Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 41

 

                                        

                                        Мандалговь

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.А

Улсын яллагч: Г.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

Шүүгдэгч: Д.А нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ад холбогдох 1822004010021 тоот хэргийг 2019 оны 4 сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1982.07.25-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 4-6 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй гэх, /РД:ЗА82072516/ Бнь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т , мөн хуулийн  17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх,  бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            1/ Холбогдсон хэргийн талаар:

 

               1/  Шүүгдэгч Д.А нь эхнэр Б.Стой байнга харгис хэрцгий харьцан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

 

               - Хохирогч Б.Сын: 2018 оны 5 дугаар сард би Дэлгэрхангай плазад ажлаа хийж байхад Д.А нь ажил дээр согтуу ирээд надаас хүнд өгөх гэсэн юм гэж мөнгө нэхээд өгөхгүй бол нягтлан, даргатай чинь уулзана гэх мэтээр орилж хашгирч авирлаж дарамталсан. Тэгээд би тэр мөнгийг нь олж өгсөн. Тэр мөнгөөр Д.А архи уусаар байгаад дуусгасан байсан. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн үед би Аривжихын 7-7 тоотод байх хашаандаа гэрийнхээ хаяаг янзлаад байж байсан чинь Д.А таксигаар хүргүүлж ирээд хашааны хаалгаар орж ирээд баячуудад үйлчилдэг ядуучуудад үйлчилдэггүй юм байна танай ах дүү нар гэж надад хандаж хашгираад байсан. Би гэрийн хажууд газар сууж байсан чинь над дээр ирээд танай ах дүү нар намайг хүргэж өгдөггүй юм байна. Чи ах дүү нар руугаа хурдан залгаадах гэж хэлсэн. Хариуд нь би ах дүү нарынхаа утсыг мэдэхгүй. Тэгээд ч нэг их ах дүүсээд явдаггүй гэж хэлсэн. Тэгээд сууж байтал ирээд бөгс рүү өшиглөсөн. Гараас чирээд гэр лүү оръё гэхээр нь би ороогүй. Тэгтэл ална пизда минь гээд өөрөө гэр лүүгээ орчихоор нь би зугатаад Арвижихын 9-7 тоотод байдаг ахындаа очсон. Тэгтэл Д.А орж ирснээ гараад ир гэж зандарснааа намайг дахин бөгс рүү өшиглөсөн. Тэр үедээ би Д.Аг намайг алах байх гэж бодоод огт юм хэлээгүй. Ер нь бол согтуу ирсэн үед нь огт юм хэлдэггүй. Хэлэхээсээ айдаг. Хамгийн сүүлд Д.А намайг хүчирхийлснээс болоод би хоёр хүүхдийнхээ хамт төрсөн ээжийнхээ гэрт амьдарч байсан. Тэгтэл сүүлийн үед манай төрсөн ээж Адъяасүрэн намайг болон миний хүүхдүүдийг манай гэрээс яв, цаад Д.Агээ өөрийнхөө гэрээс зайлуулаад өөрсдөө гэртээ харьцгаа гэж хэлдэг болсон. Ингээд 2018.12.01-ний өдөр би хоёр хүүхдээ дагуулаад ээжийнхээ гэрээс хувцсаа аваад гэртээ харьсан. Тэгээд Д.Аг манай гэрээс яв гэж хэлсэн чинь явахгүй байсаар өдийг хүрсэн” гэх мэдүүлэг /хх-74, 85-94/

               - Шинжээчийн 2018.09.18-ны өдрийн 180200292 тоот дүгнэлтэд: Б.Сын биед хонго, гуй орчимд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг сарниулаагүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэжээ /хх-112/

               - Гэрч Ж.Адъяасүрэнгийн /хохирогчийн төрсөн эх/: ...Хааяа Б.С бага хүүтэйгээ манай гэрт ирээд байж байхад бага хүү нь ээжийг аав дарамтлаад гэж хэлэнгүүт ээж нь дуугүй бай гэж хэлээд дуугүй болгодог болсон. Алтансоёмбо гэртээ харихдаа их дургүй. Манай гэрт өдөржин байж байгаад гэртээ харьдаг. Манай охин өнгөрсөн зуны эхэн сараас эхлээд манай гэрт нэг ч удаа ирэхгүй байж байгаад сая 9 дүгээр сард зодуулаад ирж байна. Энэ хооронд Д.А нь манай охиныг дарамтлаад манай гэрт ирүүлэхгүй байсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх- 99-100/

               - Насанд хүрээгүй гэрч С.Алтансоёмбын /хохирогчийн төрсөн хүү, 7 настай/ : ...Манай аав архи ууж гэртээ ирсэн үедээ манай ээжийг гэрээс зайл гээд дарамтлаад байдаг. Өнгөрсөн намар намайг ээжтэй эмээгийн гэрт байж байхад эмээгийнд аав ирээд сим картны үүр авна гэж манай ээжийг дарамтлаад манай ээжийг ална шүү гэж хэлээд манай ээжийг дарамтлаад байсан. Тэрнээс хойш аав намайг ээжээс зөвшөөрөлгүй авч яваад эмээгийн гэрээс баруун зүгт доор нь байдаг айлд очоод манай эмээг ээжтэй 2 литр бензинээр шатааж ална гэж хэлж байсан. ...Тэгээд аав согтоод Ганбаа гэдэг айлаас гараад намайг дагуулаад харанхуй шөнөөр Нитро гэдэг газар очоод ээжтэй уулзаад дарамтлаад тэр Нитро гэдэг газрын хаалгыг гараараа цохиод байсан. Тэр үед би аав ээжийг зодох байх гэж айгаад уйлсан” гэх мэдүүлэг /хх-105/

               - Насанд хүрээгүй гэрч Б.Ренчиндоржийн /хохирогчийн төрсөн хүү, 17 настай/: ...Манай ээжтэй Д.А нилээд олон жилийн өмнөөс манай ах дүү нартай хамт амьдрах болсон. Ингээд Д.А манай ээжтэй амьдрах хугацаандаа манай ээжийг ална шүү муу пизда минь, идэх хоол унд байхгүй байхад Д.А нь манай ээжийг мөнгөний хэрэг байна чи мөнгө олж ир, хоолгүй байна хоол олж ир гэж хэлдэг. Д.А нь манай ээжийг намайг гэрт эзгүй байхад зоддог. Намайг гэрт байхад зоддоггүй. Манай ээж Д.Ад зодуулсан талаараа надад огт хэлдэггүй” гэх мэдүүлэг /хх-107/

               - Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 10 сарын 5-ны өдрийн 106 дугаар тогтоолоор 2016 оны 9 сарын 18-ны өдөр эхнэр Б.Сыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг хохирогч нь яллагдагчтай хэрэг бүртгэлтийн шатанд сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх-152/

 

               - Тус шүүхийн 2017 оны 2 сарын 3-ны өдрийн 04 дүгээр шийтгэврээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн жижгээр танхайрсан үйлдэлд нь 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан /хх-167/

               - Тус шүүхийн 2017 оны 2 сарын 23-ны өдрийн 10 дугаар шийтгэврээр хамтран амьдрагч Б.Сыг мөрдөн мөшгиж заналхийлсэн үйлдэлд нь 21 хоногийн хугацаагаар баривчлах, 16 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдах шийтгэл оногдуулсан /хх-175-176/

               - Тус шүүхийн 2017 оны 3 сарын 22-ны өдрийн 17 дугаар шийтгэврээр 2017 оны 3 сарын 20-ны өдөр эхнэр Б.Сыг мөрдөн мөшгисөн үйлдэлд нь 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл, 30 цагийн хугацаагаар албадан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулсан /хх-183-184/

               - Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 3-ны өдрийн 139/Ш32018/02078 дугаар захирамжар Д.Аг Б.С  болон түүний асрамжид байгаа насанд хүрээгүй хүнтэй уулзах, харилцах, харилцахыг оролдох, мөрдөж мөшгихийг 1 жилийн хугацаагаар хориглох арга хэмжээ авсан /хх-186-188/

               - Тус шүүхийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 02 дугаар шийтгэврээр 2018 оны 12 сарын 12-ны өдөр олон нийтийн газарт эхнэр Б.Стой хэрүүл маргаан хийж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд нь 38 цагийн албадан сургалтанд хамруулах, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан /хх-144-147/ зэрэг баримтууд хамаарч байна.

               Дээрх баримтуудаар шүүгдэгч Д.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу хамтран амьдрагч Б.Стой 2018 оны 5 сард, мөн оны 9 сарын 10-ны өдөр  харгис хэрцгий харьцсан, эрх эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдах байдлаар догшин авирласан болох  нь нотлогдож байна. Шүүгдэгч Д.А нь 2017 оны 2 сарын 3-наас хойш 2018 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  зөрчлийн улмаас 4 удаа 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл эдэлж байсан ба иргэний хэргийн анхан шатны шүүхээс хамтран амьдрагч Б.С  болон түүний асрамжид байгаа насанд хүрээгүй хүнтэй уулзах, харилцах, харилцахыг оролдох, мөрдөж мөшгихийг 1 жилийн хугацаагаар хориглох арга хэмжээ авч байсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, шийтгэврээр тогтоогдож байна.

                Иймд шүүх шүүгдэгч Д.А нь хэвшмэл шинжтэйгээр хамтран амьдрагч Б.Стой байнга харгис хэрцгий харьцсан, эрх эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдах байдлаар догшин авирлаж, тарчлаасан нь баримтаар нотлогдож байх ба энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Д.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

               2/ Шүүгдэгч Д.А нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны харилцах данснаас бэлэн мөнгө авч өгөхийг иргэн Б.Эаас шаардсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

               - Хохирогч Б.Эын: ...Банкинд орсны дараа Д.А мөнгөө хурдан ав гээд дарамтлаад байхаар нь би банкны теллер охинд энэ хүн надаас мөнгө нэхээд дарамтлаад байна. Миний дүү дансных нь үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж хэлээд өгөөч гэж гуйхад тэр охин Д.Ад миний хэлснээр хэлсэн. Тухайн үед Хаан банкин дээр манай сумын Б.Нандинцэцэг гэх эмэгтэй явж байсан. Түүнтэй уулзахад наад нэг юм чинь яагаад байгаа юм чамайг дарамтлаад байгаа юм уу гэхээр нь тийм гэж хэлээд цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд Б.Нандинцэцэг утсаараа цагдаа руу ярих шиг болсон. Би Д.Атэй хамт гарч нөгөө таксиндаа суутал чи тоглоод байгаа юм уу, 50000 төгрөг өг гээд түрийнээсээ хар хүрэн иштэй хутга гаргаж ирээд миний гуя руу тулгаснаа дараа нь миний цээж рүү тулгасан. Тэгэхэд нь таксины жолооч зүгээр бай боль гэж хэлээд болиулсан. Тэгэхээр нь би айгаад хамт бууж Хаан банк руу ороод тэнд байсан нэг танихгүй эгчийн утсыг нь гуйж аваад найз Т.Энхтүвшин рүүгээ утасдаж нөгөө Д.А чинь болохгүй хүн байна. Надаас мөнгө нэхээд сая надад хутга тулгалаа, чи яаралтай цагдаа дууд гэж хэлсэн. Төд удалгүй цагдаа нар Хаан банкин дээр ирж Д.Аг авч явсан гэх мэдүүлэг /хх-37-38/

               - Гэрч Х.Мөнхбатын “...Д.А нь Б.Эт уурлаж чи архи авч өгч чадахгүй бол 40.000 төгрөг өг, би чиний бичиг баримтыг олж өгсөн биздээ гэж хэлсэн. Тэгэхэд нь Б.Э би чамд 30000 төгрөг, нэг шил архи авч өгөө биздээ одоо чамд архи авч өгье гэж хэлсэн. Тэгэхэд нь Д.А чи одоо архи авч өг, эсвэл мөнгө өг өгч чадахгүй бол чамайг алаад хаячихна шүү гэж хэлээд баруун хөлийнхөө гутлын түрийнээс хүрэн алаг иштэй хутга гаргаад ирэхээр нь Даваадорж бид хоёр боль гэж хэлээд болиулж хутгыг нь түрийнд нь хийлгэсэн. ...Тэгтэл Б.Э миний дансанд мөнгө байгаа надад бичиг баримт, карт байхгүй байна гэж хэлэхэд Д.А чи тэгвэл холбооны доор байгаа нэг цэгийн машинаас хурууныхаа хээгээр лавлагаагаа авчих би 1000 төгрөгийг нь өгьө гээд шууд холбоо оръё гэж хэлсэн. Тэгээд холбооны гадаа очиход Д.А, Б.Э нар хамт буугаад Б.Эын иргэний үнэмлэхний лавлагааг аваад гараад ирсэн. Тэгэхэд Д.А одоо чи наадахаараа банкнаас мөнгөө ав гэж хэлэхэд Б.Э их дурамжхан авъя ч гэж хэлээгүй байхад Д.А "Анужин" төвийн Хаан банк оръё гэж хэлсэн. Анужин төвийн гадаа очиход Д.А, Б.Эыг буу чи пизда минь хурдан мөнгөө аваадах гэж хэлэхэд Б.Э байж бай л даа гэж хэлсэн. Тэгэхэд Д.А буу чи гээд татаж, чангаасаар байгаад машинаас буулгасан. Тэр хоёр Хаан банкны салбар руу ороод 20-30 минутын дараа хамт гарч ирсэн. Тэгэхэд Б.Э машинд суухгүй байхад нь Д.А суу чи пизда минь гэж хэлээд түлхэж байгаад машинд суулгасан. Машинд суусны дараа Д.А уурлаж гарын үсгээ буруу зураад байна шүү дээ гэж дарамтлаад дээлнийхээ нударгаар шавхарсан. Тэгснээ чи найзынх руугаа очиж виза картаа ав гэж хэлсэн. ... Д.А нь түрийндээ хүрэн алаг иштэй хутга хийчихсэн явж байсан. Бөхт худалдааны төвийн гадаа Д.А хутгаа түрийнээсээ гаргаж ирэнгүүт нь Даваадорж бид хоёр болиулсан. Төв Хаан банкны үүдэнд зогсож байхад би тэр хоёроос залхаад суудал руугаа хэвтчихсэн нойрмоглож байсан. Тэгэх зуур хутга тулгасан гэж Даваадорж надад хэлсэн. Намайг хэвтэж байхад Д.А нь Б.Эыг ална тална гээд л байсан.” гэх мэдүүлэг /хх- 39-40/

               - Гэрч Т.Энхтүвшингийн: ...Б.Э, Д.А 2 хамт гараад хэсэг хугацааны дараа манайд эргэж орж ирснээ ганц юм уух уу, гэхээр нь би уухгүй гэж хэлэхэд тэр хоёр буцаад гараад явсан. Тэрнээс хойш нилээн хугацаа өнгөрсний дараа Б.Э над руу танихгүй хүний утаснаас залгаад чи хурдан цагдаа дуудаад өг нөгөө Д.А чинь надаас мөнгө нэхээд намайг дарамтлаад хутга, шөвөг гаргаад байна. Хурдан дуудаарай, хурдан гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь би цагдаагийн газар руу утасдаж дуудлага өгөх гэсэн юм гэхэд ямар дуудлага гэхээр нь Хаан банкин дээр манай найзыг Д.А гэх хүн дарамтлаад байна гэж хэлэхэд энэ дуудлагыг хүлээгээд авчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

               - Гэрч Б.Нандинцэцэгийн: ...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Төв Хаан банкнаас мөнгө авах гээд ортол тэнд манай нутгийн Б.Э гэх залуу сууж байсан. Түүний хажууд Д.А зогсож байсан. Д.А нь Б.Эыг татаж, чангаагаад байсан. Сандал дээр сууж байхад нь бос гээд дээлнээс нь татаж чангаагаад байсан юм. Тэгэхээр нь би Б.Эаас наад нэг юм чинь яагаад байгаа юм гэж асуухад Д.А миний гар утсыг авчихаад өгөхгүй байна. Хаан банкнаас гаргахгүй байна гэж  цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

               - Гэрч С.Даваадоржийн : ...Хаан банкны гадаа танихгүй залуугийн хамт буугаад Хаан банк руу орж 30-40 минут болсоны дараа банкнаас Д.А ганцаараа гарч ирсэн. Тэгэхээр нь би түүнд хурдал л даа би явмаар байна гэж хэлэхэд за за би одоохон гээд Хаан банк руу  буцаж ороод нөгөө залуугийнхаа бүснээс нь барьчихсан дагуулаад гарч ирсэн.  Нөгөө залуу нь машинд суухгүй хаалга нээчихээд зогсож байхад нь Д.А чи суу л даа гэж хэлээд араас нь түлхсээр байгаад машинд хүчээр суулгасан. Д.А нөгөө хаалгаар нь сууснаа уурлаж нөгөө залууд хандаж чи чинь яах гээд тоглоод байгаа пизда вэ чамайг алаад хаячихна шүү гээд зүүн хөлийнхөө гутлын түрийнээс хар хүрэн иштэй хутга гаргаж ирээд нөгөө залууг хутгатай гараараа хүзүүдэж аваад цээжин дээр нь хутгаа тулгасан. Тэгэхэд нь би Д.Ад чи чинь хаашаа юм бэ болиоч. Наадах чинь тоглоом биш шүү, олон нийтийн газар байна, хүн амьтан харж байгаа шүү дээ гэж уурлаж байж хутгыг нь цааш нь хийлгүүлсэн” гэх мэдүүлэг /хх- 47-48/

               - Гэрч Ж.Ууганбаярын “...Би тэдэнд гүйлгээ хийх боломжгүй гэж буцаахад Улаан шар дээлтэй залуу нь Б.Э гэх хүний мөрөн дээр нь алгадаж аваад гарын үсгээ зурж чадахгүй п... чинь гэж хэлээд дагуулаад гараад явсан. Надад энэнээс өөр мэдэх зүйл байхгүй. Ер нь бол улаан шар дээлтэй залуу нь Б.Э гэх хүнээр мөнгө авахуулах гээд байсан” гэх мэдүүлэг /хх- 50/

               - Гэрч Э.Анхбаярын “...би цэнхэр ногоон өнгийн дээлтэй хүнд та 5 номерийн ширээн дээр очоод ахлах теллертэй уулзаад картныхаа нууц үгийг сэргээлгэчих гэж хэлсэн, тэгэхэд тэр цэнхэр ногоон өнгийн дээлтэй хүн миний дансанд мөнгө байхгүй байна гээд хэлчих гэж шивнэж хэлэхээр нь би түүнд та картаа янзлуулаад мөнгөө ав гэж хэлсэн юм гэх мэдүүлэг /хх-51/ зэрэг баримтууд хамаарч байна.

               - Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “ Дундговь аймаг дахь ХААН банкны 2018.11.20-ны өдрийн бичлэгийг тохируулан үзэхэд Д.А, Б.Э нарын дүрс бичлэгт хадгалагдаж үлдсэн байв. Уг ач холбогдол бүхий бичлэгийг хуулбарлуулан авч хэрэгт 3 ширхэг сидийг хавсаргав” гэжээ /хх-29/

               Эдгээр баримтаар Д.А нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Б.Эт хутга үзүүлэн хүч хэрэглэхээр заналхийлэн Хаан банкны харилцах данснаасаа бэлэн мөнгө авч өгөхийг шаардсан болох нь нотлогдож байна. Шүүгдэгч Д.Агийн энэхүү үйлдэл нь заавал хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Тодруулбал:  Д.А нь хохирогч Б.Эыг “архи авч өг, эсхүл мөнгө өг, чадахгүй бол ална” гэж хутга гарган үзүүлж, сүрдүүлснээр бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцно. Иймд шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

               2/ Шүүгдэгч Д.Агийн өмнөх ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.А дараахь байдлаар шүүхээр 3 удаа ял шийтгүүлж байсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудсаар /хх -126-127, 128-143/ тогтоогдож байна. Үүнд:

  1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009.01.06-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн байна.
  2. Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2013.08.09-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн байна.
  3. Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.09-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Шүүгдэгч Д.А нь 2009 онд хүндэвтэр гэмт хэрэгт шийтгүүлээд Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан хугацаа тоологдож байгаад 2010 оны 9 сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнээр ялгүй болох хугацаа тасарч, 2013 оны 8 сарын 9-нд ял шийтгүүлсэн хүндэвтэр гэмт хэрэгтэй болон түрүүчийн гэмт хэрэгт ялгүй болох хугацааг хамтатган эхэлж тоолж байгаад 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар өршөөлд хамрагдаж ялгүй болсон байна.

Харин 2018 оны 2 сарын 9-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ялыг биелүүлсэн байх тул энэхүү нөхцөл байдлыг эрүүгийн хуулийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

 

               3/  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

               Шүүгдэгч Д.Агийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хохирогч Б.Сыг 2018 оны 10 сарын 22-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх, үүргийг танилцуулсан нь хэргийн 85, 88, 90, 234 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байна. Хохирогч Б.С нь удаа дараагийн мэдүүлэгтээ Д.Агээс төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хэргийн материалтай танилцаад “гомдолтой” гэжээ /хх-246/

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах”  нь хохирогчийн эрхийн асуудал юм.  Хохирогч хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх санаачилгаараа хохирол, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй. Шүүх өнөөдрийн шүүх хуралдаанаар энэ талаар шийдвэр гаргаагүй тул хохирогч Б.С нь өөртөө эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.

               Мөн шүүгдэгч Д.Агийн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн хохирогч Б.Эын эрүүл мэнд, эд хөрөнгөд бодитой хохирол учраагүй бөгөөд хохирогч Б.Э нь “гомдол саналгүй” гэжээ.

               Иймд өнөөдрийн байдлаар шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

                        4/  Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

               Шүүгдэгч Д.А нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт ял сонсгосныг хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлцэж байсан боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт  тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 86 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн болно.

               Шүүхээс  Д.Ад холбогдох   эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд  улсын яллагчид бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн улсын яллагч Д.Ад Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн 6.7 дугар зүйлийг баримтлан мөн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жилийн хорих ял оногдуулж, нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Д.А хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд түүний өмгөөлөгч мөн танилцаж гарын үсэг зурсан болох нь прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай баримтаар тогтоогдож байна.

               Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.А нь бусдын эд хөрөнгийг авахааар заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэдгээ  мэдүүлж байх тул  түүнд холбогдох  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

               Иймд шүүгдэгч Д.Аг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

               Харин Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан буюу гэр бүлийн хүчрхийлэл үйлдэх гэмт хэргийн тухайд хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч “гомдолтой” байгаа, гэм хор арилсан гэж үзэх үндэслэлгүй тул холбогдох хэрэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Д.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж прокурорын саналын хүрээнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

               Шүүгдэгч Д.Агийн үйлдсэн хоёр гэмт хэрэгт оногдуулсан ял нь нэг төрлийнх учир  хооронд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг тогтоолоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.4, 17.5, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Д.А 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.А 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан хорих ялын нэмж нэгтгэн Д.Аийн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Д.Ад оногдуулсан 1 жил  6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Энэ хэрэгт хураагдаж ирсэн дуу дүрсний бичлэг бүхий 3 ширхэг дискийг Д.Ад холбогдох 1822004010021 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    С.С