжих шөнө олон тооны мал буюу 34 тооны ямаа хулгайлж, хохирогч А.Баянмөнхөд бага бус хэмжээний буюу 1190000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Баянмөнх / хх-н 17-18 /, гэрч Л.Нямсүрэн / хх-н 43-44 /, Я.Есенкельд / 45-46 /, Б.Батзориг / хх-н 47-48 /, Я.Сарангэрэл / хх-н 49-50 /, Р.Наранцэцэг нарын мэдүүлгүүд, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан 11 тооны ямааны толгой, фото зургийн үзүүлэлт / хх-н 55-60 /, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 67-69/, хохирогч А.Баянмөнхөөр 11 тооны ямааны толгойг таньж олуулсан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-н 78-80 /, Р.Цогтгэрэлийн сэжигтэн, яллагдагчаар байцаагдахдаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-н 22-24, 84-85х / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан байна.
Р.Цогтгэрэлд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.
Харин ялтан Р.Цогтгэрэлийн “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, гурван хүүхдийн хамт амьдардаг, хүү Ц.Цог-ядам нь төрөлхийн сонсголын бэрхшээлтэй зэрэг байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү “ гэх давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзвэл:
Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд ялтан Р.Цогтгэрэлийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Р.Цогтгэрэлийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
Б.ДАМБА