| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2023/0875/З |
| Дугаар | 001/ХТ2025/0051 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2025/0051
“Э****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн
сайдад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0943 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2025/0142 дугаар магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0208 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х****, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.С**** нарыг оролцуулан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Э****” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар тушаалын “Е****” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Е****” ХХК-д олгосон 0****** дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах” **** дугаар гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал: Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/**** дүгээр тушаалаар “Э****” ХХК-д ***** дүүргийн ****** гэх газарт 2.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан байна. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/**** дүгээр тушаалаар тус газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, сайдын А/**** дугаар тушаалаар талбайн хэмжээг 0.76 га-гаар нэмэгдүүлэн, 3.16 га талбайг ашиглуулсан байна. Уг компани нь дээрх газарт хэрэгжүүлэх аялал жуулчлал, амралт сувиллын цогцолборын зураг төслийг 2022 онд эрх бүхий байгууллагуудаар батлуулжээ.
2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/*** дугаар тушаалаар **** дүүргийн **** дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт буюу *****аманд 900 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах отоглох зориулалтаар гуравдагч этгээд “Е****” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2023 онд газар ашиглах гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.
2.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... манай ашиглалтын талбайн хойд талаас авто зам хооронд орц, гарцыг хааж, авто замын зурвас газарт хууль зөрчин “Е****” ХХК-д газар олгосон нь бидний төслөө хэрэгжүүлэхэд саад учруулж байна, нэг тушаалыг үндэслэн нэг этгээдэд хоёр удаа газар ашиглах гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хууль бус газар олголтын улмаас нэг талдаа замын хөдөлгөөний аюулгүй байдал болон авто зам ашиглалтын технологи, стандарт зөрчигдөж, нэхэмжлэгчийн зүгээс зориулалтын дагуу газар ашиглагдахгүй, нэгээс нөгөөд дамжиж, хөрш болсон манай компанийн авто зам руу нэвтрэх орц, гарц хаагдаж, цаашид ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болж, хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна ...” гэж тодорхойлон маргасан.
2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... кадастрын зураг төсөлд “Э****” ХХК-д олгосон газартай гуравдагч этгээдийн газар давхацсан, эрх ашгийг нь зөрчөөд байгаа зүйл харагдахгүй байна, замын орц, гарцын хувьд тусдаа шийдвэрлэгдээд явж байгаа, нэхэмжлэгчээс тушаалыг хүчингүй болгуулах үндэслэл, яг ямар хууль зөрчсөн талаар огт дурдаагүй, батлагдсан зургаар газар олгох зохицуулалт огт байхгүй ...” гэж;
2.4.Гуравдагч этгээдээс “... компанийн 5 хувийн хөрөнгө оруулагч нь тухайн 900 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийг олж авсан, зохих журмын дагуу холбогдох байгууллагад хүсэлт гаргаснаар манай компанид газар ашиглуулахаар шийдвэрлэсэн, бидний зүгээс хууль болон нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, нэхэмжлэгч өөрийн ашиглалтын газрын хэмжээ хязгаарт тааруулаад төлөвлөлтөө хийх ёстой, түүний орц, гарцыг хаасан үйл баримт тогтоогдоогүй ...” гэсэн тайлбарыг гаргасан байна.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5, 45 дугаар зүйлийн 45.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Энэ маргааны хувьд Ү.Т**** болон “Е****” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын **** байрлах 900 м.кв газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн ашиглах эрх тус тусдаа үүссэн байх тул газраа бусдад дамжуулан ашиглуулсан гэж үзэх үндэслэлгүй, ... “Э****” ХХК нь ... бусдын ашиглах эрхтэй газар дээр давхцуулан загвар зураг батлуулснаар өөрт эрх олгогдоогүй газрыг ашиглах эрхийг үүсгэхгүй бөгөөд газар ашиглагчийн орц гарцыг бусдын ашиглалтын газар дээр давхцуулан тодорхойлсон нь үндэслэлгүй байна, ... гуравдагч этгээд “Е****” ХХК-д захиргааны байгууллага авто замын зурвас газар болон цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас газарт газар ашиглах эрх олгосон нь нэхэмжлэгчийн субъектив эрхийг хөндөөгүй, түүнд эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй тул энэ агуулгаар маргах эрхтэй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй ...” гэж дүгнэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... Маргаан бүхий энэ тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар тушаалаар гуравдагч этгээд “Е****” ХХК-д газар олгохдоо тухайн газарт авто зам барихаар төлөвлөгдсөн эсэх, дээрх хууль журамд зааснаар авто замын зурвас газарт хамаарч байгаа эсэх, цахилгаан дамжуулах буюу шугам сүлжээний хамгаалалтын зурвастай ямар хэмжээгээр давхцаж байгаа зэргийг бүрэн тогтоосны эцэст гуравдагч этгээдэд тухайн газрыг олгохоор байна. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн хамгаалалтын зурваст оруулж байгаа нь тухайн дэд бүтцийн объектын аюулгүй байдлаас гадна газар ашиглагчийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой зохицуулалт байдаг тул дээрх нөхцөл байдлыг тодруулж, эрх бүхий байгууллагын тухайн газарт төлөвлөгдсөн ерөнхий төлөвлөгөөнүүдэд хэрхэн тусгагдсан болохыг шалгаж тодруулсны эцэст шийдвэрлэхээр байна. Энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас дахин нягталж, шийдвэр гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.
5.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
5.1.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х****-аас “... нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан байна. Учир нь тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.3-т “... Нэхэмжлэгч “Э****” ХХК болон гуравдагч этгээд “Е****” ХХК-ийн ашиглах эрхтэй газар нь хоорондоо ямар нэгэн давхцалгүй болох нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэвлэсэн “Э****” ХХК-ийн нэгж талбарын **** дугаартай кадастрын зураг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын байршлын зургаас тус тус нотлогддог. Шийдвэрийн 5.4-т “... хэрэгт авагдсан “Э****” ХХК-ийн аялал жуулчлал, гольф үйлчилгээний барилгын загвар зургийн ерөнхий төлөвлөгөө, хөдөлгөөний схем, харагдах байдлыг төлөвлөсөн зураг зэргээс үзвэл “Э****” ХХК-ийн аялал жуулчлал, гольф үйлчилгээний барилгын автомашины ил зогсоолыг гуравдагч этгээд “Е****” ХХК-ийн 900 м.кв газар дээр давхцуулан төлөвлөж загвар зургийг баталжээ ...” гэсэн шүүхийн дээрх дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь зөрчигдөж нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхой бус гэж үзэж байна.
5.2.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч этгээдийн ашиглах эрхтэй газартай гуравдагч этгээд болох манай компани ямар нэгэн байдлаар газрын ашиглах эрхэнд халдаж газрын давхцалгүй байгаа. Нэхэмжлэгч “Э****” ХХК нь манай байгууллагын газар ашиглах эрхийг зөрчиж, манай байгууллагын газарт давхцуулан барилгын зураг батлуулсан атлаа манай байгууллагыг газар ашиглах эрхийг зөрчиж байгаа мэтээр тайлбарлаж буйд ойлгохгүй байна. Мөн шийдвэрийн 6.6-д “... Гуравдагч этгээд “Е****” ХХК-д захиргааны байгууллага авто замын зурвас газар болон цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас газарт газар ашиглах эрх олгосон нь нэхэмжлэгчийн субъектив эрхийг хөндөөгүй, түүнд эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй тул энэ агуулгаар маргах эрхтэй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна.
5.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар. түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Э****” ХХК нь өөрийн субъектив эрхийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд авто замын зурвас газарт болон шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт газар олгосон захиргааны шийдвэр үйл ажиллагаатай холбогдуулан объектив эрхийн агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, эрхгүй юм.
5.4.Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчөөгүйг шууд дүгнэх боломжгүй гэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн байна. Учир нь анхан шатны шүүх нь өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нотлох баримтыг хангалттай, бүрэн цуглуулж, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн байтал давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралгүй нотлох баримтыг шалгах, хариуцагчид дахин шинэ акт гаргахыг даалгаж байгаа нь нэхэмжлэлийн хүрээнээс хальсан, нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг илт гуйвуулан тайлбарласан байна.
5.5.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ илт зөрүүтэй шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нь хуулийг илт үндэслэлгүй буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х****-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0208 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8.Шүүхүүд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
9.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар тушаалаар “Е****” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын ***** 900 м.кв газрыг “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах зөвшөөрөл, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0****** дугаартай гэрчилгээг тус тус олгож, улмаар 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах” **** дугаар гэрээг байгуулсан ба тус гэрээнд газар ашиглах хугацааг 2027 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл гэж заасан.
10.“Уг зөвшөөрлийг олгохоос өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/**** дүгээр тушаалаар иргэн Ү.Т*** дээрх газрыг ашиглах эрхтэй байсан, тэрээр компанийн 5 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба түүний газар ашиглах эрхийг цуцалж “Е****” ХХК-ийн нэр дээр газар ашиглах эрх олгохыг, үүнтэй мөн адил компанийн гаргасан хүсэлтүүдийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаар тушаалаар Ү.Т***-ийн 900 м.кв газар ашиглах эрхийг дуусгавар болгож, улмаар маргаан бүхий дээрх актаар “Е****” ХХК нь газрыг ашиглах эрхтэй болсон” гэж гуравдагч этгээдээс тайлбарлажээ.
11.Харин нэхэмжлэгч “Э****” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-**** дүгээр тушаалыг үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаартай газар ашиглах гэрчилгээгээр Богдхан уулын дархан цаазат газрын **** аманд байрлах 2.4 га газрыг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатай ашиглах зөвшөөрөл авсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар сунгаж, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/465 дугаар тушаалаар газрын хэмжээг 0.76 га-гаар нэмэгдүүлэн эргэлтийн цэгийн солбицлыг өөрчилж, нийт 3.16 га газар ашиглах эрхийг олгосон байна.
12.Нэхэмжлэгч “Э****” ХХК нь гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон захиргааны байгууллагын дээрх актыг өөрийн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргаж, хяналтын шатны шүүх хуралдаанд “... маргаан бүхий 0.92 га талбай бүхий газар нь анхнаасаа манай компанийн ашиглалтын газар байсан, 2020 онд газар ашиглах эрхийг сунгахдаа хамгаалалтын зурваст орсон гэх шалтгааны улмаас ашиглах эрх бүхий газрын байршлыг минь өөрчлөн хасаад хажуу талд нь шилжүүлж, 3.16 га газар болгосон атлаа дараа нь өөр этгээдэд уг газрыг олгосон нь хууль бус, субъектив эрхийн хувьд манай компанид эхлээд 2022 оны 08 дугаар сард зураг төсөв нь батлагдаж эрх нь үүссэн ...” гэж; гуравдагч этгээд “Е****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “... нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газрыг нэмсэн болохоос биш хасаагүй, кадастрын зургаар хойд талаас татагдсан зүйл байхгүй, харин зүүн тал руугаа нэмэгдсэн үйл баримт байдаг, манай ашиглалтын газар нэхэмжлэгчийн газар хэзээ ч байгаагүй, 2019 онд тухайн зурвас газрыг н.Цэцэгмаа гэх хүн ашиглаж байсан ...” гэж тус тус тайлбарлаж байна.
13.Хэрэгт авагдсан, нэхэмжлэгч “Э****” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах **** дугаартай гэрчилгээний хавсралтад тусгагдсан 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн газрын байршлын кадастрын зураг дахь талбайн анхны солбицол болон удаах 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургаас үзэхэд солбицол өөрчлөгдсөн байх бөгөөд ашиглаж байсан газрын хэмжээнээс хасаж, өөр солбицол бүхий талбайд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, үүнийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
14.Шүүхүүд дээрх асуудалд хамаарах нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулаагүй, анхан шатны шүүх “... Энэ маргааны хувьд Ү.Т**** болон “Е****” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын **** байрлах 900 м.кв газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн ашиглах эрх тус тусдаа үүссэн байх тул газраа бусдад дамжуулан ашиглуулсан гэж үзэх үндэслэлгүй, ... нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын баруун талаар орц, гарцтай болох нь тогтоогдсон тул “Э****” ХХК-ийн 3.16 га газрын орц, гарцын хэсгийг хааж, газар ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, ... нэхэмжлэгчийн субъектив эрхийг хөндөөгүй, түүнд эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
15.Харин давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо “... анх ашиглаж буй газрынх нь хэсгээс хасах шаардлагатай гэсний дагуу улсад буцаан өгсөн одоогийн гуравдагч этгээдийн ашиглаж буй газар руу сунгаж авах хүсэлт гаргахад шугам сүлжээний газар тул ашиглуулах эрх олгох боломжгүй гэсний дагуу баруун талын хэсэг талаас газрын хэмжээг нэмэгдүүлэн зөвшилцсөн. Энэ нь тухайн маргаан бүхий газрыг ашиглах хүсэлт гаргахад нэхэмжлэгчид боломжгүй гэсэн атлаа гуравдагч этгээдэд хууль бусаар олгосон” гэх тайлбарлаж байх тул маргаан бүхий газрыг ашиглах хүсэлт гаргаж байсан эсэх, хүсэлт гаргасан бол захиргааны байгууллагаас ямар хариу өгсөн болохыг тодруулах шаардлагатай” гэж зөв дүгнэсэн хэрнээ маргаан бүхий актыг хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу, энэ тохиолдолд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээргүй байна.
16.Учир нь, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, эргэлзээгүй талаас үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
17.Иймээс, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тогтоох зорилгоор түүний анх эзэмшиж байсан 2.4 га газраас захиргааны байгууллага (төр)-аас хамгаалалтын зурвас газарт орсон үндэслэлээр газрын хэмжээнээс хасаж, өөр солбицолд шилжүүлсэн эсэх, тухайн хассан гэх газрын ашиглах эрхийг гуравдагч этгээд “Е****” ХХК-д олгосон эсэх, “Э****” ХХК-ийн кадастрын зураг дээрх солбицлын цэг яагаад өөрчлөгдөх болсон шалтгаан нөхцөлийг шалгаж тодруулах, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх, шаардлагатай бол шинжээч томилох зэрэг ажиллагааг гүйцэтгүүлэхээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0943 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2025/0142 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ