Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1764

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05462 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХХ-тай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулан, 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч ХХХ нь зээлийн төлбөрөө төлөөгүй өдийг хүрч байна. Иймээс гэрээний дагуу үндсэн зээл болох 1 000 000 төгрөгөн дээр 5 сарын хүү 500 000, нийт 1 500 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 38 950 төгрөг, нийт 1 538 950 төгрөгийг хариуцагч ХХХгаас гаргуулж өгнө үү. Би хадам эгч ХХХХХ-т 2015 оны 9 дүгээр сарын 04-ний үед 1 000 000 төгрөг амаар тохиролцон 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэ мөнгөө ХХХХХ-ээс нэхэхэд би ХХХ-д өгсөн, та хоёрыг уулзуулаад өгье гэсэн. Тэгээд бид 3 уулзаад нотариат дээр зээлийн гэрээ байгуулсан. ХХХ нь надад 80 000 төгрөгийн хүүг ХХХ-ээр дамжуулан төлж байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй бөгөөд ХХХ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ХХХ нь ХХХХХ-ээс 1 000 000 төгрөг зээлсэн нь үнэн, энэ нь тусдаа асуудал юм. Гэхдээ ХХХХээс 1 000 000 төгрөг зээлээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХгаас 720 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 780 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1-д зааснаар хариуцагч ХХХгаас 21 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХэд олгож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх гэрч ХХХХХ-ийн дэвтэрт бичигдсэн хариуцагч ХХХгийн төлсөн гэх 250 000 төгрөгийг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, дүгээр зүйлийн 40.1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Нэхэмжлэгч ХХХХ нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа удаа дараа хариуцагч ХХХгаас 100 000 төгрөг авсан гэж байсан боловч шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Шүүгч 101/ШШ32016/25420 тоот захирамжийг гаргахдаа шүүх хуралдааны дэгийг зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад шүүх хуралдааныг хойшлуулсан нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХгаас 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэсэн, хариуцагч нь гэрээнд заасан 1 000 000 төгрөгийг ХХХХээс бодитоор аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзаж байна.

            Нэхэмжлэгч ХХХХ 2015 оны 9 дүгээр сард ХХХХХ-т 1 000 000 төгрөг зээлдүүлсэн, хариуцагч ХХХ нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ХХХХХ-ээс 1 000 000 төгрөг зээлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр ХХХ нь ХХХХээс 1 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, 3 сарын хугацаанд буюу 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зээлийг төлж дуусгахаар харилцан тохиролцжээ. /хх-4/

Хариуцагч ХХХ нь ХХХХХ-ээс 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөг зээлснээ үгүйсгээгүй, улмаар уг мөнгийг ХХХХэд төлөхөө зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул түүний ХХХХээс мөнгийг бэлнээр хүлээж аваагүй тул зээлийг төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй, ХХХгаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхээ ХХХХХ нь нэхэмжлэгч ХХХХэд шилжүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байх бөгөөд ийнхүү шаардах эрхээ ХХХХХ нь ХХХХэд шилжүүлэхэд үүрэг гүйцэтгэгч ХХХгаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

Харин ХХХ, ХХХХХ нар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийг буцаан шаардах эрхийг шилжүүлэхдээ хэлцэл хийсэн хэлбэрээр буюу амаар байгуулсан хэлбэрээр шилжүүлэгдэх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү авах эрхгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүйгээс гадна энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэж шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээв.

 Зээлдэгч ХХХ нь зээлийн үүрэгт ХХХХХ-т 200 000 төгрөг, ХХХХэд 80 000 төгрөг төлсөн талаар гэрч ХХХХХ, нэхэмжлэгч ХХХХ нар шүүх хуралдааны шатанд өөрсдөө тайлбарласныг үндэслэн шүүх үндсэн зээлээс хасч тооцсон, хариуцагч ХХХ нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлж, баримт гаргаагүй байна. Иймд шүүх  280 000 төгрөгийг нотлох баримтаар тогтоогдсон хэмжээ болох шаардах эрхээр шилжсэн 1 000 000 төгрөгийн дүнгээс хасч 720 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх 780 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Хариуагч ХХХ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг няцаасан баримт гаргаж, тайлбар татгалзлаа нотлоогүй тул түүний 250 000, 100 000 төгрөгийн төлбөр төлсөн  тухай баримтыг үнэлээгүй гэх давж заалдах гомдол   үндэслэлгүй, хэргийн нотлох баримтыг үнэлэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдэсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ