Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 454

 

 

 

 

 

 

 

 

     

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч:  **** /

Хариуцагч: **** /

            Эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт 1 885 460 /нэг сая найман зуун наян таван мянга дөрвөн зуун жар/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****, хариуцагч ****, иргэдийн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие **** нь хүү ****, хүү **** нарын хамт  2016 оны 4 сарын 3-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд гүний худгаас ус аваад таксины мөнгө 2500 төгрөг төлөн гэрлүүгээ хүргүүлэхээр ****ын жолоодож явсан **** дугаартай машинд явж байсан. Дээш өгсдөг замруу өгсөж яваад уг жолооч ухрах үйлдэл хийх үедээ айлын хашаа цөм дайран газар тэгшилж ухсан 7 метр орчим өндөр жалга руу машинтайгаа унасан. Үүний улмаас миний болон хоёр хүүгийн минь биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Хэргийн газарт Цагдаагийн байгууллагаас бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн ба шинжээчийн дүгнэлтээр жолооч **** уг осолд буруутай Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь тогтоогдсон. Ослыг шалгаж байгаад Тээврийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1233 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийвэрлэн, намайг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэл  гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсан. Энэ ослын улмаас бид нар “****”  хувийн эмнэлэгт 7-10 хоног хэвтэж эмчлүүлсэн ба дор дурдсан хоирол зардал гарсан. Үүнд: Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 975 000 төгрөг, компьютер томографын зураг авахуулсны зардал 320 000 төгрөг, хүнсний зүйл, эм тариа 38 960 төгрөг, таксигаар үйлчлүүлсэн төлбөр 34 500 төгрөг, хэргийн материал хуулбарлаж авсан зардал 17 000 төгрөг, 15 хоногийн цалин 250 000 төгрөг, нийт 1 885 460 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагчаас 1 885 460 төгрөг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 4 сарын 3-ны өдрийн 19 цагийн орчимд гэрээсээ машинтайгаа гараад, гудамж уруудаад худгийн хажуугаар өнгөрөөд явж байтал, араас **** дуудсан. Миний бие зогсоод уулзахад, “Би ус аваад явж байна. Намайг гэрт хүргээд өгөөч. Худаг дээр их удаан байлаа. Намайг хүргэж өгөх машин алга” гээд гуйгаад байхаар нь би ****г танидаг болохоор сайхан сэтгэл гаргаж, усыг нь аваад, хүүхдүүдийг нь суулгаад явсан. **** нь машин олдохгүй хэцүү байна. Тиймээс найзыгаа хүргээд өгөөч гэж тэр үед хүүхдээрээ 2500 төгрөг өгүүлсэн. Түүнээс би мөнгө асуугаагүй. **** нь гуйж шалгаагаад намайг хүргэж өгөхөөс өөр аргагүйд хүргэсэн ба түүний гэр нь уулын орой дээр байдаг. Тэр уулын орой дээр гарах гэтэл их өгсүүр болохоор машин маань хүч алдаад, ухарч явсаар байгаад уулнаас буусан. Тэгээд “Би уулын доогуур тойрч очоод гэрий чинь харалдаа доор зогсъё. Тэгээд чи усаа аваад явчих. Тэгэхгүй бол 30 литрийн багтаамжтай 6 ширхэг савтай ус болохоор хүнд байна. Машин хүч алдаад энэ өндөр орой руу гарахгүй байна” гэхэд **** “би худаг дээр их удаан байсан. Хүргээд өгчихөөч. Найз нь доороос яаж гэрлүүгээ энэ олон савтай усыг зөөх юм бэ” гээд гуйгаад байсан. Би ахиад машинтайгаа өөд гарах гээд зүтгэсэн боловч бараг гарахын өмнө урд талд явж байсан приус маркын машин нь хашаа руугаа орох гэж байгаа бололтой зогссон. Огцом өндөр газар бас ачаатай байсан болохоор машин маань дахин хүч алдаж ухарсан. Би айлын хашаа руу ухраад оронгуут тэр хашаанд нь 6 метр өндөр эрэг байснаас машин хөмөрсөн. Дотор байсан хүмүүсийг тухайн үед гэмтэл рүү авч явсан. Гэмтэлийн эмнэлэгийн эмч **** нарыг эмчийн үзлэгээр үзээд “Гэмтэл бэртэл алга. Хэвтүүлэх шаардлага байхгүй. Гэрлүүгээ явж болно” гэж хэлээд явуулсан. Миний бие нурууны гол яс баруун тийшээ хазайлттай L1.R2 нурууны ясны үе хоорондын зай алдагдсан, гавлын яс цууралттай, зүүн хацрын булчин тасарсан, тархины зөөлөн эдийн гэмтэл, цус хуралттай гэсэн онош гарсан. Бие муу учраас нуруу, тархины гээд маш удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай, мөнгө төгрөгний боломжгүйгээс эмчилгээ хийлгэж чадахгүй, MRI аппаратанд даруй ор гэсэн эмчийн шаардлагыг биелүүлж чадахгүй байна. Иймд миний бие санхүүгийн боломжгүй, өөрөө 3 хүүхэдтэй, нөхөр маань нурууны гэмтэлтэй учир сүүлийн нэг жил зургаан сарын өмнөөс ажилгүй болсон, одоо манай гэрт надаас өөр ажил хийж мөнгө олох, хүүхдүүдийг тэжээх хүн байхгүй. Дээрх нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үзлэг оношлогоо хийсэн, эмчид үзүүлсэн төлбөрийг төлөх бодолтой байгаа, эмнэлэгт хэвтсэн болон бусад зардлыг төлөх боломж байхгүйг харгалзан үзнэ үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч **** нь 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр **** улсын дугаартай “Аксент” маркын автомашиныг жолоодож, нэхэмжлэгч ****, түүний хүү **** нарыг болон тэдний авч явсан усыг гэрт нь хүргэж өгөхөөр тохиролцон өгсүүр замд явж байхдаа осол гаргаж, тэдний биед  хөнгөн зэргийн  гэмтэл учруулсан болох нь зохигчдын тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5025 дугаар дүгнэлт, 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 5026 дугаар дүгнэлт, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Г-5024 дугаар дүгнэлт, Тээврийн прокурорын  газрын прокурорын  2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1233 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол, Зам, тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт, зэрэг баримтаар тогтоогджээ.

Зохигчид болсон үйл баримтын тухайд маргахгүй, харин хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирол, зардлын тухайд эм тариа, болон үзлэг оношлогооны зардлаас бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй, хохирогчдыг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй гэж байсан, ослын улмаас учирсан гэмтэл бүрэн эдгээгүй, эмчлүүлж чадаагүйгээс ажил хийж гэр бүлээ тэжээх, орлого олох боломжгүй болсон гэж тайлбарлаж байна.  

Энэхүү зам тээврийн осолтой холбогдох хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал хүргүүлснийг  Тээврийн Прокурорын газрын прокурор хянаад 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1233 дугаар тогтоолоор Эрүүгийн хуульд заасан гэм хор учраагүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Тухайн ослыг гарах үед хариуцагчийн жолоодож явсан **** улсын дугаартай “Аксент” маркын автомашин нь “****” ХХК-ийн өмчлөлд байсан,  нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан автмашиныг жолоодож явсан, автомашиныг эзэмшиж ашиглаж байсан этгээдийг хариуцагчаар татан учирсан хохирлоо нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй ба энэ талаар хариуцагч маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь өөрийн болон хүү **** /10 настай/, **** /6 настай/ нарын эрүүл мэндэд учирсан хохирол, төлбөрт 1 885 460 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан хууль ёсны төлөөлөгч байх тул шүүхэд төлөөлөх, төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан, гэм буруутай этгээд нь хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн хохирлоо тооцон нэхэмжилсэн, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлэн учирсан хохирлын хэмжээг тогтоолоо.

Нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ****ы ажилгүй байсан 15 хоногийн цалин 250 000 төгрөг, “****” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 975 000 төгрөг, таксигаар үйлчлүүлсэн төлбөр 34 500 төгрөг, хүнсний зүйл худалдан авсан 14 860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон,  КТГ-ын шинжилгээний төлбөр 320 000 төгрөг, Эрүүгийн хэргийн төв архивын үйлчилгэний хөлс 17 000 төгрөг, “Монос” эмийн сангаас авсан эмийн үнэ 24 100 төгрөг, нийт 361 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч ****ы **** дугаартай нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд тэрээр 2016 оны 4, 5 дугаар саруудад ажлаа хийж, цалин авч байсан нь тогтоогдох бөгөөд КТГ-ын шинжилгээгээр ямар гэмтэл учирсан гэж оношлогдсон, учирсан гэмтлийг эмчлүүлэхэд ямар эмчилгээ хийлгэхийг эмч зөвлөсөн,  “Манал оточ” эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай эсэх талаар баримтгүй, таксигаар үйлчлүүлсэн болон хүнсний зүйл авсан зардлыг гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****с 361 100 /гурван зуун жаран нэгэн мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 524 360 /нэг сая таван зуун хорин дөрвөн мянга гурван зуун жар/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 11 483 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ

                                                      ШҮҮГЧИД                                   С.ОЮУНЧИМЭГ

                                                                                                            Б.ХИШИГБААТАР