Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3-р багт оршин суугч, иргэн Борлууд овгийн Нямжавын Ганчимэгийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох,

     “Увс аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очирын “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан газар тариалан, үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ганчимэг, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Очир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа, гуравдагч этгээд М.Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Н.Ганчимэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие 2002 онд ХААИС-ийг аграномич мэргэжлээр төгссөн. 2004- 2009 онуудад "Увс Чацаргана" ХК-д агрономчоор, 2010- 2014 оны 1 сар хүртэл "Хатан түрүү" Орон нутгийн өмчит ААТҮГ-т нягтлан бодогч, агрономчоор тус тус ажиллаж байгаад 2014 оны 2 дугаар сард Увс аймгийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газарт Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд түр томилогдон ажилласан. Улмаар 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд дэс түшмэлийн ангилалд, Үйлдвэр ХАА-н газрын ахлах мэргэжилтэн, агрономчийн ажлын байранд өрсөлдөж тэнцэн Үйлдвэр ХАА-н газрын даргын 2014 оны 07 сарын 15-ны Б/31 дугаар тушаалаар Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан ба 2014 оны 11 сарын 25-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Миний бие хариуцсан ажлынхаа хүрээнд ажил мэргэжлийн ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, үр бүтээлтэй ажиллаж жил бүр үр дүнгийн гэрээгээ 88-аас дээш хувиар үнэлүүлж байсан. Миний хувьд Хүнс хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдаж байгаа боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлагыг бүрэн хангаж байгаа билээ. Гэтэл Хүнс, ХАА-н газрын даргын 2017 оны 02 сарын 07-ны өдрийн Б/11 тоот тушаалаар намайг ажлаас халах шийдвэр гаргасан ба энэхүү тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие тушаалын үндэслэл болсон төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулаагүй болно. Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасан “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэснийг зөрчсөн гэж үзсэн байна. Миний хувьд албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эс үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг өөртөө ашиглаж завшаагүй болно. Иймд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн Увс аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хүнс хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Увс аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус газарт газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан Нямжавын Ганчимэгт ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан учир нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар бага оврын трактор, бордоог худалдан борлуулах гэрээг хийж, түүний биелэлтэд хяналт тавьж ажиллах, төлбөрийг гэрээний дагуу төлүүлэх ажил үүргийг хариуцан ажиллаж байхдаа доорхи зөрчлүүдийг гаргасан. Н.Ганчимэг 2016 онд ХААН банкинд өөрийн нэрээр хувийн данс нээж, тракторын урьдчилгааны төлбөр, бордооны үнэ зэрэг нийт 101140.1 мянган төгрөгийг дамжуулан оруулсан нь “Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бичгээр ирүүлсэн зөвшөөрөлгүйгээр банк аливаа төсвийн байгууллагад данс нээхийг хориглоно.” гэж заасан хууль зөрчсөн үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Энэ нь Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар тогтоогдож, энэ нь тус албаны улсын байцаагчийн хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгад байгаа. ХААН банкинд банкинд 2 өөр данс нээсэн ба ТЭДСанд төлөх бага оврын тракторын үнийг хувийн дансаар дамжуулан ХХААГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Александрын хувийн дансанд 7897,0 мянган тогрөг, Александрын төрсөн дүүгийн дансанд 500,0 мянган төгрөгийг тус тус шилжүүлсэн үйлдэл нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч биш, итгэл алдсан ноцтой зөрчил юм. Энэ тухай Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн төлбөр хариуцуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 34/ 02/13 тоот акт байна. Үүнээс гадна Н.Ганчимэг нь тус мэргэжилтнээр ажиллахдаа 2016 оны 12-р сард болон 2017 оны 01-р сард Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудлыг хэлж сануулсаар байтал тоон мэдээлэл зөрүүтэй, хангалтгүй материал бэлтгэн ганилцуулсан. Үүнийг албан үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж байна. Үүнд хариуцлага тооцож ажиллах тухай хурлын шийдвэр ирсэн ба энэ нь Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 гоот, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 тоот хурлын тэмдэглэл дээр тус тус байгаа болно. Эдгээр зөрчлийн улмаас мэргэжилтэн Н.Ганчимэгийг ажлаас халсан болно гэжээ.

      Гуравдагч этгээд М.Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Н.Ганчимэгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Мягмаржавын Очир би 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний албанд Н.Ганчимэгийн ажлыг авч газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Намайг ажилд ороход ХХААГазраас иргэд, байгууллагад 2016 онд олгосон 77ш тракторыг хөнгөлөлттэй зээлээр олгосон байсан нь эргэж төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байгаа зэрэгцээ, зарим тракторыг олгохдоо зээлээр эд хөрөнгө худалдаж байгаа тохиолдолд иргэний хуулийн дагуу гэрээгээ бичгээр байгуулж талууд нь гарын үсэг зурах ёстой. Ийнхүү зарим тракторыг гарын үсэггүйгээр бусдад шилжүүлсэн нь түүнийг ажлаас халах үндэслэл болсон байх гэж бодож байна. Мөн тус гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх ёстой байтал эрх мэдлээ хэтрүүлэн гэрээгээ гэрчлүүлээгүй байдаг. Одоо би тус тракторуудын үнийг эргэж төлүүлэх ажлыг хариуцаж байгаа бөгөөд гарын үсэггүй трактор шилжүүлсэн асуудал нь тракторын үнийг төлүүлэх, трактороо буцаан авах асуудал дээр маш их хүндрэл учирч байгааг хэлэх нь зүйтэй болов уу” гэжээ.

         Нэхэмжлэгч Н.Ганчимэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2014 оны 02 дугаар сард Хүнс хөдөө аж ахуйн газарт газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Тэгээд 03 дугаар сард төрийн албаны шалгалт өгч тэнцээд 2014 оны 07 дугаар сараас намайг жинхэлж төрийн жинхэнэ албан хаагч болсон. Тухайн үед ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээнд заасны дагуу ажлаа сайн хийж байсан.  2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр намайг захирлын тушаал гарч би ажлаас чөлөөлөгдсөн. Уг ажлаас чөлөөлөх тушаалааар надад ажлын сахилгын шийтгэл ногдуулсан. Тус тушаалын нэгдүгээрт намайг Засаг даргын зөвлөлийн хуралд тоон мэдээлэл материал зөрүүтэй танилцуулж, албан үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн гэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёрдугаарт тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ирсэн трактор, чиргүүлийг өөрийн дансаар дамжуулан гүйлгээ хийсэн гэсэн. Тухайн үед Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга хийж байсан Альександр 2014 оны 12 дугаар сард зээлээр ачаад ирсэн хадлангийн тээврийн хөлсний мөнгийг төлөхийн тулд түрүүлж зарагдсан хадлангийн мөнгийг миний данс руу хийж шилжүүлсэн байгаа учраас би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний үндсэн цалин 570.125 төгрөг, ур чадварын 15 хувь, удаан жилийн 5 хувь гээд 20 хувийн нэмэгдэлтэй. Миний нэг сарын цалин 684.150 төгрөг болж байна. Би ажиллаагүй хугацааны цалин буюу 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 2.904.922 төгрөгийг нэхэмжилж байна. Сая үзлэг хийсэн гэрээний хувьд тариалан эрхлэлтийг дэмжих сангийн баазад бүртгэгдсэн ба овог нэр, регистрийн дугаар, утасны дугаараар тухайн хүмүүс рүү мессеж илгээж төлбөрөө барагдуулдаг байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Очир шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас зөрүүтэй мэдээ ярьсан дээр би нэмж тайлбар хэлье. Б.Цэрэнсамбуу аймгийн тэргүүний хадланч болсон нь үнэн. Гэхдээ М.Ганхуяг гэдэг хүний материалыг 7000 тонн хадлан гэдгийг тоон зөрүүтэй мэдээ гаргасан байсан. Аливаа хүн ажил үүргээ хийхдээ хариуцлагатай хийж хамгаалах ёстой. Хэрэв зөрүү гаргаагүй бол Ганхуяг гэх хүн аймгийн тэргүүний хадланч болох байсан. Засаг даргын зөвлөлийн хуралд мэргэжлийн хүмүүс байсан учраас хариуцлагагүй ажилласан хүмүүст хариуцлага тооц гэсэн шийдвэр гарсан” гэжээ.

       Гуравдагч этгээд М.Очир шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна” гэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: : Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Ганчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дугаартай Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын тушаал хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй. Анх 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай мэдэгдлийг Ганчимэгт өгсөн. Уг мэдэгдэлд Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/1497 албан тоот Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 тушаалаар бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан орон тоо хасагдсан, цөөрсөн тул ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэе гэсэн утгатай мэдэгдэл ирсэн. Үүн дээр ямар нэгэн зөрчил дутагдал гаргасан гэдэг зүйлийг дурдаагүй. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 07-нд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал гарсан. Уг тушаалын тэргүүн хэсэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай гээд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь  хэсгийг зөрчсөн байна гээд төрийн жинхэнэ албан хаагчийг халах зохицуулалт буюу Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг баримталсан. Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдсон зүйл байхгүй байгаа. Ажил албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгээгүй, аль эсхүл чиг үүрэгт тусгагдсан тухайн үүргээ хэрэгжүүлсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэрэг зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно. Нэхэмжлэгчийн ямар албан үүргээ хангалтгүй биелүүлснээс  болоод ямар хор хохирол учирсан бэ гэдэг зүйл хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн тайлбарт тэргүүний хадланч гэдэг зүйл яригддаг. Нэхэмжлэгчийн зүгээс шинээр гаргаж өгсөн баримт дээр 2016 онд хийсэн ажлынх нь төлөө 2017онд Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээд тэргүүний хадланчаар Увс аймгаас Б.Цэрэнсамбуу гэдэг хүн шалгарч батламжаа авсан. Тэргүүний хадланчийн тоон мэдээ зөрүүтэй танилцуулсан асуудал яригддаг. Мөн тушаалд Ганчимэгийг тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ирсэн тракторч, чиргүүлийн үнийг өөрийн дансаар дамжуулан бусдад шилжүүлж, дутагдуулан итгэл алдсан гэдэг. Төрийн алба хууль журмын дагуу явагдаж байх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ганчимэгийн дансаар байгууллагын мөнгө орж гарсан зүйл харагддаг. Ер нь бол ганц Ганчимэг биш, тухайн үед ажиллаж байсан Даалхай гэдэг хүний дансаар орж гарсан. Үүнийг нэхэмжлэгч гэж юу тайлбарлахдаа цалингийн данснаас гадна тусдаа тракторын мөнгө орж гарах дансыг зориулж байгууллагад нийлүүлсэн гэдэг. Үүнийг зөрчил гэж үзэх юм бол мөнгө хэзээ орж гарсан бэ гэвэл 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 4.700.000 төгрөг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Дээрх тушаалыг харахаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тэргүүн хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 25.1.1, мөн хуулийн 26 дугаар зүйлийг давхар хэрэглэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 15.1.7-д заасан зүйлийг Ганчимэг зөрчөөгүй нь гэрч Дугармаагийн мэдүүлгээр нотлогддог. Ийм учраас Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 тушаал үндэслэлгүй гарсан. Ганчимэгийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн зүгээс бид нар зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан учраас тушаал үндэслэлтэй гэдэг тайлбар гаргасан. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь заалтад заасан хугацаа өнгөрсөн байна” гэжээ.

      Хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр оролцож байна. Хариуцагчийн татгалзлыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Ганчимэгийг ажлаас чөлөөлөх үндэслэл байсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулж өгдөг учраас мэдэгдэл өгөх шаардлагагүй байсан. Ганчимэгийг чөлөөлсөн гол үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтуудыг баримталсан. Ганчимэг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг Санхүүгийн аудитын дүгнэлтээр нотлогдсон. Анх Ганчимэгийн хувийн дансанд тракторын урьдчилгаа мөнгө орсон. Мөн албан үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас Альександрь, Жаргалсайхан гэсэн хүмүүсийн данс руу тракторын урьдчилгаа 8.397.000 төгрөг шилжүүлсэн. Ганчимэг уг мөнгийг авч ашиглаагүй ч гэсэн байгууллагын хувьд хохирол учирсан байгаа. Нэхэмжлэгч өөрийн нэр дээр Хаан банкинд хоёр төрлийн данс нээж нийт 101.140.100 төгрөгийг дамжуулан тракторын урьдчилгаа төлбөр, бордооны мөнгө зэргийг оруулж байсан. Өмнө нь Александр, Жаргалсайханы дансанд тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг тухайн үед ажиллаж байсан даргын дансанд шилжүүлсэн үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн. Үүний улмаас учирсан хохирол эргэн төлөгдөөгүй. Засаг даргын хоёр удаагийн зөвлөлийн хуралд тоон мэдээг зөрүүтэй оруулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Хэргийн материалыг судлаад үзэх юм бол Ганчимэг өөрийнхөө хариуцсан ажлуудыг маш хариуцлагагүй хийж гүйцэтгэж байсан нь нотлогддог. Өөрөөр хэлбэл тушаалд баримталсан заалт тухайн хүний гаргасан зөрчил хоёрын хооронд шалтгаант холбоотой тохирсон байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Ийм  учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ганчимэгийн ажил үүргийн хуваарь санхүүгийн үйл ажиллагаа явуулах, гүйлгээ хийх, төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрхүүд байхгүй. Тракторын урьдчилгааг маш хяналтгүйгээр өөрөө захиран зарцуулж байсан нь аудитын баримтаар нотлогдсон. Тэгэхээр Ганчимэг албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан. Мөн байгууллагыг төлөөлөн трактор худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Ингэхдээ өөрөө гэрээний нэг тал болж оролцсон байж 12 гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангуулаагүй. Ажил үүргээ хангалттай биелүүлсэн гэдгийг нотлох үр дүнгийн гэрээг дүгнэсэн баримтаа Ганчимэг албан ёсоор шүүхэд гаргаж өгөөгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч нь Н.Ганчимэг нь “Увс аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очирын “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан газар тариалан, үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ажлаас халах шийдвэрийн үндэслэл болсон төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулаагүй. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн  15.1.7 дах заалтыг зөрчөөгүй” гэж тодорхойлжээ.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “ Засаг даргын зөвлөлийн хурал дээр тоон мэдээлэл зөрүүтэй танилцуулсан, албан үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ирсэн трактор чиргүүл/ хадуур, тармуурын/ үнийг өөрийн дансаар  дамжуулж бусдад шилжүүлснийг зөрчил гэж үзэх юм бол сахилгын шийгэл ногдуулах Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь заалтад заасан хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүссэн байна.

       Хариуцагч “Н.Ганчимэг 2015 онд ХААН банканд хувийн данс нээж, тракторын урьдчилгааны төлбөр, бордооны үнэ зэрэг нийт 101.140,1 мянган төгрөгийг дамжуулан оруулсан, бусдын данс руу нийт 8397000  шилжүүлсэн, тоон мэдээлэл зөрүүтэй танилцуулсан, удаа дараа албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэсэн гэх зөрчлүүдийг гаргасан” гэх үндэслэлээр татгалзалаа илэрхийлсэн байна.    

       Хариуцагчийн өмгөөлөгч “Ганчимэг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг Санхүүгийн аудитын дүгнэлтээр тогтоосон. Хэргийн материалыг судлаад үзэхийн  бол Ганчимэг өөрийнхөө хариуцсан ажлуудыг маш хариуцлагагүй хийж гүйцэтгэж байсан нь нотлогддог. Өөрөөр хэлбэл тушаалд баримталсан заалт тухайн хүний гаргасан зөрчил хоёрын хоорондын шалтгаант холбоо тохирсон” гэдэг үндэслээр нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсжээ.

      Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  тэдгээрийн өмгөөлөгч, гуравдагч этгээд  нарын  шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

              2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Увс аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Төмөр-Очирын  Б/11 тоот “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах” тухай  тушаалаар газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн Н.Ганчимэгт Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Санхүүгийн хяналт, .аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн танилцуулга болон 34/02/13 дугаар акт, байгууллагын дотоод журмын 8.1, 13.9 дэх  заалтуудыг баримтлан анхааруулж сануулсаар байтал Засаг даргын зөвлөлийн хуралд тоон мэдээлэл зөрүүтэй материал танилцуулж, албан үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн, мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ирсэн трактор чиргүүл/ хадуур, тармуурын үнийг өөрийн дансаар  дамжуулж бусдад шилжүүлэн дутагдуулж, итгэл алдан Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзээд ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

      Нэг. Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн Н.Ганчимэг нь анхааруулж сануулсаар байтал Засаг даргын зөвлөлийн хуралд тоон мэдээлэл зөрүүтэй материал танилцуулж, албан үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн гэх зөрчлийн талаар:  

           ХХАА-н газрын  газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч Н.Ганчимэг нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр болон аймаг орон нутгаас дэвшүүлсэн зорилт, чиг үүрэгт нийцүүлэн үйлдвэрлэл газар тариалангийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх, төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн биелэлтийг хангах ажлыг мэргэжлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, үйлдвэрлэлийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан байна.            Санхүүгийн хяналт , аудитын алба нь аймгийн Хүнс, хөдөө аж ауйн газарт хэрэгжсэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2014, 2015, 2016 онуудын болон аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2014 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,     аймгийн ОНХСангийн эх үүсвэрээс худалдан авсан үр тарианы олголт, нөөц сан бүрдүүлэлт, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2014-2016 онуудад ирсэн трактор, бордоо худалдах худалдан авах гэрээг сонгон шалгаруулах комиссыг байгуулсан байдал, , гэрээний нөхцөл, эргэн төлөлтийн байдал, түүний зарцуулалт, үр дүн, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, өр авлагын тооцоо, орлогын бүрдүүлэлт, төвлөрүүлэлтийн асуудлуудыг хамруулжээ. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзлэг хийлгүүлэхийг хүссэн 80 ширхэг худалдах худалдан авах гэрээний биелэлт, эргэн төлөлтийн асуудлаар шалгаж, орлогыг бүрэн төвлөрүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

      Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.14-д зааснаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Засгийн газрын тусгай сангийн төрөлд багтдаг бөгөөд мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Засгийн газрын тусгай сангийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрддэг байна.

        Улсын байцаагч А.Дугармаа,Улаанхүү нар нь аудитын хяналт шалгалтаар  Тариалан эрхлэлтийн сангаас 2014,2016 онд авсан бага оврын тракторууд, хадуур тармуурын иж бүрдэл, чиргүүл, өөрөө буулгагч зэрэг хөрөнгийн худалдах худалдан авах гэрээг байгуулсан боловч гэрээний  урьдчилгаа  дутуу төлөгдсөн, 2015-2016 онуудад төлөгдөх ёстой трактор, буудайны үнэ     төлөгдөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн ба 80-н тракторын төлөгдөөгүй төлбөр 25600.0 мянган төгрөг ,  2014-2016 онуудад төлөгдөх ёстой буудайны үнэ 170459.0 мянган төгрөг гэх мэт     нийт 477 583 212 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай актыг мэргэжилтэн  Н.Ганчимэг, Даалхай нарт хариуцуулан тавьсан байна.

        Н.Ганчимэг нь дээр дурдагдсан ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй,  2014,2015,2016 онуудын төвлөрүүлэх ёстой орлогыг хугацаанд нь төвлөрүүлэх арга хэмжээ авалгүй хугацаа хэтрүүлсэн, өр төлбөр үүсгэсэн өөрөөр хэлбэл  албан үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн болох нь дээр дурьдагдсан  2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны  хяналт шалгалтын  танилцуулга, улсын байцаагчийн акт, гэрч А.Дугармаагийн мэдүүлэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр нэхэмжлэгчийн  албан үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэж байсныг нотлох зорилгоор  Н.Ганчимэгийн 2016 онд  иргэдтэй байгуулсан 80 ширхэг  худалдах, худалдан авах тухай гэрээнд үзлэг хийж өгөхийг хүссэн мөртлөө сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарч байх үед тухайн гэрээний талаар яригдаагүй гэсэн ойлгомжгүй  тайлбарыг гаргасан. Гэтэл сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарахаас өмнө аймгийн дотоод аудитын алба тэр гэрээний асуудлыг шалгаад дүгнэлтээ гаргажээ.

       Нэхэмжлэгч Н.Ганчимэг нь шүүх хуралдаан дээр Баруунтуруун сумын М.Ганхуягийн талаар аймгийн Засаг даргын зөвлөлийн  хуралд зөрүүтэй тоон мэдээлэл танилцуулснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин удаа дараа тоон  мэдээлэл зөрүүтэй танилцуулсан гэдэг нь 2016 оны 12 дугаар сарын 30, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл болон холбогдох бусад баримтуудаар тогтоогдохгүй байна.

       Хоёр.Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ирсэн трактор чиргүүл/ хадуур, тармуур/-ын үнийг өөрийн дансаар  дамжуулж бусдад шилжүүлэн дутагдуулж, итгэл алдан Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх зөрчлийн талаар:

              Н.Ганчимэг нь  Увс аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газарт газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтуудыг зөрчин 2014,2015 онуудад Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх тракторын үнийг өөрийн хувийн дансаараа дамжуулан ХХААГ-ын даргаар ажиллаж байсан Александрын дансанд 7897000 төгрөг,  төрсөн дүүгийн дансанд нь 500000 төгрөг нийт 8397000 төгрөгийг  шилжүүлэн өгч зөрчил гаргасан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 24/02/13 дугаартай “Төлбөр хариуцуулах” тухай акт, 2014 оны 12 дугаар сарын 30, 2015 оны 01 дүгээр сарын 05,19-ний өдрүүдийн мөнгөн шилжүүлэгийн баримтуудаар тогтоогдож байна.

       Н.Ганчимэг нь   Төрийн албаны тухай хуулийн  13 дугаар зүйлийн  13.1.1, 13.1.3-д зааснаар эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, мөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх  үүрэгтэй.

        Гэтэл тэрээр өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн  Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газарт нийлүүлэгдсэн трактор, хадуур, тармуурын иж бүрдэлийн үнийг байгууллагын санхүүгээр дамжуулахгүйгээр өөрийн хувийн дансаар дамжуулан захиран зарцуулж, байгууллагын эд хөрөнгийг албаны бус зорилгоор  бусдад ашиглуулсан, мөнгөн гүйлгээ хийсэн нь илтэд хуулийг тогтоомжийг зөрчсөн буруутай үйлдэл болжээ. Үүний улмаас учирсан хохирол эргэн төлөгдөөгүй байна. Хариуцагч сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дэх заалтыг зөв тайлбарлан  хэрэглэсэн байна.

       Энэхүү зөрчлийг аймгийн санхүүгийн хяналт , аудитын албанаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2014,2015,2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн ба эрх бүхий байгууллага, албан тушаалтан /аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч/ сахилгын зөрчил гаргасныг    хяналт шалгалтын танилцуулга, улсын байцаагчийн акт гарсан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр олж мэдсэн  байх тул 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсныг зөрчлийг илрүүлснээс хойш Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан нэг сарын дотроо багтаан ногдуулсан байна гэж үзлээ.  

        Дээрхи нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд хариуцагч /эрх бүхий албан тушаалтан/ төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах эсхүл төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах  тухай хуулийн зохицуулалтын аль нэгийг нь  сонгон хэрэглэх боломжтой  байсан байх тул тус зохицуулалтуудыг зэрэг хэрэглэн нэхэмжлэгчийн ажлаас халсныг буруутгах боломжгүй гэж үзлээ.

         Иймээс нэхэмжлэгч нь Н.Ганчимэгийн “Увс аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очирын “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан газар тариалан, үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.      

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн  15 дугаар зүйлийн 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.7  26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ганчимэгийн “Увс аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очирын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан газар тариалан, үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн  47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ОЮУНГЭРЭЛ